Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

   

 

 

 

 

 

 

 

 

 2022         11              11                                    2022/ШЦТ/369

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н холбогдох эрүүгийн 2225005310392 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.А АНУ-аас гар утас оруулж ирж сугалаагаар болон лангуугаар худалддаг хямд гар утсыг бөөнөөр нь  авч байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэж, мөн хүү өвдөөд хагалгаанд орохоор болсон туслаач гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан **** УБК улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зээлсэн мөнгөний барьцаанд тавьсан нэрийдлээр зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4 удаагийн үйлдлээр нийт 17 000 000 төгрөгийг шилжүүлэх авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Н нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч нийт 17 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ч.А  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.А-н Мэндбаярын найз гэж өөрийгөө Н  гэж танилцуулсан залуу ажил дээр ирээд би Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажилладаг, давхар АНУ-аас Iphone маркийн утас байнга оруулж ирээд сугалаагаар болон лангуугаар худалдан борлуулдаг, бизнес ажлынхаа хажуугаар давхар эрхэлдэг гэж ярьсан ба 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажил дээр приус 20 маркийн 3873 убк улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж ирээд энэ машин миний машин байгаа юм, АНУ-аас гар утаснууд ирж байгаа. Олон утас авчихвал их ашиг олох гээд байна, би сарын дотор сугалаа явуулаад утаснуудаа худалдаж дуусна, та надад 10 хувийн хүүтэй 6.500 000 төгрөг өгөөч, би өөрийнхөө унаж ирсэн машиныг барьцаанд нь үлдээгээд яг хугацаанд нь таны мөнгийг өгч машинаа авъя гэж хэлэхээр нь итгэж ээж Р.Дуламсүрэн рүү залгаж Хаан банкны 5090697279 тоот данснаас нь Н-н  5094317309 тоот данс руу 6 500 000 төгрөг шилжүүлсэн. Мөн хэд хоногийн дараа буюу 08 дугаар сарын 31-ний өдөр дахин ажил дээр ирээд надтай хамт хямд хэдэн утас оруулж ирсэн найз маань утас авахгүй гээд би нэмээд утас авчихмаар байна та надад нэмээд 2 500 000 төгрөг өгөөч нэг мөсөн их утас аваад зарах юм бол ашигтай байх гээд байна, таньд дараа нь хямд үнээр утас олж өгнө гэхээр нь мөн итгэж нэмээд 2 500 000 төгрөг дахин ээжийнхээ данснаас Н-н  5094317309 тоот данс руу шилжүүлсэн. 30 хоногийн хугацаатай 10 хувийн хүү өгье гэсэн санал өөрөө хэлсэн ба АНУ-аас оруулж ирж байгаа утаснаасаа хямд олж өгвөл би зээлж болж байна гэхэд асуудалгүй хүүнд нь 1 утас өгнө гэхээр нь зах зээлийн үнээс хямд үнээр хүүхэддээ утас авч өгч юм байна гэж бодсон. Ингээд хугацаа нь ч болоогүй учир ямар нэгэн холбоогүй, барьцаанд нь машин нь байгаа гэж бодоод явж байсан. Үүний дараа 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Н  над руу залгаад ах хаана байна уулзах хэрэгтэй байна, нөгөө утаснуудаасаа нэлээн хэдийг зарсан байгаа одоо том сугалаа явуулах гээд нэг мөсөн олон утастай ашиг ихтэй наймаа хиймээр байна таньд миний машин байгаа юм чинь асуудалгүй ээ, нэмээд надад 4 000 000 төгрөг зээлчих би ломбарднаас хямд утаснууд түүж аваад сугалаандаа оруулах гэсэн юм бас мөнгө хэрэг болоод хямд тавьсан утаснууд ч байгаа тэд нарыгаа аваад нэг мөсөн нэг том сугалаа явуулчихмаар байна гэж хэлсэн. Улмаар би Н д ээжээсээ 4 000 000 төгрөг зээлж дээр дурдагдсан Хаан банкны данснаас нь Н-н  данс руу шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Н  над руу залгаад уулзъя гэхээр нь зээлсэн мөнгөө өгөх гэж байгаа юм байна гэж бодоод гэрийнхээ гадна дуудаад уулзсан чинь ахаа би сугалаагаа удахгүй явуулна, бүх мөнгөөрөө утас авчихсан чинь мөнгөгүй болчихлоо манай хүү өвчин тусаад яаралтай хагалгаанд орох болоод, би мөнгөө утас болгочихсон хямд зарах гэхээр наймаагаа шатах гээд байна эмч миний хүүг яаралтай хагалгаад ор гэж хэлсэн, та дүүдээ ганц туслаач таньд миний машин байгаа юм чинь болохгүй бол та зараад мөнгөө гаргаад авч болно, таниас өөр хандах хүн байхгүй байна, өвчтэй зовлонтой байдлыг минь ойлгоод туслаач гэхээр нь машин чинь ер нь хэний нэр дээр байгаа юм мэдэхгүй, хараагүй ч чамд итгээд мөнгө зээлүүлсэн гэхэд миний нэр дээр байгаа энэ олон утас зарж байхад ганц машингүй байна гэж юу байхав дээ, тэгээд ч хүний машиныг дур мэдэн барьцаанд тавиад таныг болохгүй бол зараад мөнгөө гаргаад юу гэж хэлэх юм бэ? гэж гуйхаар нь би зөвшөөрөлгүй надад мөнгө байхгүй гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл араас байн байн залгаж зурвас илгээгээд та хүүд минь тус болооч дээ, орой болоод өөр хандах хүн байхгүй болчоод байна, таныг би гэрийн чинь гадна хүлээгээд сууж байна гээд байхаар нь өмнө нь хүүхдийг нь харж байсан учраас миний хүүхдээс ялгаа юу байхав, үнэхээр өвдөж зовсон өвчин туссан яаралтай хэрэг болсон юм байна гэж бодоод түүний хэлсэнээр дахин ээжтэйгээ холбогдож хаан банкны данснаас нь Н-н  данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ээждээ өөрөө зээлж хэрэглэх гэж байгаа ойлгуулан, данснаас нь Н-н  данс руу нийт дөрвөн удаагийн үйлдлээр 17 000 000 төгрөг шилжүүлсэн. 1 сарын дараа Н-н  утас руу залгахад утсаа авахгүй байсан ба Дараа нь утсаа авч хүүгийнхээ эмчилгээг хиилгээд утсаа авч чадсангүй, ахаа нэгт сар их асуудалгүй одоо жаахан өвчин зовлон тохиолдоод сугалаагаа явуулж чадаагүй эмнэлгээр яваад байна гэхээр нь дахин 1 сараар сунгасан. Үүнээс хойш 1 сарын дараа Н-н  утас руу залгахад нэг бол утсаа авахгүй эсвэл утсаа унтраагаад надтай холбогдоогүй. Ингээд 2, 3 сарын дараа надтай холбогдож ахаа намайг уучлаарай би таниас зээлсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан, би таньд худлаа хэлсэн юмаа уулзая таньд үнэн учраа хэлье, тэгээд таниас зээлсэн мөнгөө цувуулаад төлье гээд надтай гэрийнхээ гадна буюу Сансар худалдааны төвийн хажуу талд болох ТОСК-ны шинээс баригдсан байрны гадаа уулзсан. Би Н тай уулзаад танай гэрт орж эхнэр хүүхэдтэй чинь уулзна гэхэд ахаа би таньд худлаа хэлсэн юм нэг сарын дотор өөрөө гялс зохицуулаад таны мөнгийг олоод өгчихнө гээд цаасан дээр бичсэн график шиг зүйл гаргаж ирээд надад харуулж би зургийг нь дарж авсан. Би тэрнээс миний мөнгийг юунд зарцуулсан бэ? гэхэд дүү нь мөрийтэй тоглоом тоглоод алдсан юм аа гэж хариулсан. Ингээд цаасан дээр бичсэн графикынх нь дагуу мөнгөө авахааар тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч мөнгө өгөлгүй дараа сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөг, тэрний дараа сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөг өгье ахаа битгий цагдаад өгөөрэй амьдрал салах гээд байна дүү нь зохицуулна гэж худал хэлснээр 1 жилийн нүүр үзэх гэж байна. Н-н  утас сүүлийн 2 сар орчим холбогдоогүй, Мөн Цагаанчулуут багт байдаг Аз хотхоноор очиж Н  гэдэг эрэгтэйг хаана амьдардаг юм бол гэж сураглахад тийм хүн олдоогүй. Энэ оны 07 дугаар сард Н-н  эхнэр Э  гэх эмэгтэйтэй Enkhlen Tuwdendorj гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас холбогдоход Н-с салаад 5-6 сар болж байна, цаадах чинь ажлаасаа гараад одоо хаана байгааг нь мэдэхгүй, би Завхан аймагт байна, Аз хотхоны гэрт хүн байхгүй, ээж нь өөр хүмүүст түрээслүүлсэн гэсэн, одоо гэрт өөр хүмүүс амьдарч гээд надад гэрийнхээ хаягийг хэлээгүй ба би тэр эмэгтэйд Н надаас приус 20 маркийн **** убк улсын дугаартай машиныг барьцаалж мөнгө авсан талаар хэлэхэд таньд Н худлаа ярьсан байна, нэг ч утасны наймаа хийж байгаагүй, АНУ-аас тэгж утас оруулж ирж байгаагүй, манайх нэг хүүхэдтэй, хүү минь 5 билүү 6 настай гэж хэлж байсан ба нэг ч удаа хүндээр өвдөж хагалгаад орж мөнгөний яаралтай хэрэг гарах хүртэл эмчилгээ хийлгэж өвдөж байгаагүй гэж хэлсэн.10 дугаар сарын 25-ны өдөр надаас зээлсэн 17 000 000 төгрөгөө бэлнээр надад авчирч өгсөн. Бид хоёр мөнгө өгөлцөж авахдаа цаасан дээр гараар бичиг хийж тэмдэглэл үйлдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18, 37-р тал/

2. Гэрч Г.Б-н Би эхээс хоёулаа, Г.Н бол миний төрсөн ах байгаа юм. Г.Н ах 2012 онд оюутан болоод Улаанбаатар хот руу сурахаар явсан. Орхон аймагт 2020 онд ирээд 1 жил гаран Дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад Улаанбаатар хот руу явсан. Үүнээс хойш ах Г.Н Улаанбаатар, Орхон аймаг хоёрын хооронд ирж очин явдаг болсон. 2013 оноос хойш мөрийтэй тоглоом тоглоод бага сага зүйл алддаг болсон. Мөрийтэй тоглоомноос нь гаргах гэж манай гэр бүл хичээсэн боловч үгэнд орохгүй одоог хүртэл мөрийтэй тоглоомоо тоглоод байгаа. Эхнэр Э гээсээ 2022 оны 01 дүгээр сард хоёр тийшээ болоод салсан санагдаж байна. Сүүлд одоогоос 2 сар орчмын өмнө Г.Н ээжийнд ирээд  ганц хоёр хоночихоод яваад өгсөн. Улаанбаатар хотод хаана амьдарч байгаа болон ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй. 95356464 дугаарын утсан дээр байдаг. Ихэвчлэн холбогдох боломжгүй байдаг. Ээжтэй утсаар ярьдаг байж магадгүй. Надтай бол ярьдаггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р тал/,

3. Гэрч Б.О-н Г.Н миний том хүү байгаа юм. 2013 оноос хойш Г.Н мөрийтэй тоглоом тоглоод байхаар нь болиулах гэж Улаанбаатар хотоос Орхон аймаг руу гэрт нь хэд хэдэн удаа авчирсан. Г.Н нь 2020 онд Дулааны цахилгаан станцад 1 жил гаран ажиллаж байгаад эхнэр хүүхдээсээ салаад хжлаа хаяж Улаанбаатар хот руу явсан. 2022 оны 08 дугаар сарын эхээр гэртээ ирж 2 хоночихоод буцаад Улаанбаатар хот руу явсан. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнхөө 95356464 дугаарын утаснаас надтай миний хүүхэд яаж байна гэж асууж утсаар ярьсан. Үүнээс хойш надтай холбогдоогүй утас нь холбогдохгүй байгаа. Г.Ням-Очиртой өөр холбогдох утасны дугаар байхгүй. Гэр бүлийнхэндээ Улаанбаатар хотод хаана хэнтэй амьдарч байгаа болон ямар ажил хийж байгаа талаараа огт хэлдэггүй. Сүүлийн 1 жил орчим Улаанбаатар хотод амьдарч байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-р тал/

4. Гэрч Р.Д-н “Хаан банкны 5090697279 тоот данс миний эзэмшлийн данс байгаа юм. Миний хүү Ч.А  2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6 500 000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2 500 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг Хаан банкны 5094317309 тоот данс руу миний данснаас мөнгө шилжүүлчих л гэж хэлсэн. Ямар хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй. Миний данснаас Хаан банкны 5094317309 тоот данс руу шилжүүлсэн 17 000 000 төгрөг бол миний хүү Ч.А-н мөнгө байгаа юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р тал/

5. Гэрч Б.М-н “Би Н ахын үеэл дүү байгаа юм. Манай ах Эрдэнэтэд ээж хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэж сонсож байгаагүй. Энэ анх удаагийнх байх. Уг нь их гоё ааштай, хүмүүстэй нийтэч, биеэ зөв боловсон авч явдаг. Хэрэгт холбогдсонд нь гайхаж байна. Мөн тамхи болон архи тамхи огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р тал/

6. Гэрч Ш.Д-н “Би Г.Н болон түүний төрсөн дүү Б  найзууд. Найзлаад 2 жил гаран болж байна. Миний найз Н нь даруухан үг дуу цөөнтэй. Хүмүүстэй маргаан үүсгэдэггүй. Тамхи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Олон хүмүүсийн дунд биеэ авч явах чадвар сайн. Найз нөхөддөө байнга тусалдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-р тал/

7. Гэрч Э.Б-ий “2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.Н нь “Инвескор” ББСБ-аас 9 300 000 төгрөгөөр 36 сарын хугацаатай автомашины зээлээр **** УБК улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийг авсан. Үүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 12-ноос 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 423 000 төгрөгөөр нийт 6 удаагийн төлөлт “Инвескор” ББСБ-д хийсэн. Одоо 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Инвескор ББСБ-д Г.Н нь нийт 10 648 155 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 51-51-р тал/

8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, **** УБК дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, “Инвескор” ББСБ ХК-ий 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн В16021061203 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, автомашины нэр буцаан шилжүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 308 дугаартай албан бичиг. /хх-ийн 67-84-р тал/

9. Г.Н-с Ч.А 17 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай баримт /хх-ийн 86-р тал/

10. Г.Н-н Хаан банкны 5094317309 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 89-91-р тал/

11. Г.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 122-р тал/,

12. Б.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 123-р тал/,

13. Г.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126-р тал/

14. Яллагдагч Г.Н-н Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би А  гэдэг хүнээс 2021 онд нийт 17 000 000 төгрөг зээлэхдээ интернэтээр болон лангуун дээрээс гар утас хямд үнээр худалдан аваад сугалаанд оруулж мөнгөө өсгөж ашиг олдог, гар утас авахын туол мөнгө хэрэгтэй байна та оронд нь миний **** УБК улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд нь авч байгаач гэж хэлж авсан. Дараа нь А  гэдэг хүнийг мөнгөө авъя гэж нэхэх үед нь хүүхэд өвдсөн байгаа, ажлаасаа гарчихсан мөнгөний боломжгүй байна, хөдөө байгаа малаа борлуулах хэрэгтэй байна, сар бүрийн 1-ний өдөр таны мөнгийг цувуулаад өгье гэж хэлж байсан. Би урьд өмнө нь гар утас интернетээр болон лангуун дээрээс худалдан авч мөнгө нэмж бусдад борлуулж байгаагүй, А  гэдэг хүнийг өөртөө итгүүлж мөнгө нэмж зээлж авахын тулд тэгэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Н нь иргэн Ч.А-с АНУ-аас гар утас оруулж ирж сугалаагаар болон лангуугаар худалддаг хямд гар утсыг бөөнөөр нь  авч байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэж, мөн хүү өвдөөд хагалгаанд орохоор болсон туслаач гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан **** УБК улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зээлсэн мөнгөний барьцаанд тавьсан нэрийдлээр зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 17 000 000 төгрөгийг шилжүүлэх авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Н-н мэдүүлэг, болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд Г.Н-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй болно гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Ч.А-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Г.Н-н Хаан банкны 5094317309 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Инвескор ББСБ-ын зээлийн гэрээний хуулбар, “Инвескор” ББСБ-аас ирүүлсэн албан бичиг автомашины нэр буцаан шилжүүлэх тухай албан бичиг, **** УБК дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг, хохирогч Ч.А-н “...Би тэрнээс миний мөнгийг юунд зарцуулсан бэ? гэхэд дүү нь мөрийтэй тоглоом тоглоод алдсан юм аа гэж хариулсан. Ингээд цаасан дээр бичсэн графикынх нь дагуу мөнгөө авахааар тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч мөнгө өгөлгүй дараа сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөг, тэрний дараа сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөг өгье ахаа битгий цагдаад өгөөрэй амьдрал салах гээд байна дүү нь зохицуулна гэж худал хэлснээр 1 жилийн нүүр үзэх гэж байна. Г.Н 10 дугаар сарын 25-ны өдөр надаас зээлсэн 17 000 000 төгрөгөө бэлнээр надад авчирч өгсөн. Бид хоёр мөнгө өгөлцөж авахдаа цаасан дээр гараар бичиг хийж тэмдэглэл үйлдсэн” гэх мэдүүлэг, гэрчзздийн мэдүүлэг, Г.Н-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Н нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Ч.А-с АНУ-аас гар утас оруулж ирж сугалаагаар болон лангуугаар худалддаг хямд гар утсыг бөөнөөр нь  авч байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэж, мөн хүү өвдөөд хагалгаанд орохоор болсон туслаач гэх зэргээр итгэл төрүүлэн хуурч, Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан **** УБК улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг барьцаалах нэрийдлээр 4 удаагийн үйлдлээр нийт 17 000 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 4 удаагийн үргэлжилсэн шууд санаатай үйлдлээр нийт 17 000 000 төгрөгийг бусдаас авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Улсын яллагч, шүүгдэгч нараас торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал хүсэлт гаргаагүй болно.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А 17 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  Б овгийн Г-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А