Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Ббек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч Х.Ө,

хохирогчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Т.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ургийн овогт Тын Нд холбогдох 2213003030249 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 6 , эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Жантекей атантай ургийн Тогтоолын Н, регистрийн дугаар ,  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Бын толгой руу нь гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213003030249 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Т.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

 

2.2. Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр 19 цагийн орчимд Дэлүүн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөндөө байсан ба тухайн үед байшингийн гадаа ах Т.Нтай таарсан. Тэгээд миний ах Т.Н над руу хандаж Дэлүүн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хадлангийн талбайд шуудуу ухлаа хэмээн уурласан. Би өөрийн газартаа юу ухах эсэхээ өөрөө шийднэ гэж хэлсэн. Улмаар ах Т.Н над руу уурлаж миний нүүр болон зүүн чихний хэсэгт хэд хэдэн удаа бээлий өмссөн гараараа цохиж, хэвлий хэсэгт өшиглөсөн. Тухайн үед би ахаасаа яагаад зодсон талаар асуухад намайг хэл амаар доромжилсон юм. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлттэй танилцлаа. Тухайн үед миний эхнэр О.М, ах Т.Н, түүний эхнэр Х.Г нар байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

2.3. Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Нийтдээ 155550 төгрөг арсан бөгөөд уг мөнгийг манайх ах Т.Н надад саяхан бэлнээр тоолж өгсөн. Одоо надад Нтой холбоотой өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

2.4. Гэрч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед би Дэлүүн сумын 7 дугаар багт байрлах өвөлжөөний байшин дотор байсан юм. Тухайн үед байшингийн гадаа хүмүүсийн маргалдах чимээ гарахаар нь гарахад манай нөхөр Т.Н өөрийн төрсөн дүү болох Т.Бтай маргалдаж улмаар Т.Нын дүү Т.Бын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Улмаар Т.Бын нүүрнээс цус гарсан байдалтай байв. Тэр үед нөхрөө барьж аваад Т.Баас салгасан ба тэрээр гэдсээ бариад газарт суусаар байсан. Тухайн үед Т.Баас юу болсон талаар асуухад гэдэс өвдөж байна хэмээн хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тухайн үед Б нь ах болох Т.Нын биед халдаагүй юм..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

2.5. Гэрч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед би Дэлүүн сумын 7 дугаар багт байрлах өвөлжөөний байшин дотор байхад манай нөхөр Т.Б өөрийн ах болох Т.Нтай байшингийн гадаа маргалдаж байсан. Тэр үед би цонхноос харахад манай нөхрийг ах нь болох Т.Н нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж, гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед Т.Н гартаа бээлий өмссөн байдалтай миний нөхрийг зодсон. Тэгээд би байшингаасаа очиж салгасан. Ямар шалтгаанаар манай нөхрийг зодсоныг би мэдэхгүй. Тухайн үед Т.Б өөрийн ах болох Т.Нын биед халдаагүй гэдгийг би сайн харсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

2.6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 818 дугаартай “Дүгнэлт: 1. Т.Бын биед тархины доргилт, зүүн чихний урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2.7. Яллагдагч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ярихад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай өвөлжөөний гадна дүү Т.Бтай тааралдаад түүнд хадлангийн талбай руу яагаад шуудуу татаж ус оруулсан юм бэ, дуудахад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж хэлэхэд дүү Т.Б би өөрийн газраа өөрөө мэднэ гэхээр нь уурандаа түүний нүүрэн тус газар бээлийтэй гараараа 2-3 удаа цохиж, мөн түүний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Т.Б газарт суучихсан ба түүний чихний урд хэсгээс цус гарч байсан. Тэгж байтал манай эхнэр Х.Г, бэр О.М нар гэрээс гарч ирээд бид нарыг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Шүүгдэгч Т.Нын иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суух газрын лавлагаа,  эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 76-78, 81 дэх тал),

2. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64, 65, 66 дугаартай тодорхойлолтууд  (хавтаст хэргийн 84-86 дахь тал) ,

3. Мал, тэжээвэр  амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар (хавтаст хэргийн 87-89 дэх тал) ,

4.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Т.Б, гэрч Х.Г, О.М, яллагдагч Т.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48, 51, 54, 57, 15-16, 67-68 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь  2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн цагийн орчимд тус аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөндөө  “хадлангийн талбай руу яагаад шуудуу татаж ус оруулсан юм бэ” гэх шалтгаанаар өөрийнхөө төрсөн дүү буюу хохирогч Т.Бтай маргалдах явцад түүний нүүр болон зүүн чихний хэсэгт гараараа цохиж, хэвлий хэсэгт өшиглөж, хохирогчийн эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Т.Бын биед нь үүссэн тархины доргилт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 15-16 дахь тал),  

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч Т.Нын хадлангийн талбайд шуудуу татсан гэх шалтгаанаар хохирогч Т.Бын зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг хангасан байна.

4.4. Шүүгдэгч Т.Нын үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол учруулсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хор уршигт 155000 төгрөгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

4.7. Иймд шүүгдэгч Т.Ныг хохирогч Т.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Шүүгдэгч, хохирогч нар ах, дүүс боловч хадлангийн талбайгаас улбаалсан  хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч Т.Бад учирсан хор уршиг буюу эмчилгээний зардалд 155000 төгрөгийг шүүгдэгч Т.Н төлж барагдуулсан нь хохирогчийн “...надаас уучлалт гуйж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 51 дэх тал)

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Т.Ныг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч Т.Н урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 71 дэх тал)

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч гомдол, саналгүй, улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого мал маллаж амьдардаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нь хохирогчид учирсан 155000 төгрөгийн хор уршгийг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Тын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тогтоолын Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Т.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Нд сануулсугай.

5. Шүүгдэгч Т.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213003030249 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 155000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б