Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө-д холбогдох эрүүгийн 2225000000369 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ц.Ө

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотой уулан дээр иргэн Ч.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ч.Л  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Ч.Л-н   цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

            2. Хохирогч Ч.Л-н   “2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед А     ахтай Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 11 дүгээр хорооллын барилга дээр урьд нь хамт ажиллаж байсан, манай гэрт юм хийж байсан залуус А     ахын ажиллаж байсан газартай ойрхон ажиллаж байсан юм. Тэр дунд байсан хүмүүсээс ганцхан танихгүй залуу байсан. Тэгээд тэд нар дээр очоод бид нар долуулаа 1 шил архи хувааж уусан чинь тухайн залуус өнөөдөр амарч байгаа юм чинь Яргуйт баг Овоотой уул руу гарч архи ууж сууцгаахаар болсон юм. Тэгээд бүгдээрээ очоод овоотой уулын баруун талд 2 шил архи ууж байсан чинь А     ах нөгөө танихгүй залуутай хоорондоо зууралдаад үг хаялцаад ноцолдоод байхаар нь би тэр хоёрыг болиоч гээд тухайн танихгүй залуугийн араас татсан чинь тухайн залуу гараа атгаж байгаад баруун талын нүд рүү цохисон чинь би унасан. Танихгүй гэх залуу намайг унасан чинь зүүн нүд толгойн хэсэг рүү хэд хэдэн удаа гараа атгаж намайг цохиж зодсон. Тэгээд тэнд байсан залуучууд бид хоёрыг салгаад больсон юм. Бид нар тэгээд удалгүй гэр гэр рүүгээ явсан юм. Хоёр нүд хөхөрсөн, толгойн арын хэсэг хавдсан, баруун талын хэсэг хавсан, толгой ямар нэгэн хөдөлгөөн хийхэд өвчтэй байгаад байна. Дээрх залууд зодуулж байх үед миний 1 сарын өмнө хийлгэсэн холын харааны шилийг 150 000 төгрөг хагараад унасан байсан юм. Шилээ төлүүлж авмаар байна. Биед үүссэн гэмтэлдээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

            3. Гэрч Б.А    ын “...Намайг сэрэх үед Л  гэх залуу хүнд зодуулсан байдалтай байхаар нь яасан юм гээд хамт байсан хүмүүсээсээ асуусан чинь “таныг өмөөрч буруу ойлгоод танихгүй залуутай зодолдсон” гэж ярьж байсан. Би архи уугаад тасарсан үедээ дээрх танихгүй залуутай барилдана гэснийг Л  зодолдож байна гэж ойлгоод намайг өмөөрөөд зодолдсон юм шиг байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

4. Гэрч П.Б-н “...Тэгээд А     архиндаа согтчихоод олон юм яриад Ө-тэй  маргалдаад тэр хоёр ноцолдоод Ө А    ын дээр Ө гарчихсан байсан чинь Л  А     ахыг зодлоо гэж Ө рүү дайраад зууралдаад цохилцсон. Тэгээд бид нар тэр үед тэр хоёрыг салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

5. Гэрч С.С-н“...Яргуйт багийн овоотой уулын энгэрт архи ууж байхад А     Ө нар барилдаад салж байсан чинь Л  чи яагаад манай ахыг зодож байгаа юм бэ гээд Өын нүүр рүү Л  цохисон чинь Ө зөрүүлээд Л гийн нүүр рүү 2-3 удаа цохиод авахаар нь дахиад бид нар салгаад Л г машинд оруулсан чинь зүүн талын нүд нь хавдсан, хамраас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

6. Сэжигтэн Ц.Ө-ын “2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг ба 11-р хорооллын барилга дээр Б.М , М.Л , С.С нарын хамт ажиллаж байх үед 12 цаг өнгөрч байхад Б.А    , П.Б , Ч.Л  нар бид нар дээр ирээд бид нар Тундра нэртэй 1 литрийн архийг бүгдээрээ хувааж уучихаад тухайн өдөр ажил бага байсан учраас амарчихъя гэж ярилцаад бүгдээрээ Яргуйт баг Овоотой уулын ар талд очиж 2 шил архи ууж, юм ярьж суусан. Би А     Л  нарыг танихгүй, тухайн үед Б.А     ах намайг ийм том биетэй байж ямар жонгиносон хоолоотой юм гээд байсан. Тэгээд Б.А     ах надтай барилдчих уу гэхээр нь би тэгье гээд хоорондоо барилдсан чинь Ч.Л  бид хоёрыг барилдаж байх үед чи яагаад манай ахыг дээрэлхээд байгаа юм гээд миний нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд би нүүр лүү нь 2-3 удаа цохьсон... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 737 дугаартай “...Ч.Л-н   биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, дух, хуйханд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

8. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-622/4641 дугаартай "Холын харааны нүдний шил 1 ширхэг 150 000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

9. Ц.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотой уулан дээр иргэн Ч.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Ч.Л-н   цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Ч.Л-н   “тухайн танихгүй залуугийн араас татсан чинь тухайн залуу гараа атгаж байгаад баруун талын нүд рүү цохисон чинь би унасан. Танихгүй гэх залуу намайг унасан чинь зүүн нүд толгойн хэсэг рүү хэд хэдэн удаа гараа атгаж намайг цохиж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.А    ын “...Л  зодолдож байна гэж ойлгоод намайг өмөөрөөд зодолдсон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч П.Б-н “...Л  А     ахыг зодлоо гэж Ө рүү дайраад зууралдаад цохилцсон. Тэгээд бид нар тэр үед тэр хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг, гэрч С.С-н“...Ө зөрүүлээд Л гийн нүүр рүү 2-3 удаа цохиод авахаар нь дахиад бид нар салгаад Л г машинд оруулсан чинь зүүн талын нүд нь хавдсан, хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, сэжигтэн Ц.Өын “Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд би нүүр лүү нь 2-3 удаа цохьсон... ” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 737 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-622/4641 дугаартай хохирлын үнэлгээ, Ц.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотой уулан дээр иргэн Ч.Л-г зодож эрүүл мэндэд нь доод буйл, доод уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Л-н   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц-н Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А