Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 02

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 143/ШШ2017/00472 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Х-д хариуцагдах “Албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч В.Х-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 1  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, нарийн бичгийн даргаар Р.О нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон тайлбарт: С.Б би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 34 дүгээр байрны 1-13 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч ба тус эд хөрөнгөө 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Ү-1105002680 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр албан ёсоор өмчилдөг. Дээрх 34 дүгээр байрнаас би Б.Б гэх хүний “Уужимговь” ХХКомпанид оруулсан хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтын төлбөрт тооцож анхны өмчлөгчөөр нийт 5 орон сууц өмчилж авсны нэг нь тус байрны 1-13 тоот юм. Гэтэл В.Х нь миний өмчлөлийн орон сууцыг миний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, амьдарч удаа дараа шаардсан ч гарахгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн В.Х-г түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж өгнө үү.

2012 онд Батаатай байшин хамтран барихаар болоод,  2013 онд ашиглалтад ороход нь 5 байр авсан. Хүмүүстэй хамт 2013 оны 1 сард ирсэн чинь 12 тоот дээр давхар өмчлөлийн эрх гаргаж аваад Худалдаа хөгжлийн банкинд тавьсан байдаг. Тэгээд энэ зүйлээс болоод маргаан гарч эхэлсэн. Батаа нь эрүүгийн шүүх хуралдаан дээр Баянмөнхийн өмч, минийх биш гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хариуцагч В.Х нь Ү1105002680 тоот дугаартай үл хөдлөх гэрчилгээтэй С.Б-ийн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ зүйл дээр талууд маргадаггүй. Хариуцагч В.Х байрны эрхийн маргааныг шийдвэрлэсний дараа нь болъё гэж байгаа нь орон сууцны өмчлөлтэй ямарч хамааралгүй. С.Б-ийн нэр дээр Өмнөговь аймаг Даланзадгадын сумын 3-р баг 34 байрны 13 тоот Ү1105002680 тоот дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь С.Б-ийн өмчлөл мөн гэснийг тогтоосон хуулийн эрх бүхий байгууллагын эрхийн бичиг байгаа. Мөн энэ зүйл дээр Батаа маргасан зүйл байхгүй. Өмчлөлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя, хүчингүй болгож өгөх гэж байгаа бол хариуцагчийн ярьж байгаа зүйл байж болох юм. Гэтэл ийм зүйл байхгүй. 2017 оны 112 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болсон тогтоолын 23 дугаар хуудсанд байгаа. Шүүгдэгч Батаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө би өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ С.Б хүчин төгөлдөр байруудыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан. Мөн сэжигтнээр дахин байцаалт өгөхдөө миний бие гэмт хэрэгт шалгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Б-д хохирол учруулсан зүйл байхгүй. С.Б нь хэзээ хэдэн төгрөг өгсөн талаар тодорхой баримт байхгүй байхад С.Б надаас ямар учиртай мөнгө залилсан гэж байна бэ? Харин С.Б-тэй харилцан тохиролцсон. Мөн анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд анх барилга барихдаа тохирсон ёсоор С.Б-ийн нэр дээр байгаа. 5 орон сууц өгсөн. Үүнээс гадна жип машин мөн суудлын авто машин зэргийг өгсөн. Би Өмнөговь аймгийн Худалдаа хөгжлийн банкнаас 350.000.000 төгрөгийг өгсөн зүйлээ барьцаалан зээл хийж авсан байсан гэсэн мэдүүлэг Цагаатгах тогтоолын 31 дүгээр нүүрэнд байгаа. Энэ зүйл дээр юу хэлж байна бэ? гэхээр Эрүүгийн хэргийг шийдэхдээ энэ маргааныг давхар шийдэж болдог энэ зүйлийг шийдсэн хэрэг энэ хохирол үнэхээр С.Баянмөнхөд 5 орон сууцны хохирол учруулаагүй гэж байгаа учраас энэ зүйлийг С.Б иргэний журмаар нэхэмжлэн, харин Батаа 5 орон сууцаа өгсөн юм байна гэж агаатгасан тогтоол байна. Мөн эрүүгийн хэргийн цагаатгах тогтоолыг үзээд хариуцагч бүрэн дүүрэн дүгнэлт хийх боломжтой. Өмнөговь аймгийн Прокурорын газраас ирүүлсэн залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т зааснаар Батааг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь тухайн орон сууц нь С.Б-д өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн учир хохирол төлбөргүй гэж үзэн шийдсэн. Тогтоох хэсгийн 5-т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т зааснаар хохирогч С.Б нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байгаа. Хан-Уул дүүргийн иргэний хэрэг гэж ярьж байгаа боловч Батаа болон Бат-Амгалан нар өөрийн эрх ашгийн үүднээс хаана ч нэхэмжлэл гаргаж болно. Өнөөдрийн албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөлийн зүйлийг шаардах эрхтэй иргэн хүн дээр нэмээд өнөөдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд 2017.9.15-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 тоот цагаатгах тогтоол буюу тогтоох хэсгийн 5-т заасан мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 36.4-т гэж зааж өгсөн хохирогч С.Б өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай гэсэн байгаа. Тийм учраас энэ цагаатгах тогтоолын дагуу Даланзадгад сумын 3-р баг 34 байрны 13 тоотод оршин сууж байгаа. В.Х-г эд хөрөнгийн хамт албадан нүүлгэх шаардлага гаргаж байна. Мөн хариуцагчид ойлгуулахад С.Б нэхэмжлэл гаргаж өгөхдөө бид нар хууль ёсны эрхийн хэрэгжүүлээд нотариатоор баталгаажуулаад нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн мөн 112 тоот цагаатгах тогтоолыг үндэслээд мөн бусад үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг үндэслэн, мөн хариуцагч тал өнөөдрийг хүртэл гаргаж өгсөн нотлох баримттай маргахгүй байгаа. Тэгэхээр албадан нүүлгэж орон сууцыг чөлөөлж өгөх хүсэлтэй байна. С.Б-ийн хувьд бизнес хийдэг маш олон авлагатай, энэ байрыг бэлэн мөнгөөр авъя гэсэн хүмүүс байгаа. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх тал дээр зөвшөөрөхгүй гэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар, мөн шийтгэх тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээн дээр  үндэслэн байрнаас чөлөөлж өгөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч В.Х анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлд дурдагдсан орон сууцанд ашиглалтад орсоноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд уг орон сууцыг худалдан авахаар анх иргэн Б.Батаа, С.Б нартай уулзаж тохиролцсоны үндсэн дээр уг орон сууцны барилгын захиалагчтай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан орон сууцандаа орсон болно. Гэрээний дагуу орон сууцны үнийг хэнд төлөх талаар лавлаж асуухад иргэн Б.Батаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002680 дугаартай орон сууцны өмчлөх эрхтэй холбоотойгоор шүүхэд маргаан /иргэний хэрэг/ үүссэн тухайгаа мэдэгдсэн юм. Миний өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул ямар учир, шалтгаанаар маргаан үүссэн тухай лавлаж асуухад иргэн Б.Батаа нь орон сууцны барилгыг хамтран бариулсан иргэн С.Баянмөнхтэй 34-р байрны зарим орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн маргаанаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай тайлбарыг өгсөн. Миний хувьд уг орон сууцыг худалдан авах хүсэл зоригоосоо, мөн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс татгалзаагүй байгаа бөгөөд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1105002680 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн маргаан шийдэгдсэний дараа хууль ёсны бөгөөд шударга өмчлөгчид орон сууцны үнийг төлөх болно. Хариуцагч миний бие уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан зүйлгүй бөгөөд “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу эзэмшиж ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч хэдийгээр уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байж болох боловч уг шаардлагаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буюу иргэн Б.Батаа, Б.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох иргэний хэрэгт хариу тайлбар эсхүл сөрөг шаардлага хэлбэрээр гаргах нь зүйтэй болов уу. Мөн хариуцагч миний бие иргэн Б.Батаа, Б.Бат-Амгалан гарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтэй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд илэрхийлэх болно. Иймд ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т ”зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “энэ хуулийн 65.1.3 - 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч В.Х-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Х анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Миний ойлгож байгаагаар Батаа нь Давж заалдах гомдол гаргана гэж хэлсэн. Одоо Баянмөнх, Батаа хоёрын хэнд нь төлбөрөө төлөх ёстой талаар мэдэгдэхгүй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол нь төлбөр төлөхийг хойшлуулж байна. Батаа болон Баянмөнх нарын хоорондох асуудал энэ хэрэгт холбоогүй гэж байгаа боловч миний хувьд холбоотой санагдаж байна. ...65.000.000 төгрөгийг Батаад өгсөн. Би Батаатай гэрээ хийсэн. Орон сууц худалдах, худалдан авах захиалах гэрээг мөн анх Батаатай хийсэн. Гэрээг менежер Цацралын өрөөнд Батаатай хийсэн ба би Батаатай гэрээ хийсэн учир орон сууцны мөнгийг Батаад өгсөн нь миний хувьд зөв болж байгаа гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 143/ШШ2017/00472 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 1-13 тоот орон сууцны зориулалттай 66 метр квадрат талбай бүхий гурван өрөө орон сууцнаас хариуцагч В.Х-г гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч В.Х-с 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч В.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэргийн материалд хавсаргасан нотлох баримттай танилцахад Б.Батаа, Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагад Ү-1 105002680 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанбайсан ба уг орон сууцны шударга өмчлөгч нь хэн болохыг тогтоолгох зорилго агуулсан гэж ойлгож байгаа. С.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ч. С.Б уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд эргэлзээ төрсөн учир нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой иргэний хэрэг үүссэн гэж ойлгож байна. Нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, өмчлөх эрхийн гэрчилгээг олж авсан хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх асуудал нь эцэсдээ эрх зүйн үр дагаварын хувьд хоёулаа ижил бөгөөд хоёулаа өмчлөх эрхийг үүсгэх, аль эсвэл дуусгавар болгоход чиглэгдсэн үр дагаварыг бий болгох учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэргийг шийдвэрлэхээс нааш хариуцагч Хулан-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаагаа анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Мөн Хан-Уул дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017.11.01-ний өдөр Б.Батаа, Б.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох иргэний хэргийг хэлэлцээд анх шатны шүухээс шийдвэр гарсан, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээгүй байна. Хэдийгээр өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эцэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч миний хувьд өөрийгөө уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй байгаа бөгөөд харин ч уг орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тухайгаа анхан шатны шүүхэд илэрхийлсэн, нотлох баримтыг хүргүүлсэн боловч шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ хэт нэг талыг бариж шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж иргэн С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Х-д холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын тайлбарт: “...Нэхэмжлэгч С.Б-өөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн 34-р байрны 13 тоот байрнаас В.Хуланг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан. Энэ байрны хууль ёсны өмчлөгч нь С.Б мөн эсэхийг тогтоолгохоор орон сууц захиалагч Батаа, Бат-Амгалан нар нь Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шат болон давж заалдах шатны шүүхээр хянагдаад одоо Улсын Дээд Шүүхээр хянагдаж байгаа юм билээ. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг өөр шүүхээр хянагдаж байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 1.7-д зааснаар энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болж байгаа. Иргэний хэрэг үүссэн дараа эдгээр нотлох баримтууд ирсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн  тайлбарт: Давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус орон сууцыг Б өмчилж гэрчилгээ гаргуулж авсан байгаа. Мөн энэ оноос эхэлж Хулан тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн байдаг. Хулан нь Батаа, Бат-Амгалан нартай давхар гэрээ хийгээд худалдаж авч энэ орон сууцанд амьдарч эхэлсэн байсан. Гэвч 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Б-тэй хийсэн орон сууц захиалгын гэрээтэй адил наториатоор батлуулсан хууль ёсны гэрээ Х-д бол байгаагүй.

Батаа, Бат-Амгалан нартай гэрээ байгуулаагүй. Батаагийн эзэмшдэг “Говь Гарден” ХХК-нд төлбөрийг төлсөн байдаг. “Говь Гарден” ХХК-ийн тус орон сууцанд хамааралгүй  хуулийн этгээд байгаа учраас энэ орон сууц хэний өмчлөл вэ гэдэг нь тодорхой харагддаг. Энэ хэрэгтэй холбоотой хэрэг өөр шүүхэд хэлэлцэгдэж байгаа гэж тайлбарласан. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг анхан шат болон давж заалдах шатны шүүхээс Б-ийн талд шийдэгдсэн. Б-ийн өмчлөлийн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан маргаан бол байхгүй. Х-г албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага өөр өөр байгааг хариуцагч тал ойлгохгүй хольж тайлбарлаад байна. Б-ийн орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар авсан. Албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд холбоогүй. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Батаатай холбоотой цагаатгах тогтоол хэрэгт авагдсан байгаа. Энэ цагаатгах тогтоолын  Батаагийн өгсөн мэдүүлэг дээр энэ хэний өмчлөлийн орон сууц бэ гэдэг тодорхой заагдсан байгаа. Энэ цагаатгах тогтоол бол хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр болсон цагаатгах тогтоолд Баянмөнхийн орон сууцны өмчлөлийг хэрэгжүүлэхдээ холбоотой заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Орон сууцыг шударгаар олж авсанд эргэлзээ үүссэн гэж тайлбарлаж байгаа. Шударгаар, шударга бусаар олж авсан байна уу? гэдгийг хариуцагч Хулангийн тайлбараар гэрчлэх боломжгүй юм. Хариуцагч талаас бол өмчлөлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл бол одоогоор байхгүй байгаа. Өөр шүүх дээр маргаан байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага  нь өөр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б нь В.Х-д хариуцуулан “Даланзадгад сумын 3-р баг 34-13 тоот байрнаас В.Х-г эд хөрөнгийн хамт албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч В.Х давж заалдах гомдолдоо “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэний хэргийг шийдвэрлэхээс нааш хариуцагч Хуланд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаагаа анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Хан-Уул дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Батаа, Б.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох иргэний хэргийг хэлэлцээд анх шатны шүүхээс шийдвэр гарсан, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээгүй байна. ...Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж иргэн С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Х-д холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн үндэслэл дурджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүнийг нотолгоо болох хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч В.Х-ийн тайлбар, татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлд “…иргэн Б.Батаа, Б.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлттэй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд илэрхийлэх болно. Иймд ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д ”зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.3, 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч В.Хуланд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх болон түдгэлзүүлэх” гэх зэрэг үндэслэл дурдсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч В.Х “Бат-Амгалан гэгчтэй байгуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  3-р баг 23-р байрны /34 биш өөр дугаартай байр/ 13 тоот байрыг Орон сууц захиалан бариулах тухай 17 тоот гэрээ  2013.9.28-ны өдөр байгуулсан тухай гэрээ тус тус /хх-13/ авагджээ.

Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002680 тоот гэрчилгээнд  Өмнөговь  аймгийн Даланзадгад сумын  3-р баг 34-р байр 1-13 тоот орон сууц нь С.Б-ийн өмч /хх-2/, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.4.1-ний өдрийн 102/ШЗ2016/11625 дугаар захирамжийн  захирамжлах хэсэгт “...13 тоот Ү-1105002680” гэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.1-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад  хариуцагчийн тайлбар, татгалзал, гомдолд дурдсан 34 дүгээр байрны 13 тоот орон сууцны асуудлыг хэлэлцсэн тухай дурдагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч В.Х-ийн  хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. ... иргэн Б.Батаа, Б.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д хариуцагдах иргэний хэрэгт эрх ашгаа хамгаалуулахаар хандах тухай дурдснаас өөрөөр дээрх хэрэгт “дурдсан хэргүүдэд хэргийн оролцогчоор оролцсон тухай” агуулга бүхий тайлбар, татгалзлын үндэслэл болон нотлох баримтаар гомдолд дурдсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч В.Х-ийн давж заалдах гомдлыг дээр дурдсан нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хүлээн авч хангах  үндэслэл тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 143/ШШ2017/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч В.Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 143/ШШ2017/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч В.Х-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч В.Х-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                        П.ДОЛГОРМАА