Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч Ж.А, С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж кк овогт Жын А, Н овогт С-ы А нарт холбогдох 2213000000240 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж. К.к овгийн Ж.ын А, регистрийн дугаар .

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Н.овгийн С.ы А, регистрийн дугаар .

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 04 цагийн үед хохирогч С.Атай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 04 цагийн үед хохирогч Ж.Атай зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1 Шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

1.2 Шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

2. 2213000000240 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг болсон гэх газар нь  Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд иргэн Б.Мийн хашааны дотор  талд болсон гэх ба тухайн байшин нь ертөнцийн зүгээр зүүн урагш харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай байв. Тухайн хашааны  зүүн доод талд хүн орж гарах хэсэг байв. ...Уг чиргүүлд үнс, хог хаясан байдалтай  байв. Тухайн цемент дээр С.А, Ж.А нар нь зодолдсон гэх хэсгийг С.Ааар залгаж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хашааны зүүн хойд буланд нүүрс овоолготой байх ба   урд нь 19 см, өргөн нь 6 см, өндөр нь 7 см хэмжээтэй нүүрэн дээр  цус мэт хүрэн өнгийн шингэн зүйл 3х9 см-ийн хэмжээтэй бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, үзлгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

2.2. Хохирогч  С.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын төвөөс гэрт хэрэгтэй цай давс авчхаад сумын төвийн Шоферханы биллиард ороход тэнд хүмүүс хөзөр тоглож байсан. Тэнд Ж.А 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад тухайн пивыг бид хоёр хувааж ууж дуусгасан. Тэгээд би тэндээс гараад явах гэж байхад ардаас Ж.А гарч ирээд ахиад нэг пиво уух уу гэхээр нь би түүнд 10000 төгрөг өгсөн. Тэгээд тэрээр дэлгүүр ороод 2 ширхэг 2,4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво авч ирээд тухайн 2 пивыг ууж дуусгасан. Шоферхан биллиардаа хаана гэхээр нь та байж байгаач бид хоёр ахиад 2 пиво уучихъя гэж хэлэхэд Шоферхан зөвшөөрсөн. Тэгээд Ж.А бид хоёр Дүйсенбайгийн дэлгүүрээс 2.4 литр “Сэрүүн” нэртэй пивоноос 2 ширхгийг аваад буцаж ирээд тэндээ ууж дуусгаад ахиад пиво ууя гэхээр нь Б.Мийн гэрт очиж уухаар болоод тэдний гэрт 1 пиво авч очоод уг пивыг бид хоёр хувааж ууж байхад би Б.Мийг чи хоёр гоймон дэвтээгээд өгөөч гэж хэлээд гоймон дэвтээлгэж идсэн. Тэгээд пиво уугаад нэлээд согтсон. Тэгж байгаад би Ж.Атай хэрэлдээд Б.Мийн гэр дотор Ж.А миний зүүн нүд рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиход би газарт унасан. Б.М бид хоёрыг гэрээс гарч зодолд гээд гэрийнхээ үүдэнд гаргасан ба гадна гараад Ж.А нь намайг газарт унагаагаад миний нүүрийг маажаад толгой руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би түүнийг эсэргүүцээд толгой руу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад тэрээр намайг ална гээд хувцсаа тайлаад над руу дайрсан. Тухайн үед бид хоёр хоёулаа согтчихсон учраас харилцан зодолдсон юм. Тэгээд хэн хэн нь согтчихсон учраас цааш нь юу болсныг санахгүй байна ямартай ч бид хоёр тэдний гэрт хоёулаа унтаж  амарсан. Би Ж.Аын толгой руу баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон ба тэгээд газарт унасан байхад түүний нүүр рүү зүүн хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд хоорондоо заамдалцаж зууралдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дахь тал),

2.3. Хохирогч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баяннуур сумын төвд байдаг Шоферханы биллиардад С.Аы хамтаар “Сэрүүн” нэртэй 2.4 литр хэмжээтэй пивоноос 2 ширхгийг хувааж ууж дуусгасан. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрч байхад Шоферхан биллиардын хажууд байдаг Дүйсенбай гэх хүний дэлгүүрээс 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пивоноос 2 ширхэг аваад биллиардад хамт суугаад уугаад дуусгахад С.А дахиад ууя манай найз Б.Мийн гэр байгаа, тэдний гэрт очоод ууя гээд намайг дагуулаад тэдний гэрээс 2 ширхэг 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад 1 нь Шоферханы биллиардад ууж дуусгаад үлдсэн 1 ширхэг пивыг Мийн гэрт очиж ууя гэхээр нь би тэд нар унтаж байгаа эхнэр нь байгаа гэхэд тэрээр хүч өгөхгүй намайг дагуулаад тэдний гэрт очиж цонхыг нь цохиж тэдний гэрт ороод 1 ширхэг пивыг С.А бид хоёр ууж байхад Б.Мэд бэлэн гоймон дэвтээчих гэж байсан сууж байсан юм. Тэр хооронд Б.Мийн охин дүү нь бид хоёрыг явуулаач гэхээр нь би С.Ад хоёулаа явъя гэртээ харьяа гэхэд тэрээр миний үгэнд орохгүй тэдний гэрт надтай зууралдаад тэрээр эхлээд миний цээж рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би бас түүнийг цохисон юм шиг байна. Тэгээд С.А намайг заамдаад тэдний гэрээс чирээд аваад гадаа гараад намайг газарт унагаагаад зодсон. Тухайн үед Б.М бид хоёрыг салгах гэхэд түүнд бид хоёрыг салгавал ална шүү гээд айлгахад тэд нар ойртож чадаагүй. Тэр үед би ухаан алдаад нэг сэрэхэд Б.Мийн гэрт байсан. Тэгээд өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад эгч Ж.Анд Б.М намайг зодуулсан талаар хэлж хүргэн ах Е.А намайг Б.Мийн гэрээс эмнэлэгт авч ирсэн. ...Миний толгой эргээд, зүүн талын дал хэсгээр хатгаж өвдөөд байна бас дух шалбарсан, хүзүү улайж шалбарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

2.4. Гэрч Д.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.А, Ж.А нар нь хагас сайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 10 цаг өнгөрч байхад манай гэрийн цонхийг цохиод 2 ширхэг 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад явсан ахиж ирээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

2.5. Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 4 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн цохисон. Тэгэхээр нь би хаалга тайлаагүй ба дахиад хаалга цохиход хэн бэ гэхээр нь Батырбек байна гэж  хэлэхээр нь хаалга тайлахад Батырбек биш С.А Ж.А хоёр согтуу орж ирээд танайд энэ пивыг уучхаад явъя гэхээр нь оруулсан. Тэгээд уг пивыг ууж байхдаа надад С.А гоймон дэвтээгээд өг гэхээр нь би тэр хоёрт гоймон дэвтээж өгсөн. Тэр хоёр гоймонгоо асгаад зөв идэж чадахгүй нэг нэгэнтэйгээ хэрэлдээд хоорондоо зууралдсан үед манай охин дүү Б.Атэр хоёрыг та нарын зодолдох газар энэ биш шүү гарч зодолд гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр манайхаас заамдалцаад гарсан ба гадаа гараад тэр хоёр хэрэлдээд хоорондоо зууралдаад байсан. Би тэр хоёрыг салгах гээд С.Аы гарыг татахад тэрээр би чамайг ална шүү холд бид хоёрыг битгий салга гэж хэлсэн. Тэгээд ч би ганцаараа байсан учраас тэр хоёрт хүч хүрэхгүй байсан. Би гэр рүү буцаж ороод Ж.Аын ах болох Ж.Бы утас руу залгаад түүнийг ирж авч яв гэж хэлэх гэхэд утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд буцаад гарахад Ж.А газарт хэвтэж байсан дээр нь С.А гараад суучихсан Ж.Аын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд би С.Аыг салгаж аваад гэрт оруулсан. Дараа нь буцаж гараад Ж.Аыг чирээд гэрт оруулаад галын дэргэд хэвтүүлээд дээрээс нь орны дэвсгэр даавуугаар хучаад гал түлээд түүний хүргэн ах Е.Аийг дуудсан..., ...Би гадаа тэр хоёрыг хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодсоныг хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

2.6. Гэрч Б.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үүрээр 4 цаг өнгөрч байхад байшингийн хаалгыг цохисон. Тэр үед ах Б.М хаалга нээж өгөхөд Ж.А, С.А хоёр согтуу орж ирээд пиво уугаад гоймон идсэн. Тэгж байгаад тэр хоёр хэрэлдээд чанга чанга дуугараад байхаар нь та хоёр гарч зодолдоорой та нарын гоймон идэж зодолддог газар чинь энэ биш шүү гэж хэлээд унтлагын өрөөндөө орж унтсан. Тэр хоёрын зодолдсоныг би хараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

2.7. Гэрч Т.Шны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар 22-ны өдөр үдээс хойш 13 цаг өнгөрч байхад биллиардаа нээгээд тоглуулж байгаад орой 22 цагийн үед Ж.А, С.А хоёр хөзөр тоглож байгаад Ж.А манай ах хотод гар барилдааны тэмцээнээс түрүүлсэн байгаа түүнийг мялааж ганц пиво хийе гэхээр нь би татгалзсан бөгөөд Ж.А гуйгаад байхаар нь би зөвшөөрөхөд Ж.А “Сэрүүн” нэртэй 2,4 литрийн пиво 1 ширхэг авчраад задалсан. Уг пивыг ууж дууссаны дараа Ж.А одоо дахиад 1-2 пиво ууя гэхээр нь би татгалзаад та нар одоо харь би биллиардаа хаамаар байна гэхэд Ж.А, С.А нар надаас гуйсаар байгаад гаднаас “Сэрүүн” нэртэй 2,4 литрийн пивоноос 2 ширхгийг авч ирээд тэрийг тэр хоёр хувааж ууж дуусгасан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч биллиардаа хаах гэж байхад ахиад тэр хоёр 2 ширхэг пиво авч ирээд нэгийг нь ууж дуусгаад 1 пивыг бүтнээр нь аваад явсан. Би тэр хоёрыг одоо орой болсон байна би унтаж амрах хэрэгтэй гэж хэлээд гаргаад явуулсан тэр хоёр манайхаас гараад хаашаа явсныг нь мэдэхгүй... ...Тэр хоёр манай биллиардад ямар ч муудалцсан асуудал гаргаагүй шөнийн 00 цаг өнгөрч байхад манайхаас гараад явсан хааш нь юугаар явсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

2.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаартай “1. ...Иргэн С.Аы биед тархины доргилттой, зүүн хөмсгөнд хэсэгт зулгарсан шархтай, зүүн нүдэнд битүү хавантай, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай, дээд уруулын баруун талд шархтай, доод эрүүний үүдэн шүүд суларсан, баруун тохойнд зулгарсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. Гэмтлүүд нь 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Иргэн С.Аы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 806 дугаартай “1. ...Иргэн Ж.Аын биед тархины доргилттой, духны хэсэгт зулгарсан шархтай, баруун нүдэнд битүү хавантай, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний салстад цус харвасан, зулайны урд хуйханд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. З. Иргэн Ж.Аын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

2.10. Яллагдагч С.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Бид хоёр Мийн гэр дотор зодоон эхлүүлээгүй. Харин тэдний гэрээс гараад гадаа зодолдсон. Тэр үед хоёулаа адилхан согтчихсон байсан болохоор адилхан бие биеэ зодсон. Ж.А бид хоёр бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн учраас гомдол саналгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

2.11. Яллагдагч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. С.А бид хоёр бие биеэ уучилж хоорондоо эвлэрсэн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дэх тал),/хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.12 Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “...Ж.А нь “танай өрх амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд  хамрагдаж Нийгмийн халамжийн дэмжлэг, тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас дээгүүрт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал),

2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “...С.А нь “танай өрх амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд  хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас дээгүүрт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дэх тал),

3. Шүүгдэгч Ж.А, С.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 80-84, 92-94 дэх тал),

4. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/141 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал),

5. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/150 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дахь тал),

6. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төрийн сангийн мэргэжилтэний мал тооллогын тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал),

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогттол,  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 96-121 дахь тал) зэрэг болно.

3.Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Ж.А, С.А, гэрч Д.Е, Б.М, Б.А, Т.Ш, Е.А, яллагдагч Ж.А, С.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 2.5, 9-10, 13-14, 16, 18, 20-21, 23, 25, 26, 29,  32-33, 39-40, 55-56, 66-67  дахь тал) зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 04 цагийн орчимд тус аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Мийн гэрт  шүүгдэгч Ж.А, С.А нар нь согтуугаар харилцан зодолдож  бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна. 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Шүүгдэгч Ж.А, С.А нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2. Шүүгдэгч Ж.А, С.А нарын хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Аын биед учирсан  биед тархины доргилттой, духны хэсэгт зулгарсан шархтай, баруун нүдэнд битүү хаван, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, баруун нүдний салстад цус харвасан, зулайны урд хуйханд шарх бүхий гэмтэл, хохирогч С.Аы биед учирсан тархины доргилт, зүүн хөмсгөнд хэсэгт зулгарсан шарх, зүүн нүдэнд битүү хаван, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, мурийлт шарх, дээд уруулын баруун талд шарх, доод эрүүний үүдэн шүүд суларсан, баруун тохойнд зулгарсан шарх бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогч нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Ж.А, С.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

5.5. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.6. Прокурор шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

5.7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А, С.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон учраас тэдгээрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5.8. Иймд шүүгдэгч Ж.Аыг хохирогч С.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Аыг хохирогч Ж.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.9. Шүүгдэгч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А, С.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

6.2. Хохирогч Ж.А, С.А нар нь бие биеэсээ хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлж,  хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй тул  шүүгдэгч нарыг хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч Ж.А, С.А нарыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч С.А урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогттол,  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 96-121 дахь тал)

2.3. Харин шүүгдэгч Ж.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 96-121 дахь тал)

2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч С.А, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргав.

2.5. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.6. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ж.А нарын тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.7. Шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тэдгээрт сануулах нь зүйтэй.

  3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Жын А, Н овогт Сы А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ж.А нарыг тус бүрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ж.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ж.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч С.А, Ж.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213000000240 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.Б