Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/366

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Хо

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д , Б.У  , Б.Ц  нарт холбогдох эрүүгийн 2225005450405 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Ч.Д

2. Б.У

3. Б.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нар нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтуугаар үедээ бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д  “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У   “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц  “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Б  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Б  “2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед эхнэр Ц , эхнэрийн хамаатны ах Д , түүний эхнэр Н  нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар бааранд орж хүний 2 шилтэй пиво ууж бүжиглэж байгаад 23 цаг 40 минутад баарнаас Д  ах, эхнэр Н ын хамт түрүүлээд гарсан. Би сууж байсан сандал дээрээс хувцасаа аваад эхнэр Цэрэнпагмын хамт гарахад Д  ах баарны хамгаалагчийн станцыг эвдчихсэн гээд маргалдаж байсан. Тэр үед 2 цагдаа ирээд тэнд байсан хүмүүсийг салгаад явуулсан. Бид нар явах гээд баарны гадна байж байхад Д  ах Шугар болон Сэт баарны голд байсан 3 залуутай маргалдаад байхаар нь би очиход миний таньдаг нэг өөр нэг Д  зогсож байсан. Д-г   яасан бэ гэж хэлээд хувцаснаас нь татахад эргэж хараад миний дээд уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар уначихсан. Тэр үед Бамбуу буюу Д-тай  хамт явж байсан танихгүй эрэгтэй залуу миний хамар хэсэг рүү гараа болон хөлөөрөө 2-3 удаа цохисон. Мөн Ц  гэх нэртэй залуу зүүн талын нүд хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Манай эхнэр Ц  болон Н  эгч нар цагдаа дуудаачээ гэхэд намайг зодож байсан 3 залуу зугтаагаад явчихсан. Би эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг зарцуулсан. Миний биед гэмтэл учруулсан Д , У , Ц  нараас эмчилгээнд зарцуулсан гэх 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/

2. Гэрч Б.Цэрэнпагмын Баарнаас 23 цаг 40 минутад эхлээд Д  ах эхнэрийн хамт гарсан. Тэр хоёрын араас нөхөр Б  бид хоёр гарахад Д  ах баарны хамгаалагчтай зөрж байгаад станцыг нь гэмтээсэн гэх шалтгаанаар маргалдаж байсан. Тэр үед 2 цагдаа ирээд тэнд байсан хүмүүсийг салгасан. Нөхөр бид хоёр явах гээд Шугар баарны зүүн талын зам дээр зогсож байхад Д  ах баарны зүүн урд талд зогсож байсан хүмүүстэй маргалдаад байсан тул Б  салгах гээд очиход нэг залуу эргэж хараад цохиод газар унагаачихсан. Манай нөхрийг цохисон залуутай хамт явж байсан нэг эрэгтэй нь Б-н  нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр залууг би хойш нь түлхээд салгахад дахиад нэг залуу ирээд нөхрийг маань цохисон. Тэр залуучуудыг салгаж чадахгүй байсан тул Н  эгч бид хоёр цагдаа дуудаачээ гэж чанга хашхирахад тэр залуучууд зугтаачихсан. Манай нөхрийг 3 эрэгтэй хүн ээлжилж зодсон гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/

3. Гэрч Б.Нын Баарны урд талын машин зам дээр зогсож байхад тэнд байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй бид нартай маргалдсан. Б ыг нэг залуу таньдаг юм шиг байсан. Тухайн үед манай нөхөр Д  нэлээд согтсон байсан. Тэр 3 эрэгтэйгийн нэг нь Б ыг шууд цохисон. Хамт байсан 2 эрэгтэй нь хүртэл Б  руу дайраад байсан. Яг хэн хэн нь яаж цохисон талаар анзаарч хараагүй.  Тэр 3 эрэгтэй Б  руу дайрсан. Б  газар уначихсан байсан. Б-н  эхнэр Ц  тэр залуучуудыг салгахад нэг нь түлхээд унагаасан. Би өөрөө цөсний хагалгаанд орчихсон байсан болохоор хүмүүс рүү ойртоогүй. Б ыг зодсон гэх залуучууд Шугар баарны зүүн тал руу зугтаачихсан. Б  баарны гадна зодуулсны дараа зүүн нүд, хацар шанаа хэсэг нь хавдаад цус гарсан байсан гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. Гэрч Б.Д ын 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө гэртээ сэрэхэд эхнэр Н  надад хандаж өчигдөр баарны  гадна байсан залуучууд Б ыг бүлэглэж зодчихоод зугтаачихсан. Тэр залуучуудын нэг нь Б-н  хамаатан гэж хэлж байсан. Мөн баарны хамгаалагчийн станцыг намайг унагаасан гэж хэлсэн. Гаднаас Б  орж ирэхэд зүүн талын нүд, хацар хэсэг нь хөхөрч, хавдсан байсан. Би Б аас юу болсон талаар асуухад өчигдөр шөнө баарны гадна таньдаг Д  гэх залуу түүний найз нарт зодуулчихсан. Эмчид үзүүлсэн чинь хамар, зүүн нүдний дотор талын яс хугарчихсан байна гэж байсан гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 661 дугаартай “Д.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт, 11-р шүдний паалангийн эмтрэл, хуйх, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, дээд уруул дээд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

6. Сэжигтэн Б.У  ын...Б  намайг дуудаад Д  хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Би Д ын байгаа газар руу харахад Шугир, Сэт баарны гол хэсэгт хоёр эрэгтэй хүн зодуулаад гзаар хэвтэж байхаар нь Ц  бид хоёр очиж салгасан. Б  гэх залуу нь Д-г   хужаагийн шээс минь гэж хэл амаар доромжлоод дахиад зууралдаад салсан. Бид нар Д-г   салгаад эмнэлгийн хашаанд байх машинд нь суулгаад гэр гэртээ харьсан... Д-тай  маргалдаж байсан 2 залуугийн нэгийг Б  гэдгийг тэр үед хараад мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед хохирогч Б ыг эмнэлэгт үзүүлж байгаа талаар Д-тай  утсаар ярьсан байсан. Д , Ц  бид хоёрыг дуудаж хамт БОЭТ-ийн машины зогсоол дээр очиж Б-тай  уулзахад зүүн талын нүд хөхөрсөн байсан. Д  Б  нар хоорондооо хамаатан садан юм чинь ингээд яах бэ, найз нь биеэ сайн эмчлүүлээд авна, төлбөрийг нь төлнө биздээ гэхэд Д  төлнө гэж хэлсэн. Ц  бид хоёр бага зэрэг мөнгө нийлүүлж өгнө гэж ярилцсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

7. Сэжигтэн Б.Ц-н ...Баарнаас 23 цаг 30 минутын үед Д  эхнэр Б гийн хамт түрүүлээд гарсан. Тэр хоёрын араас У  бид хоёр гарахад Б  манай нөхөр зодуулаад байна гэж хэлсэн. Д  нь Шугир, Сэт баарны голд 2 эрэгтэй хүнд зодуулж байхаар нь очиж салгахад Б  гэдэг нэртэй залуу миний баруун талын хөмсөг хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би цохиулаад нүдээ бариад доошоо суухад Б  нь дээгүүрээ өмссөн хувцасаа тайлаад Д  руу дайраад байсан. У  бид хоёр тэд нарыг салгаад БОЭТ-ийн хашаанд байсан Д -н  машинд сууж гэр гэртээ харьсан. Машиныг Д ын эхнэр жолоодсон. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Д , У  нартай уулзаад Б  гэх залуутай эмнэлгийн гадна уулзахад Б-н  нүд хөхөрчихсөн...та нар намайг нийлж зодсон, би эмнэлэгт үзүүлж байна, миний хохирлыг барагдуулж өг гэж хэлсэн. Бид нар тэр залуугаас уучлалт гуйсан. Хохирогч Б  нь Д-тай  зодолдсон. Д  биед нь хохирол учруулсан байх гэж бодож байна. Яг цохиж байгааг нь хараагүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

8. Сэжигтэн Ч.Д ын...Баарнаас 23 цаг 30 минутын үед ганцаараа гараад тамхи татаж байхад Б-н  хүргэн ах гэх залуу хашлагын цаана зогсоод тамхи татаж байхдаа надад хандаж... юу байна пизда минь, ахтайгаа мэндлэхээ больчихсон юм уу гэхээр нь би цаашаа чимээгүй яв гэж хэлэхэд миний хажууд ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Би тэр залуутай зууралдаад зогсож байхад миний араас нуруу хэсэг рүү Б  өшиглөхөд нөгөө зууралдаж байсан Давка гэх залуутай давхаралдаад газар унасан. Б  миний дээр гарч нүүр толгой хэсэг рүү гараараа болон хөлөөрөө цохисон. Тэр үед эхнэр Б  баарнаас гарч ирээд Б ыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан тул хамт бааранд орсон У , Ц  нарыг дуудаж Б ыг надаас салгуулсан. Ц  намайг дагуулж БОЭТ-ийн хашаанд тавьчихсан байсан машины хажууд авч ирсэн ба тамхи татаад гадаа зогсож байхад Б ... хужаагийн хоноцын шээс минь, Ч-тай  чинь чамайг шоронд явуулна, хошногоор чинь утаа саагуулна гэж хэл амаар доромжилсон. Мөн манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр  хэлж доромжилсон. Би БОЭТ-ийн хашааны гадна буюу Шугир баарны харалдаа алхаж очиход Б  урдаас ирж надтай зууралдахад Ц  намайг салгасан. Тэр үед Б  нь Цэндлхагвийн хөмсөг хэсэг рүү гараараа цохиход Ц  бид нар дээр ирж салгаад машинд суулгаад гэртээ харьсан. Тухайн үед миний толгойн ар, зүүн талаар өвдөж байсан. Б-н  нүд рүү Ц  өшиглөсөн эсэхийг, У-г  Б-тай  ойртож байгааг хараагүй болохоор мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нар нь бүлэглэн, согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н Д-г   яасан бэ гэж хэлээд хувцаснаас нь татахад эргэж хараад миний дээд уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар уначихсан. Тэр үед Бамбуу буюу Д-тай  хамт явж байсан танихгүй эрэгтэй залуу миний хамар хэсэг рүү гараа болон хөлөөрөө 2-3 удаа цохисон. Мөн Ц  гэр нэртэй залуу зүүн талын нүд хэсэг рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц , Б.Н, Б.Д нарын мэдүүлэг, хохирогч Д.Б-н эрүүл мэндэд үзлэг хийж, учирсан хохирлыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 661 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нар нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-тай маргалдаж улмаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт, 11-р шүдний паалангийн эмтрэл, хуйх, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, дээд уруул дээд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нар нь бүлэглэн Д.Б-н  эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт, 11-р шүдний паалангийн эмтрэл, хуйх, зүүн хацар, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, дээд уруул дээд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б  нь хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Д, Ц овогт Б-ы У, М овогт Б-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.У  ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.Ц-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарт оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д , Б.У  , Б.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А