Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 0052

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн

Улсын яллагч Н.Бадам

Шүүгдэгч С.Баяржаргал

Хохирогч Б.Батзаяа, Л.Тэрбиш нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын прокурорын газраас  Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн  Боржигон овогт Сэлэнгийн Баяржаргалд  холбогдох  201618010123 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11-р сарын 01-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 10-р сарын 15-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд  төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3-р баг, 3-р хэсэг, 011тоотод  оршин суух  хаягийн бүртгэлтэй,  ам бүл-5, ах, эгч тэдний 2 хүүхдийн  хамт амьдардаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 10-р сарын 21-ний өдрийн 160 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ялаас өршөөн хасах тухай” 339 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдаж байсан, /РД:М-/  Боржигон овогт Сэлэнгийн Баяржаргал

Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр:  С.Баяржаргал  нь 2016 оны 09-р сарын 01-ны өдөр 17цагийн үед  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн  нутаг дэвсгэрт 9-р байрны 25 тоотод иргэн Б.Батзаяа, Л.Тэрбиш нарыг зодож биед нь  хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

1.Хохирогч  Б.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг

2.Хохирогч Л.Тэрбишийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

3.Гэрч Х.Бат-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /х.х-ийн 24-р хуудас/

4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /х.х 33-р хуудас/

5.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 140 тоот акт /х.х 54-р хуудас/

6.Шүүгдэгч   С.Баяржаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

зэрэг болно

 С.Баяржаргал  нь 2016 оны 09-р сарын 01-ны өдөр 17 цагийн үед  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн  нутаг дэвсгэрт 9-р байрны 25 тоотод иргэн Б.Батзаяа, Л.Тэрбиш нарыг хувийн сэдэлттэйгээр зодож биед нь  хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч Б.Батзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           Би 2016 оны 08  дугаар сарын 13-ны өдөр Сургуулийн барилгын ажил дээр туслах ажилчин авч байна гэсэн сургаар ажилд орсон. Тэгээд Чойжилсүрэн, Баяржаргал гэдэг хоёр хүнтэй уулзаад ажилд орсон. Тэгээд би ажилд ороод 9 хоног ажилласан. 09 дүгээр сарын 01-ний өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх ажил байна чөлөө өгөөч гэж гуйсан. Тэгсэн болно гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш ирэхгүй юу гээд тэгэхээр нь би явсан. Тэгээд манайхан тэр өдөр ажлаагүй байна гэдгийг сонсчихоод 1 шил архи хувааж уусан байсан. Хөтөлын туслах ажилчидыг элс шавар зөөлгөнө гэж байна шүү гэхээр нь Цоожсүрэн даргатай уулзахаар орсон. Тэгсэн Баяржаргал согтуу байсан. Энэ үед С.Баяржаргал ажил хийхгүй гэж юу яваад байгаа юм гээд намайг багалзуурдаад тэгээд намайг цохисон. Тэгээд би гараад явсан удалгүй дахин орж С.Баяржаргалыг цагдаад өгнө гэж хэлэх гээд орсон цагдаад өгөх санаатай орсон тэгсэн улам урдаас дайраад  байсан. Тэр үед  Тэрбиш бид хоёрыг салгах гэж байгаад цохиулсан байсан. Тэр үед Тэрбишийг хаана нь юугаар яаж цохиулсаныг би хараагүй. Тэгээд эмнэлэг авч явсан. ... Манай найз өмнө нь хамраа гэмтээсэн тэгээд эмнэлэгээр явахад 1.600.000 төгрөг гарсан гэхээр нь ийм багцааны мөнгө гардаг юм байна гэх үүднээс л нэхэмжлэл гаргасан юм. Надад бол нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнө нь Баяржаргалаас 40.000 төгрөг, зургийн аппарат авсан байгаа, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.

 2.Хохирогч Л.Тэрбишийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батзаяатай 1 шил архи хувааж уусан. Тэгээд Батзаяагийн эхнэр нь надад заяаг дотор хүн зодоод байна гэсэн тэгээд би орж салгах гэж байгаад ийм зүйл болсон. Намайг орох үед Батзаяа доошоо тонгойсон байсан. Би чи зүгээр үү гээд очсон. Тэгсэн намайг архины шилээр цохисон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

3. 2016 оны 09-р сарын 08-ны өдрийн 943 тоот Шинжээчийн дүгнэлт:

1. Л.Тэрбишийн  биед толгойн оройд шарх, зүүн нүд, хүзүүнд зулгаралттай
гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр
үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

4. 2016 оны 09-р сарын 08-ны өдрийн 944 тоот Шинжээчийн дүгнэлт:

1.Б.Батзаяагийн биед хамар ясны хугарал, 2 нүд, хацар, хамар, зүүн тохой,цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр
үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хунацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

 5. Шүүгдэгч   С.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  сургуулийн барилгын ажил зогсож сургуулийн нээлт эхэлсэн. Бид тэр үед амарсан амрах байрандаа амраад 1 шил архи ууж байхад Батзаяа гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд цалин мөнгө төгрөг асуусан. Тэгээд би цалин мөнгө ийм ийм учиртай байна гээд тайлбарлаж өгсөн. Тэгээд бид хоёр маргалдсан тэгээд би Б.Батзаяагийн нүүр лүү нь цохисон. Тэгээд дараа нь Тэрбиш орж ирээд над руу дайрахаар нь би Л.Тэрбишийг цааш нь хана руу санаандгүй түлхэж унагаасан. Тэгээд бид эмнэлэг дээр очиж хохирогч Б.Батзаяа, Л.Тэрбиш нар толгойдоо оёдол тавиулсан. Тэгээд л цагдаа дээр ирсэн гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд С.Баяржаргалыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан баривчлах, торгох ялаас  баривчлах ял  оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Баяржаргал нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 10-р сарын 21-ний өдрийн 160 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, /х.х-ийн 70-рт/ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ялаас өршөөн хасах тухай” 339 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдаж байсан /х.х-ийн 73-рт/ байх ба  шүүгдэгчийн урьд үйлдсэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч  байна.

 Иймд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д “ хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 05 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцохоор, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-д “Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох  хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс  тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Баяржаргалын “Ялаас өршөөн хасах тухай” 339 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хасаж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдаж байснаас хойш 05 жилийн хугацааг тоолоход  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  буюу ялтай байхдаа шинээр гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Шүүгдэгч С.Баяржаргал энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй,түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч С.Баяржаргал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлийн 298.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

            1.Боржигон овогт Сэлэнгийн Баяржаргалыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар С.Баяржаргалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар С.Баяржаргалд оногдуулсан 02 сарын хугацаагаар баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

            4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Баяржаргалд  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5.Энэ хэрэгт шүүгдэгч С.Баяржаргал урьдчилан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй,түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг  дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА