Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

  2022        11            01                                     2022/ШЦТ/

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн Н.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2225000000386 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн **** тоот хашааны гаднаас М.Б-н өмчлөлийн *** ОРХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэн гэдгийг ойлгож мэдэж байсан. Тэр машиныг хулгайлах санаа байгаагүй. Согтуудаа гэртээ харих гээд хүний машин унаад явсан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

2.. М.Б-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

4. Хохирогч М.Б-н “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хороололд Наран багийн **** тоотод гэртээ байж байсан чинь манай найз О   над руу залгаад найздаа машинаа түр өгөөч Булган аймгийн Орхон сумаас өөрийнхөө том тэргийг авчхаад ирье гэхээр нь өөрийн *** ОРХ улсын дугаартай приус 20 загварын машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд 08 дугаар сарын 18-ны 01 цаг өнгөрч байх үед О   машиныг чинь хулгайд алдчихлаа гээд над руу залгаж хэлсэн юм. Тэгээд би хайгаад олчихно гэхээр нь тэр шөнөдөө хараад хоносон юм. Тэгээд маргааш нь олдохгүй болохоор нь би очиж цуг хайгаад явж байсан чинь 08 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Их залуу багаас гудам дундаас машинаа олж авсан...  ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

5. Гэрч Б.О  ын "...Хашааны гадна ирээд хашаан дотроос Базга болон түүнтэй хамт явсан эрэгтэй нар унаж ирсэн тээврийн хэрэгслээ авч явсан. Харин би тэр хоёрыг явсны дараа унаж ирсэн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийг хашаан дотор оруулж хашааны гадна *** ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг асаалттай орхисон. Дотор ороод ойролцоогоор 5 орчим минутын дараа хашааны үүдэнд гарч ирэхэд асаалттай орхисон *** ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Үүний дараа би хамт явсан Базга руу залгаж хашааны үүдэнд байсан машин байхгүй байна гэхэд хорооллын эцэс дээр явж байна энэ хавьд юм алга гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

6. Гэрч Д.Б-н “...Тэгээд ирэхээр нь машинд нь сууж юм ярьж байгаад нэг шил архи авч өгөхөөр болоод дэлгүүрээс нэг шил архи аваад манай гэрт орж уусан юм. Тэгээд удалгүй машин барьж явсан залуу нэг залууг дагуулаад явсан юм. Тэгээд С  нэг залуутай хамт манайд үлдээд нэг шил архиа ууж дуусгаад сууж байсан чинь тэр үлдсэн залуу гэнэт гараад алга болчихсон байхаар нь С  бид хоёр нойл орчихсон юм байлгүй гээд хүлээгээд байсан чинь байхгүй бүр гараад явчихсан байсан. Тэгээд сүүлд С  тэр залуутай утсаар яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

7. Гэрч Д.С-н “...Хамгийн эхлээд Б , миний дүү С  бид гурвыг С цэрэн дээр очих үед С цэрэн ажлын газрынхаа ахтай нэг шил архи хуваагаад уучихсан байсан. “Номин”-н гадна очоод Б  бид хоёр тэр ууж байсан архинаас нь ганц нэг хундага л татсан. Харин дараа нь Батсуурийн гэрт очоод Батсуурь болон Б , С цэрэн бид дөрөв 0.75л хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Миний мэдэж байгаагаар намайг яваагүй байхад нээх их согтсон хүн байгаагүй. Намайг явсны дараа үргэлжлүүлж архи уусан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

8. “Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны 1186 дугаартай “...Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн 1,790,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36 дахь тал/

9. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/

10. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/,

11. Х.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дэх тал/,

12. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 82-98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн **** тоот хашааны гаднаас М.Б-н өмчлөлийн *** ОРХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, М.Б-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч М.Б-н “...08 дугаар сарын 18-ны 01 цаг өнгөрч байх үед О   машиныг чинь хулгайд алдчихлаа гээд над руу залгаж хэлсэн юм. Тэгээд маргааш нь олдохгүй болохоор нь би очиж цуг хайгаад явж байсан чинь 08 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Их залуу багаас гудам дундаас машинаа олж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.О  ын "...хашааны гадна *** ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг асаалттай орхисон. Дотор ороод ойролцоогоор 5 орчим минутын дараа хашааны үүдэнд гарч ирэхэд асаалттай орхисон *** ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан...” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны 1186 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б нь 2022 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн **** тоот хашааны гаднаас иргэн М.Б-н *** ОРХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Б ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас М.Б-д 1 790 000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдсөн байна.

 

             Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Х.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  зэрэг нотлрх баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103 дугаартай  шүүгчийн захирамжаар 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг түүнд оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

           

            3. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Х-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ЭХТА-ийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жил 2 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А