Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч Б.Ариунтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2219000000246 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Н.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 3-19 тоотод байрлах хохирогч М.Ундармаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 4.160.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хурган дотортой дээл, 1 ширхэг хэт хутгыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 2-25 тоотод байрлах хохирогч Ц.Чамаажавын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 790.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 14-19 тоотод байрлах хохирогч С.Чулуунчимэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий “Фоссил” брэндийн бугуйн цаг хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ундармаагийнх руу нэвтрэн орж хэт хутга авсан, өөр зүйл аваагүй. 08 дугаар сарын 26-ны өдөр дараагийн айл болох Чамаажавын гэрийн тооноор орж 3 ширхэг мөнгөн аяга авсан. Тухайн үед архи уусан байсан ба 3 ширхэг мөнгөн аяга авсан. Уг 3 ширхэг мөнгөн аягаа мөнгийг нь хуулж аваад ломбардад өгсөн. Дараа нь 08 дугаар сарын 28-ны өдөр Чулуунчимэг гэдэг айлд орсон. Тэднийхээс авах зүйл байгаагүй, юу ч аваагүй. Ер нь бол мөнгөтэй болъё гэсэн бодолтой байсан. Сүүлийн айлд ороод байж байхдаа ингэж болохгүй гэж өөрөө өөртөө хэлж, бусдад их хохирол учруулж байсан байна гэж ухаарсан. Хохирогч Чамаажав гэдэг хүнд 200.000 төгрөгийг дүү төлсөн гэсэн. Өөр хохирол төлөөгүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрнө. Хэт хутгаа явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи авч уусан гэв.

          -Хохирогч Ц.Чамаажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 19 цагийн орчим гэртээ ороход эд зүйлийг сандайчсан, авдар онгорхой байхаар нь цагдаад хандсан. Анх гэр рүү ороход авдарын цоожийг нээгээд авдар дээр цоож, түлхүүрийг нь тавьсан байсан. Мөн дотор нь байсан ногоон цүнхийг гаргаад орхисон байсан. Хойд авдар дээр байсан цахилгаантай мөнгөн аяганы уутыг задлаад дотор нь байсан том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, өргөлийн мөнгөн аяга 1 ширхэг байсныг аваад уутыг нь орхисон байсан. Гэрийн баруун хойно байсан чемоданыг онгойлгосон, ухаж үзсэн байдалтай байсан. Дотроос нь ямар нэгэн зүйл алга болоогүй байсан. Бусад зүйл байрандаа байсан. Дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг 2016 онд 3 дугаар цэцэрлэгийн хамт олноос намайг тэтгэвэрт гарахад бэлэглэсэн. Үлдсэн 2 мөнгөн аягыг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй. Манай дунд охин Ундрахчимэг гэрт байсан мөнгөн аягаа бөөгийн зан үйлийн өргөөнд аваачсан байсан ...Бын ар гэрээс хохиролд 200.000 төгрөг өгсөн. Одоо үнэлгээний мөнгө 50.000 төгрөг өгвөл миний зүгээс гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 12, 15 ху/,

         -Хохирогч М.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 15ы өдөр гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай гэрээс хуйтай хутга 1 ширхэг, 2 хурган дээл, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Дунд гарын шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аяга байсан. Уг 3 аяга нь бэлгэнд ирж байсан, ямар нэгэн бичиглэл байхгүй. Нийлээд 800.000 төгрөг болно гэж үзэж байна. 2 ширхэг хурган дээлийг өөрсдөө хийсэн бөгөөд зах зээлийн ханш нийлээд 1.150.000 төгрөг болно. Хэт хутга хэдэн төгрөгөөр үнэлэх талаар мэдэхгүй байна. Уг хутга нь хүрэн өнгийн модон иштэй, ишнийхээ 2 талд мөнгөн оруулгатай, улаан хүрэн модон хуйтай, хуйны 2 талд мөнгөн оруулгатай, хуйны дунд хэсгээс унжсан бүдүүн мөнгөн гинжтэй, гинжний үзүүрт унжсан 5 лангийн мөнгөн ембүүтэй хэт хутга байсан. Үнэлгээнд заагдсан мөнгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх 60-61, 64 ху/,

           -Хохирогч С.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой, амбаарын цонх онгорхой байсан. Би нөхрийн хамт эд зүйлийг бүртгэж үзэхэд ямар нэгэн эд зүйл алдагдсан зүйл харагдаагүй. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай хүү Ганбилэгийн бугуйн цаг алга болсныг мэдсэн. Уг цаг нь манай байшингийн мөлхөө тавилгын зүүн хэсэгт байх шилэн тавиур дотор байсан сагсанд байсан. Тухайн цагийг 2015 онд Германаас 480.000 төгрөгөөр худалдаж авч байсан Fossil брэндийн цаг байсан гэсэн мэдүүлэг /хх 114-115, 117 ху/,

           -Гэрч С.Од-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлын газар болох Шинэ-Зуун 106 тоот өрөөнд дарханы ажлаа хийж байхад Б гэх залуу ирж мөнгө авах уу гэхээр нь үзье гэхэд Б гэх залуу 3 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгийг гаргаж ирэн жинлүүлэхэд 131 грамм болж би Бд 174.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

          -Гэрч М.Содномнамжилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дүү Өлзиймаа над руу залгаад чи энэ байшинд ирсэн юм уу авдар савыг нээн хамаг юмыг нээн дэлгээд сүйтгэсэн байна гэхээр нь би үгүй гэж хариулсан чинь тэгвэл хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Намайг дөнгөж очихтой зэрэгцэн цагдаагийн алба хаагчид ирсэн. ...Ээж Уранчимэгтэй утсаар холбогдон юу алга болсон талаар асуухад хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хурган дээл алга болсон байна гэж дүүтэй утсаар яриад мэдсэн гэж байсан. Өөр үнэтэй зүйл санаанд орж байгаа зүйл алга байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 66 ху/,

          -Гэрч М.Өлзиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд аав Мятавдоржийн хуучин байшинд дээл авах гээд очсон. Гэрт нь яваад ортол том өрөөнд байх авдарнуудын хаалга онгорхой, ухаад дотор талаас нь эд зүйлийг нь гаргаж тавьсан байдалтай байсан. Тэгээд эгч Содномнамжилмаа руу фэйсбүүк цахим хаягийн видео дуудлагаар залгаж асуутал “...ингэж орхиогүй дээ цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн”. Хөдөө гэр лүү залгаад байшинд хулгай орсон юм шиг байна гээд ярьтал хүргэн дүү Далайбаатар                                           том өрөөний авдар дотор хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга байх ёстой та үз дээ” гэж хэлсэн. Хүргэн дүүгийн хэлсэн авдар дотор хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг үстэй дээл байхгүй хулгайд алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 68 ху/,

  -Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сайншанд сумын 6 дугаар баг Офицерийн хүүхдийн тоглоомын талбай дээр Мөнхсайхан, бас нэг үл таних залуутай хамт Ерөөл гэх нэршилтэй 0.5 литрийн багтаамжтай 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын 210 тоот хаягт байх өөрийн гэртээ очиж унтсан. Унтаж байгаад оройхон гараад 21-22 цагийн орчимд харанхуй болсон байх үед Сайншанд сумын 6-р баг Офицероос цаашаа баруун зүгт гараад гэр хороолол дунд байх модон хашаатай, хашаандаа 1 монгол гэр байсан. Уг Монгол гэрийн хаалгаар орох гээд нээж чадаагүй учир тооноор нь орсон. Тухайн гэрт ороод авдар дээр тавьчихсан байсан 3 ширхэг мөнгөн аяг байсан. Уг 3 аяга нь 3 өөр хэмжээтэй байсан. Тэгээд тэр гэрээсээ тооноор гараад явсан...Надтай хамт явсан хүн байхгүй...Өөр хүнд хэлээгүй, надаас өөр хүн мэдэхгүй ... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн гудамжын орчимд явган явж байсан бөгөөд 22 цагийн орчимд явж байхад гудамжнаас нохой дайраад гараад ирсэн. Би тэгэхээр нь сандраад айлын хашаа руу гүйгээд орсон. Тэгээд нөгөө нохой яваад өгөхөөр нь орсон хашаагаа анзаарахад 2 шавар нь байшин, түүний баруун урд 1 ширхэг монгол гэр байсан. Мөн нэг саарал өнгийн жижиг тэрэг шиг машин байсан. Би тухайн 2 шавар байшингийн зүүн талд байрласан шавар байшингийн үүдний амбаарын цонх нь шилгүй, даавуу унжуулсан байдалтай байсан. Би тэгээд уг цонхоор нь орсон бөгөөд цонхоор нь ороход цонхны доор шуудайтай нүүрснүүд байсан. Цааш явахад байшингийн хаалга нээлттэй байсан бөгөөд гэрт орж үзэхэд хүнд амьдарч байгаа шинжгүй, тоос шороо дарсан байдалтай байсан. Дотор нь цонхны доогуур дагуулж тавьсан ор, түүн дээгүүр хайрцагтай эд зүйлс хурааж тавьсан байдалтай байсан. Орны зүүн талд 3 ширхэг авдар байсан ба нэг урт, 2 богино авдар байсан. Өндөр нь метр хүрэхээргүй харагдсан. Уг 3 авдарын хамгийн хойд талд байсан урт авдарны наад талын булангаас 1 ширхэг хэт хутга гарч ирсэн. Түүнийг аваад бусад авдаруудыг үзэхэд ямар нэгэн үнэд хүрчих зүйл байгаагүй. Тэндээс гараад хойд өрөөнд орж үзэхэд шкаф, мөн ор нь дээр нь эд зүйл хураасан байдалтай байсан...Уг хэт хутга нь бариул нь урд, хойд талдаа мөнгөөр бүрсэн, улаан хүрэн өнгийн модон иштэй, сүүлийн үеийн хутганы иш байсан, хутганы хуй нь 2 үзүүртээ мөнгөөр бүрсэн, улаан хүрэн өнгийн модон хуй байсан ... 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Зургаан баатарын урд байх гэр хорооллын айл руу явж байсан. Тэгтэл замд хашааны хаалга нь нээлттэй, хашааны хаалга баруун зүгт харсан явган хаалга онгорхой байдалтай байсан. Би тэгээд уг хаалгаар нь ороход 2 тоосго нь байшин, зүүн урд талдаа 1 монгол гэр, 2 байшингийн голд цагаан төмөр хаалгатай граж байсан. Би эхлээд баруун талд байх байшин руу цонхоор нь орсон. Уг цонхыг түлхэхэд онгойчихсон. Байшин дотор ороход зүүн талын хана дагасан ор байсан бөгөөд хойд буландаа мөлхөө тавилга, мөлхөө тавилга дээр зураг байсан, газраараа цагаан саарал өнгийн эрээн хивс байсан. Чигээрээ яваад жижиг унтлагын өрөө рүү ороход 1 шкап, 1 ор, 1 зурагт байсан. Тэгээд би үнэд хүрчих эд зүйл байна уу гэж үзэхэд ямар нэгэн үнэд хүрэх зүйл байгаагүй учир тухайн байшингаас буцаж цонхоор гарсан. Дараа нь граж руу орж үүдээр нь харж зогсож байгаад эргээд гараад явсан.Дараа нь нөгөө байшин руу орсон бөгөөд хаалгаар нь орсон. Тухайн гэрийн хаалганы түлхүүр нь хаалганыхаа хажууд ил тавьчихсан байсан болохоор түлхүүрээр нь түлхүүрдэж ороод хаалгаар нь харахад дүүрэн цаасан хайрцагтай, поошигтой зүйлс хураалттай байсан. Тэгээд харж зогсож байгаад буцаад гарсан. Дараа нь урд гэр лүү орсон ба хаалганы цоож нь гараар татахад онгойсон. Уг гэр лүү ороод ойр зуурын юм эргүүлж тойруулж харсан бөгөөд мөн үнэд хүрэх зүйл байгаагүй тул буцаад гарсан гэсэн мэдүүлэг /хх 18-19, 42-43, 71-72, 99-100, 120-121, 174-175, 184-185 ху/, 

           -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9, 51-56, 106-109 ху/,

          -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45-47, 101-103, 176-179 ху/,

          -Хохирлын үнэлгээ /хх 30-32, 75-77,83-84 ху/

          -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 122 ху/,

          -Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх 138-164, 166-167 ху/,

  -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 135 ху/,

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх 18-19, 37-38, 42-43, 71-72, 93-95, 99-100, 120-121, 169-170, 174-175, 184-185 ху/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 3-19 тоотод байрлах хохирогч М.Ундармаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 4.160.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг мөнгөн аяга, хурган дотортой дээл 2 ширхэг, хэт хутга 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивийн 2-25 тоотод байрлах хохирогч Ц.Чамаажавын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 790.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 14-19 тоотод байрлах хохирогч С.Чулуунчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий Фоссил брэндийн бугуйн цагыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Н.Б, хохирогч Ц.Чамаажав /хх 12, 15 ху/, хохирогч М.Ундармаа /хх 60-61, 64 ху/, хохирогч С.Чулуунчимэг /хх 114-115, 117 ху/, гэрч С.Од-Эрдэнэ /хх 22-23 ху/, гэрч М.Содномнамжилмаа /хх 66 ху/, гэрч М.Өлзиймаа /хх 68 ху/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ундармаагийнх руу нэвтрэн орж хэт хутга авсан, өөр зүйл аваагүй. ...Дараа нь 08 дугаар сарын 28-ны өдөр Чулуунчимэг гэдэг айлд орсон. Тэднийхээс авах зүйл байгаагүй, юу ч аваагүй.” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй ба учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй юм.

         Гэвч түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн “... 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ундармаагийнх руу нэвтрэн орж хэт хутга авсан, өөр зүйл аваагүй. 08 дугаар сарын 26-ны өдөр дараагийн айл болох Чамаажавын гэрийн тооноор орж 3 ширхэг мөнгөн аяга авсан. Тухайн үед архи уусан байсан ба 3 ширхэг мөнгөн аяга авсан. Уг 3 ширхэг мөнгөн аягаа мөнгийг нь хуулж аваад ломбардад өгсөн. Дараа нь 08 дугаар сарын 28-ны өдөр Чулуунчимэг гэдэг айлд орсон. Тэднийхээс авах зүйл байгаагүй, юу ч аваагүй” гэсэн, хохирогч Ц.Чамаажавын “...гэр рүү ороход авдарын цоожийг нээгээд авдар дээр цоож, түлхүүрийг нь тавьсан байсан. Мөн дотор нь байсан ногоон цүнхийг гаргаад орхисон байсан. Хойд авдар дээр байсан цахилгаантай мөнгөн аяганы уутыг задлаад дотор нь байсан том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, өргөлийн мөнгөн аяга 1 ширхэг байсныг аваад уутыг нь орхисон байсан” гэсэн /хх 12, 15 ху/, хохирогч М.Ундармаагийн “...манай гэрээс хуйтай хутга 1 ширхэг, 2 хурган дээл, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Дунд гарын шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аяга байсан” гэсэн /хх 60-61, 64 ху/, хохирогч С.Чулуунчимэгийн ”...гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой, амбаарын цонх онгорхой байсан. Би нөхрийн хамт эд зүйлийг бүртгэж үзэхэд ямар нэгэн эд зүйл алдагдсан зүйл харагдаагүй. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай хүү Ганбилэгийн бугуйн цаг алга болсныг мэдсэн. Уг цаг нь манай байшингийн мөлхөө тавилгын зүүн хэсэгт байх шилэн тавиур дотор байсан сагсанд байсан” гэсэн /хх 114-115, 117 ху/, гэрч С.Од-Эрдэнийн “...Шинэ-Зуун 106 тоот өрөөнд дарханы ажлаа хийж байхад Б гэх залуу ирж мөнгө авах уу гэхээр нь үзье гэхэд Б гэх залуу 3 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгийг гаргаж ирэн жинлүүлэхэд 131 грамм болж би Бд 174.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн /хх 22-23 ху/, гэрч М.Содномнамжилмаагийн “...Намайг дөнгөж очихтой зэрэгцэн цагдаагийн алба хаагчид ирсэн. ...Ээж Уранчимэгтэй утсаар холбогдон юу алга болсон талаар асуухад хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг хурган дээл алга болсон байна гэж дүүтэй утсаар яриад мэдсэн гэж байсан” гэсэн /хх 66 ху/, гэрч М.Өлзиймаагийн “...том өрөөнд байх авдарнуудын хаалга онгорхой, ухаад дотор талаас нь эд зүйли йг нь гаргаж тавьсан байдалтай байсан. Тэгээд эгч Содномнамжилмаа руу фэйсбүүк цахим хаягийн видео дуудлагаар залгаж асуутал “...ингэж орхиогүй дээ цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Хөдөө гэр лүү залгаад байшинд хулгай орсон юм шиг байна гээд ярьтал хүргэн дүү Далайбаатар                                                  том өрөөний авдар дотор хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга байх ёстой та үз дээ” гэж хэлсэн. Хүргэн дүүгийн хэлсэн авдар дотор хэт хутга, 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг үстэй дээл байхгүй хулгайд алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн” гэсэн /хх 68 ху/ мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Н.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ. 

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

         Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд хохирогч Ц.Чамаажавт 790.000 төгрөгийн, хохирогч Ундармаад 4.160.000 төгрөгийн, хохирогч С.Чулуунчимэгт 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Чамаажавт 200.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Иймд шүүгдэгчээс 5.050.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ундармаад 4.160.000 төгрөгийг, хохирогч С.Чулуунчимэгт 250.000 төгрөгийг, хохирогч Ц.Чамаажавт 590.000 төгрөг, үнэлгээний зардал 50.000 төгрөг, нийт 640.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн найк брэндийн саарал өнгийн пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Быг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын эдлэх 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 5.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 3-19 тоотод оршин суух  Мятавдоржийн Ундармаа /РД:ЕЮ90070702/-д 4.160.000 төгрөгийг, хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 14-19 тоотод оршин суух  Санжмятавын Чулуунчимэг /РД:ЕЭ68012860/-т 250.000 төгрөгийг, хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 123-12 тоотод оршин суух Цэдэнгийн Чамаажав /РД:ЕЮ59043005/-т 640.000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн Найк брэндийн саарал өнгийн пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА