Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 159/2024/0069/З |
Дугаар | 221/МА2024/0680 |
Огноо | 2024-10-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0680
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын
ИХНХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд: Н.А
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.А-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х
Гуравдагч этгээд Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 159/2024/0069/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хорооноос “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.А-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах”-аар маргасан байна.
2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИХНХ-ны “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.А-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүхээс “...Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь хуулийн этгээд бүртгэлгүй хэдий ч ... хуулийн этгээдийн бүхий л үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлдэг байна. ... Х.А-ын хувьд “М” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд ашиг сонирхлын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, тус газраас ашиг сонирхлын зөрчил үүсээгүй талаар албан бичгийг “М” ТӨХК-д хүргүүлснээр уг албан тушаалд томилогдсон байна. ... сонгуулийн хуульд зааснаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэр дэвшигч Н.А намайг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Н овогтой А миний бие МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвших хүсэлтээ Сэлэнгэ аймгийн МАН-ын хороонд өгч, намын хорооноос Н.А надад нэр дэвшигчийн үнэмлэх олгож, миний бие хуульд заасан хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгон, сонгогдох эрхээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болоод байна.
Миний бие Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан зохицуулалттай орон нутгийн сонгуулийн нэр дэвших ажиллагаа явагдаж эхлэхээс өмнө танилцаж, дээрх хуулийн зохицуулалтад “М” ТӨХК-ийн Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаал хамаарах эсэх талаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, “... Н.А миний бие орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа талаар болон одоо эрхэлж буй “М” ТӨХК-ийн Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх шаардлагатай эсэх талаар” өргөдөл гаргасан байдаг. Тус өргөдлийн дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Б-ээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №3/691 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор “... хуулийн этгээдийн салбарын дарга, захирал нь орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй” гэх талаар албан ёсны хариуг ирүүлсэн.
Нэгэнт Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тайлбарлах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эрхтэй дээд шатны байгууллага болох Сонгуулийн ерөнхий хорооноос иргэн Н.А надад хуулийн этгээдийн салбарын дарга ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн тул миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, холбогдох бусад баримтаа бүрдүүлэн өгсөн ба Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос ч гэсэн хуулийн дээрх шаардлага нь хуулийн этгээдийн салбарын даргын албан тушаалд хамаарахгүй гэж үзэн, Н.А******* намайг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно.
Хэрэв Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос та ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай гэсэн хариуг өгсөн бол миний бие 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх бүрэн боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна. Гэтэл одоо Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлснийхээ төлөө буруутгагдаж, нэр дэвшигчээс хасуулах нөхцөл байдал үүсч байгаад гомдолтой байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэр “Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь хуулийн этгээдийн бүхий л үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлдэг” гэж дурдсан нь бодит байдалд илтэд нийцэхгүй юм. Хэрэв Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар хуулийн этгээдийн бүхий л үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлдэг байсан бол бие даасан хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх ёстой, “М” ТӨХК-аас даргыг томилох боломжгүй, Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын мэдүүлгийг “М” ТӨХК-аас биш, өөрсдөө бие даан явуулах ёстой, “М” ТӨХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу байгуулагдахгүй байх байсан.
Хавтаст хэрэг авагдсан баримтуудад Н.А миний хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт 1. Байгууллагын нэр–“М” ТӨХК. 2. Салбар нэгжийн нэр–Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар. 3. Албан тушаал–Газрын дарга гэх талаар тодорхой тусгаж, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг “М” ТӨХК-ийн хууль эрх зүйн албанаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн нь тодорхой тусгагдсан. Мөн Н.А намайг “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/68 дугаартай тушаалаар ажилд томилсон тушаал хүртэл хэрэгт авагдсан байдаг. Гэтэл “М” ТӨХК нь Сэлэнгэ аймагт салбар төлөөлөгчийн газраа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэх шалтгаанаар Н.А намайг буруутгаж байгаад гомдолтой байна.
Хэрэв Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь бие даасан хуулийн этгээд байсан бол Н.А би яахаараа “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогддог юм бэ, яагаад Н.А******* миний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг “М” ТӨХК-аас авлигатай тэмцэх газарт явуулдаг юм бэ, Сэлэнгэ аймагт салбараа байгуулаад өчнөөн олон жил ажиллаж байхад төрийн хяналт шалгалт нь энд хуулийн этгээдээр бүртгэгдээгүй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаад байна гээд хянаж шалгахаас эхлээд маш олон асуудал үүсэх байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь бие дааж үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш бөгөөд бүх үйл ажиллагааны хяналтыг “М” ТӨХК-аас давхар хянан шалгахаас давхар хянан шалгаж байдаг, санхүүгийн тайлангийн хувьд гэхэд л “М” ТӨХК нь бүх салбар төлөөлөгчдийн газруудынхаа тайланг нэгтгэж гаргадаг гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн хэт нэг талыг барьсан тайлбарт хөтлөгдөж, бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрт Н.А нь ашиг сонирхлын мэдүүлэг бөглөдөг, “М” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан байна гэж дүгнэсэн нь нэгд дээрх дурдсан Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь бие даасан байгууллага байна гэж дүгнэсэн дүгнэлтээ няцаасан байх бөгөөд хоёрт орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэх заалтад “эрх бүхий албан тушаалтан” гэх ойлголт огтхон ч байхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж, “М” ТӨХК-ийн дүрмийн дагуу байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газрыг бие даасан хуулийн этгээд гэж үзэж, хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИХНХ-оос Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.А-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтад “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгагдсан байна” гэсэн хуулийн зохицуулалттай. Н.А нь Сэлэнгэ аймаг дахь “М” ТӨХК-ийн захирлаар ажилладаг. Одоог хүртэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь тус хуулийн дээр дурдсан заалтыг зөрчиж байна” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь Сэлэнгэ аймагт хуулийн этгээдийн бүртгэлгүй хэдий ч Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээдийн бүх шинжийг агуулж байна. Тодруулбал эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, эрх олж үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч хариуцагч байж эрх зүйн харилцаанд дангаараа оролцдог, тус газрын даргын хувьд ажилтныг томилох, чөлөөлөх, халах, бүрэн эрхтэй, төсөв захиран зарцуулж гарын үсэг зурах бүрэн эрхтэй зэрэг бүрэн эрх, агуулгын хувьд хуулийн этгээдийн бүхий л үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлдэг байна, ... гуравдагч этгээд Н.А-ын хувьд “М” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан, ... сонгуулийн хуульд зааснаар 2024 оны 08 дуугаар сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.3. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-д “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр хуульчилсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/691, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/719 дүгээр албан бичгүүдэд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй тул салбар дарга, захирал нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй буюу орон нутгийн шуудангийн үйлчилгээний салбарын дарга нар нь хуулийн этгээдийн дарга, дэд дарга гэх албан тушаалд хамаарахгүй гэжээ.
2.4. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан “М” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т “Компанийн захиргааны удирдлагын нэгж нь газар, хэлтэстэй үндсэн үйл ажиллагааны /үйлдвэрлэлийн/ нэгж нь нийслэлд Дүүргийн шуудангийн үйлчилгээний газар, шуудангийн үйлчилгээний салбар /дэд салбар/, орон нутагт шуудангийн үйлчилгээний газар, сумдад салбар гэсэн нэгжтэй байна”, 2.3-д “Нэгж нь тодорхойлсон чиг үүргийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн гүйцэтгэл, үр дүнг удирдлагын өмнө хариуцаж ажиллана” гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь “М” ТӨХК-ийн салбар нэгж байна.
2.5. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй, “М” ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь нэгжийг хуулийн этгээдтэй адилтган, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээд Н.А-ыг “М” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хорооноос Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан МАН-аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.А-ыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Н.А-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН