Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тгийн Гд холбогдох эрүүгийн 2238002190684 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг зодож хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002190684 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг “ахыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар толгой хэсэгт гараараа цохиж, ам руу нь гараа хийж замжнаас нь татаж, эгэм руу нь цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун эгэм, хамарт сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гы өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Бгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 15 цагийн үед манай нөхөр Г бид 2 хөдөөнөөс ноолуураа өгөх гэж орж ирээд манай хадам ах **** **** нарын гэрт нь пиво ууж байсан. Тэгээд манай нөхөр нэг шил архи авч өгөөд манай нөхөр намайг үстээд зодсон. Би цагдаа дуудаж өгсөн... 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгор хороололд **** овогтой ****ийн гэрт нь үдээс хойш очиход **** урд өдөр архи уусан гэсэн согтуу байсан. ****ийн төрсөн ах болох Гэрэлээ 1 шил архи олоод ир гээд эхнэртээ хэлээд байсан. Удалгүй том пиво, 1 шил архи ирсэн. Би өөрөө очихдоо архи уугаагүй эрүүл очсон. Тэр архи, пивоос амсаад өгсөн. Манай нөхөр болох Г, **** ах хоёр архи ууснаас үүдэн хоорондоо маргалдсан. ****, Г хоёр зодолдохоор нь би дундуур орж салгасан. Нөхрөө хашаанаас гаргахад Г хашааны гадаа миний толгой гараараа цохисон. Ам руу гараа хийгээд замжнаас татах үед цус гарсан. Харин салгах үед эгэм рүү цохиулсан байж магадгүй сүүлд харахад хөхөрсөн байсан... Харин хашааны гадаа над руу халдах үед ах дүү нар салгасан. **** буюу нутгийн нэр нь Шинээ ах салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16,18-19 тал/,

Гэрч В.****гийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай хадам ах **** манайд ирээд цайлж байсан нь хөдөөнөөс Г, эхнэр Б 2 манайд ирсэн. Манайх 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво задлаж өгсөн. Манай нөхөр Гы хамт уусан. Г манайхаас гараад дэлгүүр явж ирээд 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво авчраад тэр 3 хувааж уусан. Тэрийгээ ууж байснаа манай хадам ****тэй хэрэлдэж байсан. Эхнэр нь салгаад гаргаад явахад эхнэрээ үстээд жавж руу нь гараа хийгээд татсан. Тэгээд манай нөхөр гараад салгасан...Уухаараа дандаа агсам тавьдаг. Эхнэрээ байнга зоддог...Өвөл цохиж зодсон гэж ярьж байсан. Ер нь бол архи уугаад согтчихоод агсам согтуу тавина...архи уухаараа зан байдал нь эвдэрдэг, дээрлэх үү зантай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч М.****ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай хадам ах **** манайд ирээд цайлж байсан нь хөдөөнөөс Г эхнэр Б 2 манайд хамт ирсэн. **** ахад манайх 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво задлаж өгсөн. Г манайхаас гараад дэлгүүр явж ирээд 0,75 литртэй архи ,2,5 литрийн пиво авчраад бид 3 хувааж уусан. Найз нь гээд нэг нөхөр 0.5 литрийн архи авчирч өгсөн. Би тэр 2 архинаас амсаагүй яваад өгсөн. Би орон дээрээ унтаж байхад гадаа хүн орилхоор нь гарсан чинь эхнэрээ үстээд дарсан зодож байсан....Архи уухаараа зан байдал нь өөрчлөгдөг, дээрлэхүү,  баярхуу хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Д.****ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай хүү Г ,эхнэр Б хоёр ноолуур тушаах гээд хөдөөнөөс орж ирлээ гээд манайд орж ирээд цай уугаад ноолуураа тушаагаад ирье гээд явсан. Тэгээд буцаж ирэхгүй байсан. ****ийнд байна гэж утсаар ярихаар нь би очсон. Архи ууж байсан. Намайг ороход Г,  **** хоёр маргалдаад сууж байсан. Эхнэр нь явъя гэхэд согтуу хүн түлхэх шиг л болсон.  Би сайн хараагүй.Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд бүгдийн аваад явсан...Намайг гаднаас орж ирэхэд гэрт маргалдаж байсан, юунаас маргалдсаныг сайн мэдэхгүй би гаднаас орж ирсэн...Би хашааны гадаа юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаартай: “...М.Бгийн биед уруулд шарх, баруун эгэм, хамарт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. М.Бгийн биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51-53 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Гы гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би сумын төв орж ирээд хадмынд очиход урд өдөр нь архи уусан бололтой ах дүү нар байсан. Тэгээд тэнд архи, пиво уугаад согтуу хүмүүс хоорондоо маргалдаж зодолдох үед эхнэр Билгүүнзяаа салгах оролдлого хийх явцад цохиулсан. Би эхнэрийг цохисноос үүдэж хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.****гийн өгсөн мэдүүлэг, гэрч В.****, М.****, Д.**** нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Гы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бг “ахыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар толгой хэсэгт гараараа цохиж, ам руу нь гараа хийж замжнаас нь татаж, эгэм руу нь цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун эгэм, хамарт сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Гы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Т.Гы үйлдэл идэвхтэй, хохирогч М.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.Г гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Бгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Гы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч М.Бгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч М.Б нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгч Т.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Гы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 44, 47-50 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Г нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мал малладаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Гы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Тгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тгийн Гыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зурган зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зурган зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН