| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/04610/И |
| Дугаар | 594 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 594
| 2019 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2019/00594 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Б-т холбогдох,
526,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам, Д.Даваа, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь манай барьсан барилгаас байр болон оффис худалдаж авах талаар 2, 3 удаа уулзсаны үндсэн дээр энэ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. П.Бт итгээд, төлбөр тооцоо авалгүйгээр Оллоо телевизийн 230 м.кв талбайтай оффисын байранд оруулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр байрны төлбөрийг жилийн дотор төлнө гэж тохиролцсон. П.Б надад “ахаа би удахгүй мөнгөтэй болно. Сонгууль болж байна. Телевиз их мөнгө олж байгаа. Би байрныхаа мөнгийг бүрэн төлнө. Нөгөө талаас манай телевиз танайхаас байр худалдаж авч байгаа учраас би өөртөө, нягтлан бодогчдоо, хүүдээ, нягтлан бодогчийнхоо дүүд нийт 4 байр явъя” гэсэн. П.Бтай 4 байр болон оффис худалдаж авч байгаа. Оффист засвар хийх шаардлагатай байгаа учраас та зах зээлийн үнээс хямдхан өгөөч” гэсний дагуу бид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн. 2 жил болсны эцэст мөнгө төлөөгүй. Урьдчилгаа 13,000,000 төгрөгийг оффиссын төлбөрт төлснөөс өөрөөр мөнгө төлөөгүй учраас гэрээгээ цуцалсан. Энэ хугацаанд П.Б миний өмчийг ашиглаж байсан. Мөнгө төлөөгүй учраас би байр ашигласны зардлыг нэхэмжилсэн. Миний бие П.Бын мөнгө төлнө гэсэн бичгүүдийг шүүхийн материалд хавсаргасан. Өөрийн компанийн албан бичигт, өөрийнхөө гарын үсгийг зурж, надтай өөрийн биеэр уулзсан. Би энэ хүнд 4, 5 удаа боломж олгоод, 2 жил хүлээсэн. П.Б манай байрны 4 давхарт амьдарч байсан. Би 6 давхарт амьдарч байгаа. Надтай уулзахдаа “С.Ж ахаа танд баярлалаа. Би 2 жил дулаахан байранд амьдарлаа. Ийм сайхан оффист байлаа. Би мөнгөө төлнө” гэж хэлдэг байсан. Би мөнгө төлөх талаар гаргаж байсан албан бичиг, аман хэлцэлд нь хууртаж 2 жилийн хугацаа алдсан. Анхны бүртгэлээрээ Алтан орд цогцолбор 101 гэж явж байсан боловч энэ хугацаанд миний бие Алтан орд, нарны зам, 111 дүгээр байр гэж бүртгэлээ өөрчилсөн. Энэ байрыг барьж байгуулах хугацаанд “Би Ди Сек ҮЦК” ХК-иас бонд гаргуулсан. Би П.Быг оффис болон 4 орон сууцны 1,000,000,000 гаруй төгрөгийг төлнө гэж итгээд явж байсан учраас 2 жилийн хугацаанд бондын төлбөр төлөөгүй явж байсан. Би энэ хугацаанд 1,600,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Үүнээс миний 3 байрыг зах зээлийн үнээс доогуур 1,800,000 төгрөгөөр хурааж авсан. Үлдсэн 1,400,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөгөө талаас би ажилчдынхаа цалин, охиныхоо сургуулийн зардлыг төлөхийн тулд ломбарданд машинаа тавьж байсан. Би энэ хүний өмнөөс хүү төлөөд явж байсан. Энэ хүнд итгээд хохирсон. Иймээс хохирлынхоо ядаж хэсгийг барагдуулъя гээд нэхэмжлэл гаргасан. “Би Ди Сек ҮЦК” ХК-тай хийсэн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хэрэгт хавсаргасан. П.Б надтай удаа дараа уулзаад “би худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлнэ. Орон сууц болон үйлчилгээний талбайнхаа мөнгийг танд төлнө” гэсэн бичиг өгснийг нь хавтаст хэрэгт өгсөн. Миний бие өвчний улмаас хөдөө халуун рашаанд явж байх үед энэ хүн манай хүмүүстэй ярьж тохироод, би мөнгөө төлж чадахгүй байгаа учраас ашиглалтын төлбөр болох 165,000,000 төгрөгийг төлөөд гаръя” гэдэг хүсэлт гаргасан. Үүний дагуу 165,000,000 төгрөгийн түрээс төлнө гэдэг албан бичгээ өгөөд гарсан. П.Б тухайн үед цоо шинэ байрыг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Би үнийг нь хямдруулсан учраас энэ хүн бага зэрэг засвар хийж орсон. Энэ бол бүх барилгын компаниудын хийж байгаа ажил. 4 орон сууцны нэгийг нь нягтлан бодогчийнх дүү зээлээр худалдаж авсан. Үлдсэн 3 орон сууцыг 2 жил ашигласан учир уг орон сууцыг хуучин барилгын тоонд авсан. П.Б худалдах, худалдан авах гэрээ хийчхээд, мөнгө төгрөгөө өгөхгүй намайг 2 жил саатуулаагүй байсан бол би тухайн зах зээлийн үнээр орон сууцнуудаа борлуулаад, бондын хүү төлөхгүй, өнөөдөр ийм их хэмжээний хохиролд орохгүй байх бололцоотой байсан. Нөгөөтээгүүр тухайн үед зах зээл сайн байсан. Одоо байр нь хуучин байр гээд үнэ нь буусан. 2, 3 жилийн өмнө хүн болгон таны оффис болон байрнуудыг чинь бэлэн мөнгөөр худалдаж авъя гэж хэлж байсан. Энэ үнээс хамаагүй өндөр үнээр худалдаж авъя гэж байхад нь би энэ хүнд итгээд “залуу хүн юм хийж бүтээх гэж байгаа юм байна. 2016 онд телевизүүд ашигтай байгаа юм байна” гэж бодоод байраа өгсөн. Мөн П.Б надад ийм, ийм хөрөнгө байна гээд Сонгинохайрхан дүүрэг дэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ үлдээсэн учраас би үүнд нь итгээд, хохироод байна. Алтан орд цогцолборын 4 давхрын 46, 47, 48 тоотод П.Б гэр бүлийн хамт, дээрээс нь Оллоо телевизийн нягтлан бодогч, мөн П.Бын хүү амьдарч байсан. Энэ хүмүүсийг өөрийнх нь хүсэлтээр гаргасан. Түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцсон нь тухайн үед байрыг 1,500,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Гэхдээ би шинэ байрыг түрээсэлдэг хөрөнгө чинээлэг хүн биш. Би энэ байрыг зараад зээл болон бондынхоо өрийг төлөх ёстой байсан. Би худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан учраас энэ хүнийг оруулсан байсан. Мөнгө төлөөгүй хохирол учруулсан гэдэг утгаар нь түрээсээр тооцож, ашиглалтынх нь зардлыг хохирлын хамт нэхэмжилж байна. Үүнд: 1. Алтан орд цогцолборын 46, 47, 48, тоот орон сууцны төлбөрт 61,000,000 төгрөг нэхэмжилж байна. 2. Алтан орд цогцолборын 230 м.кв оффисын талбайн түрээсийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 17 сар, нэг сарын төлбөр 5,750,000 төгрөг нийт 97,750,000 төгрөг нэхэмжилж байна. 3. Анх худалдах, худалдан авах гэрээ хийхдээ би сар болгон 3,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг төлөөд оффисын чинь төлбөрийг богино хугацаанд барагдуулна гэсэн. П.Быг төлбөрөө хугацаандаа төлнө гэж итгэсэн учир “Би Ди Сек” ХК-иас 1 тэрбум төгрөгийн орон сууц барих Бондын зээл гаргуулж төлбөрт нь сар тутам 3.5 хувийн хүү төлж их хэмжээний хохирол амссан. Би 1,229,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө 21 сарын өмнө өөр хүнд борлуулсан бол сар бүр 35,000,000 төгрөгийн хүү төлж 21 сар х 35,000,000 төгрөг нийт 735,000,000 төгрөгийн хохирол учрахгүй байх байсан. Бондын хүү төлөхөд учирсан нийт 735,000,000 төгрөгийн хохирлын тал хувийг буюу 367,500,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нийт 526,250,000 төгрөгийг хариуцагч П.Баас гаргуулж иргэн С. Жаргал миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Би тухайн үед үл хөдлөх хөрөнгө борлуулаад, түүнийхээ орлогоос 3 байр, оффисыг худалдаж авъя гэдэг бодолтой байсан боловч зах зээлийн хямралын улмаас үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй. Би өөрөө 2, 3 удаагийн худалдах, худалдан авах хэлэлцээрт орсон боловч хэлэлцээр маань хойшлох, удаашрах, худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй байх тохиолдлууд таарсан. Тэгээд би С.Ж ахад хэлсэн, ярьсандаа хүрч чадаагүй нь үнэн. Би энэ байрнуудыг аваад, оффисоо байршуулаад, хэрэглэж байсан. Би алдаа гаргасан нь үнэн. С.Ж даргын ярьж байгаа шиг зарим зүйл бас тийм байгаагүй. Тухайн барилгад 2 жилийн хугацаанд наймаас арван байр сул байсан. Зөвхөн П.Бын байр заагдаагүйгээс болж ийм хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй юм. С.Ж ахын өөрийнх нь Фэйсбүүк хуудас дээрээс харвал хэд, хэдэн байр борлогдоогүй байдаг. Энэ хугацаанд тэр байрнуудаа зарж борлуулаад, өөрийгөө хохиролгүй болгох асуудлыг шийдэж болоогүй юм уу. Хоёрдугаарт миний түрээсэлж авсан 230 м.кв байр 4 давхарт байдаг. Барилгын 2 давхар тэр чигээрээ зарагдаж борлогдоогүй байхад яагаад надаас болж хохирсон гэж яриад байгааг ойлгохгүй байна. Та намайг өөрийнхөө өмчлөлийн байрнаас гаргах бүрэн боломжтой байсан боловч миний үгэнд итгэсэн гэх үндэслэлээр цаг хугацаа өнгөрсөн гэж тайлбарладаг. Гэтэл би бүх цаг үед “хэрвээ энэ байрыг түрээслэх, худалдаж авах хүн гарч ирвэл би шууд чөлөөлж өгнө. Яагаад гэвэл миний мөнгө бүтэхгүй удаашраад байна” гэж би хэлж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.1-т заасан энэхүү гэрээний гол зорилго нь худалдагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Жаргалын үйлчилгээний 98 айлын орон сууц, 24 автомашины зогсоолтой барилгын 4 давхрын 56.9 м.кв талбай бүхий 46 тоот, 94.28 м.кв талбай бүхий 47 тоот, 92.69 м.кв талбай бүхий 48 тоот, 54.8 м.кв талбай бүхий 49 тоот хаягт байршилтай нийт 4 ширхэг орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж байгаа. Өнөөдрийг хүртэл С.Ж миний өмчлөлд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй. Худалдан авагч тал, худалдагч талд үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэсэн гэрээний үндсэн заалт байна. Үүнтэй холбогдуулан энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Яагаад гэвэл миний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлээгүй учраас би мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. Би гэрээнд зааснаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр графикийн дагуу мөнгө төлнө гэсэн боловч эдийн засгийн хүндрэлээс болоод би гэрээгээ мөрдөж чадаагүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн бондын төлбөр төлнө гэсэн үг, өгүүлбэр энэ гэрээнд байхгүй. Ямар нэгэн байдлаар чамаас болоод би өр төлбөр төлж байгаа шүү, чи энэ бондын өр төлбөрийг төлнө шүү гэж энэ гэрээнд байхгүй. Түрээсийн гэрээ байгуулаагүй. Түрээсийн болон бондын өр төлбөр төлөх ямар нэгэн гэрээг бид хоорондоо байгуулаагүй. Би 2 жил ашигласан 3 байрныхаа төлбөрийг төлөх тал дээр санал нэг байна. Түрээс төлье гэж боддог. Түрээс төлөх талаар ямар нэгэн гэрээ байхгүй учраас нотлох шаардлагатай. Тухайн үед түрээсийн байрны метр квадратын үнэ ийм байсан. Тавилгатай болон тавилгагүй тэдэн өрөө, ийм байршилд байрлах байр ийм үнээр түрээсэлж байсныг нотлох ёстой. Манай гэр бүл, миний хүү, манай нягтлан бодогч 3 байранд амьдарсанд маргахгүй. Үүнтэй холбоотой түрээсийг төлөхөд бэлэн байна. 230 м.кв оффисын барилгатай холбоотой үнийн дүнг би энэ байрыг худалдаж авах гэж байсан учраас хүлээн зөвшөөрч байсан. Худалдаж авна гэдэгтээ итгэлтэй байсан. Энэ хүнийг ямар нэгэн аргаар хуурч мэхэлж, итгэл эвдье гэж бодоогүй. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор би төлбөр хийж чадахгүй байгаагаа байнга тайлбарлаж, хэлж, хүсэлт гаргаж, цаг авч байсан нь үнэн. Энэ байртай холбоотой 53,000,000 төгрөгийн засварын зардал гарсан. Ямар нэгэн байдлаар оффисын төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа бол зардалд гарсан 53,000,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Мөн түрүүн яригдсан мөнгө бол 13,000,000 төгрөг биш. 17,000,000 төгрөгийг С.Ж даргын дансанд хийсэн. Баримт нь байгаа. Тийм учраас энэ мөнгийг 17,000,000 төгрөг гэж тооцуулах хүсэлтэй байна. Миний хувьд тайлбар дээрээ ч бичсэн. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой надаас ямар нэгэн байдлаар шаардах эрх байхгүй. Шаардах эрх үүсэхгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл миний нэр дээр уг үл хөдлөх хөрөнгө шилжигдээгүй. Миний эзэмшилд байсан. Дуртай цагтаа байраа зарж борлуулж, дуртай цагтаа намайг байрнаас гаргах бүрэн боломжтой байсан. Намайг гар гэдэг шаардлага тавьж байсан нь үнэн. Би худалдаж авах хүсэлтэй байгаагаа тайлбарласны үндсэн дээр тухайн үед хүлээн зөвшөөрч би тэнд байсан гэж ойлгож байгаа. Тийм учраас түрээсийн төлбөрийн талаар нотолбол зүгээр байна. Би энэ хүнээс болж байр болон оффисоо зарж чадаагүй гэж ярьж байгаа асуудал дээр надад шударга бус санагдаж байна. Яагаад гэвэл зарагдаагүй өөр байрнууд байсан. Намайг байх 2 жилийн хугацаанд өөр байрнуудыг зарж байсан. Лифтний төлбөр байгаа учраас энэ байрыг чинь лифтны төлбөрт өглөө гэж тайлбарлаж байсан. Манай байрны тогийг хүртэл тасалж байсан. Энэ бүгдийг гэрчээр оролцуулъя гэсэн н.Оюунтуяа мэдэж байгаа. Түрээсийн төлбөр өг гэдэг. Тэгвэл түрээсийн гэрээ байгуулъя гэхээр 1,000,000 төгрөг нэхэмжилдэг. 1,000,000 төгрөг төлөх боломжгүй байна. Зах зээлийн ханшаар төлье гээд ярилцахаар тэгвэл байрандаа суугаад байрныхаа мөнгийг төл гэдэг асуудал яригдаж байсан болохоос биш надтай ямар нэгэн байдлаар түрээсийн гэрээ байгуулж байгаагүй. Түрээсийн гэрээтэй холбоотой зах зээлийн ханш ийм байна гэж нотолсон тохиолдолд надад түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч, хариуцагч нар Алтан орд цогцолборын орон сууцны болон оффиссын түрээсийн асуудлаар дараах байдлаар тохиролцов. Оффиссын түрээсийн төлбөр 97,750,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 17,000,000 төгрөг, мөн хариуцагчийн хийсэн засварын зардлаас 18,000,000 төгрөг бүгд 35,000,000 төгрөгийг хасч, үлдэх 62,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, 47, 48 тоот тус бүр нь 3 өрөө 2 орон сууц, тус тусд нь сарын түрээс 850,000 төгрөг, 46 тоот 2 өрөө орон сууц сарын төлбөрийг 650,000 төгрөгөөр тооцож нийт 47,6540,000 төгрөг гаргуулахаар тохиролцов. Нийт нэхэмжилсэн дүн 110,400,000 төгрөг гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч П.Бт холбогдуулан орон сууц болон 230 м.кв талбайтай оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд нийт 526,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд зохигч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт эвлэрч, үлдэх хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч П.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ, шаардлагаа “...Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч П.Бтай 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 1,229,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид Алтан орд цогцолборын 46, 47, 48 тоот орон сууц, 230 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн ч хоёр жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс гэрээнээс татгалзсан. Гэвч орон сууц хуучирсан. Анх худалдах, худалдан авах гэрээ хийхэд сар болгон 3,000,000-5,000,000 төгрөг төлөх, оффисын төлбөрийг богино хугацаанд барагдуулахаар тохиролцсон ч П.Б төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Би төлбөр төлөгдөнө гэж итгэсэн учир “Би Ди Сек” ХК-иас 1 тэрбум төгрөгийн орон сууц барих Бондын зээл гаргуулж төлбөрт нь сар тутам 3.5 хувийн хүү төлж их хэмжээний хохирсон. 1,229,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөө 21 сарын өмнө өөр өөр хүнд борлуулсан бол сар бүр 35,000,000 төгрөгийн хүү төлж 21 сар х 35,000,000 төгрөг нийт 735,000,000 төгрөгийн хохирол учрахгүй байх байсан. Бондын хүү төлөхөд учирсан нийт 735,000,000 төгрөгийн хохирлын тал хувийг буюу 367,500,000 төгрөг, Алтан орд цогцолборын 46, 47, 48, тоот орон сууцны түрээсийн төлбөрт 61,000,000 төгрөг, Алтан орд цогцолборын 230 м.кв оффисын талбайн түрээсийн төлбөрт 97,750,000 төгрөг, нийт 526,250,000 төгрөгийн хохирол учирсан” гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.1-т “...үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж байгаа. Өнөөдрийг хүртэл С.Ж миний өмчлөлд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй. Үүнтэй холбогдуулан энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. ...Надаас болж байр болон оффисоо зарж чадаагүй гэх боловч зарагдаагүй наймаас арван байр, 2 давхарт оффиссын талбай сул байсан. Би худалдаж авах хүсэлтэй байгаагаа тайлбарласны үндсэн дээр тухайн үед хүлээн зөвшөөрч байсан. Дуртай цагтаа байраа зарж борлуулж, дуртай цагтаа намайг байрнаас гаргах бүрэн боломжтой байсан. ...Гэрээнд ямар нэгэн байдлаар чамаас болоод би өр төлбөр төлж байгаа, чи энэ бондын өр төлбөрийг төлнө гэсэн зүйл байхгүй. Байр зарагдаагүйгээс болж ийм хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй юм” гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан 367,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Ж, хариуцагч П.Б нар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Алтан орд цогцолборын 46, 47, 48 тоот орон сууцыг 1 м.кв талбай нь 2,000,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хэсэглчэн төлөхөөр, мөн 230 м.кв оффисын талбайг 690,000,000 төгрөгөөр тооцон төлбөрийг 1 жилийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 16, 17 дугаар тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцсоноор тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх боловч нотариатаар гэрчлүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага тавигдах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учруулсан хохирлыг арилгах, нөхөн төлөх талаар зохицуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар “БиДиСЕК ҮЦК” ХК, “Мон Хэнтий” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Андредррайтерийн гэрээний дагуу “Мон Хэнтий” ХХК нь “БиДиСЕК ҮЦК” ХК-д 735,000,000 төгрөгийн бондын хүү төлөх үүрэг үүссэнд нэхэмжлэгч С.Ж, П.Б нарын хооронд үүссэн худалдах худалдан авах хэлцэл, П.Бын гэм буруу тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч П.Баас 367,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Алтан орд цогцолборын 46, 47, 48, тоот орон сууц, 230 м.кв оффисын талбайг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд нийт 158,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч, хариуцагч нар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Алтан орд цогцолборын 46, 47, 48, тоот орон сууц, 230 м.кв оффисын талбайг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын талаар дараах байдлаар тохиролцов. Оффиссын түрээсийн төлбөр 97,750,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 17,000,000 төгрөг, мөн хариуцагчийн хийсэн засварын зардал 18,000,000 төгрөг бүгд 35,000,000 төгрөгийг хасч, үлдэх 62,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, Алтан орд цогцолборын 47, 48 тоот тус бүр нь 3 өрөө хоёр орон сууцыг тус тусдаа сарын түрээс 850,000 төгрөг, 46 тоот 2 өрөө орон сууц сарын төлбөрийг 650,000 төгрөгөөр тооцож нийт 47,6540,000 төгрөг гаргуулахаар тохиролцов. Нийт нэхэмжилсэн дүн 110,400,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрэв гэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Алтан орд цогцолборын 46, 47, 48 тоот орон сууц, 230 м.кв оффиссын талбайн түрээсийн төлбөр буюу хохиролд 158,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 48,350,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 110,400,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Баас 367,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Жын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч П.Баас 158,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 48,350,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 110,400,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,789,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баас 709,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР