| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0216/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/217 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч М.Отгонбаатар,
хохирогч А.С,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгч Д.О
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 2219003000313 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Д.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.О нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь Сайншанд зар гэсэн фейсбүүк цахим хаягт хохирогч А.Сын фейсбүүк цахим хаяг болох "Altantuya Saruul" гэсэн хаягийг холбон "Сайн байцгаана уу манай дүү дөнгөж 13 настай "Altantuya Saruul" гэдэг гаж донтон дүү рүү маань... bi chinii aliig harmaar bn hongor mini, Hi snuu Minii boowiig harhuu, bi chiniihiig hohmoor bna... ahad n tsagdaa vilchildeggvi ym ah n chamd hangalttai mongo ogii ahdaa alaa haruulchih" ийм чат... явуулсан байна одоо хичээл сургууль орлоо охин дүүгээ яаж аюулгүй явуулах вэ..." гэсэн хуурамч бичвэр, сэтгэгдэл оруулж, түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Стай муудалцсан үүднээс ийм зүйл хийж, худал мэдээлэл тараасан. Тэр өдөр Дорноговийн зар дээр “малчнаар айл руу явна” гэсэн зар байсан. Тэгтэл С гэдэг хаягаас “ингэж бичдэг юм уу” гэж бичсэнээс болж маргалдсан. Тухайн үедээ их уурлаж, шарандаа л тэгж биччихсэн. Бид хоёр нэг нэгнийгээ хэл амаар доромжилсон. Тэгээд дээр нь гарах гээд ийм зүйл бичсэн. Фэйсбүүк дээр ийм зүйл байхаар нь хуулаад тавьчихсан. Энэ мэдээллийг Дорноговь Сайншанд зар дээр шинэ дугаар дээр байсан хаягийг ашиглаж тавьсан. Би С гэдэг хүнийг танихгүй. Энэ мэдээллийг би байршуулсан, миний буруу. Энэ хүнийг гүтгэж, худал мэдээлэл оруулсандаа үнэхээр их гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжлэлийн талаар уулзаж ярилцъя гэж бодож байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Гэхдээ төлөхөд хүндрэлтэй байна. Яаж төлөхөө мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр нэг зар үзээд ойлгоогүй, “юу гээд биччихсэн юм бэ” гэснээс болоод “чи хүн шүүдэг хэн юм, нохой” гээд маргалдаад эхэлсэн. Тэгтэл маргааш нь миний хаягаас ийм мэдээлэл оруулсан байсан. Доор нь байдаг коммент дээр “бууд, ал, зас, яаж хорвоогийн тоос хөдөлгөдөг юм“ гэх мэтээр сэтгэгдэл орсон байсан. Сайншанд, Замын-үүд зар дээр бас байсан. Замын-Үүдээс манай ангийн хүүхэд хэлсэн. Ер нь хэд хэдэн хүн над руу чат бичиж байсан. Манай том охин олоод үзчихсэн. Сэтгэл санаа нь их хэцүү болсон. Эхнэр маань эмнэлэгт ажилладаг эмч хүн байдаг. Бас л сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа. Анх цагдаад өргөдөл өгсөн чинь алга болчихсон байна гэхээр нь дахиж бичиж өгсөн. Тэгээд удаад байхаар нь өмгөөлөгч авсан. Би энэ хүнийг огт танихгүй. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл зүй маш хүнд байсан. О гэдэг хүн өнгөрсөн хугацаанд над дээр нэг удаа ирж уулзалдах уу гэсэн. Тэгэхээр нь “чи нохойтой уулздаггүй гэсэн биз дээ” гэж хэлсэн. Урьд нь би “энэ мэдээллээ устгачих, ирээд уулзаадах” гэхэд энэ хүн “нохойтой уулздаггүй” гэж хэлсэн юм. Би охиндоо “хичээл сургуульдаа яв, үнэн мөн нь олдоно, аав нь цагдаад өргөдөл өгсөн байгаа” гэж гуйж байгаад хичээлд нь явуулсан. Охин маань 11 дүгээр ангид сурдаг. Эхнэр маань хүртэл ангийн хүүхэд, найз нөхөд нь юу болоод байгаа талаар ярьж хэлсэн байсан. Ер нь их хэцүү байсан. Хохирол 15.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Яллагдагч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь Сайншанд зар гэсэн зарын групп дээр байсан зараас болж өөрийн Д.О гэсэн хаягнаас “Алтантуяа С” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй хэрэлдсэн бөгөөд тухайн үед маш их уур хүрээд байсан тул Дорноговь Сайншанд зар гэсэн групп-д өөрийн хуурамч З.Маралмаа гэх хаягнаас тухайн хүнийг ялах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “...Сайн байцгаана уу манай дүү дөнгөж 13 настай Altantuya Saruul гэдэг гаж донтон дүү рүү маань ...bi chinii aliig harmaar bn hongor mini, Hi snuu Minii boowiig harhuu, bi chiniihiig hohmoor bna... ahad n tsagdaa vilchildeggvi ym ah n chamd hangalttai mongo ogii ahdaa alaa haruulchih...” гэсэн зар байршуулсан. Мөн Алтантуяа С гэсэн бөхийн өмсгөл өмссөн хувцастай хүүхдийн зураг тавьсан хаягтай хамт байршуулсан. ...З.Маралмаа гэх хаягийг тухайн үед нэг л удаа ашигласан бөгөөд тухайн зараа байршуулаад 20 орчим минут болоод устгасан. Тэгээд дахин З.Маралмаа гэх хаяг руу орж миний зар устсан эсэхийг шалгах гэсэн боловч орж болохгүй байсан. Тэгээд би тэр хаяг руу дахин нэвтэрч орж чадаагүй. ...би долоо хүүхэдтэй айлын хамгийн бага хүү, надад 13 настай эмэгтэй дүү байхгүй. Би тухайн “Алтантуяа С” гэсэн хаягтай хүнтэй холбоотой зарыг өөрөө санаанаасаа зохиогоод биччихсэн юм. ...Би тэр бүх зар болох чатуудыг өөрөө санаанаасаа зохиогоод тавьчихсан юм. Тухайн үед А.Стай маргалдах үед тэр хүн намайг элдэв янзаар хэлж их доромжилсон юм. Тэгээд би уурандаа тийм зүйл хийсэн гэсэн мэдүүлэг /хх 66-68, 94-95 ху/,
-Д.Оийн самсунг галлакси А52 маркийн гар утас болон түүний фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 71-73 ху/,
-Цахим орчинд мэдээлэл оруулсан оруулсан талаарх баримт /хх 60-62 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 87-89, 94-95 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь Сайншанд зар гэсэн фейсбүүк цахим хаягт хохирогч А.Сын фейсбүүк цахим хаяг болох "Altantuya Saruul" гэсэн хаягийг холбон "Сайн байцгаана уу манай дүү дөнгөж 13 настай Altantuya Saruul гэдэг гаж донтон дүү рүү маань... bi chinii aliig harmaar bn hongor mini, Hi snuu Minii boowiig harhuu, bi chiniihiig hohmoor bna... ahad n tsagdaa vilchildeggvi ym ah n chamd hangalttai mongo ogii ahdaa alaa haruulchih" ийм чат... явуулсан байна одоо хичээл сургууль орлоо охин дүүгээ яаж аюулгүй явуулах вэ..." гэсэн хуурамч бичвэр, сэтгэгдэл оруулж, түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Оийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Фэйсбүүк дээр ийм зүйл байхаар нь хуулаад тавьчихсан. Энэ мэдээллийг Дорноговь Сайншанд зар дээр шинэ дугаар дээр байсан хаягийг ашиглаж тавьсан. Би С гэдэг хүнийг танихгүй. Энэ мэдээллийг би байршуулсан, миний буруу. Энэ хүнийг гүтгэж, худал мэдээлэл оруулсандаа үнэхээр их гэмшиж байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Сын “...Тэр өдөр нэг зар үзээд ойлгоогүй, юу гээд биччихсэн юм бэ гэснээс болоод чи хүн шүүдэг хэн юм, нохой” гээд маргалдаад эхэлсэн. Тэгтэл маргааш нь миний хаягаас ийм мэдээлэл оруулсан байсан. Доор нь байдаг коммент дээр “бууд, ал, зас, яаж хорвоогийн тоос хөдөлгөдөг юм“ гэх мэтээр сэтгэгдэл орсон байсан. Сайншанд, Замын-үүд зар дээр бас байсан. ...Манай том охин олоод үзчихсэн. Сэтгэл санаа нь их хэцүү болсон. Эхнэр маань эмнэлэгт ажилладаг эмч хүн байдаг. Бас л сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа. ...Энэ мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл зүй маш хүнд байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Оийн Самсунг галлакси А52 маркийн гар утас болон түүний фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цахим орчинд мэдээлэл оруулсан оруулсан талаарх баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ...эрх чөлөөтэй” боловч Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхийг заасан.
Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл нь худал мэдээг амаар, бичгээр, элдэв дүрс бичлэг, хуурцаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хүний нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг доройтуулан, гажуудуулсан ойлголтыг олон нийтэд тараахад чиглэгдсэн мэдээлэл байх бөгөөд тарааж байгаа мэдээ нь уг хүний зан төлөв, үйл ажиллагааны үнэн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай, сэдэлт нь өш хонзон санах, үзэн ядах, атаархах явдал байдаг бөгөөд заавал олон хүнд тараасан байхыг шаардахгүй зөвхөн анхны хүнд мэдээлснээр төгсдөг онцлогтой юм.
Шүүгдэгч Д.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.С нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 15.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Д.О нь хохирогчийн А.Сын талаарх илт худал мэдээллийг /”Дорноговь Сайншанд зар” фейсбүүк/ цахим орчинд тавьж, бусдад тараасан болох нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6.6-д зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг төр хариуцаж, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан.
Өөрөөр хэлбэл төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оээс 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мандах наран хорооллын 251-28 тоотод оршин суух Боржигон овогт Алтантуяагийн С /РД:ЕЭ80061591/-д олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА