Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00559

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр

      Дугаар 184/ШШ2019/00559

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: ............ тоот хаягт байрлах, “Б-” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух, Б- овогт Б-ийн Ц- /РД:.../-д холбогдох,

 

Худал мэдээлэл тараасан, “Б-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, гэм хорын төлбөрт 5,878,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, хариуцагч Б.Ц-, иргэдийн төлөөлөгч И.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б-” ХХК нь Украйн улсын М- компанитай байгуулсан 12/10/15 тоот гэрээний дагуу с- /S-/ ургамлын тосыг 2015 оноос эхлэн Монгол улсад импортоор оруулж ирж худалдан борлуулдаг. Манай компани хүнсний чанар, аюулгүй байдлыг хангасан сайн чанарын тосыг оруулж ирдэг. Монгол улсын хилээр оруулж ирэх бүрд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нарийвчилсан шинжилгээнд хамруулж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 сарын 25-ны өдрийн 02-03-161/35 тоот актаар с- /S-/ ургамлын тос нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд Монгол улсад мөрдөж буй хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 болон, хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4504:2008 стандартын шаардлага хангаж байгаа болохыг тогтоосон. Чанарын шаардлагыг хангасан гэдэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр баримтуудаас Монгол улсын стандартыг хангасан гэдэг нь харагдаж байна. Гэтэл Б.Ц- нь фейсбүүк дэх өөрийн хөтлөн явуулдаг “Ээж болох бэлтгэл” гэдэг пэйж хуудсанд 2016 оны 02 сарын 03-ны өдөр манай с- /S-/ брэндийн тосны талаар “...сүүлийн үед маш их олны танил хүмүүс ил болон далд хэлбэрээр сурталчилж, хэрэглэгчдийг хуурч буй хүнсний тос бол яах аргагүй S- тос юм. Уг тосны гарал үүсэл болон хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бөгөөд GMO буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа. Өнөөдрийг хүртэл хаана яаж үйлдвэрлэсэндээ хариулт өгч чадахгүй байгааг харахад тэд айсан бололтой. Нэг биш нижгээд хүнийг хялбар аргаар хууран мэхэлж болохгүй...” гэсэн нийтлэлийг оруулсан. Б.Ц-гийн хөтөлдөг пэйж хуудас нь тэр үед 71,000 гаруй гишүүнтэй хуудас байсан. Тухайн үед манай компани Б.Ц-тэй с- /S-/ тосыг сурталчлуулахаар ярилцаж байсан боловч үнийн санал дээрээ тохиролцож чадаагүй. Гэтэл Б.Ц- нь манай с- /S-/ брэндийн тосыг муулж бичсэн байсан. Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа. Мөн хариуцагч нь тараасан мэдээллээ өөрөө үнэн зөв гэдгийг нь нотлох үүрэгтэй байсан. Манай компани анх нэхэмжлэл гаргахдаа худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийлгэхээр шаардлага гаргасан. Гэвч энэ хэрэг 3 жил гаруй болж байна. Тиймээс залруулга хийлгэх гэдгээ болихоор шийдсэн. Дахиад манай тосны талаар баахан яригдах болно. Тиймээс нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй тул шаардлагаа хариуцагч Б.Ц- нь худал мэдээлэл тараасан, “Б-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, гэм хорын төлбөрт 5,878,600 төгрөг гаргуулахаар өөрчилж нэхэмжилж байгаа юм. Гэм хорын төлбөр 5,878,600 төгрөгт Б.Ц-гийн худал мэдээлэл тараасантай холбоотой манай компани өмгөөлөгч авсан. Энэ төлбөр нь 2,500,000 төгрөг болсон. Уг төлбөр орж байгаа. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг орчуулахад 300,000 төгрөг, нотариатын зардал 78,600 төгрөг орсон. 2016 оны 02 сарын 03-ны өдөр анх худал мэдээллийг оруулсан. Тухайн үед нь манай компани олны танил хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зардал гаргасан байсан. Гэтэл Б.Ц- нь худал мэдээлэл тарааснаас болоод манай борлуулалт муудсан. Иймд 3,000,000 төгрөгийг ажлын үр дүн буурсан гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Б.Ц-гээс хохиролд 5,878,600 төгрөгийг гаргуулна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх пейж хуудсандаа пост бичсэний дараа “Б-” ХХК-ийн маркетингийн ажилтан н.А- тэр дор нь над руу яриад тэр даруйд нь би тосных нь нэрийг арилгасан. Мөн хэрэглэгчийн хувьд бичсэн зүйлийг маань хүлээж авах ёстой байсан. Би хэрэглэгчийн хувьд постыг бичсэн. Би өөрөө шим судлалаар судалгаа хийдэг хүн. Бүтээгдэхүүн бүрийн ард талд байгаа шим судлалын хүснэгтээс тодорхой харж болдог. Би хүмүүст ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж болох эсэх тал дээр зөвлөгөө өгөхийн тулд бүтээгдэхүүнүүдийг эхлээд өөрөө маш их судалдаг. Би с- /S-/ тосыг анх судлах гээд гүүглээр /google/ хайж үзсэн боловч с- /S-/ гэх ургамлын тосны талаар огт мэдээлэл олдоогүй. Миний хамгийн сайн чадах зүйл бол интернетээр эрж хайх. Польш улсын “К-” гэж компанийн с- /S-/ гэж нэртэй хэдэн төрлийн самар, хатаасан жимсний талаарх мэдээлэл олдсон. “К-” компани нь огт ургамлын тос үйлдвэрлэдэггүй байсан. Тиймээс би пост хийсэн нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эдний нэр төрийг гутаасан гэж үзэхгүй байна. Транс гэдэг зүйлийг нэхэмжлэгч өөрсдөө ч ойлгохгүй байгаа. Зүгээр нэг савханцар болон бүтээгдэхүүнд төмрийн агуулагдах зөвшөөрөгдсөн хэмжээний талаарх шинжилгээ хийлгэсэн баримтаар no GMO буюу “генийн өөрчлөлтгүй” бүтээгдэхүүн гэдгийг нотолж чадахгүй. Монгол улсад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн мөн бишийг тогтоох чадвартай лаборатори байдаггүй. Хамгийн ойрхондоо Бээжинд байдаг. Уг нь бол нэхэмжлэгч компани манай тос no GMO буюу “генийн өөрчлөлтгүй” гэдгээ өөрсдөө лабораторийн шинжилгээгээр нотлох ёстой гэж би бодож байна. Би эдний бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй, өөрчлөлтгүй гэдгийг нотлох ёсгүй. Би бол хэрэглэгч хүн шүү дээ. Генийн өөрчлөлтгүй гэдэг зүйлийг зүгээр нэг бичиж олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Транс гэдэг нь ханаагүй өөх тосны хүчил гэсэн үг. Нэхэмжлэгч нь с- /S-/ гэдэг нэрийг зөвхөн ашиглаад М- гэх компанийн өөр тосыг савлаж оруулж ирж байгаа гэдгээ яагаад нийтэд мэдээлэхгүй байгаа юм. Хэрэглэгчид с- /S-/ гэдэг тос худалдан авч хэрэглэж байгаа л гэж ойлгож байгаа. Гэтэл тийм тос огтоосоо байдаггүй хэрэглэгчдийг төөрөлдүүлж байна. Нэхэмжлэгчийн гэрээг харахад нийтэд нээлттэй байж болно гэж заасан байсан. Энэ тос нь хаана үйлдвэрлэгдсэн нь харагдахгүй, мэдэгдэхгүй. с- /S-/ гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн компани нь өөрийн албан ёсны веб сайт дээр тос үйлдвэрлэдэггүй гэж зарласан байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь Украйн улсад үйлдвэрлэсэн ямар нэртэй нь мэдэгдэхгүй өөр тосыг с- /S-/ брэндийн логог ашиглаж Монгол улсад 2015 оноос хойш борлуулж байгаа. Үүнийгээ генийн өөрчлөлтгүй хэмээн олон нийтийг хуурч зарж байгаа. Тийм бол үүнийгээ нотол. Нийт хэрэглэгчдийн хувьд энэ бол маш аюултай гэж харж байгаа. Тиймээс эдний нэр төрийг гутаасан гэж үзэхгүй байна. Мөн хохиролд нэхээд байгаа 5,878,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ашиг алдагдал нь буурсан гэж үзэж байгаа бол санхүүгийн тайлангаа үзүүлэх хэрэгтэй. Намайг пост бичихээс өмнө ийм хэмжээний ашиг орлоготой байсан, би пост оруулсанаас болж орлого нь тэдэн хувиар, тийм төгрөгөөр буурсан гэдгээ өөрсдөө нотлох хэрэгтэй. Тийм юм огт хэрэгт байхгүй. Надад ч гэсэн маш их цаг хугацаа болон зардал гарч байна. Би ч бас өмгөөлөгч өндөр үнээр авсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, худал мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын төлбөрт 5,878,600 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж, энэхүү шаардлагаа худал мэдээлэл тараасан, “Б-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, гэм хорын төлбөрт 5,878,600 төгрөг гаргуулах хэмээн өөрчилсөн байна. 

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

“Б-” ХХК нь “...хариуцагч нь манай компанийн экспортоор оруулж ирдэг с- /S-/ нэртэй ургамлын тосны талаар өөрийн хөтлөн явуулдаг цахим хуудсанд худал мэдээлэл тараан компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, учирсан хохиролд өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, орчуулгын зардал 300,000  төгрөг, нотариатын зардал 78,600 төгрөг, ажлын үр дүн буурсан гэдэг үндэслэлээр 3,000,000 төгрөг, нийт 5,878,600 төгрөгийг тооцож гаргуулна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч Б.Ц- нь “...Польш улсын “К-” компани нь с- /S-/ нэртэй ургамлын тос үйлдвэрлэдэггүй. Хариуцагч хэрэглэгчдийг төөрөлдүүлж, Украйн улсад үйлдвэрлэсэн ямар нэртэй нь мэдэгдэхгүй ургамлын тосыг савлан с- /S-/ брэндийн логог ашиглан худалдан борлуулж байгаа. Генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн болохоо өөрсдөө нотлоогүй байж No GMO буюу “генийн өөрчлөлтгүй” хэмээн олон нийтийг хуурч борлуулж байгаа нь үнэн.  Тиймээс худал мэдээлэл тараасан, мөн нэр төрийг нь гутаасан гэж үзэхгүй байна. Гэм хорын төлбөрт шаардаж байгаа 5,878,600 төгрөг нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

Хэрэгт авагдсан сиди бичлэг, түүнийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Б.Ц- нь 2016 оны 02 сарын 03-ны өдөр фейсбүүк дэх өөрийн хөтөлдөг “Ээж болох бэлтгэл” нэртэй цахим хуудсанд “...Сүүлийн үед маш их олны танил хүмүүс ил болон далд хэлбэрээр сурталчилж, хэрэглэгчдийг хуурч буй хүнсний тос бол яах аргагүй S- тос юм. Уг тосны гарал үүсэл болон хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бөгөөд GMO буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа! Өнөөдрийг хүртэл хаана, яаж үйлдвэрлэсэндээ хариулт өгч чадахгүй байгааг харахад тэд айсан бололтой. Нэг биш нижгээд хүнийг хялбар аргаар хууран мэхэлж болохгүй...” гэсэн мэдээлэл, тэмдэглэл нийтэлсэн байна. Энэхүү мэдээллийг нийтэлсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй болно. /1х-230-232/

 

“Б-” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Бүгд Найрамдах Польш улсын “К-” ХХК-тай байгуулсан дистрибютерийн гэрээний дагуу с- /S-/ нэрийн барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах, мөн Барааны тэмдэгт ашиглах лицензийн гэрээний дагуу с- /S-/ барааны тэмдэгтийг ашиглах эрхтэй болох нь баримтаар нотлогдов. /1х-149, 2х-22-26, 30-34, 37-50/

 

Нэхэмжлэгч байгууллага нь Украйн улсын “М- трейд хаус” компанитай байгуулсан гэрээний дагуу түүний охин компани болох “О-” компанийн үйлдвэрлэсэн ургамлын тосыг с- /S-/ барааны тэмдэгтэйгээр Монгол улсад худалдан борлуулах эрхтэй байна. /1х-16-22,24,26,27,150,151, 2х-22-28,49,50/

 

Хавтаст хэргийн 1 хавтасны 107 дугаар хуудсанд с- /S-/ нэртэй ургамлын тосны шошго дээрх мэдээллээс үзэхэд “О-”-ийн албан ёсны эрхтэйгээр Украйн улсад үйлдвэрлэв, No GMO’s буюу генийн өөрчлөлтгүй гэсэн тэмдэглэгээ тэмдэглэгджээ.

 

Хариуцагч Б.Ц-гийн нийтэлсэн мэдээллийг өгүүлбэр тус бүрээр задлан агуулгыг үзэхэд, “...сүүлийн үед маш их олны танил хүмүүс ил болон далд хэлбэрээр сурталчилж...” гэх өгүүлбэр нь тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулахын тулд олны танил хүмүүстэй хамтран ажиллаж сурталчилгаа хийлгэж байгаа тухай нэхэмжлэгч тайлбарладаг, энэ талаар баримт хэрэгт авагдсан, “....хэрэглэгчдийг хуурч буй хүнсний тос бол яах аргагүй S- тос юм....” гэх өгүүлбэр нь худалдан авагч буюу хэрэглэгчийг хэрхэн, яаж, ямар аргаар хуурсан болох нь ойлгомжгүй, “...уг тосны гарал үүсэл болон хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй...” гэх өгүүлбэр нь хаана үйлдвэрлэгдсэн болох нь дээр дурдсанаар бүтээгдэхүүний шошго дээр тодорхой заасан байгааг хариуцагч нягтлаагүй, “...GMO буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа...” гэх өгүүлбэр нь бүтээгдэхүүний шошго дээрх No GMO’s гэх мэдээлэлтэй давхцаж байна. Дээрхээс үзэхэд хариуцагч нь  бүтээгдэхүүний шошго дээр заасан үйлдвэрлэгдсэн улсын талаарх мэдээллийг нягтлаагүй мэдээлэл тараасан гэж үзэхээр байна. Гэхдээ бүтээгдэхүүний шошго дээр байгаа үйлдвэрлэсэн улсын мэдээллийг  хариуцагч Б.Ц- худал бичсэн эсэхээс үл хамааран бүтээгдэхүүний шошгыг уншиж чадах насны худалдан авагч, хэрэглэгчид уг мэдээллийн үнэн зөвийг шошго дээрх мэдээллээс шууд олж унших боломжтой байна.

 

Хэдийгээр хариуцагч Б.Ц- нь с- /S-/ ургамлын тосны нэрийг дурдан мэдээлэл нийтэлсэн байх боловч уг мэдээлэлдээ нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн оноосон нэрийг заагаагүй, мөн бүтээгдэхүүний шошго дээр нэхэмжлэгчийн нэр тусгагдаагүй нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан буруу ташаа мэдээлэл, мөн хуулийн 21.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч байгууллагын бүтээгдэхүүний талаарх бодит баримтыг буруу, дутуу мэдээлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэхүү мэдээллийг тарааснаар нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

“Б-” ХХК нь учирсан хохиролд өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, орчуулгын зардал 300,000  төгрөг, нотариатын зардал 78,600 төгрөг, ажлын үр дүн буурсан гэдэг үндэслэлээр 3,000,000 төгрөг, нийт 5,878,600 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэлээр Б.Ц-гээс гаргуулна хэмээн шаардсан ба дээр дүгнэсэнээр нэхэмжлэгч байгууллагын ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, ажлын үр дүн буурсантай холбоотой гэм хорын хохиролд хариуцагчийг буруутай гэж үзэх, түүнийг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчид учирсан 5,878,600 төгрөгийн гэм хорын хохиролд хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан болон 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан эдийн болон эдийн бус гэм хорыг хариуцан арилгах үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орчуулгын зардал 845,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан “П-” ХХК-д олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Б.Ц-д холбогдох худал мэдээлэл тараасан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, гэм хорын төлбөрт 5,878,600 төгрөг гаргуулах тухай “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б-” ХХК-иас орчуулгын зардалд 845,000 төгрөг гаргуулж “П-” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.УРАНЗУЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                       

                                                                      Ч.НЯМСҮРЭН