Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0588

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0588

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: БХЯ,

Хариуцагч: ЗХЖШ

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ЗХЖШ-аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг БХЯ болон ЗХЖШ-т тус тус даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Б.М нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 6 жил ажилласан цэргийн бэлтгэл ахлагч юм. /Цэргийн албанд 6 жил ажилласан болох нь хэрэгт авагдсан ЗХЖШ-ын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгээр нотлогдоно/

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна” гэж заасан ба мөн зүйлийн 3-т “нэг удаагийн тэтгэмж", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч” цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй хэмээн тус тус хуульчлан заасан. Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар “биеийн эрүүл мэндийн шалтгаан”-аар цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын сүүлчээр Батлан хамгаалах яамд хандан гаргасан. /Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас шуудангаар хүсэлтийг хүргүүлсэн/

Гэтэл БХЯ-ны зүгээс цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, хариу ирүүлээгүй бөгөөд зөвхөн ЗХЖШ-ын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичигт гаргасан гомдлын хариуг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл БХЯ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллагын 21.2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэж заасныг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 8 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 7-д заасан бичиг баримтыг хүлээн аваад тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт тусган олгох ажлыг зохион байгуулна” гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Б.М-ийн зүгээс цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг ЗХЖШ-т гаргасан бөгөөд ЗХЖШ-ын зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгийг ирүүлсэн ба тус албан бичигт: “... “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх хэсэгт, "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно... гэж тус тус заасан. Бэлтгэл ахлагч Б.М та Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан байна. Иймд холбогдох хуулийн зүйл, заалтыг хангахгүй байгаа тул танд нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье " хэмээн дурдаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан нэг удаагийн тэтгэмж олгохоос хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан.

Учир нь “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх заалт нь “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх бүхий цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг зохицуулсан” зохицуулалт юм. Гэтэл ЗХЖШ-ын зүгээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг тус тус буруу тайлбарлаж, нэг удаагийн тэтгэмж олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Тухайлбал, Б.М нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасны дагуу зөвхөн нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг гаргасан болохоос биш “Цэргийн алба хаагчид нэг удаагийн Тэтгэмж олгох журам”-ын 4 дүгээр зүйлд заасан “тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох хүсэлтийг гаргаагүй болно.

Нөгөөтээгүүр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан атал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны №38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”

-ыг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “цэргийн албанд ажилласан жилийн талаарх хязгаарлалт"-ыг тогтоогоогүй бөгөөд цэргийн албан хаагч эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан тохиолдолд хуульд заасан тэтгэмж авах эрхтэй юм

Гэтэл ЗХЖШ нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөрчиж, нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн тул тус хариуг эс зөвшөөрч БХЯ-д гомдол гаргасан.

БХЯ-ны зүгээс Б.М-ээс гаргасан гомдлын хариуг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон ирүүлсэн бөгөөд нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй талаар тус албан бичигт дурдсан боловч БХЯ-ны сайдаас холбогдох төсвийн хөрөнгийг төсвийн төвлөрүүлэн захирагч ЗХЖШ-т шилжүүлсэн талаар тус албан бичигт дурдаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс БХЯ-ны сайд холбогдох төсвийн хөрөнгийг төсвийн төвлөрүүлэн захирагч ЗХЖШ-т шилжүүлсэн эсэх үйл баримтыг мэдэх боломжгүй бөгөөд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллагад харьяалуулан хуульчилсан атал ЗХЖШ-т холбогдох төсвийн хөрөнгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж, цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг төрийн 2 байгууллага шийдвэрлэхээс зайлсхийсээр байна.

Иймд Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг болон ЗХЖШ-аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг БХЯ болон ЗХЖШ-т тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэгч Б.М нь цэргийн албанд 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тогтвортой 6 жил ажилласан. ЗХЖШ-аас ирүүлсэн хариу тайлбар архивын лавлагаагаар ажилласан жил нь тогтоогдож байгаа. Мөн чөлөөлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл биеийн эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна”, 3/-д “нэг удаагийн тэтгэмж”, 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 1/-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч” гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлд “Нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол”, 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлд “Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 21 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага”, 21 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэж тус тус заасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт нэг удаагийн тэтгэмж авах өргөдлөө бичгээр гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан. Тухайлбал Б.М нь 10 жил ажиллаагүй учраас нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй, 10 ааш доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэсэн хариуг ирүүлсэн. Мөн Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 4 дэх заалтыг иш татсан байдаг. Тус журмын 4-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас буруу тайлбарлан нэг удаагийн тэтгэмж олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх журмын зохицуулалт нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох эрх бүхий иргэнд тэтгэмжийг олгохдоо дараах шаардлагыг баримтлаад хувь тэнцүүлэн олгоно гэсэн зохицуулалт юм. Нэхэмжлэгч Б.М-ийн тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэхгүй. Энэ тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд зааснаар 18 сарын дундаж цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхийг олгосон.

Хариуцагчийн хариу тайлбарт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дурдсан байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн. Б.М******* нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Батлан хамгаалах яаманд Зэвсэгт хүчний жанжин штабын тус хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэж дээд шатны байгууллага, албан тушаалтан гэдэг байдлаар хандсан. Хариуцагч БХЯ-ны хариу тайлбарт төсвийг харьяа агентлаг болох ЗХЖШ-т шилжүүлсэн гэж дурддаг. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дотооддоо холбогдох ажилтанд шилжүүлээд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөө огноолсон хариуг БХЯ-аас өгсөн. Хариу өгөхдөө дээд шатны байгууллага, албан тушаалтанд ханд гэдэг байдлаар тэтгэмж олгохоос татгалзаж эс үйлдэхүй гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин 1 удаагийн тэтгэмж хүссэн өргөдлийг БХЯ-нд гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хууль зөрчсөн асуудал байхгүй.

БХЯ-ны хариу тайлбарт Б.М-д нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг хариуцагч БХЯ-ны зүгээс хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн. БХЯ-ны зүгээс төсвийн хөрөнгийг шилжүүлсэн учраас БХЯ-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. БХЯ-нд нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг хуульчлан заасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БХЯ-ны зүгээс ЗХЖШ-т төсвийн хөрөнгийг шилжүүлсэн гэсэн хариу тайлбарыг өгсөн. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон журамд зааснаар төрийн захиргааны төв байгууллагад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. БХЯ нь дээрх үндэслэлээр нэг удаагийн тэтгэмж олгохоос эс үйлдэхүй гарган татгалзсан. ЗХЖШ нь хууль болон журамд заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан эс үйлдэхүй гаргасан. Уг эс үйлдэхүй нь хууль бус учраас хууль бус болохыг тогтоож, Б.М-д тэтгэмж олгохыг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.М-д тэтгэмж, олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.” гэж заасан нь тухайн тэтгэмжийг олгох байгууллагатай холбоотой нийтлэг зохицуулалт болно.

 Цэргийн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хөрөнгө Батлан хамгаалахын сайдын жил бүрийн төсвийн багцад туссан байдаг ба Төсвийн тухай хуулийн 4.1.36-д “Төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор заасан ба Төсвийн тухай хуулийн 14.1.8-д “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн захирагч" байхаар заасан.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасны дагуу Батлан хамгаалахын сайдаас Төсвийн төвлөрүүлэгч захирагч болох ЗХЖШ-т холбогдох төсвийн эрхийг шилжүүлэн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангадаг.

Нөгөө талаар ЗХЖШ нь БХЯ-ны харьяа агентлаг болохын хувьд Монгол Улсын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах", "7.1.3. төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах”, “7.1.4. агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах” зэрэг нийтлэг асуудлыг эрхэлсэн гүйцэтгэхээр хуульчилсан байна.

Бодит байдал дээр цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо Батлан хамгаалахын сайдаас холбогдох төсвийн хөрөнгийг төсвийн төвлөрүүлэн захирагч болох ЗХЖШ-т шилжүүлж, ЗХЖШ нь харьяа цэргийн анги, нэгжүүдэд холбогдох төсвийг хуваарилан олгох гэсэн дарааллын хүрээнд тэтгэмжийг олгож байна.

Өөрөөр хэлбэл Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо холбогдох агентлаг, харьяа аж ахуйн нэгж, байгууллагаараа дамжуулан олгож байгаа юм.

Хуульд тэтгэвэр тэтгэмжийг БХЯ олгоно гэж заасан байгаа боловч Батлан хамгаалах сайдын тушаал гаргаж агентлагийн даргад төсвийн эрхийг олгох замаар тухайн албан хаагчид тэтгэмжийг олгодог зохицуулалт үйлчилдэг. Үүнийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нарийвчлан үзэж шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл Агентлагийн шийдвэрлэх асуудлыг БХЯ шийдвэрлэхгүй. БХЯ нь Засгийн газрын тухай хуулийн дагуу төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд бодлогын түвшинд шийдвэр гаргадаг. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг БХЯ шийдвэрлэдэггүй. Нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг харьяа агентлагтаа төсвийг шилжүүлж шийдвэрлүүлдэг. Иймд нэг удаагийн тэтгэмжийг БХЯ-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч ЗХЖШ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Бэлтгэл ахлагч Б.М нь 2014-2015 онд Батлан хамгаалахын их Сургуулийн Ахлагчийн сургуулийг цэргийн цагдаагийн мэргэжлээр төгсөж, ЗХЖШ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/298 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргийн цагдаагийн зохицуулагчаар", мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолоочоор", мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний 150 дугаар ангид жолооч-зохицуулагчаар” тус тус томилогдож, улмаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар “Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын 2020 оны 38 дугаар магадалгаагаар цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцэхгүй тухай дүгнэлт гарсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн жолооч-зохицуулагч ахлагч Б.М-г 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ахлагчийн алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтад заасны дагуу сонсох ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын мэргэжилтэн сургагч ахлагч Б.Г утсаар Б.М-тэй холбоо барьж, сонсох ажиллагааг явуулахад эрүүл мэндээр чөлөөлөгдөх шийдвэрийг зөвшөөрч, харин нэг удаагийн тэтгэмжийн асуудлын талаар хэд хэдэн удаа сургагч ахлагч Б.Г, хуулийн зөвлөх ахмад А.Э нартай ярьсан бөгөөд олгох боломжгүй талаар тухайн үед мэдэгдэж байсан.

Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар уламжлуулан ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргад өргөдөл гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, бүртгэсэн. Түүний өргөдлийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох үндэслэлгүй тухай хариуг “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 25-44 тоот”-ын хаягаар бэлтгэл ахлагч Б.М-д хүргүүлсэн.

Б.М-г цэргийн жинхэнэ албанаас чөлөөлсөн, мөн түүний гаргасан өргөдлийн хариуг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн болно.

Б.М нь цэргийн жинхэнэ албанд 2014 онд элсэн орсон бөгөөд 2020 онд чөлөөлөгдсөн нь архивын лавлагаагаар тогтоогдож байгаа тул түүнийг цэргийн албыг 6 жил хаасан талаар хариуцагчийн зүгээс маргах асуудал байхгүй.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “... биеийн эрүүл мэндээр халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагч эрүүл мэндээр халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.27 дахь хэсэгт “энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу цэргийн албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдөж байгаа цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмжийг олгоно.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 38 дугаар тогтоолоор “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баталсан. (legalinfo.mn/law/details/2619?lawid=2619)

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ын 4-т Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно" гэж заасан нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай хамтад нь хэрэглэнэ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тохиолдолд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох авах эрх”-ийг шууд заасан хэдий ч энэхүү заалтыг хууль тогтоогч цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газар тогтоохоор хуульчлан тогтоосон.

Засгийн газар нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг нарийвчлан зохицуулахдаа орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдсан тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохоор зохицуулж, баталсан.

Өөрөөр хэлбэл, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, биеийн эрүүл мэндээр, нас хэтэрч халагдах, чөлөөлөгдөж байгаа хүнд олгох нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 10-аас доошгүй жил алба хаасан байх гэсэн хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан олгохоор зохицуулсан тул Б.М нь 6 жил цэргийн алба хаасан ба түүнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмжийг олгох эрх зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Б.М нь ЗХЖШ-т 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөдөл гаргаж, түүний хариуг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр өгсөн байхад 2021 оны 05 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах эрх зүйн зохицуулалтыг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус зөрчиж, нэхэмжлэл гаргасан байна.

Б.М нь ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариуг гардан авснаар, эсхүл тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд, эсхүл БХЯ, ТАЗ-д тус тус гомдол гаргаж болох байсан ч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иргэн Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ЗХЖШ-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ЗХЖШ-ын гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх тус шүүхэд хандан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан БХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу Б.М-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг БХЯ-нд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг БХЯ-нд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ЗХЖШ-аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг БХЯ болон ЗХЖШ-т тус тус даалгах” хэмээн нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-т “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” хэмээн,

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т Монгол Улсын “төрийн цэргийн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб” Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ хэмээн,

Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д Зэвсэгт хүчний Жанжин штаб нь “төсөв, хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах” бүрэн эрхтэй хэмээн,

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “ 4.1. Агентлаг нь үйл ажиллагаандаа ... үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана”, 7 дугаар зүйлийн 7.1.6-д “салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх” хэмээн тус тус заасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.М нь эрүүл мэндийн шалтгаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон” цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэст хандан “нэг удаагийн тэтгэмж авах” хүсэлтийг гаргасныг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр “...та Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан байна. Иймд холбогдох хуулийн зүйл, заалтыг хангахгүй байгаа тул таньд нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье” хэмээн хуулийг буруу тайлбарлан татгалзаж шийдвэрлэснийг бид эс зөвшөөрч БХЯ-нд хандан гомдол гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй” хэмээн тодорхойлж маргаж байна.

3. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан болон хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, түүнд хавсаргасан холбогдох бусад нотлох баримтаар:

тус улсад төрийн цэргийн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хэрэгжүүлдэг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дах заалт болон Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалтад тус тус зааснаар Зэвсэгт хүчний Жанжин штаб нь салбарынхаа хүний нөөцийн нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ бие даан авч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болох нь,

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Батлан хамгаалахын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “2021 оны төсвийн хуваарь батлах тухай” А/17 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний Жанжин штабын төсвийн хуваарь”-ийг батлан, батлагдсан төсвийг зориулалтын дагуу, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахыг харьяа төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч нарт үүрэг болгосон болох нь,

Нэхэмжлэгч Б.М нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар “эрүүл мэндийн шалтгаанаар...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон” цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн. Улмаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчаар уламжлуулан 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтэст хандан “нэг удаагийн тэтгэмж авах” хүсэлтийг гаргасан. ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр “...та Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан байна. Иймд холбогдох хуулийн зүйл, заалтыг хангахгүй байгаа тул таньд нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдье” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэртэй холбогдуулан Б.М-ээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээд болох ЗХЖШ-ын даргад хандан гомдол гаргаагүй болох нь,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ БХЯ-ыг хариуцагчаар тодорхойлсон байх хэдий ч тухайн маргаан бүхий үйл баримтын хүрээнд БХЯ-ны зүгээс нэхэмжлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Батлан хамгаалахын сайдад хандан гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж, тухайн асуудлаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд нь хандахыг мэдэгдсэн хариуг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 16/2001 дүгээр албан бичгээр хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаар хариуцагч Батлан хамгаалахын яам нь маргаан бүхий үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон зөрчсөн ямар нэгэн захиргааны актыг гаргаагүй.

Өөрийнх нь субьектив эрхийг зөрсөн гэх ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичигтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэн мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан этгээд болох ЗХЖШ-ын даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” хэмээн, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад... тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” хэмээн заасан тул шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын БХЯ-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ЗХЖШ-т холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсний үндсэн дээр тухайн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд дахин хандан нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.М-ээс БХЯ-нд холбогдуулан гаргасан “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй БХЯ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг БХЯ-нд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М-ээс ЗХЖШ-т холбогдуулан гаргасан “ЗХЖШ-аас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №16/305 тоот албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг ЗХЖШ-т даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М