Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/972

 

Б.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жавхлантөгс,

шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Л.Ган-Очир,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлоор Б.Лд холбогдох 1809054870354 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Бын Л, 1977 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Зойс гуард” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 байрны 169 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шинэ дөл” цогцолбор, 996 байрны 803 тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

            Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байранд хохирогч О.Мтай ажил хэргийн маргаанаас болж маргалдан улмаар хоёр биенээ заамдах үед түлхэж унагаасны улмаас түүний “биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шаант доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан нотлох баримтыг буруугаар үнэлсэн. Үүнд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл О.М /хх 5/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл О.М /хх 7-9/, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл О.М /хх 10-11/, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл О.М /хх 12/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл Б.Л /хх 14-15/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл Б.Уранбат /хх 16-17/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл Э.Шүрэнцэцэг /хх 22-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл Б.Л /хх 86-88/, гэрч Б.Уранбатаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 102/ тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хохирогчид ашигтайгаар үнэлсэн дээрх баримтууд болон шүүхийн шатанд гэрч Б.Уранбат болон хохирогч О.М нарын мэдүүлэг зэргээр хохирогч О.Мн биед зүүн шаант, тахилзуур ясны доод булууны ташуу бага зэрэг зөрүүтэй далд хугарал, шаант шагайн үений мултарал гэмтэл нь унаж гэмтсэнг нотолж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-дүгээр зүйл ангиар яллаж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нотлох баримтыг буруугаар үнэлж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг тус шүүхийн шийдвэр нь зөрчсөн нь гэрч нарын мэдүүлэгт хохирогч О.М нь үүдний хаалга руу харсан байдалтай зогсож байсан ба унахдаа хойшоо биш шүүгдэгч Б.Лын дээгүүр давж ард талд нь унасныг нотолдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол ,хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасныг яллах дүгнэлтэд “яллагдагч Б.Л нь хохирогч О.Мг түлхсэний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь хохирогч О.М, гэрч Б.Уранбат, Н.Шинэбилэг, Т.Дүүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байх” гэж дурдсан нь шүүхийн шатанд гэрч Б.Уранбат, хохирогч О.М нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт” шүүгдэгч Б.Л нь хохирогч О.Мн үйлдэлд түүний эрүүл мэндийн эсрэг хор уршиг учруулах зорилгоор идэвхтэй үйлдэл хийгээгүй гэдгийг хохирогчийн удаа дараагийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Л, Б.Уранбат нарын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нь хохирогч О.Мг түлхсэн биш шүүгдэгч Б.Л нь өөрийгөө хамгаалах зорилгоор биеэ хагас эргүүлэхэд хохирогч О.М шүүх хурлын танхимд биечлэн үзүүлсэн үйлдэл, мэдүүлгээс харахад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон байна. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ түлхэсний улмаас хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үйлдсэн байдаг. Хохирогч намайг түлхсэн гэх талаар ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй бөгөөд тухайн мэдүүлгийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иймд дээрх хууль зөрчсөн болон эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/685 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Т.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Уранбат, Шинэбилэг, Дүүрэн, хохирогч М нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад хүсэлтийг нь шүүх хангаагүй орхисон. Туршилт хийлгэх санал гаргасан боловч шүүх бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шаардлагагүй гэж үзсэн. Гэрч Дүүрэн, Шинэбилэг, Уранбат нар мэдүүлгээр хоёр эр хүн маргалдаж, хүчин зүйлийн үйлчлэлээр нэгнийгээ түлхэж унагаасан нөхцөл байдаг. Энэ талаар М маргадаггүй. Б.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн гэдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны байранд хохирогч О.Мтай ажил хэргийн маргаанаас болж маргалдан, улмаар хоёр биенээ заамдах үед түүнийг түлхэж унагаасны улмаас хохирогчийн “биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шаант доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Мн “...2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын байранд ... үүрийн дарга нартай уулзаж 21 дүгээр үүрийн дарга Лтай уулзах үед Л нь нилээн бухимдалтай ... орж ирсэн бөгөөд ... бид нар луу дайрсан. ...”Та нартай үзнэ тэмцэнэ” гэхээр нь “чи дандаа намын эсрэг юм ярьж байх юм, тэмцэхээр бол тэмцдэг, явдаг журмаараа яв” гээд яриагаа өндөрлөх гэтэл Л цээжээ төвхийлгөж ирээд намайг цохих гэж дайрч босож ирэхээр нь цохиж магадгүй гээд хоёр суган доогуур нь гараа хийж тэвэрч аваад “хөгшөөн одоо хэрэггүй” гэхэд “чамайг ална” гэж амандаа үглээд намайг өөрөөсөө холдуулж түлхтэл би хойшоо саван хаалга мөргөж унасан. Босох гэтэл босож чадахгүй хөлөө хартал зүүн хөл шагай хэсгээрээ хойшоо эргэсэн байсан. ...” /хх 7-12/,

гэрч Б.Уранбатын “...2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр намын хорооны үүрийн дарга нарыг дуудаж өрөөндөө нэг нэгээр нь ганцаарчилж уулзаж байсан. ...Л нь Мн захнаас нь зуурч хоолойг нь бооход М Лыг тэвэрч авсан. Тэгэхээр нь би Лын гарыг тавиулах санаатай зүүн гарнаас нь татахад зүүн гараа тавиад баруун гараараа Мг шууд түлхчихсэн. Тэгтэл М хойшоогоо хаалга савж ... унасныхаа дараа “хөл эвгүй болчихлоо, шагай мултарчихлаа” гэж хэлсэн. ...” /хх 16-17, 102/,

гэрч Н.Шинэбилэгийн “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байгаад дүүргийн намын хорооны нягтлан бодогч, улс төрийн ажилтан Уранбатаас юм авах гэж яваад өдөр намын хорооны байранд орсон. ...Гурван давхарт байдаг намын хорооны дэд дарга Мн өрөөнөөс чанга дуу гарч, нэг хүн уурлаж бухимдаад байгаа өнгө аястай чимээ гараад байсан. Ингээд бид тухайн өрөөний хаалгаар шагайн харах үед намын хорооны дэд дарга М шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Л нь хувцсаа зассан байдалтай “чи намайг тэгж бодоод байхгүй юу” гэж байсан. Тэгээд М дээшээ босох гэсэн босож чадаагүй, тэгтэл өрөөнд байсан Уранбат эгч хөл чинь хугарчихсан юм биш үү гэхэд М буцаад шалан дээр суучихсан. ...” гэж хэлсэн. ...” /хх 12/,

гэрч Т.Дүүрэнгийн “...Тухайн өдөр дүүргийн намын ажилтан дүүргийн үүрийн дарга нарыг ирж уулзалттай ирээрэй гэж хэлсэн. Намайг очих үед дүүргийн намын хорооны дэд дарга М үүргийн дарга нарыг ээлж, ээлжээр хүлээн авч уулзаж байсан. Миний өмнө Л орсон бөгөөд Лыг гарахыг хүлээгээд даргын өрөөний хажуу талын өрөөнд сууж байсан. Тэгтэл төд удалгүй Л, М хоёрын дуу өндөрсөж эхэлсэн бөгөөд дүүргийн намын ажилтан Уранбат “болиочээ” гэж байсан. Удалгүй тэдний өрөөний хаалгыг нэг зүйл цохих шиг болохоор нь явж очоод хаалгыг нь онгойлгох үед М хаалганы хажууд газар уначихсан байсан. Тэгээд хаалгыг нь түлхэж байгаад дотогшоо орох үед Мн зүүн хөл нь шагай хэсгээрээ гадагшаа эргэчихсэн байсан. ...” /хх 20-21/,

гэрч Э.Шүрэнцэцэгийн “...Би тухайн өдөр ... Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын байрны гадаа ирээд манай нөхөр тухайн газар руу орсон. Би машиндаа суугаад үлдсэн ба ойролцоогоор 10 орчим минутын дараа Б.Л нэг хүнийг түшчихсэн гарч ирээд нэг машинд суулгаж өгсөн. Тэгээд өөрөө машиндаа ирж суугаад энэ хүн хөлөө хий гишгэчихлээ хамт гэмтлийн эмнэлэг явъя гээд сугадаж гаргаж ирсэн хүний суусан машины араас дагаж яваад гэмтлийн эмнэлэгт очсон. ...Хөл нь хугарсан гэх хүн шинжилгээгээ өгч ... дуусаад савхан яс нь гэмтсэн байна гээд хөлийг гипсдэж өгсөн. ...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 55 дугаартай “...О.Мн биед зүүн тахилзуур ясны доод булуу болон зүүн шанаат ясны доод булууны ташуу, сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. ...” /хх 25/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 511 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Дахин шинжилгээг хийхдээ үзүүлэгч О.Мг өөрийн биеэр болон ирүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргав. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №55 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. О.Мн биед зүүн шаант, тахилзуур ясны доод булууны ташуу, бага зэрэг зөрүүтэй далд хугарал, шаант шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар О.Мн зүүн хөлийн шөрмөс тасарсан гэх гэмтэл тогтоогдохгүй байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /хх 98-99/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Лд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Лыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт” шүүгдэгч Б.Л нь хохирогч О.Мн үйлдэлд түүний эрүүл мэндийн эсрэг хор уршиг учруулах зорилгоор идэвхтэй үйлдэл хийгээгүй. ...Хохирогч О.Мг түлхсэн биш шүүгдэгч Б.Л нь өөрийгөө хамгаалах зорилгоор биеэ хагас эргүүлэхэд хохирогч О.М шүүх хурлын танхимд биечлэн үзүүлсэн үйлдэл, мэдүүлгээс харахад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Б.Уранбат /хх 16-17, 102/, Н.Шинэбилэг /хх 12/, Т.Дүүрэн /хх 20-21/ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 55, 511 дугаартай дүгнэлт/хх 25, 98-99/-ээс үзэхэд шүүгдэгч Б.Лын санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Мн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн аргагүй хамгаалалт нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй ба аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо, халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын авагдсан хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд хохирогч О.М нь шүүгдэгч Б.Лын амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийсэн нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Лын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан ялын хэмжээгээр торгох ял оногдуулсан нь гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон байна.

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ