Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0783/З |
Дугаар | 221/МА2024/0708 |
Огноо | 2024-11-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0708
Ш.Ч, Ш.У, Т.У нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд: Б.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.У-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У
Нэхэмжлэгч Т.У, Ш.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Б, В.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2021/0783/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нараас “Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Ч, Ш.У, Т.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг бичиж олгохыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудсанд 6 дугаарт агуулгын алдаа: Уг хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүссэн гэтэл 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүссэн гэж шүүх буруу тодорхойлсон.
Б.Н нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны А/325 болон А/324 дүгээр захирамжуудын Ш.У болон “У ш” ХХК-д олгосон газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн билээ. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.О үндсэн газрын маргаан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд дээрх маргааныг түдгэлзүүлэх хүсэлт өгсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт болсон шүүх хуралдаанаар тус хэргийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Б тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг дутуу судалсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй бөгөөд Ш.У-аас болж Ш.Ч, Т.У нарын эрх ашиг хөндөгдөж болохгүй гэсэн агуулга харагдсан. Шүүх хуралдааны энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я нар дурдсан. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын биелэлтийг биелүүлээгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдийн зүгээс 2019 оны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Ш.Ч, Т.У нар газар эзэмших эрхийг нь сэргээж шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болохоор шүүхийн шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй харин хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг захиргааны байгууллагад олгосон. Ш.У болон “У ш” ХХК-д холбогдох хэрэгт маргаан бүхий А/324, А/325 захирамжийг гаргахдаа эрх ашиг, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа 2019 оны захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Б.Н-д сонсох ажиллагаа, мэдэгдэх хуудас огт өгөөгүй удаа дараа газар эзэмших хүсэлт өгсөн ч захиргааны байгууллага хариу өгдөггүй. Үл хөдлөхийн гэрчилгээтэй газрынх нь хугацааг сунгадаггүй орц гарцыг нь шийдэж өгдөггүй ийм л байна. Б.Н өнөөдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я-ийн хэлсэнчлэн бодит байдал дээр А/324, А/325 дугаар захирамжаар олгосон Т.У, Ш.У нарын газраар дайрч орц гарцаа гаргаж байна. Гуравдагч этгээдийг газар эзэмших эрхгүй болохоор манай газрыг түрээслэх ч юм уу иргэний эрх зүйн тусдаа хэлцэл хийж болно гэдэг ч уудам сайхан газар оронтой Монгол оронд төрчхөөд алга дарам газар тэр бүү хэл 1999 оноос хойш амьдарч ирсэн хууль ёсны үл хөдлөхийн гэрчилгээтэй газраа түрээслэн сууна гэдэг ойлголт Монгол хүний саруул ухаанд үл багтнам. Үл хөдлөхийг газраас нь салгавал тухайн байшин барилга өөрийн бүрэн бүтэн байдлаа алдана. 2019 оны давж заалдах шатны шүүх ч мөн ялгаагүй үүнийг л арсан байх гэж бодож байна. Тиймдээ л Ш.У-д газрыг нь олговол Б.Н-ийн өмч хөрөнгө хэрхэх билээ байшин барилга нь Улсын бүртгэлийн газраас олгосон үл хөдлөхийн гэрчилгээтэй газраас нь салгаж болохгүй гэсэндээ захиргааны байгууллагад хэрхэн шийдвэрлэх эрхийг нь олгосон байх.
Дүгнэхэд Ш.У-д холбогдох дээрх газрын маргаан нь захиргааны хэрэг үүсч хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул шүүхээс үндсэн эрх олгосон захирамжийг нь илт хууль бус тооцуулахаар нэхэмжлэл гаргаж хэрэг үүссэнийг мөн 2024 оны захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг /магадлалд нотлох баримтыг дутуу үнэлсэн гэдгээр анхан шатны шүүх рүү 2024.02.27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг буцаасан/ харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1 Нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нараас “Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт хийхгүйгээр “... гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрын хэмжээгээр газрын хэмжээг багасгаж үлдэх 503 м.кв газрыг нэхэмжлэгч Ш.У-д эзэмшүүлсэн, гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Ш.Ч, Т.У нарт эзэмшүүлсэн газар дээгүүр дайрч өөрийн байшин руугаа орж, гардаг болох нь тогтоогдож байх боловч дүүргийн газрын алба хуульд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.
2.2. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У нарын эцэг П.Ш анх 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М**** банктай 160,000 ам.долларын зээлийн барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн * дүгээр Чингисийн өргөн чөлөө-* дугаартай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 1 дүгээр давхрын 235,4 м.кв, 4 дүгээр давхрын 95,6 м.кв талбай бүхий орон сууц болон Сүхбаатар дүүргийн ** хороо Баянбулаг-**** тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 194,7 м.кв талбайтай барилгыг тус тус барьцаалсан байна.
2.3. Улмаар 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр П.Ш болон гуравдагч этгээд Б.Н нар дээрх зээлийн барьцааны зүйл болох 3 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, эскроу дансаар төлбөр тооцоо хийж, Б.Н нь П.Ш-ийн М*** банкнаас зээлсэн үндсэн зээл 150,927 ам.доллар, зээлийн хүү 41,617.63 ам.доллар, нийт 192 544.63 ам.долларын өр төлбөрийг бүрэн төлсөн байхаас гадна П.Ш-аас Сүхбаатар дүүргийн газрын албанд 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтдээ “Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Баянбулагт байрлах хувийн сууцыг иргэн Б.Н-д түүний төрсөн ах Б.Д-ээс зээлсэн мөнгөний төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй 18643330165666 тоот зуслангийн 15000 м.кв газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа болно. Иймд иргэн Б.Д-т тухайн газрыг шилжүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй...” гэжээ.
2.4. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.Н-ийн хувьд Сүхбаатар дүүргийн ** хороо Баянбулаг-**** тоот хаягт байрлах хувийн орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх боловч хавтаст хэрэгт авагдсан агаар сансрын зураг болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаар гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө рүү орж, гарах орц, гарцгүй буюу нэхэмжлэгч нарын эзэмшлийн газраар дамжин орж гардаг болох нь тогтоогдож байна.
2.5. Түүнчлэн өмнө нь Ш.Ч, Ш.У, Т.У, С.Г нар болон “У ш” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах”-аар маргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 339 дүгээр магадлалаар “... иргэн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө зөвхөн нэг иргэний эзэмшлийн газар дээр байрлаж байхад хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзахдаа Ш.Ч, Т.У, Ш.У, С.Г болон “У ш” ХХК-ийн газар эзэмших эрхийг нийтэд нь сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй...” байна гэж дүгнэн нэхэмжлэгч Ш.Ч, Т.У, С.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгасан. Харин нэхэмжлэгч Ш.У, “У ш” ХХК-ийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
2.6. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтын талаар огт дүгнэлт хийхгүйгээр, нэгж талбар бүрийн орц, гарцыг шийдвэрлэх захиргааны байгууллагын бүрэн эрх, сонгох боломжийн талаар анхаарч дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.7. Мөн түүнчлэн гуравдагч этгээд Б.Н-ээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324 “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “У ш” ХХК-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/325 дугаар “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр өөрчлөх тухай” захирамжийн Ш.У-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд уг хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжтой эсэх талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай болно.
Нэгэнт анхан шатны шүүх хэргийн үйл баримтууд болон оролцогчдын тайлбар, татгалзлын үндэслэлүүдэд бүрэн дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.7, 107 дугаар зүйлийн 107.4-т тус тус заасантай нийцээгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН