Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0178/Э |
Дугаар | 2022/ШЦТ/186 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Н.Баасанжав
Шүүгдэгч Г.Очирбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал
Хохирогч М.Жаргалсайхан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Очирбатад холбогдох 2223000000137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дархчууд овогт Гансүхийн Очирбат, РД:ИУ95080619
Шүүгдэгч Г.Очирбат нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сум Богдын гол баг, Өндөр толгой гэх газраас хохирогч Ц.Эрдэнээгийн нас гүйцсэн хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлж түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол баг, Мод үржүүлгийн урд талаас хохирогч Ж.Чулуунзагдын нас гүйцсэн хонгор зүсмийн 1 тооны морийг хулгайлж түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг, Мах комбинатын орчмоос хохирогч Ш.Хөхөөгийн хээр алаг азаргатай 11 тооны буюу олон тооны адууг хулгайлж түүнд 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг “Модон тан” гэх газраас иргэн М.Жаргалсайханы өмчлөлийн 21 тооны үхрийг хулгайлж 18.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Очирбатын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ц.Эрдэнээ, Ж.Чулуунзагд, Ш.Хөхөө иргэний нэхэмжлэгч Ц.Будсүрэн Г.Гүнчинсүрэн, П.Должинсүрэн, С.Жавхлан нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч,иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.Шүүгдэгч Г.Очирбат нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сум Богдын гол багийн нутаг дэвсгэр Өндөр толгой гэх газраас Ц.Эрдэнээгийн хүрэн зүсмийн 1 тооны морь хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Нас гүйцсэн хүрэн зүсмийн 1 тооны адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Эрдэнээгийн “...Өндөр толгой гэх газарт манай 30 тооны адуу байсан чинь хүрэн зүсмийн 1 тооны адуу алга болоод одоо болтол сураг гардаггүй. Зөв болон буруу талын гуяндаа ширээтэй сэрээ тамгатай буруу хойд хөлний өсгий цагаан нас гүйцсэн бүдүүн морь байгаа юм. ...Миний хүрэн морь хурдан удамтай сайхан том хүрэн морь байгаа юм...”, “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүрэн морио зүсээр нь олоод авлаа. Шилүүстэй сумын Очирбат гэдэг залуу харин хулгайлж авсан байсныг та бүхэн олж өглөө. ...Адуугаа хайж явсан болон ирж ачиж явж байгаа зардал гээд хэдэн төгрөг гарсан байсан чинь энэ залуу ачиж явах бензины мөнгө гээд 300.000 төгрөг өгчихлөө. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Гансүхийн “...манайх Сайхан багийн нутаг Хавирга гэх өөрийнхөө зусланд байгаа... ...хонгор, хүрэн зүсмийн 2 тооны морийг аргамжаад тавихаар гүйчих гээд байж байтал Цагдаагийн байгууллагаас ирж нөгөө 2 морийг хурааж аваад хулгайн адуу гээд авч явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Одбаярын “...манай дүү 2 жил Алдархаан сум руу айл амьтны мал ахуй хариулж яваад ирсэн юм. ...ирэхдээ алаг азаргатай 8 тооны адууг 2022 оны 3 сард тууж ирэхээр нь би ямар учиртай адуу вэ гэж асуухад найзынхаа адууг харж байна, зарим нь миний өөрийн хөлсөндөө авсан адуу гэж байсан. Тэгэхэд хойд хөл өсгий цагаан, аргамжаатай байгаа ширээтэй сэрээ тамгатай туранхай хүрэн морь байсан. Хонгор морийг нь мэдэхгүй. Гэтэл саяхан 2022 оны 06 дугаар сарын 20-доор байх, алаг азаргатай адууны эзэн нь гээд мотоциклтой хүн, эхнэртэйгээ ирээд хулгайд алдагдсан адуу гэхээр нь би Очирбатыг загнаад хоорондоо ярилцаарай гэж хэлээд л би сумын төв рүү гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.Батцэнгэлийн “...хэн хаанаас авч ирснийг мэдэхгүй, Очирбат буюу Оби л хавар 3 сараас хойш харж хариулаад байж байсан чинь алаг азаргатай адууг нь нэг нөхөр эхнэртэйгээ ирээд аваад явсан. Би тэр хүмүүсийг нь ч танихгүй. Үлдсэн 2 аргамжиж байсан морийг нь цагдаа нар ирээд хулгайн адуу гээд л аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Г.Очирбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр Өндөр толгой гэх газарт хохирогч Ц.Эрдэнээ гэх хүний адуу уснаас гараад явж байхаар нь хамгийн захад явж байсан улаан хүрэн зүсмийн буруу хойд хөл нь өсгий цагаан, зөв талын хойд гуя нь дээрээ сэрээтэй сэрээ тамгатай морийг бугуйлдаж барьж аваад алаг азаргатай адуутай нийлүүлээд Завхан аймгийн Шилүүстэй сум руу туугаад явсан. Би тухайн үед алаг азаргатай адууг туугаад явж байсан болохоор уналгын морьтой болох зорилгоор тухайн морийг хулгайлсан ...” гэсэн мэдүүлгээр болон 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Очирбатын үйлдлийн улмаас хохирогч Ц.Эрдэнээд 1300.000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын “Хурд-Од” ХХК-ын хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №149 дугаартай хулгайд алдсан гэх морийг ...1.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Г.Очирбат нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Мод үржүүлгийн урд талаас Ж.Чулуунзагдын хонгор зүсмийн 1 тооны морь хулгайлсан хэргийн үйл баримт нь
Хонгор зүсмийн адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ж.Чулуунзагдын “...Мод үржүүлгийн урд талын ширгэн дээрээс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө нас нийлсэн хонгор зүсмийн, зүүн гуяндаа ширээтэй саран тамга буюу Дором тамгатай морио хулгайд алдсан... эрж хайсан зардалд 500.000 төгрөг зарцуулсан... хулгайд алдсан морио бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.Очирбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим ...Мод үржүүлгийн урд талын голын эрэг дээр хонгор зүсмийн нас бие гүйцсэн Үрүүнкэн тамгатай морь байхаар нь чөдрийг нь тайлж унаад Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн Хавиргын хоолой гэх газарт ирсэн. Би тэр морийг уналгын морь болгох гээд авч явсан. Замдаа ямар нэгэн хүнтэй тааралдаагүй давхисаар байгаад өгдөө үүрээр очсон. Би хулгайлж авсан Хонгор зүсмийн морийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Мөн замын зардлыг нь хүртэл өгсөн. Одоо бидний дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Очирбатын үйлдлийн улмаас хохирогч Ж.Чулуунзагдад 1300000 төгрөгний хохирол учирсан нь Хурд-Од ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 150 дугаартай дугаартай хулгайд алдсан гэх морийг ...1.300.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр, тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Г.Очирбат нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Мах боловсруулах үйлдвэр орчмоос Ш.Хөхөөгийн хээр алаг азаргатай 11 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь
11 тооны адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ш.Хөхөөгийн “...би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хээр алаг азаргатай 11 тооны адуугаа ...Мах комбинатын цаад талд байхад нь 20 цагийн үед үзчихээд 3 дугаар сарын 23-ны өдөр ажилтай болоод эргэж чадаагүй байж байгаад 24-ний өдөр адуу байсан газраа иртэл манай адуунууд байхгүй болчихсон байхаар нь би адуугаа хайгаад олоогүй байж байтал тэжээж байсан хээр алаг зүсмийн шүдлэн үрээ гүйгээд ирсэн юм. Адуугаа хайгаад олоогүй. ...Шилүүстэй явтал сумын төв дээр миний хүрэн алаг гүүг айлын азарганд хураалгачихсан байхаар нь үзэж сураглаад явтал Шилүүстэй сумын Очирбат гэдэг залуу миний адуунуудыг хулгайлж аваад хариулж байсан байна лээ. Очирбат гэх залууг хайж олоод уулзахад миний хулгайд алдсан 11 тооны адуунаас хүрэн алаг даага, цагаан өсгийтэй хөх бор байдас, хээр байдас гэсэн 3 адуу дутсан байхаар нь би Очирбатаас асуусан чинь би хайгаад олохгүй байна, би танд орных нь адууг өгчихнө гээд хүрэн зүсмийн даага, хүрэн зүсмийн гүү, халтар зүсмийн байдас өгөөд бусад 8 тооны адуугаа зүсээр нь хүлээн авсан юм...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Гансүхийн “...Өвөл манай хүүхэд Г.Очирбат манай найзын адуу байгаа юм, би харж байгаа юм гээд алаг азаргатай 8 тооны адууг 2022 оны 3 сард авч ирж харж байсан чинь 6 сарын 20-доор л байхаа алаг азаргатай адууны эзэн гээд Хөхөө гэдэг хүн эхнэртэйгээ ирээд адуунуудаа аваад явсан. Бас хонгор, хүрэн зүсмийн 2 морийг аргамжаад тавихаар гүйчих гээд байна гээд байж байтал Цагдаагийн байгууллагаас ирж нөгөө 2 морийг хурааж аваад хулгайн адуу гээд авч явсан. ...8 адуунаас 1 даага нь байхгүй болоод олдоогүй болохоор нь оронд нь өөрийнхөө хүрэн зүсмийн даагыг өгөөд, дахиад 2 байдас дутуу байна гэхээр нь бас хүрэн гүү, халтар байдас 2 өгөөд нийт 10 тооны адуу тууж явсан. Аргамжаан дээр байсан хар хүрэн морь нь тэр алаг азаргатай адуутай хамт ирсэн, тамга тэмдгийг нь анзаараагүй. Хонгор морь нь намайг 5 сард сумын төвд ажил хийж байхад нь тийм морьтой болсон байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Одбаярын “...манай дүү Алдархаан сум руу айл амьтны мал хариулж яваад ирсэн юм. Тэгж ирэхдээ алаг азаргатай 8 тооны адууг 2022 оны 3 сард тууж ирэхээр нь би ямар учиртай адуу вэ гэж асуухад найзынхаа адууг харж байна, зарим нь миний өөрийн хөлсөндөө авсан адуу гэж байсан. Тэгэхэд хойд хөл өсгий цагаан, аргамжаатай байгаа ширээтэй сэрээ тамгатай туранхай хүрэн морь байсан. Хонгор морийг нь мэдэхгүй. Гэтэл саяхан 2022 оны 06 дугаар сарын 20-доор байх, алаг азаргатай адууны эзэн нь гээд мотоциклтой хүн, эхнэртэйгээ ирээд хулгайд алдагдсан адуу гэхээр нь би Очирбатыг загнаад хоорондоо ярилцаарай гэж хэлээд л би сумын төв рүү гэр рүүгээ явсан. Тэгээд хоорондоо ярьж тохироод 2 адуу дутуу байна гэж төлүүлж аваад л явсан гэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Р.Цэнгэлийн “...2022 оны 3 сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд хээр алаг азаргатай 11 тооны адуугаа хулгайд алдсан юм. Тэгээд энэ тэрүүгээр хайж явтал Завхан аймгийн Шилүүстэй сумын төв дээрээс алаг гүүг айлын азарганд хураалгачихсан байхаар нь асууж сураглаад явтал Говь-Алтай аймгийн харьяат Очирбат гэх залуу манай адуунуудыг хулгайлж аваад маллаж байсан байна лээ. Тэгээд нөхөр бид хоёр хулгайд алдсан адуунуудаа Очирбатаас автал бор гүү, хээр гүү, хүрэн алаг сарваа гэсэн 3 адуу дутсан чинь Очирбат гэх залуу хайгаад олохгүй байгаа, орных нь адууг өгчихье гээд хүрэн гүү, халтар байдас, хүрэн даага өгснийг нөхөр бид хоёр авсан юм...” гэсэн мэдүүлгээр,
шүүдэгч Г.Очирбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Мах комбинатын хойд талд бэлчиж байсан 8 тооны адуу байсан. ...адуунууд нь Алаг азаргатай, Хүрэн, Алаг, Халтар, Хонгор зүсмийн, мөн Буурал, Алаг, Хээрлэг /4 шийр нь цагаан/ Хүрлэг зүсмийн 3 даага байсан. Дааганууд нь ямар ч им, тамгагүй, азарга, 4 тооны гүү нь 2 талынхаа хонгон дээрээ “8” гэсэн тооны тамгатай байсан. Би азаргыг нь бугуйлдаж барьж аваад унаад туугаад явсан. Азарга нь номхон юм байна лээ. Мөн энэ адуунуудыг тууж явахдаа хохирогч Ц.Эрдэнээ гэх хүний адуунууд Богдын голын усанд ороод явж байхаар нь адуун дундаас Улаан хүрэн зүсмийн морийг бугуйлдаад Алаг азаргатай адуунд нийлүүлээд 5 хоног тууж яваад Завхан аймгийн Шилүүстэй сумын төв рүү оруулсан. ...өөрийнхөө хашаанд 5 хонуулаад Шилүүстэй сумын Хавиргын хоолой гэх газар луу гаргасан. Би цөөхөн адуутай, надад 2 тооны гүү, 1 тооны даага байдаг. Тэд хэд маань айл айлын хашаа руу ороод байхаар нь олон болгох гээд дээрх адуунуудыг хулгайлсан. Би Алаг азарга болон Хүрэн морийг бугуйлдахдаа цагаан өнгийн сүлжсэн мяндсаар бугуйлдаж барьж авсан. Тэр уяа морь аргамжсаар байгаад тасраад алга болсон. Би тухайн адуунуудаа Шилүүстэй сумд тууж очихдоо манай найзын адуунууд байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
шүүгдэгч Г.Очирбатын үйлдлийн улмаас хохирогч Ш.Хөхөөд 9.500.000 төгрөгийн хохирол учирсан нь Хурд-Од ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 156 дугаартай дугаартай хулгайд алдсан гэх 11 тооны адууг ...9.500.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
4. Шүүгдэгч Г.Очирбат нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг “Модон тан” гэх газраас М.Жаргалсайханы 21 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
22 тооны үхрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч М.Жаргалсайханы “...Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг “Модон тан” гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 21 тооны монголын үхрээ алдаад 2 сар гаран хайгаад олохгүй байгаа. Манай алдсан үхэрнүүд нь хар зүсмийн эвэртэй хязаалан насны эр үхэр 2 ширхэг, сартай хойд хоёр хөл шийр цагаан эвэртэй улаан хязаалан насны эр үхэр, эвэртэй зүүн нүдний дээд хэсэгт цагаан сартай улаан зүсмийн нас гүйцсэн монголын үнээ, эвэртэй халзан улаан зүсмийн хязаалан гунжин үнээ, эвэртэй хар зүсмийн хязаалан насны гунжин үнээ, эвэртэй улаан хязаалан насны гунжин үнээ хоёр ширхэг, эвэргүй улаан алаг шүдлэн гунж нэг, цагаан бөөртэй мухар эр шүдлэн насны эр үхэр, эвэртэй улаан шүдлэн эр үхэр, эвэртэй улаан шүдлэн гунж 2 ширхэг, эвэртэй хар охин бяруу, эвэртэй улаан ягаан охин бяруу, эвэртэй улаан охин бяруу зүүн чих нь цуулбар имтэй байсан нэг үзүүр нь тасарсан байсан, эвэртэй хар халзан эр бяруу зэрэг нийт 21 тооны үхэр байсан. Энэ алдсан үхэрнээс 5 үхэр нь баруун чихэндээ цэнхэр өнгийн перкистэй байсан. Мөн нэг үхэр нь шар өнгийн 084 дугаарын перкистэй байсан. Энэ үхэрнүүд бүгд миний эзэмшлийн үхэр байсан. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор бүгд миний нэр дээр тоологдсон үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Ц.Будсүрэнгийн “...Би Г.Очирбатад 2022 оны 01 дүгээр сард хавар болохоор 5 борлон авна гээд 200.000 төгрөг өгсөн тэр мөнгөө авах гээд Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг Зүүн булаг гэх газарт байхад нь 2022 оны 06 дугаар сарын 4, 5-ны орчимд гэрт нь очсон гэтэл Очирбат гэртээ байж байгаад “надад мөнгө байхгүй байна та надаас 1 бяруу ав” гэсэн тэгээд зөрүүг нь өгчих” гэсэн “за тэгвэл бярууг чинь авъя” гэхэд Очирбат надаас “дахиад нэг тооны гунж ав” гэхээр нь би “тэгье” гээд бяруу гунж хоёроо 1.000.000 төгрөгөөр тохироод би машинтайгаа очсон байсан болохоор эвэртэй хар зүсмийн охин бяруу эмгүй байсан эвэртэй шүдлэн гунж авсан. Тэгээд ачиж ирээд 3-4 хоногийн дараа интернет банкаар Очирбатын дансанд хийсэн. ...2 сар маллаад буцаагаад цагдаад хураалгасан надад одоогоор 1.000.000 төгрөгний хохирол учраад байна...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч С.Жавхлангийн ”...Би Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумын фэйсбүүк нэгдсэн зарын групп-д хургатай хонь, ишигтэй ямаа авна гэж зар тавьсан байсан чинь над руу гар утасны дугаараас залгаад “та байсан юм уу, би Гансүхийн хүүхэд байна. Дүү нь гэр авч эхнэртэйгээ тусдаа гарах гэсэн юм. Хургатай хонь өгнө гэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Туваанжав Отгонбаяр гэсэн 5495517197 гэсэн данс байж магадгүй. 2022 оны 02 дугаар сарын 27-нд хонь өгнө гэж 1.100.000 дараахан нь тэр өдрөө 400.000 төгрөг хийсэн. 5513075127 гэсэн данс тухайн үед 80991214, 88462601 гэсэн дугаараас ярьж байсан мөн 95366946,86262750 би ээж гээд хадгалсан байх юм. ...Над руу аймагт байна та 2 хоногийн дараа ирээд малаа аваарай гэхээр нь өдрөө санахгүй байна тэднийд өөрийнхөө пронтортой очсон чинь Очирбат байхгүй байхаар нь утсаар ярихад би айлын мал маллаж байна 3-4 хоногийн дараа очно тэгээд өгнө гэхээр нь би тухайн үед дахиад ирэхэд “нөхөр минь ийм зүйл байхгүй шүү” гээд эдний хүргэн гээд жирэмсэн эхнэртэй залуугийнхаас эр ямааны 300.000 төгрөг авсан байснаа өгөөд би буцаад ирсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 17-нд утсаар яриад ирж ав гэхээр нь маргааш нь билүү нөгөөдөр нь өөрийнхөө машинаар очиж 7-н үхэр ачиж авч ирсэн. Сартай улаан хязаалан гуна, 2 эвэртэй хар хязаалан гуна, улаан гунжин үнээ, хар шүдлэн гунж, мухар улаан эр шүдлэн, мухар алаг эр шүдлэн им тамга тэмдэг байгаагүй байхаа би тэгээд чихэнд нь перик хийгээд будгаар тэмдэглээд имнэсэн. Би нийтдээ 4.900.000 төгрөгний оронд уг үхэрнүүдийг авсан. Тэгээд одоо уг үхэрнүүдийг хулгайн үхэр байна гээд цагдаа авсан тул би дээрхи мөнгөөр хохироод байна. Тиймээс уг мөнгөө л төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Г.Гүнчинсүрэнгийн “...2022 оны 07 дугаар сард сумын баярын үеэр надтай манай гэрт Очирбат ирж уулзаад “дүү нь хэдэн адууны хэрэгтэй цагдаад шалгагдаж байгаа, мөнгөний хэрэгтэй байдаг, дүү нь Завхан руу гэрээ зараад тэрэндээ үхэр авсан юм. 2 үхэр худалдаад авчихаач” гэхээр нь би эр үхэр авахгүй гэсэн чинь надаас гуйгаад байхаар нь “би туглах эм үхэр байвал авъя” гэж хэлээд “1 үхрийн 600.000 төгрөгөөр 1 үхрийг нь 800.000 төгрөгөөр авъя үхрээ авч ирж өгөөд мөнгөө ав” гэсэн чинь “дүү нь цагдаад шалгагдаж байгаа болохоор зав байдаггүй та нэг унаа олоод очоод авчихаач” гэхээр нь би Одбаярыг гуйгаад Очирбатаас үхэр худалдаж авч байгаа юм гээд явуулсан чинь Одбаяр 2 үхэр ачиж ирсэн. Очирбат нөгөө мөнгөнөөсөө бараа таваар гоймон, будаа аваад тэгээд манайд хуучин 200,000 гаруй төгрөгийн өртэй байснаа суутгаад тэгээд 300,000 төгрөг, 500,000 төгрөг гэх мэт мөнгө төгрөг бэлнээр нь аваад л байсан. Тэгээд 7 хоногийн дотор л нөгөө 1,400,000 төгрөг нь дууссан. Ягаан шүдлэн гунж нь сэрвээнийхээ буруу тал руу бүдэгхэн улаан шар өнгийн будгаар тэмдэглэсэн байсан. Улаан хязаалан гунж им тамга тэмдэг байхгүй. Би одоо уг 2 үхрийг 1.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрээс нь Одбаярыг аваад ир гэж явуулахдаа 50.000 төгрөгт тулж хийж өгсөн. Энэ мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч П.Доржсүрэнгийн “...Би 2022 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна Фейсбүүкт үхэр худалдаж авна гэсэн зар тавьсан байсан. Тэгтэл ... Завхан аймгийн Шилүүстэй сумаас ярьж байна гээд 8 тооны үхэр авахаар болсон. ...5.900.000 төгрөгөөр худалдаж авсан... Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Норжмаагийн “...ченж Жавхлан гэдэг хүн жижиг ачааны машинтай ирээд танай Очирбат надаас малын мөнгө авсан хургатай хонь, ишигтэй ямаа өгнө гэсэн гэж хэлэхээр нь би манайд тийм хонь байхгүй банкны зээлтэй гэж хэлсэн чинь манай хүргэн Сугар бас ямааны мөнгө авсан гээд тэднийхээс 2 ишигтэй ямаа авч явсан. ...манай хүү Очирбат айлын мал маллаж хөлсөндөө авсан юм гэж 21-н тооны үхэр манайхыг Сайхан багийн нутаг өвөр зүүн булаг гэх газарт байхад авч ирээд тэгээд санаанд ч ороогүй хариулаад байж байтал нөгөө Жавхлан гэдэг ченж дахиад ирсэн өдрийг нь санахгүй байна. ...ченж ирэхэд манай нөхөр Гансүх хүүхэд Очироо нар байсан. Энэ Жавхлан гэдэг ченжээс нөхөр бид хоёрын данс руу болон бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй эхнэрийнхээ дансаар авсан байж магадгүй. ...Завхан голын урагшаа Доржсүрэн гэдэг хүнд 8-н үхэр эхнэр Очирбат бид 3 л байсан тоо бичиг үсэг мэдэхгүй учир хамт л явсан. 5.900.000 төгрөг манай нөхрийн 5513080658 байхаа тэр данс руу 770.000 төгрөг Найгалмаа гэдэг хүнээс орж ирсэн. Тэгээд хүүхдээсээ асуусан чинь би хүнээс авах мөнгөө авч байгаа юмаа гэсэн. Тэгээд 1 хүрэн эр шүдлэн үхэр дал нь гэмтсэн босож чадахгүй болсон байхаар нь тэрийг хавирга гэх газарт гэрийн гадна нядалж сумын баяраар гуанз хийсэн. Дахиад 1 шүдлэн алаг гунж Гүнчинд өгнө гэж Очирбат яриад сумын төв рүү Одбаяр гэгч ирж ачиж явж байгаад нөгөө үхэр нь машин дээрээс үсрээд хөлөө хугалчихсан гэхээр нь нөгөө үхрийг нь нядалж сумын баяраар гуанз хийсэн. Өөр бусдыг нь мэдэхгүй байна. Очирбат л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.Гансүхийн “... ченж Жавхлан гэдэг хүн жижиг ачааны машинтай ирээд “танай Очирбат надаас малын мөнгө авсан 10-н хургатай хонь, 30-н ишигтэй ямаа өгнө гэсэн” гэж хэлэхээр нь би “манайд тийм хонь байхгүй” гэж хэлсэн чинь “танай хүргэн Сугар бас 2 ямааны мөнгө авсан” гээд тэднийхээс 2 ишигтэй ямаа авч явсан. Тухайн үед Очирбат байхгүй байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сард санагдаж байна мал төллөж дуусаж байсан үед манай хүүхэд Очирбат айлын мал маллаж хөлсөндөө авсан юм гэж 21-н тооны үхэр манайхыг Сайхан багийн нутаг өвөр “Зүүн булаг” гэх газарт байхад авч ирээд ...хариулаад байж байтал нөгөө Жавхлан гэдэг ченж дахиад ирсэн өдрийг нь санахгүй байна. Тэгсэн чинь л Очирбат “хонь, ямаа байдаггүй энэ үхэрнээс мөнгөндөө авчих юм уу” гэж тохиролцоод тэгээд тухайн үед уг үхэрнүүдийг туранхай байна гээд бага үнээр бодно гээд тухайн үед яг хэдэн төгрөг авсныг мэдээгүй Жавхлан гэгч 4.000.000 төгрөг гэж байсан. ...нааш цаашаа явсан мөнгө нэмэгдэнэ гээд байсан. Тэгээд тухайн үед үхэр ачуулж байхад нь би хониндоо яваад өгсөн. Яг хэдийг ачиж явуулсныг мэдээгүй, тэгээд тухайн үедээ Очирбатаас асуухаа мартсан байсан. Тэр ченж ирэхэд манай эхнэр Норжмаа хүүхэд Очироо нар байсан. Жавхлан гэдэг ченжээс эхнэр бид 2-ын данс руу болон бэлнээр мөнгө өгөөгүй. ...Завхан голын урагшаа Доржсүрэн гэдэг хүнд 8-н үхэр Эхнэр Очирбат бид 3 л байсан тоо, бичиг үсэг мэдэхгүй учир л хамт явсан. 5.900.000 төгрөг миний 5513047076 гэсэн данс руу тухайн үед нь хийсэн. Тухайн үедээ тэгээд л үнээ тохирсон бүгд адилхан үнэтэй байгаагүй. Манай эхнэрийн 5513080658 байхаа тэр данс руу 770.000 төгрөг Найгалмаа гэдэг хүнээс орж ирсэн байсан. Тэгээд хүүхдээсээ асуусан чинь би хүнээс авах мөнгөө авч байгаа юм гэж хэлж байсан гэсэн. ...1 хүрэн эр шүдлэн үхэр дал нь гэмтсэн босож чадахгүй болсон байхаар нь тэрийг Хавирга гэх газарт гэрийн гаднаа нядалж сумын баяраар гуанз хийсэн. Дахиад 1 шүдлэн алаг гунж Гүнчинд өгнө гэж Очирбат яриад сумын төв рүү Одбаяр гэгч ирж ачиж явж байгаад нөгөө үхэр нь машин дээрээс нь үсрээд хөлөө хугалчихсан гэхээр нь нөгөө үхрийг мөн нядалж сумын баяраар гуанз хийсэн. ...2 хүнд үхэр өгөхөд нь байсан 2 үхэр нядалсан бусдыг нь мэдэхгүй сумын төв ороод ирсэн байсан. Жавхланд том хар, хүрэн 2 үхэр, хар, хүрэн 2 шүдлэн, тэгээд сайн санахгүй байна голдуу л хүрэн үхэр байсан. Доржсүрэнд ягаан, улаан 2 үнээ хар, ягаан 2 тугал, 1 хар шүдлэн эр үхэр бусад 3 нь улаан хүрэн л зүстэй шүдлэн гунжнууд байсан байхаа. Манай хүүхэд чинь архи, дарс хэрэглэдэггүй сургуульд ч суугаагүй хөдөө мал маллаж л өссөн хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Одбаярын “...2022 оны 07 дугаар сарын 4-ний өдрөөс 5-ны орчимд гэртээ байж байхад манай сумын төвд дэлгүүр ажиллуулдаг Гүнчин ах манайд ирээд чи хойноос хангайгаас Гансүх гэх айлаас худалдаж авч байгаа 2 үхэр ачаад өгөөч гэхээр нь 50.000 төгрөгт түлш хийгээд хөдөө хавирга гэх газраас 2 тооны үхэр, мухар алаг монгол үхэр, эвэртэй хүрэн монгол ачаад наашаа “Шар хөтөл” гэх газар явж байхад алаг монгол машин дээрээс унаад хөлөө хугалаад бэртэхээр нь буцаж очиж Гансүх ахад хэлээд тэндээс дахиад нэг монгол гунж ачаад 2 тооны улаан хүрэн зүсмийн гунжин үхэр Гүнчин ахад авчирч өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.Очирбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Шилүүстэй сумын Сайхан багийн Майхан толгой гэх газарт очиж гэрийнхээ ойр хавиар 7-8 хоног маллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Шилүүстэй сумын Чандмань багийн иргэн Будсүрэн гэх хүнд Улаан зүсмийн гунжийг 600.000 төгрөг, Хар зүсмийн бярууг 400.000 төгрөгөөр бодож зараад мөнгийг нь ээж Норжмаагийн Төрийн банкны дансаар 700.000 төгрөг авсан. 300.000 төгрөгийг нь Будсүрэн ахад өртэй байснаа суутгуулсан юм. Мөн тус сумын иргэн Гүнчинд эвэртэй Ягаан гунж, эвэртэй хүрэн гунжийг тус бүр 600.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөгөөр зараад мөнгийг цувуулж бэлнээр аваад өрөндөө өгөөд дууссан. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын зүс таних хүнд мал авна гэх зарын дагуу Хар зүсмийн гунжин үнээ, эвэртэй Ягаан зүсмийн нас гүйцсэн үнээ, хүзүүвчтэй Улаан зүсмийн бяруу, эвэртэй Алаг үнээ, сартай Хар эр бяруу, Улаан зүсмийн цүлхгэр үнээ, эвэртэй Хар шүдлэн эр үхэр, Улаан халзан гунж нийт 8 тоон үхрийг 5 сая гаруй төгрөгөөр зарсан. Би тухайн үхэрнүүдийг Шилүүстэй сумын Сайхан багийн нутаг Цагаанбулаг гэх газарт тууж хүргэж өгөөд тэндээс нөгөө худалдаж авсан ах ирээд туугаад явсан. Дээрх 8 тооны үхрийн мөнгийг аав Гансүхийн дансаар авсан. Говь-Алтай аймгийн харьяат ...Жавхаа гэгчид Хар зүсмийн эвэртэй шүдлэн эр үхэр, Бөөр алаг шүдлэн, Хар гунж гэх нийт 7 тооны үхрийг 2022 оны хавар Жавхаа гэх хүнээс мал өгнө гэж авсан байсан мөнгөндөө суутгасан. Дараа нь эвэргүй мухар Алаг гунж, эвэртэй Улаан хүрэн шүдлэн 2 тооны үхрийг би өөрөө нядалж хэрэглэсэн...”,“...Би өмнө нь худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед би, Отгонбаярыг газар дөхүүлээд өг гэж хэлээд Мод үржүүлгийн талбай орчим хүргүүлж ирсэн. Тэнд 1 морь байхыг би өдөр нь харсан юм. Тэгээд тэр морийг унаад ганцаараа цааш явсан. Отгонбаяр энэ хэрэгт ямар ч хамааралгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.Очирбатын үйлдлийн улмаас хохирогч М.Жаргалсайханд 18250000 төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчний дүгнэлтээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч Г.Очирбат нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 34 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Г.Очирбат болон өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эрдэнээд 1.300.000 төгрөгийн, хохирогч Ж.Чулуунзагдад 1300000 төгрөгийн, хохирогч Ш.Хөхөөд 9.500.000 төгрөгийн, хохирогч М.Жаргалсайханд 18.250.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Будсүрэнд 1.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Жавхланд 4.900.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Гүнчинсүрэнд 1.450.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Доржсүрэнд 5.900.000 төгрөгийн бодит хохирол тус тус учирчээ.
Үүнээс шүүгдэгч Г.Очирбат нь хохирогч Ц.Эрдэнээд 1.300.000 төгрөгийн, хохирогч Ж.Чулуунзагдад 1.300.000 төгрөгийн, хохирогч Ш.Хөхөөд 9.500.000 төгрөгийн, хохирогч М.Жаргалсайханд 16.450.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Доржсүрэнд 5.900.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Харин хохирогч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд 2 тооны үхрийн үнэ 1.800.000 төгрөг болон малаа эрж хайсны зардал 3.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа ч түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна тодорхой тооцоо гаргахад боломжгүй байна. Иймд шүүгдэгчээс 2 тооны үхрийн үнэ 1800000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Жаргалсайханд олгож, малаа эрж хайсны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Мөн шүүгдэгчээс малаа эрж хайсны зардалд хохирогч Ж.Чулуунзагд 500.000 төгрөгийн, хохирогч Ш.Хөхөөд 2.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хохирогч Ш.Хөхөө шүүхэд “Г.Очирбатаас өөрийн гарсан бүх хохирол 2.000.000 төгрөг авсан гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн ч тэдний гаргасан баримтууд хуульд заасан шаардлагыг хангахгүй, түүнийг хохирогч гаргасан нь гэж үзэхээргүй эргэлзээтэй байна. Иймд хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч Д.Будсүрэнд 1000..000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Жавхланд 4.900.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Гүнчинсүрэнд 1.450.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй ба иргэний нэхэмжлэгч Д.Гүнчинсүрэн нь шүүхэд “ Г.Очирбатад ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн нь шүүгдэгчийг хохирол төлсөн гэж үзэхгүй байна. Иймд шүүдэгчээс дээрх хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Будсүрэнд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Жавхланд 4.900.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Гүнчинсүрэнд 1.450.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч М.Жаргалсайхан шүүгдэгч Г.Очирбатаас хохиролд 1000000 төгрөг авсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Очирбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг ажлын 4/ дөрөв/ хоног буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч хохирогч М.Жаргалсайханд 800.000 төгрөгийг төлсөн байна.
Г.Очирбат нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо бүрэн барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч төлөгдөөгүй ба шүүх хуралдаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч М.Жаргалсайханд шүүхээс өмнөх шатанд 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2 тооны үхрийн үнэ 1.800.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Очирбатыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Г.Очирбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Г.Очирбатад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүх хуралдаанд Г.Очирбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан буюу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийн хүлээн авах боломжгүй учир түүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Очирбатад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн /морь/-ны үнэ 1300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Очирбат нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчууд овогт Гансүхийн Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Очирбатад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Очирбатад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Очирбатын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 1.300.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Очирбат нь хохирогч Ц.Эрдэнээд 1.300.000 төгрөг, хохирогч Ж.Чулуунзагдад 1.300.000 төгрөг, хохирогч Ш.Хөхөөд 9.500.000 төгрөг, хохирогч М.Жаргалсайханд 18.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Доржсүрэнд 5.900.000 төгрөгийг тус тус төлөгдсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Будсүрэнд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Жавхланд 4.900.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Гүнчинсүрэнд 1.450.000 төгрөгийг шүүгдэгч Г.Очирбатаас гаргуулж, хохирогч Ш.Хөхөө, Ж.Чулуунзагд, М.Жаргалсайхан нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол малаа эрж хайсны зардал/-ыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Очирбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Шүүгдэгч Г.Очирбат энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч М.Жаргалсайханд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2 тооны үхрийн үнэ 1800000 төгрөгийг төлөгдсөн болохыг дурдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Г.Очирбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА