Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 2225005920384 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгайн ****  тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн гэртээ эхнэр Э.Н-г 2 удаа түлхэж унаган тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Э.Н-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 717 дугаартай “...Э.Н-н биед тархи доргилт, хуйх, баруун шуу, 2 хөлд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...”.гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

            3. Аюулын зэргийн үнэлгээний “Г   нь гэрийнхээ эд зүйлийг эвдэж догшин авирладаг, эхнэрээ байнга хэл амаар доржилдог, хүүхэд нь хэрүүл маргаанаас айдастай байдаг” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

            4. Хохирогч Э.Н-н “...Түүнийг гэртээ ирээд түлээгээ хөрөөдөөд байж байсан чинь миний нөхөртэй хамт ажилладаг Б  гэж залуу машин болохгүй байна үзээд өгөөч гээд ирсэн. Тухайн үед Б ийн машиныг хашаа руугаа оруулах гэсэн чинь манай хоёр машин цуварч зогсоод машин орох боломжгүй байсан. Энэ үед нөхөр Г   машиныхаа түлхүүрийг авч гараад нэг машинаа хөдөлгөж, Б ийн машиныг хашаандаа оруулж ирээд хамт үзсэн. Б  20 цагийн орчим машинаа аваад явсан. Б ийг явсны дараа нөхөр минь гэртээ орж ирээд надаас машины түлхүүр нэхсэн. Тэгэхээр нь байхгүй, чи өөрөө түрүүн машин урагш нь болгоно гээд аваад гарсан биз дээ гэсэн чинь намайг хэлэх, хэлэхгүй, маш бүдүүлэг үгээр хэлж хараасан. Тэгж хэрүүл хийж байхдаа угаалгын машинд байсан хүүхдүүдийн хувцсыг, үүдний шүүгээнд байсан хувцсыг, хөргөгчид байсан эд зүйлийг авч шидээд, хөргөгчийг 2 удаа гараараа цохисон. Тэгж агсам тавьж байгаад гэрийн хаалга саваад гараад явахаар нь араас нь гарсан чинь Г   чи муу яах гээд байгаа пизда минь гээд намайг барьж аваад түлхсэн чинь байшингийн урд байсан 200 литрийн төмөр торхыг толгойн ар хэсээгээрээ мөргөөд газарт унасан. Тэгээд хашаандаа хэрүүл хийж байгаад эргээд гэртээ орсон. Гэрт орж гал тогооны шүүгээнд байсан аяга, тавгийг авч шидээд байхаар нь болиулах гэсэн чинь нь намайг барьж аваад дахин гэрийн шалан дээр түлхэж унагасан. Тэгээд гэрээс гарч яваад шөнө 03 цагийн орчим гэртээ эргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

            5. Сэжигтэн С.Г-н “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байсан чинь миний найз Б  манай гэрт ирээд манай гэрт очоод машин үзээд өг гэхээр нь түүнтэй хамт гэр лүү нь очсон. Б ын гэрт очиж машиныг нь үзээд дараа нь засаж өгөхөөр болж тохиролцсон чинь Б  дэлгүүрээс 0,33 граммын Хараа нэртэй архи нэг шилийг авч өгсөн. Тэр архийг нь Б  бид хоёр хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад дахин дэлгүүр лүү явж 0,33 литрийн Хараа архи авч ирээд хувааж уусан. Сүүлийн архийг ууж дуусаад гэртээ харьсан. Гэртээ хариад түлээ модоо янзалж байсан чинь хамт нэг байгууллагад ажил хийдэг Б  ирж машин үзүүлсэн. Машинаа үзүүлчихээд надад 0,5 литрийн нэг шил Ерөөл архи авч өгсөн. Тэр архийг нь Б  бид хоёр хувааж уусан. Сүүлийн архийг ууж дуусаад яг үнэндээ түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход би эхнэрээсээ машиныхаа түлхүүрийг нэхээд гэрийн үүдэнд байдаг хувцасны шүүгээнд байсан хувцаснуудыг гаргаж шидэж байснаа санаж байна. Архи уугаад согтсон байсан болохоор юу болсноо санахгүй байна. Маргааш өглөө нь манай эхнэр гэртээ агсам согтуу тавьсан, гэрт, гадаа хоёр газарт түлхэж унагасан. Гэрийнхээ хэдэн зүйлийг эвдсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

6. С.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,

7. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Сум дундын 14 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгайн ****  тоот өөрийн гэртээ эхнэр Э.Н-г 2 удаа түлхэж унаган тархи доргилт бүхий гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Э.Н-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 717 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн тэмдэглэл, хохирогч Э.Н-н “...намайг барьж аваад түлхсэн чинь байшингийн урд байсан 200 литрийн төмөр торхыг толгойн ар хэсээгээрээ мөргөөд газарт унасан. Намайг барьж аваад дахин гэрийн шалан дээр түлхэж унагасан...” гэх мэдүүлэг, С.Г-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгайн ****  тоот өөрийн гэртээ эхнэр Э.Н-г хэл амаар доромжилж, түлхэж унаган тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Нарангэрэлд хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н-н эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А