Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч С.Х   нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х-д холбогдох эрүүгийн 2225000000417 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Х   нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай ****  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Б-г хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Х-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х   “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Э.Б  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн ****  дахь тал/

2. Хохирогч Э.Б-н  “2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим нөхөр Х-ны  хамт гэр бүлийн найз болох Х  гэрт очсон. Тэгээд Х  гэрт гэр бүлийн гишүүнтэй нь ярилцаж сууж байхдаа 0,75 литрийн 2 шил Хараа архи, 0,5 литрийн 1 шил Хараа архи хувааж уусан юм. Тэгэхэд манай нөхөр Х  согтчихоод намайг Хуягаатай хардаж уурлаж байснаа гэнэт гараараа миний толгой хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би айгаад Х  гэрээс гараад нөхрийгөө орхиж урд талд байрлах зам дээрээс такси барьж аавынхаа гэрт очсон... Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан бас толгой хэсэг хавдартай байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Гэрч М.Б ийн ...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Х  Б  хоёр архи уучихсан манай гэрт ирсэн. Тэгээд Х  нь Заамарт байрлах ажилдаа явах байсан машинаасаа хоцорчихлоо архи ууя гэж хэлээд 1 шид архи гаргаж ирсэн. Тэгээд архийг манай эхнэр Гэрэлмаа, Х  Б г бид дөрөв хувааж уугаад архи талдаа орж байхад манай эхнэр Гэрэлмаа ядраад байна гэж хэлээд унтаж амарсан. Тэгээд бид гурав үргэлжлүүлээд сууж байхад Х  Б г хоёр хоорондоо маргалдаж муудалцаад байх шиг байсан. Тэгээд үлдсэн архиа уугаад дуусаж байхад Б г манай гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би Х аас Б г хаашаа явах гэж байгаа юм гэхэд ээж аавынхаа гэрт очихоор явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х  гадаа харанхуй болчихсон байна, чи араас нь яв гэж хэлээд Х-г  Б-н  араас явуулсан. Х  манай гэрт байхдаа Б г биед халдан зодоогүй. Манай гэрт ирэхэд зүүн талын нүд нь бага зэрэг хөхөрчихсөн байсан. Түүнээс хавдаагүй байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4. Гэрч Ө.Г гийн ...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед би ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Х , Б г хоёр манай гэрт ирсэн. Х  Б  хоёр уулзаагүй удсан гэж хэлээд 0,75 литрийн 1 шил архи авч  ирсэн. Тэгээд авч ирсэн архийг нь Б , Х , манай нөхөр Батхуяг бид дөрөв юм ярьж суунгаа ууж байсан архийг нь талд нь орж байхад би маргааш нь ажилтай байсан болохоор унтаж амарсан... Намайг унтахаас өмнө хоорондоо маргалдаж муудалцаагүй... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

5. Гэрч Ж.Б ийн ...Х  нь 2020 онд манай охиныг зодсон байсан. Манай охин тухайн үед Чех улсад байсан болохоор зургаа явуулж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай охиныг Х  нь мөн адил биед нь халдаж зодсон гэж манай охин Б  надад хэлж байсан. Тэрнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөртөө зодуулсан гэж хэлээд манай гэрт ирсэн. Манай охин гэрт ирэхдээ нүүр нь хөхөрч хавдсан байдалтай явж чадахгүй байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/

6. Гэрч Э.Э-н ...2020 онд манай эгч Б  нөхөр Х  Чех улсад байхдаа зодуулсан гэж хэлээд над руу фэйсбүүкээр зургаа явуулж байсан. Манай эгч Б  нөхөр Х  хоёр нь Чех улсаас 2022 оны 06 дугаар сард ирсэн. Түүнээс хойш манай эгч гэрээрээ ирдэггүй байсан. Би бодохдоо нөхөр нь манай эгчийг зодоод байдаг гэж би бодож байгаа. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эгч Б г нөхөр Х  нь зодсон гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 776 дугаартай “Б-н  биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамрын ясны таславчийн муруйлт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хатуу зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал нь хуучин гэмтэл байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

8. Сэжигтэн С.Х-ны “Би эхнэр Б-н  хамт найз Б-н  гэрт архи ууж байгаад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим гэрээс нь гарч өөр Батхуяг гэх найзынхаа гэрт очсон. Тэгээд найзынхаа гэрт очиж найзынхаа гэр бүлийн хүний хамт бид дөрөв юм ярьж байгаад 0,75 литрийн 2 шил архи уусан. Тухайн үед би согтчихсон уурлаад эхнэрийгээ нэг удаа алгадаж байсан. Дахин нэмж цохисон талаараа санахгүй байна. Тэгээд манай эхнэр манай найзын гэрээс гараад гүйчихсэн. Би араас нь гараад эхнэрийгээ хайгаад олохгүй байхаар нь өөрийнхөө гэр рүү явсан. Тэгээд намайг гэртээ ирэхэд манай эхнэр гэрт байхгүй байсан. Намайг хөдөө ажиллаж байхад манай эхнэр гэртээ харихгүй гадуур архи уугаад хоноод байсан. Би архи уучихаад гадуур хоносон байсан болохоор нь хардаж маргалдаж муудалцсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Х   нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай ****  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Б-г хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-н  “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим нөхөр Х-ны  хамт гэр бүлийн найз болох Х  гэрт очсон. Тэгээд Х  гэрт гэр бүлийн гишүүнтэй нь ярилцаж сууж байхдаа 0,75 литрийн 2 шил Хараа архи, 0,5 литрийн 1 шил Хараа архи хувааж уусан юм. Тэгэхэд манай нөхөр Х  согтчихоод намайг Хуягаатай хардаж уурлаж байснаа гэнэт гараараа миний толгой хэсэгт 3-4 удаа цохисон. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан бас толгой хэсэг хавдартай байгаа...” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 776 дүгнэлт, гэрч М.Б , Ө.Г Ж.Б , Э.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Х-ны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Х   нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгайн ****  тоотод эхнэр Э.Б-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Х нь согтуурсан үедээ гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Э.Б-г үл ялих зүйлээс шалтаглан хардаж, эрүүл мэндэд нь шууд санаатай үйлдлээр халдан зодож, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н  эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний алимны салст, нүүрний зүүн хэсэг, зүүн чамархайн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт С-н Х-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А