Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .. оршин суух Б овогт Э-ы Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, Б- овогт Г-ийн У-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х-, хариуцагч Г.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А- нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2007 онд У-тай танилцаж улмаар 2008 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү У.О- төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, Г.У-ын авиргүй зан харьцаа,  дарамтнаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж байна. Бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж хүү О-ыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Энэ хугацаанд хүү У.О-ыг харж үзэж байгаагүй мөнгөн тэтгэмжнээс байнга зугтдаг тул эцэг Г.У-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Г.У- шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж хүү У.О-ыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Тус тусдаа амьдралтай болсон учир эвлэрэх боломж байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидэнд  эд хөрөнгийн маргаан байхгүй.  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч Г.У-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Э.Х-, хариуцагч Г.У- нар нь 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэр бүл болсон бөгөөд 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү У.О- төрсөн, улмаар зан харилцааны таарамжгүй байдлаас болж зохигчид  2010 оноос хойш  тус тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

          Талууд тусдаа амьдраад 9 жилийн хугацаа өнгөрсөн, тус тусдаа  өөр хүнтэй   хамтран амьдарч хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Хүү У.О- 2010 оноос хойш эх Э.Х-ийн асрамжид байгаа бөгөөд түүнийг эхийнх нь асрамжинд хэвээр үлдээхээр  талууд тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү У.О-ыг эх Э.Х-ийн асрамжид үлдээн эцэг Г.У-аас тэжээн тэтгүүлэх нь  зүйтэй байна. 

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26  дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;  хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заажээ.

 Мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглоно” гэж хуульчилсан байна.

 Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүтэй нь уулзахыг хориглох эрхгүй,  зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг  хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагуудад төлсөн улсын тэмдэгтийн хураамж  103.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103.348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар    зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Э-ы Х-, Б- овогт Г-ийн У- нарын гэрлэлтийг цуцалсугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У-ын О-ыг эх  Э.Х-ийн асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У-ын О-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн  хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Г.У-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

  4. Зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2-т заасан  үүрэг хэвээр үлдэхийг, 26.6 дахь хэсэгт заасан “хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон” болохыг анхааруулсугай.

       5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одгэрэлд даалгасугай.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд  103.348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ТУЯА