Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 017

 

                            Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн 1813003790012 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, прокурор М.Фарида, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайып, нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын  дугаар баг, Х багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Р /РД:00000/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүд, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын  дугаар багт оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ногооннуур сумын  дугаар багийн Засаг дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.А /РД:000000 нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед тус багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч Т.А, О.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор:

 

“1. Шүүгдэгч О.Р, Т.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р-ийг 300 (гурван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- мөн шүүгдэгч А.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгчийн гомдолд: “Анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй боловч О.Р, Т.А нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлээгүйгээс болж шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх О.Р-ийг хохирогч Т.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа О.Р-т хүлээлгэсэн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. Энэ гэмт хэргийн улмаас хамгийн их хохирол амссан хүн бол миний үйлчлүүлэгч хохирогч О.Р байсан. Т.А-т зодуулсны улмаас хамрын муруй засуулах мэс засалд орж олон хоног эмчлүүлж байснаас гадна гам барих шаардлагатай болсон. Энэ хугацаандаа ажлаа хийж чадаагүй байснаас гадна сэтгэл санааны хохирол, шаналалтай болсон. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон. Тухайлбал, Т.А-тэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох түүнтэй хамтран ажилладаг Ж.А, З.А, Б.Б, Х.Н, О.Х нарын мэдүүлэгт үндэслэн О.Р-ийг гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай. Гэрчийн мэдүүлэг хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдох ёстой боловч мөн адилхан эргэлзээтэй хэвээр байсан. Өөрөөр хэлбэл Т.А-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлтийн бодит үзлэг гэсэн хэсэгт "...хүүхэн харааны хэлбэр зөв биш, гэрлийн урвалд жигд бус оролцоно, нүдний алимын чичирхийлэлд зүүн талд илэрнэ..." гэж тархины доргилттой... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан боловч тухайн үеийн Т.А-ийн биед үзлэг хийсэн нүдний эмч М-ын тодорхойлсноор дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл байгаагүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийн эмчийн тогтоогоогүй оношийг шинжээчийн дүгнэлтэд хийсвэрээр бичиж, гэмтлийн зэрэг тогтоосон байж болзошгүй. Хэрэв Т.А гэмтэл авсан бол түүний өвчний түүх эмчлүүлсэн байдал зэргээр тогтоогдох ёстой боловч ямар ч эмчилгээ хийлгээгүй эмчлүүлж байгаагүй, эмч үзлэг хийгээд бүх зүйл хэвийн гэж тодорхойлсон хүн чухам яагаад гэмтлийн зэрэг тогтоож өгсөн нь өөрөө эргэлзээтэй байна. Нөгөөтээгүүр, Т.А-ийн урагдсан хувцасны мөнгө гэж 309,000 төгрөгийг яагаад төлүүлж байгаа нь тодорхой бус болжээ. Т.А-ийг хувцсыг засварлахад 309,000 төгрөг гарч байгаа юу эсхүл хувцсыг шинээр авахад 309,000 төгрөг гарсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж О.Р-ийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, түүний цагаатгаж өгнө үү. Эсхүл албадан ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайыпын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

 

Шүүгдэгч О.Р, Т.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед тус багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч О.Р, Т.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаартай “хохирогч О.Р-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 555 дугаартай “хохирогч Т.А-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон” шинжээчийн дүгнэлтүүдээр /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ шүүгдэгч Т.А, О.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Хэрэг явдал болсон 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч О.Р, Т.А нартай Б.Б, Х.Н, З.Ас, Ж.Аз, Д.Х, О.Ө, О.Х, К.Х, О.Р нар байсан бөгөөд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгч О.Р, Т.А нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болж байна. Үүнд:

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...сумын Засаг даргын захирамжийн дагуу Ногооннуур сумын төвд золбин нохой устгах комисст багийн Засаг дарга А, Ас, Аз, малын эмч Н нарын хамт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилласан. Би нохой буудаж явсан. Сумын төвөөс золбин 4 нохой буудаад улмаар иргэн О.Р-ийн гэрийн ойролцоо явсан ба зам дагуу яваа 10-аад золбин нохой дундаас нэг жингэр нохойг буудахад Р-ийн гэх цагаан нохой над руу дайраад ирэхээр өөдөөс нь тэр нохойг буудсан. Энэ үед Р, түүний ах К /О.Ө-ийн хоч нэр/ нар гэрээсээ гарч ирээд хоёулаа над руу дайрч “миний нохойг буудлаа” гээд Р миний цээж рүү гараараа 2 удаа цохиод авсан. Энэ үед багийн Засаг дарга А, Аз нар надыг салгаад авсан. Салгасны дараа Р машинд суугаа А руу гүйж очиж, кабинаас татаж унагааж аваад А-ийн толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, тэгээд багийн Засаг дарга нар салгахад Р дахиад машинд суугаа Нух руу дайрч машин дотор түүнийг зодож байсан” /хавтаст хэргийн 48, 175 дугаар хуудас/гэх,

Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед сумын төвд нохой буудаж явж байхад сайн танихгүй хоёр хүүхэд К гэдэг хүний нохой бид нарыг хөөдөг гээд хэлсэн байсан. Тэгж явж байхад Т гэдэг хүний айлын хажууд олон тооны нохой явж байсан ба тэд нарын дундаас нэг нохойг буудахад нэг цагаан нохой бид нар руу дайрсан. Тэр үед нохой буудаж явж байсан залуу уг цагаан нохойг буудсан. Тэгээд машинд буудсан нохойг ачиж байхад Р ирээд машины гадаа байсан Б-г хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн юм, тэгээд машинд сууж байсан А-ийг машинаас буулгаж, өшиглөж газарт унагаасан, мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон, тэгээд намайг Р-ийн ах нь Ө машинаас буулгаж газарт татаж унагаасан, мөн хэд хэдэн удаа цохисон, тэгж байхад сумын Засаг дарга ирээд салгаж авсан.

...нэг мэдэхэд Р-ийн хамраас цус гарсан байдалтай зогсож байсан. Хамар нь урьд нь мурийлттай байсан юм уу гэх асуултад урьд нь мурийлттай байсан, хэн Р-ийн хамраас цохисныг хараагүй” /хавтаст хэргийн 50, 177-178 дугаар хуудас/гэх,

Гэрч З.Аз-ны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...сумын төвд нохой буудаж явж байхад Мү, Ме гэдэг айлын хүмүүс О.Р, О.Ө нарын нохой бид нарыг хөөдөг гээд хэлсэн, тэгээд бид нар явж байхад Т гэдэг хүний айлын хажууд олон тооны нохой тааралдсан ба нэг золбин нохой буудахад нэг цагаан нохой бид нарт дайрсан. Тэр үед нохой буудаж явсан залуу уг нохойг буудсан. Тэгээд машинд буудсан нохойг ачиж байхад Р ирээд машинд сууж байсан А-ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагаасан. Мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэгээд Р-ийн ах Ө нь машинд сууж байсан Н гэдэг хүнийг машинаас буулгаж газарт татаж унагаасан. Мөн хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад сумын Засаг дарга ирээд тэд нарыг салгасан.

...эхлээд Р ирээд А-т дайрсан. Машинаас буулгаж ирээд хоёулаа нэг нэгийгээ заамдаж барьж авч нэг нэгийгээ зөрүүлж цохиж байсан шиг санагдаж байна. ...ямар ч байсан Р-ийн хамраас цус гарсан байдалтай явж байсан. Харин Р-тэй ноцолдох үед довтолгооны эсрэг үйлдэл хийж, гараа хөдөлгөж Р-ийн хамрын тус газар гар нь санамсаргүй хүрсэн байж магадгүй.

... Р А-ийн хувцаснаас барьж машинаас чирч гаргаад хөлөөрөө шилбэний тус газар нэг удаа өшиглөсөн, мөн 2-3 удаа дахиад хөлөөрөө өшиглөсөн байсан, яг А-ийн биеийн аль хэсэг рүү өшиглөснийг санахгүй байна, мөн А машин тойроод зугтаад явж байхад Р А-ийн толгой тус газар баруун гараараа нэг удаа цохисон ба А газар унасан, тэр үед Ногооннуур сумын Засаг дарга Х ирээд салгаж авсан.

... А-ийн Р-ийг цохиж зодсоныг би хараагүй, ямар ч байсан Р нь А-ийг өшиглөж зодож байхад Р-ийн хамраас цус гарсан ба А-ийн гар Р-т санамсаргүй хүрсэн байж магадгүй, түүнээс биш би хараагүй” /хавтаст хэргийн 52, 167-168 дугаар хуудас/ гэх,

Гэрч Ж.Ас-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...нэг золбин нохойг буудах үед нэг цагаан нохой бид нарт дайрсан юм, тэр үед нохой буудаж явж байсан залуу уг цагаан нохой буудсан. Тэгээд бид нар буудсан нохойг машинд ачиж байхад Р ирээд Б гэдэг залууг хэд хэдэн удаа цохисон, тэгээд машинд сууж байсан А-ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагааж хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэр хоёр ноцолдох үед А-ийн гар хүрсэн, тэрнээс болоод Р-ийн хамраас цус гарсан юм.

...Р А рүү хэд хэдэн удаа дайрч зодсон, цохисон болно, А машиныг тойроод гүйж байсан, мөн А буруу хараад зогсож байхад Р очиж А-ийн толгойн араас нь цохисон, тэгээд байхад Засаг дарга ирээд бид хоёр Р-ийг барьж авсан, сүүлд А толгой, хөл маань өвдөж байна гээд явж байсан, мөн Р-ийн хамраас жаахан цус гарсан байна, хамарны яс нь хугарсан асуудал болоогүй” /хавтаст хэргийн 56, 169 дүгээр хуудас/ гэх,

Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад ноцолдож явж байсан ба нэг мэдэхэд миний хүүгийн хамраас цус гарсан байна, юу болсон бэ гэхэд А цохисон гээд хэлсэн. Тэгээд бид нар гэрт очсон ба миний хүүгийн хамар нь мурийсан байна лээ, тэгээд эмнэлэгт үзүүлж аймаг явсан болно.

...миний хүү А-ийг зодсон талаар хараагүй, хоёулаа нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож байсан юм аа, харин А нь миний хүүгийн хамар тус газарт цохисныг  бас хараагүй ба харин тэр хоёр ноцолдож явж байхад миний хүүгийн хамраас цус гарсан байсан” /хавтаст хэргийн 58, 173-174, 184 дүгээр хуудас/ гэх,

Гэрч О.Ө-ийн /К гэх хоч нэртэй/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тухайн үед манай дүү Р болон багийн Засаг дарга А нар хоорондоо зодолдсон, зодолдох үед А манай дүү Р-ийн хамар руу гараараа нэг удаа цохиод авсан, тэр үед манай дүү Р нь А-ийг хөл орчимд нэг удаа өшиглөсөн юм, мөн дүү Р манай нохойг яагаад бууддаг юм бэ гээд Б-ийн мөр тус газар гараараа нэг удаа түлхсэн юм, тэгээд хоорондоо хэрүүл маргаан болоод тарцгаасан. А нь Р-ийн хамарт баруун гарын нударгаар нэг удаа санаатай цохиход Р-ийн хамраас цус гарсан /хавтаст хэргийн 63-64, 171-172 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдийг  анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд заасан үндэслэл, журмаар үнэлсэн байна.          

Шүүгдэгч О.Р-ийн гэм буруутай байдал нь хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.А-ийн урагдсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Б, Х.Н, З.Аз, Ж.Ас, Д.Х, О.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 555 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Р-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр,

Шүүгдэгч Т.А-ийн гэм буруутай байдал нь хохирогч О.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Ас, О.Х, Д.Х, О.Ө, К.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс хөтөлж, хохирогч О.Р-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Нур алтай мед” эмнэлгээс хөтөлж, хохирогч О.Р-ийн нэр дээр бичигдсэн өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар болон хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ шүүгдэгч О.Р-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.А-т 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, ялыг ялгамжтай оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцжээ. 

 

Шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Р-ийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Эсхүл албадан ажил хийлгэх ялыг торгуулийн                                              ялаар өөрчилж өгнө үү” гэжээ.

Гэмт хэргийн шинж, хохирогч Т.А-ийн биед учирсан гэмтэл, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг /гурван зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ