| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/347 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Н.Д
Хохирогч Т.Н
Хохирогчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2225000000341 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.М.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Солонго захын арын зам дээр “Тоёото ратиз” загварын **** ОРБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ Жолоочид дараахь зүйлийг хориглоно, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, **** УНЛ улсын дугаартай “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Өөрийнхөө гэм буруутай үйлдэлд маш их харамсаж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирогчийн нэхэмжлэлээс төлөх боломжгүй зүйлүүд байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Н мэдүүлэхдээ “Ослын улмаас гарынхаа ясанд олон тооны хадаас хадуулсан. Одоо хүртэл эдгээгүй байгаа. Цаашид эдгэрэхгүй байвал хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож группт оруулна гэсэн. Маш их гомдолтой байна. Өөрийнхөө гараар оёдол хатгамал хийж орлого олж ар гэрээ тэжээдэг. Нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. Тэр хүүхдээ энэ гараараа асарч сувилдаг байсан. Одоо чадахгүй байгаа учир маш хэцүү байна. Манай аж ахуйн нэгж сард 8-15 сая төгрөгийн орлого олдог байсан. Одоо орлогогүй болсон. Ажлын байрны түрээс, худалдагчийн цалин, банкны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн зээлээ төлж чадахгүй байгаа. Осолд орсон 7 сараас хойш эдгээр мөнгө нэхэгдээд байна. Нийт 29 071 383 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч 3 сая төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
2. 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
3. Хохирогч Т.Н-н “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Орхон аймгийн нутаг дэвсгэрт ах дүү нарын хамт дуудлагын таксинд 5 хүн зорчиж байх үед зүүн талаас авто машины гэрэл орж ирээд бид нарын сууж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд хүмүүстэй маргалдаад байсан. Эрүүл мэндийн гэмтэл авсандаа харамсаж байна, мөн ямар ч ажил хийх өөрийгөө асрах боломжгүй болсон болохоор үнэхээр их гомдолтой байна. Миний бизнес маань зогссон байгаа, би энэ сул байгаа хугацааныхаа мөнгө болох барагцаагаар дор хаяж 15 сая төгрөг нэхэмжилж байна. Дараа нь ямар ч үр дүнд хүрч болзошгүй болохоор дахин нэхэмжлэл гаргана. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан болохоор сар бүрийн түрээс, худалдагчийн цалин бизнесийн зээл төлдөг учраас ажил хийх чадваргүй болсон. Сар бүрийн түрээс 1 260 000 төгрөг, худалдагчийн цалин 1 000 000 төгрөг, бизнесийн 1 266 000 төгрөг оёдолчны цалин 1 500 000 төгрөг, хатгамалчин 700 000 төгрөгөөр тус тус цалинждаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
4. Иргэний нэхэмжпэгч Д.Б- “Би “11В САВ” ХХК-нийн Орхон аймаг дахь салбарт гэрээт жолооч ажил хийдэг юм. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 22 цаг 46 минутад Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл-3 дэлгүүрийн эсрэг талын гудамжнаас Оюут багт үйл ажиллагаа явуулдаг Топаз караоке баар хүргүүлэх дуудлага ирсний дагуу хаягаар нь очиж үйлчлүүлэгч нараа аваад хотын төв орохоор хуучин Солонго захын хойд талын төв замаар баруунаас зүүн тийшээ явж байхад миний урдаас ирж байсан машины жолоочийн эсрэг урсгал руу орж ирээд миний машины урд талаас мөргөж осол гаргасан. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр сууж явсан иргэний баруун талын гар нь бугалга хэсгээрээ хугарсан. Энэ хэрэг болох үед би өөрийнхөө **** УНЛ улсын дугаартай Хонда инсайт загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хохирол тогтоодог байгууллагаар тогтоолгосон. 3 870 000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний машиныг мөргөсөн Б.М шинжээчийн дүгнэлтэд дурдсан 3 870 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний зүгээс одоо гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
5. Гэрч Д.Д-ийн “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед би хамаатны үеэл А, түүний эхнэр Б, хадам эгч З, бэр Н нарын хамтаар Шанд багийн нутгаас саарал өнгийн инсаят загварын тээврийн хэрэгсэл /11В саb/ дуудлага өгөөд город руу хүргүүлэх гээд явж байсан. Тэгтэл хуучин техникийн захын /Солонго/ ард талын зам дээр явж байхад урдаас нэг гэрэл тусаад машин ирээд бид нарыг мөргөсөн. Тэгээд буугаад хартал тэр машинаас согтуу хүн буугаад ирсэн. Бид нар замаараа явж байхад урсгал сөрж ирээд бид нарыг мөргөсөн. Нямсүрэн хагалгаанд орж байгаа Алтангэрэл нүүрэндээ гэмтэлтэй болсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
6. Гэрч А.З-ийн “Булаг баг гэсэн самбарын хажууд буюу Солонго захын хойд талын зам дээр зам тээврийн осолд орсон. Бид нарын зорчиж байсан машины урдаас эсрэг урсгалаас машин орж мөргөсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
7. Гэрч Б.А “...Би таксины урд талын суудал дээр суугаад гар утсаа оролдоод явж байсан чинь тас нясхийх чимээ гараад би хэсэг хугацаанд ухаан балартсан. Ухаан орсон чинь хоёр машин мөргөлдөөд, ослын урд хоёр дэр гарчихсан байсан. Бид нарын сууж явсан жолооч архи уугаагүй, эрүүл байсан. Миний нүүр ослын дэрэнд зурагдсан байна. Бэр эгч Н-ийн баруун гарын бугалганы яс бяцарч хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
8. Гэрч З.А-н “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найзууд болох М, Ү, Ш нарын хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багт байх Хүрхрээ рүү очиж амрах гээд Мягмар-Ариуны машинтай явсан. Бороо ороод байхаар нь Хүрхрээ орохоо болиод эргээд Орхон аймагт ирж 5 дугаар микрт байдаг “Баялаг” караоке бааранд орсон. Бааранд ороод Ү, Ш хоёр пиво, М бид хоёр 0.75 граммын архи, нэг нэг лааз пиво уусан. Баар хаах гэж байхад 23-24 цагийн орчимд бид нар баарнаас гарсан. М түрүүлээд баарнаас гарсан бөгөөд бид нар араас нь гарч ирэхэд М байхгүй байсан. Би Ү, Ш хоёрыг таксинд суулгаж өгөөд гэртээ харихаар явсан. М-ыг хаашаа явсанг нь мэдээгүй. Гэтэл маргааш зам тээврийн осол хийсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10353 дугаартай “...Т.Н-н биед баруун атгаалын далд хугарал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун атгаалын далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун өвдөгний цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
10. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 987 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургууд /хавтаст хэргийн 100-103 дахь тал/,
11. Шүүх химийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаартай “...Б.М /ФЖ******/ биенээс авсан гэх цусанд 2.05 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/
12. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа “...Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын а/ Жолоочид дараахь зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн жолоодох” Мөн 11 дүгээр зүйл Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.3 дугаар зүйл “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэснийг зөрчсөн байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
13 Яллагдагч Б.М-ы “караокеноос гараад машиндаа сууж хөдөлөөд явж өөрөө машинаа бариад явж байсан яг яаж явсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 119 дэх тал/
14. Б.М-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 121 дэх тал/
15. Хохирогч Т.Н-д 2 000 000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 142 дахь тал/
16. Иргэний нэхэмжлэгч Д.Б-д 3 870 000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 143 дахь тал/
17. Хохирогч Т.Н-д хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 147-148 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Солонго захын арын зам дээр “Тоёото ратиз” загварын **** ОРБ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ Жолоочид дараахь зүйлийг хориглоно, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, 60-07 УНЛ улсын дугаартай “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн ослын тэмдэглэл, магадлагаа, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн гэм хорын нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “Улсын яллагчаас Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М-ыг гэм буруутай гэж үзэж Т.Н-г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байна. Т.Н-н хувьд хохирогчоор тогтоогдсон учраас хохирол төлбөрөө хэрхэн яаж барагдуулах асуудал яригдаж байгаа. Тиймээс Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирлоо нэхэмжилж байгаа. Үүнд эмчилгээний зардал 4 020 083 төгрөг шүүхийн шатанд нэхэмжлэхээр 3 813 083 төгрөг, өнөөдөр 223 000 төгрөгийн баримтыг нэмж 4 120 000 төгрөгийн баримт хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнийг нотлох баримтын шаардлга хангаагүй гэдэгт мэтгэлцэж байгаа. Тиймээс тухайн нотлох баримтууд дээр санал дүгнэлтээ гаргая. Нэхэмжилж байгаа баримтын хувьд шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээрэй. Хүнс, нэмэгдэл хүнс, ус зэрэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн зардлууд байгаа, цаг хугацааны хувьд эдгээрийг 7 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байсан зардал байгаа. Мөн зогсоолын төлбөрүүд нь тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед үйлчилгээнд ар гэр нь эм тариа зөөж зөөвөрлөж байх үеийн бензиний зардал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн байцаалтын шатанд Улаанбаатараас Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу ирж байсан бензиний зардал холбогдох баримтуудыг нэхэмжилсэн нэхэмжлэл байгаа. Үүнийг ямар ч баримтгүйгээр няцаан үгүйсгэх гэж шүүгдэгчийн өмгөөлөгч оролдож байна. Нэмэлтээр хангалттай нотлох баримт байж шийдэх мэт тайлбар гаргаж байна. Тухайн нотлох баримтыг шүүхийн шатанд гаргаж байгаа зүйл биш өмнө гаргаад нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас шүүхийн шатанд нотлох баримтын шаардлага хангаж гаргасан. Гаргаж байгаа эмчилгээний зардал холбогдох баримтуудаас өнөөдрийн байдлаар 3 000 000 төгрөгийг төлсөн байгаа учраас энэ 4 028 083 төгрөгөөс 1 028 083 төгрөгийг төлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Дараагийн нэхэмжилж байгаа зүйл нь цалин орлого түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн 505.1-т тодорхой заасан энэ орлогын асуудлыг нэхэмжилж байгаа. Сардаа 8 000 000-15 000 000 төгрөгийн орлоготой ажилладаг. Энэ орлоготой ажиллаж байсан сар бүрийн зардлуудыг тодорхой нотлох баримтаар өгсөн. Сард зээлийн төлөлт 1 260 000 төгрөг, түрээсийн төлбөр 1 266 000 төгрөг, хоёр худалдагч болон оёдолчний зардал, мөн сард 70 000 төгрөгийн төлбөр нийт 5 596 000 төгрөгийн зардал сар бүр гарч байсан. Энэ нь орлогоо нотлож чадахгүй байна гэсэн байдлаар хандаж байгаа боловч дансны хуулгаар гаргасан. Үүнээс тухайн үйл ажиллагаатай холбоотой 5 596 000 төгрөгийн зардлыг бэртэж гэмтэснээс хойш 16 788 000 төгрөгийг төлөөд байгаа. Энэ нь ар гэр, ах дүү, хамаатан садангаасаа авч барагдуулсан. Эдгээр нь үндэслэлтэй байна, хохирогчийн эрхэлдэг үйл ажиллагаа нь гар аргаар хатгамал гар урлал хийдэг гэдэг нь “Монгол хатгамал” ХХК-ийн тодорхойлолт болон бусад тодорхойлолт, нотлох баримт, өөрийн дансны хуулга, гэрэл зураг, бизнесийн зориулалтаар авсан зээл, санхүүгийн дэмжлэг олгох зээлийн гэрээ зэргээр хохирогч оёдлын үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдож байна. Ганц орлого олдог хохирогчийн амьдралын эх үүсвэр болгож байсан зүйлийг хаачихсан. Энэ нь гар нь бэртсэн, бэртлийг хүндэвтэр гэж байгаа боловч 3 сарын хугацаанд эдгээгүй, хадаастай, өнөөдрийн байдлаар бороолоогүй байгаа. 3 сарын хугацаанд гараа эдгэх байх, бизнесээ алдахгүй байх энэ нь цаанаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах бүх орлого эх үүсвэр нь байсан учраас үүний ард гарах гэж хичээж байнга эмнэлгээр явж байгаа. Маш хурдан бороолуулахын тулд нэмэлт хүнс холбогдох зүйлсийг өөрийн чадлаар авч хэрэглэж байгаа. Одоо эдийн засгийн хувьд туйлдаж эхлэж байгаа. 35 000 000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй, 70 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр орсон зээлээ төлж чадахгүй болж байна, оёдолчин, худалдагчийн зээлээр төлж чадахгүй болсон нөхцөл байдал руу орж чадахгүй болж байна. Бизнес нь түрээсийн үйл ажиллагаа зогссон боловч өрөнд орсон. Учир нь 12 сар хүртэл гэрээгээ жилийн хугацаагар автоматаар сунгаад төлөх үүрэгтэй, өнөөдөр гар эдгэчих байх удахгүй эдгэх байх гээд түрээсийн гэрээгээ бүрэн цуцлаж чадахгүй байгаа. Сардаа хохирогчоос гарч байгаа зардал нь 5 596 000 төгрөг энэ нь бодитоор гарч байгаа зардал. Энэ нь шүүгдэгч баримт шаардлагатай, баримт хууль ёсны гээд байсан учраас баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргасан. Түрээсийн гэрээ, холбогдох баримтуудаа мөрдөн байцаалтын шатанд авчирахад мөрдөгч канондоод аваад үлдсэн учраас тэр баримт нь канондсон хэлбэрээрээ байсан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ нь баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тодорхойлолт холбогдох баримтаараа нотлогдож байгаа учраас нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзнэ. Тухайн хохирогчоос орлогоо тодорхойлж чадахгүй байна гэж байгаа нь дансны хуулгаар тодорхойлогдож байгаа. Энэ олж байгаа орлогоосоо 5 596 000 төгрөгийн зардлыг тогтмол төлдөг зардал. Одоо 3 сар өөрийн чадлаар, ар гэр, хамаатан садангийн нөхцөл байдлаар төлж байгаа. Үүнийг шүүгдэгчид хэлсэн боловч ийм зардал төлөх ёсгүй гэсэн. Яг энэ бизнес эрхлээд, үүгээрээ цалин орлогоо нөхдөг, амьдрал ахуйгаа залгуулдаг, бичил бизнес эрхэлдэг эрхлэгч нар ямар байдлаар орлогын тодорхойлолт гаргуулж, ямар байдлаар орлого нотлох юм. Дансаараа орлогоо авдаг, зарлагаараа баримтаа төлдөг төлбөрийн баримтууд нь хэрэгт байна. Үүнээс илүү ямар баримт байх шаардлагатай юм, үүнээс илүү нотлох ийм баримт байх ёстой гэсэн няцаасан баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч огт гаргаж өгөөгүй байж эдгээр нотлох баримтыг ямар нэгэн байдлаар төлөх ёсгүй, түрээс төлдөг нь нотлогдохгүй байна, зээл төлдөг нь нотлогдохгүй байна гээд байдаг. Зээлийн гэрээнүүд нь албан ёсны хуулбараар байгаа, цаашдаа энэ гар эдгэтэл хэдий хугацаанд байх юм. Одоо группт орох магадлалтай гэж байна. Хамгийн их айж байгаа зүйл нь өөрийн гараар мөнгө олдог. Одоо болтол гар нь мэдээ ороогүй, энэ чигээрээ ийм болох юм биш биз дээ гэсэн айдас хүйдэс байгаа. Энэ жилийн дараа хадаас авна, жилийн хугацаанд гар урлалаараа орлого олж чадахгүй бусдын асрамжид орсон. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асардаг байсан бол яг түүнтэй адил бусдын асрамжид орсон. Одоо 3 сарын дараа асрамж тогтоолгох гээд байдаг, асрамж тогтоолгохгүйн тулд эдгээх гээд хичээж байгаа. Мэдээ орохгүй байгаа баримт нь 9 дүгээр сарын 06-ны өдрийн рентген зураг, 9 дүгээр сарын 06-ны өдөр үзүүлээд 93 000 төгрөгийн эм тариа буюу нотлохгүй байна гээд байгаа баримт нь он сар өдрөөр байгаа. Үүнээс илүү дутуу юм нэхээгүй эдгээр баримтууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч няцаах гэж байна үүнийг ямар баримтаар үүнээс илүү нотлож орж ирэх юм. Бодит амьдрал дээр хийдэг байсан бизнесээрээ тар ур чадвараараа амьдрал ахуйгаа авч явж байсан үйл баримт байдаг. Үүнийг дурдаад байгаа нь хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон зүйлд нь ноцтой хохирол учруулсан, энэ хор уршгийн үр дагавар нь энэ болсон. Эдгээр нөхцөл байдал нь тогтоогдсон. Ноцтой хор уршиг гэдэг нь хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон зүйл байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.3-т ноцтой хохирол гэж ямар хор хохирлыг хэлэх вэ гэхээр хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эрхтэнд хор хохирол учирсан байх бол ноцтойд тооцно гээд заасан байгаа. Үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг гар нь буюу ядаж солгой биш яг үйл ажиллагаа явуулдаг баруун гар нь хугарсан. Хугарахдаа Эрдэнэт хотын гэмтлийн эмч эмчилж чадахгүй хот руу яаралтайгаар явсан. Одоо харин гартайгаа байна. Мэдрэлийн бүх судас дайрсан учраас мэдээгүй байна гэдгийг рентген зураг авахуулсан Доктор үүрэг эмнэлгийн тодорхойлолтыг уншаад байгаа шалтгаан нь энэ байна. Амьдралын эх үүсвэр болж байсан байна гэдгийг яаж нотлож байна вэ гэхээр зээлийн гэрээ, Монгол хатгамал гэх мэт тодорхойлолтоор амьдралын эх үүсвэрийг бий болгохын тулд энэ гараараа орлого олдог байсан гэдгийг тодорхойлж нотлож байна. Гэтэл үүнийг үгүйсгэж няцаагаад төлөх ёсгүй гээд байдаг, энэ хүний ганц орлого олж амьдралын эх үүсвэр нь энэ гэдгийг нотлож байгаа нотлох баримтыг шүүх судлаж үзээд нэхэмжлэлийн шаардлага 29 071 383 төгрөгийн шаардлага энэ нь 7, 8, 9 сард гарч байгаа зардалууд, түрээсийн төлбөрийг 4 123 000 төгрөгийг ойлгохгүй байна гэж байна энэ нь 7 сард хагас төлж байгаагаа тодорхой хэлсэн. Монгол хатгамал сардаа 1 200 000-1 500 000 төгрөг олдог байсныг 1 500 000 төгрөгөөрөө тодорхойлоод 2 сараар тооцоод орж ирсэн. Худалдагчийн цалинг 2 сараар, оёдолчний цалинг 3 сараар төлсөн энэ сул зардлыг өөрөө хатгамал хийж Платинум ХХК-д худалдагчаа ажиллуулдаг байсан. Энэ түрээс нь зогссон. Түрээсийн баримт байхгүй гэж байна энэ нь өөрөө үйл ажиллагаа явуулж энэ хүмүүсийн цалин хөлсийг олгодог. Маш их бараа худалдаад авсан. Одоо орлого зарлагаа нотлосон баримт байхгүй. Үүнийг боломжит нотлох баримтаа гаргаж өгснийг үгүйсгэх боломжгүй байна. Нэг бүрчлэн хохирлын баримттай ярьж байгаа учраас ярих нь зүйтэй. Энэ ослын хэрэг юунаас болж үүссэн талаар бас хэлэх нь зүйтэй байх. Шүүгдэгчийн хэлж байгаагаар сардаа нэг хоёр удаагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэгээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ хүн гараараа орлого олж үүнийгээ өөрийн гэсэн брэнд болгосон. Энэ хоолоо олж иддэг гарыг нь өнөөдрийн байдлаар 12 хадаас зоолгосон байна. Энэ баримт нь хангалттай нотлогдсон баримт гэж үзэж байна. Хуульч бид нар амаараа хоолоо олж идэж байгаа шиг хохирогч гараараа хоолоо олж идэж байгаа. Ус гэдэг баримт дээр ач холбогдол өгөөд байна. Энэ баримтын хугацааг хархад эмнэлэгт хэвтэж байх үед авсан. Яагаад ус авсан гэхээр эм тариагаа хуурайгаар нь залигаад байхгүй. Хаа нэгтээгээс хэн нэгний баримтыг авч ирээгүй. Эдгээр баримтыг няцааж байгаа нь хэний машинаар гэж байна. Хохирогчийн хатгамалын чиглэлээр хоолоо олж идэж байгаа байдлыг үгүйсгэхгүй байгаа энэ нь өөрөө нотлогдож байна: Ямар баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй. Т.Н-н өдөр бүр орж байгаа орлого нь энэ дансны хуулгыг үгүйсгээгүй байж орлогоо нотлоогүй гэдэг. Тиймээс нотлох баримтууд шүүгдэгчийн хувьд цаанаа хэнийг хохироож байгааг хэн нэгэн хохирч байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн хувьд эрүүгийн хариуцлагын хувьд саналгүй. Гэхдээ хорих ял оногдуулахгүй байгаасай гэсэн хохирогчийн саналыг хэлж байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугийн хуралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэм бурууд тооцож байгаа үүнтэй огт маргадаггүй. Зээлийн төлбөрийг 1 266 000 төгрөг гэж байгаа, түрээс 1 260 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа, Монгол хатгамалын тодорхойлолтоор 7, 8, 9 сарын мөнгө нэхэж байна гэсэн гэтэл өмгөөлөгч нь нэг сарын мөнгө нэхэмжилж байгаа гэж байна. Оёдолчны сарын цалинг гэрээ байхгүй, ганцхан тодорхойлолт байдаг. Тодорхойлолт дээр Чимэгсайханд сар бүр оёдлын хөлс өгдөг нь үнэн болно гэсэн. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байх. Худалдагч, оёдолчны гэрээ байхгүй, үүний зөвхөн дансны хуулгаар нотлож болохгүй, борлуулалтын орлогыг 7, 8, 9 сарынх гэж үзэж байна гэсэн. Сард орлого олж байсан гэж үзэж байгаа баримт болох орлого гэсэн зүйлсийг нэмж үзэхэд 2 666 000 төгрөг дутуу байна. Иймд 25 258 300 төгрөгийг гэм буруугаас хохирсон гэж үзэх боломжгүй. Хохирогч шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөх нь өөрийнх нь эрх, харин үүнийг танилцаад шүүгдэгч зөвшөөрөх үгүй нь өмгөөлөгч бид хоёрын эрх. Бензиний зардал эм тариа болон үзлэг зогсоол гээд байгаа нийт нэхэмжилж байгаа үүнийг төлнө. Төлөхдөө төлөгдөх боломжгүй баримт байна. Үүнийг хэлэх нь миний үүрэг. Үүнд 1 560 066 төгрөгийн баримт байгаа үүнд төлөх боломжтой байгааг илэрхийлье гэж бодож байна, үүнд 80 100, 1200, 30 100, 15 000, 4500, 100 000, 25 281, 15 000 38 000 эдгээр ороод төлөх төлбөр 775 000 үүнээс 732 260 төгрөг нь амбулаторийн картанд бичигдээгүй, зогсоол, ус гэсэн эдгээр баримтыг төлөх боломжгүй.Үзлэгийг төлбөрийг өлнө. Үзлэгийн баримт нь 1 500 төгрөг нь зогсоолын мөнгө орсон. Зогсоол нь хаана зогссон баримт нь байхгүй. Шүүх эдгээрийг харгалзан үзэх ёстой. Ийм баримтыг үнэлэх ёстой юм уу, бензин нь 1 267 000 төгрөг байгаа. 7 дугаар сарын 16-нд авч явсан зардлыг эндээс явсан учраас төлөх боломжтой. Энэ бензин нь хэний тээврийн хэрэгсэлд хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хагалгааны зардлыг улсын яллагч хэлсэн учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Дархлааны витамин 258 000 төгрөгийг төлөх ёстой. Эдгээр баримтаас 65 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Энэ юу вэ гэхээр газтай ундаа байгаа. Нэмэлт хүнс гэдэг зүйлийг эмчийн зөвлөгөөнөөр ямар хэмжээгээр хэдэн удаа идсэн гэдэг талаар баримт байхгүй байна. Амбулаторийн картыг яриад байгаа нь ингэж гэмтсэн хүн хэрэгт амбулаторийн картаа өгөх юм бол хэрэгт эм тарианы зардлыг гаргахад илүү хялбар болно. Хэрэгт авагдсан баримтад амбулаторын карт нэг хуудас л байгаа, хавтаст хэрэгт байгаа түрээсийн гэрээгээр түрээсийн гэрээний хугацаа дууссан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс ийм баримтууд гаргаж өгч байгаа гэсэн боловч наад захын амбулоторийн карт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байж ямар баримтаар нэхэж байгаа юм. Би үүнийг ямар баримтаар үгүйсгэж байгаа гэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр дээр байдаг юм хэрвээ нөхрийх нь юм уу, өөрийнх нь нэр дээр байдаг бол өөр хэрэг. Гэмтэл авсан хүн ийм хийсвэр сэтгэлгээгээр үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй гэхдээ шүүгдэгч талаас 300 000 төгрөгийг төлсөн. Хохиролтой холбоотой зардлыг 755 806 төгрөгийг төлнө, үзлэгийн 299 000 төгрөгийн баримт, шууд холбоогүй зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч нотлох баримт тодорхой, үүнээс өөр ямар баримт байх юм гэдэг. Тэгвэл яагаад амбулаторийн карт, эмчийн эмийн бичиг зэргийг гаргаж өгөөгүй юм бэ. Гэм хор учруулаад гэмшихгүй байна гэж байна: Хагалгаа хийлгэнэ тэр төлбөрийг нь баримтыг нь үндэслэж төлнө гэж байна. Өнөөдөр мэтгэлцээний үед нотлох баримт шинжлэн судлахдаа хэлсэн. Өөрсдөө хэрэгт авагдсан нотлох баримтаа тооцоод үзэхээр үүнийг хэлэхгүй бол бүгдийг нь төлнө гэсэн байр суурь хэлэх болмжгүй 719 800 төгрөгийн баримт хэрэгсэхгүй болох юм байна. Орлого нь ийм, зарлага ийм гэж хэлээд байна. Би энийг хоёр өдөр сууж байгаад бодож үзсэн. Тодорхойлж хэлэхгүй байна гээд байна. Түрээсийн гэрээ төлөгдөх ёстой гээд байна. Түрээсийн гэрээний хугацаа дууссан. Үүнийг нотлох боломжгүй байна. Дансны хуулгаар өнөөдрийг хүртэл түрээсийн үйл ажиллагаа хийгээд явж байгаа талаарх баримт нь тодорхойгүй байна. Улсын яллагч 3 жилийн хугацаатай эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна. Энэ зүйл ангийн хувьд хөнгөн хэрэг, өнөөдрийн байдлаар 8 000 000 төгрөг өгсөн. Шүүгдэгч үйлдвэрт ажилладаг. Тиймээс Хөнгөн гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хөнгөн гэмт хэрэг иймд ял шийтгэлийг биечлэн эдлүүлж нийгэмшүүлэх талаас нь авч өгнө үү. Хуулийн зорилго нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг барагдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх талаас нь хэрэглэхийг хүсэж байна. Улсын яллагч хорих ял оногдуулж байна. Үнийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар тэнсэх боломжтой байдаг. Хохирогчийн гол зорилго бол хохирлоо төлүүлэх гэж байна. Цаашид гарах зардал хохирлыг төлөхөд шүүгдэгч ажлаа хийгээд орлоготой бол хохирол төлөхөд боломжтой байна байх гэж үзэж байна. Иймд тэнсэж өгнө үү” гэжээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Т.Н-н “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Орхон аймгийн нутаг дэвсгэрт ах дүү нарын хамт дуудлагын таксинд 5 хүн зорчиж байх үед зүүн талаас авто машины гэрэл орж ирээд бид нарын сууж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн....” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжпэгч Д.Б-ын “...хуучин Солонго захын хойд талын төв замаар баруунаас зүүн тийшээ явж байхад миний урдаас ирж байсан машины жолоочийн эсрэг урсгал руу орж ирээд миний машины урд талаас мөргөж осол гаргасан. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр сууж явсан иргэний баруун талын гар нь бугалга хэсгээрээ хугарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ийн “...хуучин техникийн захын /Солонго/ ард талын зам дээр явж байхад урдаас нэг гэрэл тусаад нэг машин ирээд бид нарыг мөргөсөн. Тэгээд буугаад хартал тэр машинаас согтуу хүн буугаад ирсэн. Н хагалгаанд орж байгаа А нүүрэндээ гэмтэлтэй болсон...” гэх мэдүүлэг, гэрч А.З-ийн “...Бид нарын зорчиж байсан машины урдаас эсрэг урсгалаас машин орж мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ийн “...Бэр эгч Н-ийн баруун гарын бугалганы яс бяцарч хугарсан...” гэх мэдүүлэг, гэрч З.А-н “...М бид хоёр 0.75 граммын архи, нэг нэг лааз пиво уусан. Баар хаах гэж байхад 23-24 цагийн орчимд бид нар баарнаас гарсан. М-ыг хаашаа явсанг нь мэдээгүй. Гэтэл маргааш зам тээврийн осол хийсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10353 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 987 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургууд, шүүх химийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, яллагдагч Б.М-ы “...караокеноос гараад машиндаа сууж хөдөлөөд явж өөрөө машинаа бариад явж байсан яг яаж явсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Солонго захын арын зам дээр “Тоёото ратиз” загварын **** ОРБ дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөний хууль тогтоомж зөрчин эсрэг урсгалд орж 60-07 УНЛ улсын дугаартай “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Н-н эрүүл мэндэд баруун атгаалын далд хугарал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх хуралдаанд оролцогчидоос зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэлийг жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ Жолоочид дараахь зүйлийг хориглоно, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож тус тус хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М-ы үйлдлийн улмаас Т.Н-н эрүүл мэндэд баруун атгаалын далд хугарал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн эрүүл мэнд бүрэн эдгэрч сайжраагүй байна. Хохирогч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажилгүй байсан 3 сарын хугацааны орлого, эмчилгээний зардал нийт 29 071 383 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогын нэхэмжлэлээс 8 000 000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүх хавтаст хэрэг авагдсан гэм хорын нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох баримтууд, хохирол төлсөн тухай баримт зэргийг шинжлэн судлаад шүүгдэгчээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны орлогын төлөгдөөгүй үлдэх хэсэг болох 16 сая төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э санал дүгнэлтдээ “хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас сүүлийн 3 сарын орлого нь баримтаар нотлогдохгүй байгаа тул хэлэлцэлгүй орхиж өгнө үү. Мөн эмчилгээний зардлын зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэсэн санал гаргасан байна. Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан 3 сарын хугацааны орлого гэх 25 258 300 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой хохирогчийн Хаан банк дахь дансны 2022 оны эхний 6 сарын гүйлгээний хуулга, зээлийн гэрээ болон түрээсийн гэрээний хуулга, зардлын баримт, тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад хохирогч нь гар урлалын үйлдвэрлэл эрхэлж байсан нь тогтоогдсон бөгөөд сард 8 саяаас 15 сая төгрөгийн орлого олдог гэх мэдүүлэг нь баримтаар нотлогдож байна гэж үзлээ. Шинжлэн судалсан баримтууд болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэн түүний 1 сарын дундаж орлогыг 8 сая төгрөг гэж үзэж нийт 24 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид дээрхи нэхэмжлэлтэй холбоотой 8 сая төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлаад дархлаа дэмжих бүтээгдэхүүний үнэ гэх 258 000 төгрөг, гэмтлийн эмч сувилагч нарт өгсөн мөнгө гэх 600 000 төгрөг нийт 858 000 төгрөгийг нь баримтаар нотлогдохгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно. Эмчилгээний зардлын нэхэмжлэл болох 3 813 083 төгрөгөөс 858 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч эмчилгээний зардалд 3 сая төгрөг төлсөн тул 2 955 000 төгрөгийг хохирогчид төлөгдсөн гэж үзсэн болно. Хохирогч Т.Н мэдүүлэгтээ “миний гар одоог хүртэл бороолж эдгээгүй” гэж мэдүүлсэн нь эмнэлэгийн бичиг баримтаар тогтоогдож байх тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Б-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-с 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулан хохирогч Т.Н /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16-р хороо Буянт Ухаа хороолол ***** тоотод оршин суух хаягтай, РД: ***** /-д олгосугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А