Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0553

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0028

Улаанбаатар хот

                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Б.Ч

Нэхэмжлэгч: С.Ж

Нэхэмжлэгч: В.Б

Нэхэмжлэгч: Л.М

Нэхэмжлэгч: Л.М

Нэхэмжлэгч: Г.Т

Нэхэмжлэгч: Х.М

Нэхэмжлэгч: А.Э

Нэхэмжлэгч: Г.Н

Нэхэмжлэгч: Д.Ц

Нэхэмжлэгч: Э.Т

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: У.О

Нэхэмжлэгч: Х.Э

Хариуцагч: НЗД

Хариуцагч: ЧДЗД

Гуравдагч этгээд: ЧДЗДТГ.

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралтын 4 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЧДЗД-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/484 тоот захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх “ЧДЗДТГ-т” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжаар “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Хорооны цогцолбор барих зориулалтаар ******* нэгж талбар дугаартай 524 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ЧДЗДТГ-т эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч бидний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, мөн хуулийн 25 дугаар зүйлд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах, мөн хуулийн 26 дугаар зүйлд Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасан байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараах зарчмын баримтална: 4.1.6. Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах " гэж заасан.

Маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтуудыг цуглуулаагүй, үнэлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, бидэнд тайлбар санал гаргах боломжоор хангаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд бидний саналыг авч дүнг танилцуулаагүй, уг маргаан бүхий актыг танилцуулаагүй учир дээр дурдсан Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулиар олгосон бидний эрхийг зөрчсөн.

2. Энэхүү маргаан бүхий захиргааны актаар эзэмшүүлсэн газартай залгаа 6кВ хүчин чадалтай цахилгаан дамжуулах дэд станц байрладаг. Мөн уг газар дор манай байрны болон зэргэлдээ орон сууцуудын 4 цахилгаан дамжуулах шугам, дулааны болон цэвэр усны дамжуулах шугам болон худаг байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Засгийн газар эрчим хүчний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 5.1.3-д эрчим хүч хэрэглэх болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, дамжуулах сүлжээний хамрах хүрээг тогтоох" гэж заасан.

Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.1-д “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно. Мөн дүрмийн 2.2 дахь хэсэгт “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно гэсэн байна. Үүнд: 

1. Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлаас хамаарч 1-20 кв бол захын утаснаас хоёр тийш 2 м гэж заажээ.

2. Дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж тал бүр тийш 10 м-ийн зайд хамгаалалтын бүс байна.

3. Дулааны шугамын газар дор байрласан шугамаас хоёр тийш шугамын голчоос хамаарч 5-7м зайд хамгаалалтын бүс байна” гэсэн байна.

Гэтэл цахилгаан дамжуулах дэд станцаас тал бүр тийшээ 10 м зайд, Дулааны шугамын газар дор байрласан шугамаас хоёр тийш шугамын голчоос хамаарч 5-7 м зайд хамгаалалтын бүс, цахилгаан дамжуулах газар доорх шугамын захын утаснаас хоёр тийш 2 м гэж үзвэл уг газарт барилга байгууламж барих ямар ч боломжгүй, хууль болон Засгийн газраас тогтоосон дүрмээр хориглогдсон байна.

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт барилга барих зориулалтаар газар эзэмшүүлснээр манай байрны эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл гарах тохиолдолд засварлах, аюулгүй байдлыг хангах боломжгүй болох ба оршин суугчид бидний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, амь нас, эрүүл мэнд хохирч болох эрсдэлтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.Ч, өмгөөлөгч Б.Б-ийн хамт 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Т-тай биечлэн уулзаж Чингэлтэй дүүргийн 33 дугаар байрны зураг төсөл, орчмын газрын төлөвлөлтийн зургийг үзэж, тодруулахыг хүсэхэд: Ц.Т дарга “Одоог хүртэл 33 дугаар байр орчмын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаагүй, барилгажилтын төлөвлөгөө байхгүй учраас тухайн орон сууцны орчны газрын төлөвлөлтийг анхны барилгын зураг төслөөс үзнэ. Зураг төсөл манай байгууллагад байхгүй, улсын төв архиваас үзэх боломжтой. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 тоот тогтоолоор баталсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл”-д төлөвлөлтөд орох газарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны орчмын газрууд хамрагдахаар байгаа. Иймээс дахин төлөвлөлтийг хийхдээ техник эдийн засгийн үндэслэлээс 33 дугаар байрны орчны авто зам, явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нормативт хүргэж хийнэ. Энэ талаар бичгээр тайлбар өгөх боломжгүй” гэсэн.

 Улсын төв архиваас барилгын зураг төслийн лавлагааг авахад: Манай Чингэлтэй дүүргийн 33 дугаар байр нь НАХЯ буюу тухайн үеийн нийгмийн аюулаас хамгаалах яамны ажилчдын 48 айлын орон сууц нэрээр зураг төсөл нь 1963 онд зурагдаж, 1968 онд баригдсан байна. Орон сууцны ертөнцийн зүгээр баруун талд хүүхдийн тоглоомын талбай, насанд хүрэгчдийн амрах талбайн зориулалтаар төлөвлөжээ. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.4-д заасны дагуу барилга нь зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй шаардлагыг хангасан байх ёстой.

Барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн буюу нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байхаар байна.

Одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.3 дахь заалтад Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйлийн асуудлууд, иргэдийн эрүүл мэнд сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд, болон барилга байгууламжид тусах, нарны гэрлийн үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг шаардлагуудыг агуулсан байна” гэжээ. Манай 33 дугаар байрыг анх барихдаа зураг төсөлд тусгасны дагуу тухайн маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газар нь оршин суугчдын амралт, тоглоомын талбайн зориулалттай газар байхаар төлөвлөгдсөн байхад НЗД Хорооны цогцолбор барих зориулалтаар төрийн байгууллагад эзэмшүүлсэн нь бидний амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилт хийх боломжгүй болгож байна. Нөгөө талаас Орон сууцны тухай хуулийн 4.1-д Төрөөс орон сууцны талаар дараах зарчим баримтална: 4.1.1-т иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх гэсэн энэ зохицуулалт нь оршин суугч бидэнд аюулгүй байдлыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах баталгааг олгосон зохицуулалтыг хүртэл зөрчиж байна. Бодит байдал дээр манай байрны орцоос гараад шууд авто зам, залгаад барилгын хашаа баригдсан. Бидэнд барилгын зураг төсөл, стандарт, хууль, дүрэмд заасан чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, дасгал хийх, хүүхдүүд тоглох тоглоомын талбай байхгүй. Орцоосоо гараад Чингэлтэй дүүргийн хорооны цогцолбор барих барилгын хашаанд тулж байгаа тул бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна

4. Манай 33 дугаар байр нь 1968 онд ашиглалтад орсон хуучны байр бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хот байгуулалт, хөгжлийн газарт илгээсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02-03/4394 тоот албан бичгийн дагуу “Нийслэл дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгуудын жагсаалт (2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/5382)"-ын 35-д орсон.

Манай орон сууц дахин төлөвлөлтөд ороход Улаанбаатар хотын Хот дахин төлөвлөлтийн жишгийн дагуу хотын төвд 1 давхар барилга барихад "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6-д орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтийн 1 дэх хүснэгтэд барилгын тууш /урт/ талуудын хооронд дахь зай хэмжээний норматив нь барилгажих талбайд барих барилгын давхрын тооноос хамаарч 5-8 давхар бол барилга хооронд 21м, 9 давхар бол 30м байна.

“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ ерөнхий зүйлийн 4.1 дэх заалтад орон сууцны барилгыг ирээдүйд шинэчлэн өргөтгөхөөр тооцож төлөвлөнө гэж заасан.

Гэтэл манай орон сууц хот дахин төлөвлөлтөд орж, шинэ орон сууц стандартын дагуу баригдах боломжгүй нөхцөл үүсэхээр байна. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд бид амьдрах болж бидний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байгаа юм. " Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.7 дахь заалтад Орон сууцны хотхон хорооллын нутаг дэвсгэрийн төлөвлөлтөд автомашины ил зогсоол нь нийт айл өрхийн 25 хувь, дулаан зогсоол нь 50 хувиас дээш байна гэжээ. Манай 33 дугаар байр 48 айлтай. Манай байр дулаан зогсоолгүй төлөвлөгдсөн. Эдгээр айл өрхийн 75 хувьд зогсоол төлөвлөвөл нийт 36 автомашины зогсоол шаардлагатай.

Гэтэл манай байранд дулаан зогсоол байхгүй, ил зогсоол ч энэ хэмжээнд хүрэлцдэггүй учраас орон сууцаа дахин төлөвлөлтөд орох хүртэл уг маргаж байгаа газрыг оршин суугчид бид автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан.

Хотын төвд барилгажилт ихэссэний улмаас автомашинаа зогсоож болох цорын ганц талбайд нь хашаа барьж барилга барих болсноор бид машинаа гэрийн гаднаас ачуулах, явган замын хашлага давуулан тавьж торгуулах зэргээр эдийн засгийн хувьд байнга хохирдог.

Мөн зогсоолгүй газар автомашинаа тавьснаас болж машинаасаа бууж суух, ачаа тээшээ буулгах, ачихдаа машинд шүргүүлэх, осолд орох зэргээр явган болон автомашинаар зорчигчийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсээд байна.

НЗД-ын 2020 оны А/301 тоот захирамжаар ЧДЗДТГ-т хорооны барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн 524м2 газрыг өмнө нь дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/484 тоот захирамжийн хавсралтын 1-д дээрх зориулалтаар ЧДЗДТГ-т эзэмшүүлж байсан.

НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн 3 дугаар заалтаар ЧДЗД-ын дээрх захирамжийг хүчингүй болгосон.

Шүүх НЗД-ын 2020 оны А/301 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосны улмаас ЧДЗД-ын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/484 тоот захирамжийн хавсралтын 1 дэх хэсэгт холбогдох хэсгийн эрх зүйн үйлчлэл сэргэж, нэхэмжлэгч бидний эрүүл, аюулгүй  орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байна.

Иймээс нэхэмжлэгч бид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхийн шийдвэрээр бүрэн сэргээхийн тулд ЧДЗД-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/484 тоот захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу уг газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх хуульд заасан үндэслэл байхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй учраас Дүүргийн Засаг Даргын маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Бид ЧДЗД-ын 2017 оны А/484 тоот захирамж гарсныг мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нотлох баримтаар ирүүлснийг хэргийн материалаас үзсэн. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан ч хариу ирээгүй.

Иймээс НЗД-ын 2020 оны 3 дугаар гарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралтын 4 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг, ЧДЗД-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 484 тоот захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг захирамжид үндэслээгүй, захирамжийн хавсралтын 4-д Чингэлтэй дүүргийн 2017 оны А/484 дүгээр захирамжийг үндэслэл болгосон. Мөн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд ч газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслээгүй, дурдаагүй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/1126 дугаар албан бичгээр НЗД-д маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болгосон баримтаа ирүүлэхийг шаардсан ч ирүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “...хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх ... үүрэгтэй” гэж заасан. Гэтэл хариуцагч НЗД шүүхэд маргаан бүхий актыг гаргасан үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотолж чадсангүй. Тэгэхээр татгалзлын үндэслэлээ нотолсонгүй.

2. Чингэлтэй дүүргийн 2017 оны А/484 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд тайлбар өгье.

Уг маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэсэн байна. Гэтэл уг газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газар тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй учраас дүүргийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй. Иймээс Газрын тухай хуулийг зөрчсөн ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

НЗД-ын 2021 оны А/401 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны хуучин байрны байршилд 279 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн ЧДЗДТГ-т хорооны барилга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ захирамжаар ЧДЗД-ын 2021 оны А/68 дугаар захирамжийг хүчингүй болгосон. А/68 дугаар захирамжид хуучин хорооны барилга одоо байрлаж байгаа газрыг заасан байсан. Иймээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны цогцолбор барих зориулалтаар 2 өөр байршилд 2 газрыг эзэмшүүлэхээр олгоод байна. Эрх зүйн үйлчлэлийн хувьд хамгийн сүүлд батлагдсан НЗД-ын 2021 оны А/401 дүгээр захирамжийн биелэлт хангагдах, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх тул өмнө олгосон НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжийг хүчингүй болгоход аль нэг этгээдийн эрх ашиг хохирохгүй юм. Харин ч 33 дугаар байрны оршин суугчдын эрх ашиг хамгаалагдах боломжтой болж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар хариу тайлбарт дурддаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлээс 94 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй байсан учир 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр захирамжийн хувийг авахаар НЗД-д хандсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/6381 дүгээр албан бичгээр захирамжийн хуулбарыг хүлээн авахад шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй. Иймд захирамж гарсныг мэдээгүй. Нэхэмжлэгч нар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр НЗД-д урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргасан. Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02-06/6381 дүгээр албан бичгээр шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн 2 шаардлагын хувьд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

Маргаан бүхий 2 актыг батлан гаргахын өмнө сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар дурдъя. НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамж, ЧДЗД-ын 2017 оны А484 дүгээр захирамж нь Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

НЗД-ын 2020 оны А/301, ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын дараах эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнд:

Энэ газрын зөвшөөрлийг олгосноор 33 дугаар байрын оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох тоглоомын талбай орчин байхгүй, авто зогсоол байхгүйгээс орцны үүдний зам дээр машинаа зогсоодог,  үүнээс болж хүүхдээ орцноос гаргахад ч аюултай нөхцөлд үүсэж байна. Мөн түргэн тусламж, гал унтраах машин техник шуурхай чөлөөтэй нэвтрэх боломжгүй, нөгөө талаас маргаан бүхий тухайн газарт цэвэр бохир усны шугам сүлжээ байрладаг, ойр орчмын байрнуудыг тэжээдэг гол магистрал байдаг учраас уг газрыг барилга барих зориулалтаар ашиглах боломжгүй болно. Байрнаас 10 метрийн зайд өндөр хүчдэлийн дэд станц байрладаг учраас энэ газарт барилга баривал шугам сүлжээнд эвдрэл гэмтэл гарахад засварлах боломжгүй болох зэргээр оршин суугчдын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж цаашид орон сууцны дахин төлөвлөлтөд оруулахад шинэ орон сууц стандартын дагуу баригдах боломжгүй болохоор байна. 

Улсын бүртгэлээс лавлагаа авахад Чингэлтэй дүүрэгт байрлах уг 33 дугаар байр нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны 48 айлын орон сууц нэрээр баригдсан барилга байдаг. 1963 онд зураг нь зурагдаж, 1968 онд баригдсан байна. Зургаас маргаан бүхий газар нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилалт хийх зориулалттай газар болох нь харагдаж байгаа.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ээс 14.1.4-д зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж тус тус заасан. Барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн буюу нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх шаардлагыг хангасан байх ёстой. Одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10 заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан зай, нормыг хангахгүй зөрчихөөр байгаа. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бичсэн учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Одоо оршин суугчид анх барилга баригдахад төлөвлөгдсөн зориулалтаар уг газраа эзэмших шаардлагатай байгаагаас гадна цаашид дахин төлөвлөлтөд ороход барилга хоорондын зайн стандартыг хангахын тулд маргаан бүхий газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байх боломжгүй юм. Оршин суугчид дахин төлөвлөлтөд орохын тулд 33 дугаар байрны оршин суугчдын 80 хувь нь гарын үсэг зурж өгсөн байгаа. Дахин төлөвлөлтөд орж 9 давхар барилга баригдахад барилга хоорондын зай 30 метр байх ёстой. Гэтэл одоо бодит байдал дээр нөгөө барилгаасаа 31 метрийн зайтай байгаа. Хэрэв дунд нь барилга баригдах, газрыг бусдад эзэмшүүлбэл дахин төлөвлөлтөд орох боломжгүй болох эрсдэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай А/301 дүгээр захирамжаар ЧДЗДТГ-т Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 524 м.кв газрыг Хорооны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь төрийн байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай асуудлыг шийдвэрлэдэг.

Ийнхүү газар олгохдоо Чингэлтэй дүүрэг болон тус дүүргийн 4 дүгээр хорооны саналыг үндэслэн олгосон.

Тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаж байна.

Иймд НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох” тухай А/301 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт гэдэгт хамаарахгүй.

2. “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3/80 дугаар албан бичгийг хүргүүлсэн ба тус албан бичигт маргаан бүхий байршилд Хороо, өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил хийхэд иргэдээс гомдол гарсан тул байршлыг сольж, хуучин хорооны барилгыг буулгаж барихаар Чингэлтэй дүүргийн 2021 оны төсөвт буулгалтын хөрөнгө батлагдсан тул шинэ байршилд хорооны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөхийг хүссэн ба уг асуудлыг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргах боломжтой.

Энэ шийдвэр гарснаар нэхэмжлэлийн эрх хамгаалагдаж болохоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1. “Захиргааны акт, ...илт хууль бус болохыг тогтоолгох ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тодорхой заах бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжаар ЧДЗДТГ-т газар эзэмшүүлсэн нь Б.Ч нарын Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны иргэдийн ямар хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэлийн агуулга тэр чигтээ барилгатай холбоотой буюу нарны тусгал хаах, барилга хоорондын зайн зөрчил, автомашины зогсоолын хүртээмжгүй байдал, инженерийн шугам сүлжээтэй давхацсан байдал гэх зэргээр дүүргийн 04 дүгээр хорооны барилгын ажилтай холбоотой нэхэмжлэл бичсэн байх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан хуулийн үндэслэлийг хангахгүй байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт НЗД-ын 2020 оны А/301 дугаар захирамжтай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр НЗД-д хандаж байсан тухай дурдсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тухай хуульд тодорхой заасан.

ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийн ЧДЗДТГ-т холбогдох хэсэг нь НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжаар хүчингүй болсон. Хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд ЧДЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралт 4 дүгээр хэсгийн ЧДЗДТГ-т холбогдох хэсэг, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/484 тоот захирамжийн хавсралт 1 дүгээр хэсгийг тус дүүргийн ЗДТГ-т холбогдуулан гаргасан захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрүүдийг гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь анх тус шүүхэд хандан “НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралтын 4 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болгохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж “НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн хавсралтын 4 дүгээр дэх ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЧДЗД-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/484 тоот захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх “ЧДЗДТГ-т” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн архив, бичиг хэргийн болон газрын үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 24, 25,26 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 4.1.6 дахь заалтуудыг зөрчиж, иргэдийн оролцоог хангаагүй”, “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан норм, стандартуудыг зөрчсөн”, “биднийг орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулах боломжгүй болгосон хэмээн, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжаар ЧДЗДТГ-т Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 524 м.кв газрыг Хорооны цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ч иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу байршлыг сольж, хуучин хорооны барилгыг буулгаж барихаар Чингэлтэй дүүргийн 2021 оны төсөвт буулгалтын хөрөнгө батлагдсан. Ингэснээр нэхэмжлэгчдийн эрх хамгаалагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн, хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “НЗД-ын 2020 оны А/301 дүгээр захирамжаар ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийн ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг нэгэнт хүчингүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, мөн хуулийн 25 дугаар зүйлд  бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах, мөн хуулийн 26 дугаар зүйлд Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж хэмээн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” хэмээн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" хэмээн, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” хэмээн тус тус хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

Маргаан бүхий газар болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны баруун талд анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/484 дүгээр захирамжаар “хорооны цогцолборын зориулалтаар” 524 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн ч нэгж талбарын хувийн хэргийн архив дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив үүсээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/484 дүгээр захирамж, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 15/192 дугаар албан бичгээр,

ЧДЗДТГ-аас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/232 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр А/301 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан, захирамжийн 3 дахь заалтаар ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ЧДЗДТГ-ын 2020 оны 3/232 дугаар албан бичиг, НЗД-ын 2020 оны А/301 дугаар захирамжаар,

            Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс дүүргийн болон НЗД, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа өргөдөл, гомдол гаргасантай холбоотойгоор ЧДЗДТГ-ын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/182 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар иргэдийн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсан. Мөн НЗДТГ-аас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 05/4366 дугаар албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд ... хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажилтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг... судалж ... шийдвэрлэлтийг” мэдэгдэхийг даалгасан.

Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны баруун талд барихаар төлөвлөсөн хорооны цогцолбор барилгын ГБМЗХ2020/09-032 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь хэсэгт заасан барилга хоорондын зай 15 метрээс багагүй байх нормативыг хангахгүй байгаа болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02-03/3541 дүгээр албан бичиг, Улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-111/1467 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс энэхүү үйл баримттай маргахгүй болохоо илэрхийлсэн.

Улмаар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны одоо байрлаж буй хорооны барилгын 180 м.кв газрыг 279 м.кв болгон талбайн хэмжээг өөрчлөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/611 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан тухайн газрын эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/402 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор баригдах 279 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Хорооны барилга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг”-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх”-ийг олгож шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 02-03/3541 дүгээр албан бичиг, Улсын ахлах байцаагчийн 2020 оны 02-07-111/1467 дугаар дүгнэлт, маргаан бүхий газарт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримтаар,

            Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/80 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт “...тухайн байршилд иргэдээс гомдол гаргасан тул байршлыг сольж хуучин хорооны барилгыг буулгаж барихаар Чингэлтэй дүүргийн 2021 оны төсөвт буулгалтын хөрөнгө батлагдсан. ... шинэ байршилд хорооны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулах”-аар хандсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2021 оны 3/80 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т төрөөс газрын талаар “газрыг ... үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах” зарчмыг баримтална хэмээн заасан.

Тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны актууд болох ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр захирамжаар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барих зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газарт 524 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг НЗД 2020 оны А/301 дүгээр захирамжаар газрын эрхийг баталгаажуулан, дүүргийн засаг даргын 2017 оны А/484 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Улмаар тухайн асуудалтай холбогдуулан иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд хариуцагч захиргааны байгууллагууд нь маргаан бүхий үйл баримттай холбогдуулан өөрсдийн урьд гаргасан шийдвэрээ эргэн харж, тус дүүргийн 4 дүгээр хорооны одоо байрлаж буй хорооны барилгыг буулгаж, суурин дээр нь шинээр “Хорооны барилга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг” бүхий хорооны цогцолбор барилгыг барихаар шийдвэрлэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2021 оны А/68 дугаар захирамжаар  дүүргийн 4 дүгээр хорооны одоо байрлаж буй хорооны барилгын газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/402 дугаар захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн.

Ингэхдээ тухайн асуудлаар өмнө нь гаргасан, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг дарга 2020 оны А/301 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсэг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Үүний улмаас бодит байдалд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “4 дүгээр хорооны цогцолбор барилгын зориулалтаар” газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр хоёр захирамж  нэгэн зэрэг үйлчилж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмууд хийгээд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан төрөөс газрын талаар баримталж буй “... үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах” зарчим тус тус алдагдах нөхцөл байдал үүссэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/301 дугаар захирамжид холбогдох хэсэг буюу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/301 дугаар захирамжийн 1 дэх заалтын  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн журмаар бүрэн хамгаалах боломжтой хэмээн үзэж, үлдэх хэсэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Газрын тухай хуулийн 4.1.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Ч нарын нэр бүхий 14 иргэнээс НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган, НЗД-ын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/301 тоот захирамжийн ЧДЗДТГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ЧДЗД-д холбогдуулан гаргасан ЧДЗД-ын 2017 оны А/484 дүгээр тоот захирамжийн хавсралтын 1 дүгээр дэх “ЧДЗДТГ-т” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД-аас 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М