Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Адаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

    Улсын яллагч Л.Э

    Хохирогч Ц.С

    Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э

    Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М

    Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө холбогдох эрүүгийн 2125000000224 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Ө

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 06 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Уурхайчин соёлын ордны урд талын хатуу хучилттай зам дээр **** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б,г, 12.1, 12.2, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Д-ыг мөргөж амь насыг нь хохироосон, авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ө-ыг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар, зам тээврийн ослын гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас хохирогч нас барсан. Тухайн үед айгаад ослын газрыг орхиж явсан боловч сайн дураар цагдаагийн газарт очсон. Найзуудтайгаа 2 ширхэг савтай пиво ууссан гэхдээ би савтай пивог аягалж             найзууддаа өгөөд өөрөө бараг уугаагүй бага зэрэг амссан. Тэгээд найзуудаасаа илүү эрүүл байсан учир машиныг барьсан. Хохирогчоос уучлал гуйж байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.С мэдүүлэхдээ “ах маань ослын улмаас нас барсанд маш их харамсаж байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Шүүгдэгчид хандаж хэлэхэд согтуу машин барьдагаа болчих хэрэгтэй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд цахимаар оролцоно гэсэн боловч холбогдоогүй болно.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

2. Э.Ө-н согтуурлыг шалгасан драгер багажны баримт /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 9-19 дэх тал/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 24-35 дахь тал/,

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн 36-45 дахь тал/,

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С“Манай ах Ц.Д нь ээжтэй хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод амьдардаг. Талийгаач бид нар эцэг эхээсээ 8-уулаа, Орхон аймагт талийгаачийн ах дүү нь 5-уулаа байдаг. Талийгаач ахтайгаа өнгөрсөн 7 хоногийн 4,5 дахын үеэр ээжийндээ очихдоо уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 10-11 цагийн хооронд талийгаач ах маань ээж Л-тай хамт Город орж ирээд хүнтэй уулзана гэж хэлээд ээжээс салаад явсан гэсэн. Хаашаа явах талаараа хэлээгүй гэсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/

8. Иргэний нэхэмжлэгч Г.Н-ын “Ө, Б, А А-нын эхнэр З, Б бид зургаа 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво хуваан ууж байхад Д гээд нэг охин ирсэн. Ө, А, А-ын эхнэр З, Б нар намайг очихын өмнө хэр хэмжээний архи уусныг мэдэхгүй байна, ямар ч байсан архи, пиво уучихсан байсан. Д ирээд уг ууж байсан 2 ширхэг пивонүүдээс хуваан ууж дуусгаад БСэлэнгэ зочид буудлын урд талын зогсоол дээр хүргэж өгөхөөр болтол миний *** ДГС улсын дугаартай Тоуота.Нагriег /тоёота харриэр/ маркийн тээврийн хэрэгслийг Э.Ө-д өөрөө дур мэдэн, надаас зөвшөөрөл авалгүйгээр жолооны ард суун тээврийн хэрэгслийг жолоодон Б-г хүргэж өгчихөөд миний санаж байгаагаар цааш амралт явах гэж байсан байхаа. Тэгээд Соёлын ордны урд талын засмал зам дагуу зүүнээс баруун чиглэлд явж байгаад тээврийн хэрэгсэлд гэнэт түс тас гээд хүчтэй дуу дуугарах шиг болохоор нь юу болов гэтэл машин дотор байсан эмэгтэй хүмүүс хүн мөргөчихлөө ш дээ гэхээр нь би машинаа зсгсоо эргээд очъё гэтэл Э.Ө-д юу ч хэлэлгүйгээр Соёлын ордны ард талын зогссол дээр явж очоод зогссон. Би тухайн үед доошоо хараад явж байсан болохоор яг хүн мөргөхийг хараагүй. Машинаа зогсоогоод Ө-д, А-д, А-ын эхнэр З, Б, Д нар нь бууж ирэн З, Б, Д нарыг гэр лүү нь явуулан, А, Ө, бид 3 төв цагдаа дээр ирсэн. Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад анхаарал сарниулах үйлдэл болоогүй. *** ДГС улсын дугаартай Тоуота.Нагrieг /тоёота харриэр/ маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз Э-ын эхнэр Д-ийн нэр дээр байгаа боловч би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр 25,000,000 төгрөгөөр Д-с худалдан авахаар гэрээ хийсэн байсан. Тийм учраас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслийн төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 09ий өдөр төлөн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/

9. Гэрч Б А-ын “Өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болсон. З бид хоёрыг Номин агуулах худалдааны төвийн урд талд ирэхэд манай найз нар болох Н, Ө, Б, Б, Д нар ирсэн байсан. Эдгээр хүмүүс Н-ын машинтай ирсэн байсан. Тэгээд бид нар уулзалдаад 2.5 литрийн 2 сав пиво хувааж уугаад Өмашин бариад явсан. Эхлээд Сэлэнгэ зочид буудлын хажууд найз Б-г буулгаад Н, З, Д, Б бид нар цаашаа явсан. Уурхайчин соёлын ордны урд талд явж байсан чинь нэг хүн гараад ирсэн. Тэгсэн чинь Ө тэр хүнийг машинаараа мөргөчхөөд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны ард талд очиж зогссон. Бид нар сандарч байгаад хамт явсан эмэгтэйчүүдээ гэр лүү явуулаад Ө, Нбид гурав цагдаа орлоо гээд явсан. Тэгээд шууд цагдаагийн газар дээр ирсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/

10. Гэрч Э.Зийн “Өчигдөр орой 22 цагийн орчим гэрээсээ гараад найз залуу А-той уулзсан. Түүнтэй уулзаад такси аваад Номин агуулах худалдааны төвийн урд талд найзууд дээр нь очсон. Бид хоёрыг очих үед Н  , Ө , Б нар байсан. Бид нарыг очсон дараа хоёр танихгүй эмэгтэй ирсэн. Бид нар уулзаад манай найз залуу А-ын төрсөн өдрийг тэмдэглээд гадаа сууж пиво уусан. Пиво ууж байхад Б явна гээд түүнийг хүргэж өгөхөөр болоод явсан. Номин агуулах худалдааны төвийн урд талаас хөдлөх үед Ө Н-ын машиныг унаад явсан. Б-г Сэлэнгэ зочид буудлын хажууд буулгачхаад цаашаа явсан. Төв замаар явж байсан чинь хүн зам дээр гарч ирээд мөргөсөн. Тэгээд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны баруун талд очоод машинаас буусан. А, Ө, Н нар надтай хамт сууж явсан танихгүй хоёр эмэгтэй, бид гурвыг гэртээ харь гэсэн. Тэгэхээр нь шууд гэртээ харьсан. Бид нар 2,5 литрийн савтай 2 сав пиво хувааж уусан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/

11. Гэрч Ө.Д “Бид 7 уг 2 пивийг Номин агуулахын урд тал руу гарч тал газарт очиж хувааж ууцгаасан. ... Бид нар пивоо ууж дуусгаад Б гэх залууг хүргэж өгөхөөр Сэлэнгэ зочид буудлын орчим очиж Б-г буулгачхаад Амарын талбайн урдуур нааш цааш ундаа авах газар хайх, мөн Ballantines whiskeyхаана уух талаар ярилцаад явж байхад амрын талбайн зүүн талаас баруун тал руу явдаг замд замын эсрэг урсгалаас явган гарцнаас 8 орчим метрийн наана 1 эрэгтэй хүн гуйвсан байдалтай гарч ирээд бидний сууж явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бөгөөд бид нар сандралдан уулзвараар баруун эргээд нутгийн удирдлагын хойд талын зогсоол руу эргэн очиж зогсоцгоосон. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б гэх залуу 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай пивоноос бусдынхаа адил хувааж уусан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/

12. Гэрч Б.Б “Тэр пивыг ууж дуусгаад дахин нэг сав 2.5 литрийн пиво ууж дууссан. Үүний дараа хэн нь ч билээ нэг шил виски гаргаж ирээд уух болсон чинь Ө мөс байхгүй шүү дээ. Ундаа байгаа юм уу гээд байхгүй болохоор нь дэлгүүр орохоор болоод Насаа гэж залуугийн унаж ирсэн машинд суугаад явсан. Номин агуулах худалдааны төвийн урд талаас явах үед Ө Н гэж залуугийн машиныг унаад явах гэхэд нь Н гэж залуу би машинаа барих уу гэсэн чинь Ө би барина гээд машиныг нь жолоодоод явсан. Б-г буулгачхаад эргээд төв замаар баруун тийшээ явж байхад Уурхайчин соёлын ордны урд Д гэнэт Б хөөе хүн гэж орилсон, Тэр. үед нь торамоз гишгэсэн үү яасан би урагшаа болоод харахад машин нэг юм мөргөөд, мөргүүлсэн зүйл нь машин хажуугаар гарах шиг болсон. Тэгэхэд нь би хүн мөргөчхөж байгаа юм байна гэж бодоод би зогсоорой гэсэн. Насаа гэж залуу ч гэсэн мөн зогсоорой гэсэн. Тэгтэл Ө дуу гаргахгүй, зогсолгүй шууд яваад аймгийн нутгийн удирдлагын ордны баруун талд очоод машинаас буусан” гэх мэдүүлэг. /1 хавтаст хэргийн 80-81 дэх тал/

13. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №182 дугаартай дүгнэлтэд “Э.Ө-ын биеэс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь тал/

14. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №24 дугаартай хохирлын үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/

15. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №52 дугаартай дүгнэлтэд “амь хохирогч нь цогцсын үзлэг хийгдэхээс 8-12 цагийн өмнө нас барсан байжээ. Амь хохирогчийн биед хавсарсан хүнд гэмтэл их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээжний нэг талын олон хавирганы дан ба хоёрлосон хугарал, уушгины няцрал, элэгний няцрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралт /1700 мл/, гол судас, уушгины уг, дэлбэн, бөөрний өөхлөлт цус хуралт, баруун талын аарцаг яс ууцны ястай нийлэх хэсгээр үйрч бяцарсан хугарал, баруун хөлийн шилбэний шаант ясны ил хугарал, баруун гарын атгаал ясны далд хугарал, богтос ясны ил хугарал, баруун талын аарцагны дэлбэн ясны хугарал, баруун хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн бугалга, баруун тохойны хэсэг, баруун шилбэнд шарх, баруун хацар, эрүүний доор, доод уруулын доор, нуруу, баруун бугалга, тохойны ар хэсэг, цээж, хэвлийн баруун хэсэг, баруун өгзөг, гуя, өвдөг, шилбэ, тавхай, зүүн өвдгөнд зулгаралт, хуйхны дотор салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хуучин тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд машин хүчтэй мөргүүлсний улмаас үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь 50-60 орчим насны эрэгтэй хүн байна. Амь хохирогчийн биед учирсан хавсарсан хүнд гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 127-134 дэх тал/

16. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 185 дугаартай дүгнэлтэд “Амь хохирогч Ц.Д-ын цогцосноос авсан цусанд 3,15 промилл процент этилийн спирт илэрсэн” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/

17. Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн164-169 дэх тал/

18. Э.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал/

19. Машин худалдах худалдан авах гэрээ /1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал/

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал/

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/,

22. Орхон аймгийн “Түмээ хээ” ХХК-н автосургуулийн ЗХХД-ийн багш Л-ийн Б, “ББ-ОД” ХХК-н автосургуулийн ЗХД-ийн багш Б-ын Э, “Ү” автосургуулийн ЗХД-ийн багш Д-н Б нарын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “2.1 03-86 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э овогтой Ө нь МУ-ын ЗХД-ийн 3.7а, 3.5а,б,г, заалтыг зөрчсөн байна. 2. МУ-ын ЗХД-ийн 12.1, 12.2, 12.3, 12.4, 16.1 заалтуудыг зөрчсөн. 4.2 ...0386 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э овогтой Ө нь МУ-ын ЗХД-ийн 3.7а, 12.1, 12.2, 12.4 заалтуудыг зөрчсөн нь явган зорчигчийн амь нас хохироход нөлөөлсөн гол шалтгаан гэж дүгнэв” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 57-58 дахь тал/

23. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 76-79 дахь тал/,

24. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

25. Яллагдагч Э.Ө-ын “Миний бие 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз Б.А, Б, Г.Н, Б.А-ын найз З, Б, Д нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Номин агуулах худалдааны төвийн урд тал руу гараад Сэнгүр нэртэй 2 литрийн хэмжээтэй 2 пивыг хувааж ууцгаасан. Энэхүү хоёр пивыг миний бие хүмүүст тойруулж хийж өгсөн ба өөртөө ба хийж бусад хүмүүст арай их хийж өгч байсан. Энэ үед зарим аягатай пивыг өөрөө уухгүйгээр бусад хүмүүст хийж өгч байсан. 2 пивыг 6 хүнд хийж өгч дуусаад тэндээсээ хөдлөөд Баярааг Сэлэнгэ зочид буудлын тэнд буулгаад цаашаа явж байгаад Уурхайчин соёлын ордны урд гэнэт урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн. Энэ үед би ухаан санааны хувьд согтсон зүйл байгаагүй хэвийн байсан. Би айж сандран яах учраа олохгүй цаашаа явж нутгийн удирдлагын ордны ард очиж зогсон юу болвоо гэж бодож тайвшираад тэндээсээ цагдаагийн газар луу 2 найзын хамт цагдаагийн газар луу очиж хүн мөргөсөн талаар хэлсэн. Цагдаа нар миний согтуурлын зэргийг тогтооно гээд 2 удаа үлээдэг багаж үлээлгэсэн. Эхний удаа 0,61, дараагийн удаа үлээхэд 1,02 гарсан. Тэгээд цагдаа нарын хамт шууд эмнэлэг рүү цуснаас дээж авахаар явсан. Энэ үйл явдалд хүн дайрч осол гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болохоо миний бие хүлээн зөвшөөрч ухаарч байна. Би хохирогчийн хохирол төлбрийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн тайлбар /2 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 06 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Уурхайчин соёлын ордны урд талын хатуу хучилттай зам дээр **** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а,б,г, 12.1, 12.2, 12.3, 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчин явган зорчигч Ц.Д-ыг мөргөж амь насыг нь хохироосон, авто тээврийн гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь  газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, согтуурлыг шалгасан драйгерийн баримт, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сарын хцгацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цусанд хийсэн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй боловч драйгер үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон” гэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ: “Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Шүүгдэгчийн гэм буруу хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Амь хохирогчийн оршуулгын зардлыг шүүгдэгчийн талаас төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд хэлэх зүйлгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мр дүгнэлтдээ “Шүүгдэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний амь нас хохироосон, хэргийг газрыг орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар мэтгэлцэхгүй. Харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлилж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Драйгер буюу тандагч багажаар үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж гарсан боловч шүүгдэгчийн цусанд хийсэн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй. Энэ нь шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг няцааж байна. Согтуурсан гэж архи согтууруулах ундаа хүний ходоодоор шимэгдэн цусанд орж сэтгэцийн байдалд нөлөөлөхийг хэлнэ гэж ойлгож байгаа. Зөрчлийн хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн бол арга хэмжээ авдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэж заасан байгаа. Согтуурсан эсэхийг цусны шинжилгээгээр тогтооно. Энэ талаар хүчин төгөлдөр журам үйлчилж байгаа. Иймд хуулийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хүний амь нас хохирсон нөхөж болошгүй ноцтой хохирол учирсан боловч шүүгдэгч гэм буруугаа ойлгож эд материалын хохирлыг сайн дураар нөхөн төлснийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Э.Ө-н согтуурлыг шалгасан драгер багажны баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Смэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Н-н “...Тэгээд Соёлын ордны урд талын засмал зам дагуу зүүнээс баруун чиглэлд явж байгаад тээврийн хэрэгсэлд гэнэт түс тас гээд хүчтэй дуу дуугарах шиг болохоор нь юу болов гэтэл машин дотор байсан эмэгтэй хүмүүс хүн мөргөчихлөө ш дээ гэхээр нь би машинаа зсгсоо эргээд очъё гэтэл Э.Ө юу ч хэлэлгүйгээр Соёлын ордны ард талын зогссол дээр явж очоод зогссон...” гэх мэдүүлэг, гэрч Б А “...Уурхайчин соёлын ордны урд талд явж байсан чинь нэг хүн гараад ирсэн. Тэгсэн чинь Өнөболд тэр хүнийг машинаараа мөргөчхөөд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны ард талд очиж зогссон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Зулцэцэгийн “...Төв замаар явж байсан чинь хүн зам дээр гарч ирээд мөргөсөн. Тэгээд цаашаа яваад нутгийн удирдлагын ордны баруун талд очоод машинаас буусан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Д “...амрын талбайн зүүн талаас баруун тал руу явдаг замд замын эсрэг урсгалаас явган гарцнаас 8 орчим метрийн наана 1 эрэгтэй хүн гуйвсан байдалтай гарч ирээд бидний сууж явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бөгөөд бид нар сандралдан уулзвараар баруун эргээд нутгийн удирдлагын хойд талын зогсоол руу эргэн очиж зогсоцгоосон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “...Уурхайчин соёлын ордны урд Д гэнэт Б хөөе хүн гэж орилсон, Тэр. үед нь торамоз гишгэсэн үү яасан би урагшаа болоод харахад машин нэг юм мөргөөд, мөргүүлсэн зүйл нь машин хажуугаар гарах шиг болсон. Тэгэхэд нь би хүн мөргөчхөж байгаа юм байна гэж бодоод би зогсоорой гэсэн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №182 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №24 дугаартай хохирлын үнэлгээ, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №52 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №185 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, Э.Ө-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, машин худалдах худалдан авах гэрээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2661 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн “Түмээ хээ” ХХК-н автосургуулийн ЗХХД-ийн багш Л-ийн Б, “ББ-ОД” ХХК-н автосургуулийн ЗХД-ийн багш Б-ын Э,“ҮҮРЦАЙХ” авто сургуулийн ЗХД-ийн багш Д Б нарын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, яллагдагч Э.Ө-ын “Уурхайчин соёлын ордны урд гэнэт урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн. Энэ үед би ухаан санааны хувьд согтсон зүйл байгаагүй хэвийн байсан. Би айж сандран яах учраа олохгүй цаашаа явж нутгийн удирдлагын ордны ард очиж зогсон юу болвоо гэж бодож тайвшираад тэндээсээ цагдаагийн газар луу 2 найзын хамт цагдаагийн газар луу очиж хүн мөргөсөн талаар хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 06 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Уурхайчин соёлын ордны урд талын хатуу хучилттай зам дээр **** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа тогтоосон хурдыг хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Ц.Д-ыг мөргөж амь насыг нь хохироосон, зам тээврийн ослын гэмт хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн цуснаас дээж авч шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Ө-ын цусанд этилийн спирт илрээгүй байх тул согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугатаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан дээд хугацаагаар хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Э.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 хүний амь хохирсон ноцтой хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураар төлж барагдуулсан, амь хохирогчийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Ц.С нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

3.. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, туузан амсартай 10*6 см хэмжээтэй 3 ширхэг, 12*18.5 см хэмжээтэй 3 ширхэг, 17.35,5 см 2 ширхэг тунгалаг өнгийн гялгар ууттай эд зүйл болон 1 ширхэг хуванцар, авто машины шил арчигчны хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хэргийн хамт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овгийн Э-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, туузан амсартай 10*6 см хэмжээтэй 3 ширхэг, 12*18.5 см хэмжээтэй 3 ширхэг, 17.35,5 см 2 ширхэг тунгалаг өнгийн гялгар ууттай эд зүйл болон 1 ширхэг хуванцар, авто машины шил арчигчны хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А