| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/00152/И |
| Дугаар | 183/ШШ2019/00450 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00450
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2019/00450 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б Л /РД/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, Б О /РД:/-д холбогдох
Эд зүйлсийн үнэ 3 464 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л Б.О д 2017 оны 12 сарын 07-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь өөрийн өмчлөлийн дэлл-айя 5 маркийн нөтбүүк дэлл-айя 3 маркийн нөтбүүк, монетон ээмэг, бөгж нийт 5.2 грамм бүхий эдлэл зэрэг нийт 5 төгрөгийн үнэ бүхий зүйлийг зээлүүлсэн. Гэтэл Б.О нь дээрх зүйлсийг зээлснээсээ хойш огт өгөхгүй худлаа хэлж иргэн намайг хохироосон тул Цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хариу өгсөн. Б.О Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дээр эд зүйлийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрч барагдуулахаа илэрхийлсэн байдаг тул Б.О оос 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Харин одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж монетон хослолыг тухайн үед 364 000 төгрөгөөр, дэлл-айя 5 маркийн нөтбүүкийг 2 100 000 төгрөгөөр, дэлл-айя 3 маркийн нөтбүүк бэлгэнд ирсэн тул 1 000 000 төгрөгөөр тооцож, нийт 3 464 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.О д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ эд зүйлсийн үнэ 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 464 000 төгрөг болгож багасгасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.О д 2017 оны 12 сарын 07-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь өөрийн өмчлөлийн дэлл-айя 5 маркийн нөтбүүк дэлл-айя 3 маркийн нөтбүүк, монетон ээмэг, бөгж нийт 5.2 грамм бүхий эдлэл зэрэг нийт 5 төгрөгийн үнэ бүхий зүйлийг түр хугацаанд зээлүүлсэн. Гэтэл Б.О нь дээрх зүйлсийг зээлснээсээ хойш огт өгөхгүй худлаа хэлж иргэн намайг хохироосон тул Цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хариу өгсөн. Б.О Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дээр эд зүйлийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч барагдуулахаа илэрхийлсэн... гэж тайлбарлаж, хэрэгт холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.О нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр Б.Л д хандаж мөнгө зээлээч гэсэн хүсэлт гаргасны дагуу түүний өмчлөлийн Dell I-5, Dell I-3 маркийн зөөврийн компьютер, ээмэг, бөгжийг авч барьцаат зээлийн газарт тавьж зээл авсан болох нь хавтаст хэргийн 8-р талд авагдсан Таван хүрэн ХХК-ийн эд зүйл хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Л нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, уг асуудлаар хариуцагч Б.О оос мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт ...Б.Л гаас мөнгөний хэрэг гараад 3 сая төгрөг зээлж аваад тэр мөнгөө хүүтэй нь хамт барагдуулсан, ...2017.12.07-ны өдөр Халдвартад байдаг Таван хүрэн ХХК-д Dell маркийн 5547 I-5, Эссэр спайр маркийн силирон хоёр зөөврийн компьютер, монетан хос ээмэг, бөгж нийт 5.2 гр зүйлсийг 900 000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө болгосон. ...Б.Л г залилж хуурч мэхэлсэн зүйл байхгүй би эдгээр эд зүйлсийг яаралтай төлж барагдуулна гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 4/
Дээрх байдлаас дүгнэхэд талуудын хооронд Б.Л гийн өмчлөлийн эд зүйлийг Б.О шилжүүлэн авч буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.О д шилжүүлсэн эд зүйлсийн үнийг буцаан шаардах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Л нь монетон ээмэг, бөгжийг 2016.4.21-ний өдөр 364 000 төгрөгөөр, I-5нөтбүүкийг 2015.3.19-ний өдөр 2 100 000 төгрөгөөр худалдаж авсан баримтуудыг эх хувиар нь ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын 3 464 000 төгрөгийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн Б.О шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхийн байранд ирсэн бөгөөд хурал эхлэх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О оос 3 464 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Л д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О оос улсын тэмдэгтийн хураамжинд 70 374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ