Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2019/00061/И |
Дугаар | 103/ШШ2019/00082 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2019/00082
2019 3 7 | 103/ШШ2019/00082 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 34 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, Шарайд овогт Дашдоржийн Ганхуягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Боржигон овогт Өвгөнхүүгийн Сарангоод холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганхуяг, хариуцагч Ө.Сарангоо, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 1993 онд танилцаж, 1994 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулан 5 хүүхдийн эцэг эх болсон. Гэтэл эхнэр маань 2007 онд өөр хүнтэй гэр бүл болж, намайг 5 хүүхдийн хамт орхиод явсан. Гурван том хүү насанд хүрч, хоёр хүүхэд маань насанд хүрээгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээмээр байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 18 жил хамт амьдрахдаа 5 хүүхдийн эцэг эх болцгоосон. Сарангоо 2007 онд 5 хүүхэд, нөхрөө орхиж явсан. Түүнээс хойш охин ээж дээрээ баймаар байна гэдэг. Ээжрүүгээ ирэн очин байсаар 7 жил болж байна. Охин миний асрамжид байхгүй гэдэг болсон. Саяхан охин маань хүчингийн хэрэгт холбогдоод цагдаагаас намайг хүүхэддээ хараа хяналт тавиагүй торгоно гэх зэргээр асуудал үүсгэсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид үлдээж, охиныг ээжийнх нь асрамжид өгөх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ө.Сарангоо шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ганхуяг намайг эрүүл, согтуу аль ч үед зоддог байсан болохоор би нөхөр 5 хүүхдээ орхиод явсан. Би эргэж харих талаар зөндөө бодсон боловч дахин зодох байх гэж бодоод очоогүй. Тухайн үед манай 3 хүүхэд төвд, би нөхөр 2 хүүхэдтэйгээ хөдөө байдаг байсан. Бид тусдаа амьдраад 9 жил болж байна, би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөр дээрээ авна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь хариуцагч Ө.Сарангоод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хүүгээ өөрийн асрамжид үлдээж, охиноо эхийнх нь асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ө.Сарангоо нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Ганхуяг, хариуцагч Ө.Сарангоо нар нь 1994 оноос хамтран амьдарч, 1995 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлээ хуулийн дагуу бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1994 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүү Г.Ган-Эрдэнэ, 1997 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Г.Эрдэнэхуяг, 1999 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Сайханбилэг, 2002 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр охин Г.Сайханчимэг, 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Г.Буянзаяа нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаа, хүү Г.Ган-Эрдэнийн №57 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Г.Эрдэнэхуягийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, хүү Г.Сайханбилэгийн 355 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Г.Сайханчимэгийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, хүү Г.Буянзаяагийн 28 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргаантай байсан, эхнэр Ө.Сарангоо нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоосон, гэр бүлийн хүчирхийллээс болж нөхөр 5 хүүхдээ орхин гэрээс явсан, тус тусдаа амьдаад 12 жил болсон, эхнэр Ө.Сарангоо нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэрлэгчид нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, зохих үр дүнд хүрэхгүй гэж шүүх дүгнэсэн бөгөөд хүү Г.Буянзаяаг эцгийнх, охин Г.Сайханчимэгийн эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон болон насанд хүрээгүй хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүү Г.Буянзаяаг эцэг Д.Ганхуягийн, охин Г.Сайханчимэгийг эх Ө.Сарангоогийн асрамжинд тус тус үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх.., эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс охиноо эцэгтэй, хариуцагчийн зүгээс хүүгээ эхтэй нь уулзуулахгүй байх эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганхуягийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сарангоогоос улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганхуягт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шарайд овогт Дашдоржийн Ганхуяг, Боржигон овогт Өвгөнхүүгийн Сарангоо нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсгүүдэд зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн хүү Г.Буянзаяаг эцэг Д.Ганхуягийн, 2002 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин Г.Сайханчимэгийг эх Ө.Сарангоогийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сарангоогоос улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганхуягт олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хэнтий аймгийн Батширээт сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ