Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

2022       12          02                                 2022/ШЦТ/226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа улсын яллагч Ховд аймгийн Прокурорын хяналтын прокурор  Т.Өсөхболд, шүүгдэгч  Б.Нямсүрэн  нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Балдоржийн Нямсүрэнд холбогдох эрүүгийн 2236000000290  дугаартай, 178/2022/0227/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  хүлээн авч,  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан  журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Буянт суманд 1985 оны 07 дугаар сарын 28- ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй,  ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 14 дүгээр гудамж 139 тоотод  оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангид жолоочийн ажилтай, аминдаа гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2200000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгүүлж байсан, ПВ85072819 дугаарын регистртэй, Боржигон овогт Балдоржийн Нямсүрэн

                  Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Нямсүрэн нь 2021 оны 07  дугаар сард хохирогч Д.Нямгэрэлийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...буугаа өгч байгаач, хоёр хоног хэрэглээд өгье...гэж  хуурч, Д.Нямгэрэлийн  эзэмшлийн 11542 гол төмрийн дугаартай, 11542 замагын дугаартай, 038860 дугаарын галт зэвсгийн эзэмшигчийн гэрчилгээтэй, 1971 онд үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркын галт зэвсгийг Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 09 дүгээр гудамжны 02 тоотод байх Д.Нямгэрэлийн гэрээс авч хохирогчид 500000 төгрөгний хохирол учруулж залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

             ПИ 80052010 дугаарын регистртэй, Доржийн Нямгэрэлийн 1971 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, ТОЗ-8 маркийн, Е 11542 гол төмрийн дугаар бүхий, 11542 дугаартай замагтай  буу эзэмшигчийн 038860 дугаартай  гэрчилгээний хуулбар / хэргийн 05 дугаар хуудас/

            Хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 09 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид МББ- ажиллагааны офицер ажилтай/ Д.Нямгэрэлийн өгсөн... Намайг 2021 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн  Зүүн баян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллаж байхад Б.Нямсүрэн нь  миний утас руу 2-3  өдөр залгаад буугаа 2-3 өдөр өгөөч, ашиглаж байгаад өгье гээд  гуйгаад байхаар нь Цамбагарав багийн 0-02 тоотоос эхнэр Б.Ууганцэцэгээр дамжуулан өгч явуулсан. Тэгээд  түүний 99434898 дугаарын утсаар залгахаар хотод байгаа, удахгүй өгнө гээд өгөхгүй байсан тул  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би өөрийн найз Ган-Одоор дамжуулан танилцсан.   Тухайн буу нь миний өөрийн нэрэн дээр байдаг, 1971 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, ТОЗ-8 маркийн, Е 11542 гол төмрийн дугаар бүхий, 11542 дугаартай замагтай  буу эзэмшигчийн 038860 дугаартай  гэрчилгээтэй. Миний аавын буу байсан. 2014 онд өөрийн нэрэн дээр шилжүүлэн авсан. Буугаа олж авмаар байна. Буугаа авсан тохиолдолд гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 08-09 дүгээр хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Баянмөнхийн өгсөн... Би Б.Нямсүрэнг багаас нь мэднэ, бид нэг суманд төрж, өссөн байгаа. Харин Б.Нямгэрэлийг танихгүй. 2021 оны 07 дугаар сард Ховд аймагт явж байтал Б.Нямсүрэнтэй тааралдсан. Би манай ногоог хэрээ тоншоод байгаа талаар хэлэхэд надад нэг буу байгаа авах уу гэсэн. Тэгээд бууг чинь харья гэхэд машинаасаа гаргаж үзүүлсэн. Тэгтэл  гайгүй буу  байхаар нь авъя гээд бичиг баримт байна уу гэхэд  иргэний үнэмлэхээ өгчих галт зэвсгийн гэрчилгээтэй болгоод өгье гэхээр нь  бууг нь аваад явсан. Тэгтэл үдээш хойш нь дүүд нь мөнгөний хэрэг гарлаа 600000 төгрөг өгчих гэхээр нь Буянт сумын ХААН банкнаас 600000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бичиг баримтыг нь өгөөрэй гэхээр маргааш нөгөөдөр гээд, сүүлдээ утсаа авахгүй байсан. Цагдаагийн газраас ирээд бууг хурааж аваад явсан. Түүний дараа мөнгийг чинь өгнө гэсэн боловч мөнгийг өгөөгүй байна. Тухайн бууг Б.Нямгэрэл  гэдэг хүний буу байсныг сүүлд цагдаагаас мэдсэн. Би 600000 төгрөгөө авбал  гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас /

            Галт зэвсгийг хураан  авсан...Иргэн Б.Нямгэрэлийн эзэмшлийн гэх галт зэвсэг нь бор өнгийн модон  хундагатай, цайвар бор оосортой, MADE IN USSR гэсэн бичиглэлтэй, 200- гийн тусгалтай самбар хараатай, гол төмөр хэсэгт Е11542, замаг хэсэгт 11542 гэсэн бичиглэлтэй, хундага төмрийн урт 113 см галт зэвсэг байсныг хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 17-20 дугаар хуудас/

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн...Ховд аймгийн Прокурорын газрын зөвшөөрлөөр  2022 оны 10 дугаар сарын 21- ний өдөр хураан авсан, бор өнгийн модон  хундагатай, цайвар бор оосортой, MADE IN USSR гэсэн бичиглэлтэй, 200- гийн тусгалтай самбар хараатай, гол төмөр хэсэгт Е11542, замаг хэсэгт 11542 гэсэн бичиглэлтэй, хундага төмрийн урт 113 см галт зэвсгийг хохирогч Д.Нямгэрэлд  хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 21 дүгээр хуудас/

            ВЕНДО ХХК- ний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХЦ22-259 дугаартай...гол төмөр  Е11542, замаг  11542  бүхий ТОЗ-8 маркын буу-500000 төгрөг / хэргийн 24-27 дугаар хуудас /

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Нямсүрэнгийн яллагдагчаар  хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 07 дугаар сард хотоос Ховд аймагт ирээд найз Д. Нямгэрэл рүү яриад “буугаа түр хэрэглүүлээ ч” гэж гуйсан. Тэгтэл Д.Нямгэрэл зөвшөөрөөд надад нэг айлын хаяг зааж өгсөн. Тухайн бууг аваад хэд хоног хэрэглэж байгаад Буянт суманд найз нартайгаа архи ууж яваад Т.Баянмөнх таарахад нь  дүү нь архи ууж явна , нэг буу байна 500000 төгрөгт өгье  гээд өгсөн байсан. Тэгээд 2-3 сарын дараа Д.Нямгэрэлийг залгахаар нь бууг чинь аваачаад өгнө  надад байгаа гэж худал хэлсэн.  Би өөрийн дансаар  Т.Баянмөнхөөс мөнгийг  нь аваад, сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дансаар мөнгийг нь шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хэргийн 44-45 дугаар хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нямгэрэлийн дахин өгсөн... Б.Нямсүрэн нь удаа дараа залгаад байсан тул найздаа хэлээд бууг өгүүлсэн байгаа. Тухайн үед 2-3 хоног тарваганд үүрчихээд өгье гээд авсан. Би Ховд аймгийн Буянт сумын хэсгийн төлөөлөгч Б.Бямбадоржоос буугаа хүлээн авсан. Миний буу бүрэн бүтэн байсан. Надад санал хүсэлт алга...гэх мэдүүлэг / хэргийн 52-53 дугаар хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Баянмөнхийн  дахин өгсөн... Би 2021 оны 07 дугаар сард өөрийн нутгийн Б.Нямсүрэн гэдэг залуугаас ТОЗ-8 маркын бууг 600000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Б.Нямсүрэнгийн данс руу 600000  төгрөг шилжүүлсэн. Б.Нямсүрэн нь миний буу гээд өгсөн. 2022 оны 01 дүгээр сард над руу залгаад буугаа авмаар байсан гэсэн. Би мөнгөө өгчихөөд ав гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сард тухайн бууг хүний буу байсныг мэдээд миний мөнгийг өгөөд орхи гэсэн боловч одоо хүртэл  миний мөнгийг өгөөгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 55-56 дугаар хуудас/

            ХААН банкны 5845326617 дугаартай дансанд 2021 оны 08 дугаар сарын 13- ны өдөр 600000 төгрөг шилжүүлсэн “Орлогын баримт”-  /хэргийн  58 дугаар хуудас/

            Шүүгдэгч Б.Нямсүрэнгийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 61 дүгээр хуудас/

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 63-82 дугаар хуудас/

            Б.Нямсүрэн нь Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо Тахилт,  14 гудамж, 139 тоотод оршин суудаг гэх оршин суугаа газрын  бүртгэлийн лавлагаа / хэргийн 92 дугаар хуудас/

            Б.Нямсүрэнгийн ПВ 85072815 дугаарын регистртэй  иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн  93 дугаар хуудас/

            Хохирогч Д.Нямгэрэлийн Ховд аймгийн Прокурорын газарт  гаргасан... Дорж овогтой Нямгэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 12- нд өөрийн эзэмшлийн  ТОЗ-8 маркын бууг өгч залилуулсан учир 2022 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр Буянт сумын хэсгийн төлөөлөгч Бямбадоржоос буугаа хүлээн авсан тул  надад гомдол санал , нэхэмжлэх зүйлгүй ... гэх хүсэлт / хэргийн 94 дүгээр хуудас/

            Ховд аймгийн Цагдаагийн газарт...Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн Төмөрчулууны Баянмөнх...миний бие Балдоржийн Нямсүрэнгээс ТОЗ-8 маркийн калибр буу худалдаж авсан. Гэтэл уг бууг Буянт сумын хэсгийн төлөөлөгч Бямбадорж хураан авсан. Миний бие Б.Нямсүрэнгээс мөнгөө буцаан авсан тул одоо ямар нэгэн санал гомдолгүй...гэх хүсэлт / хэргийн 95 дугаар хуудас/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи ууснаас ийм хэрэгт холбогдсон. Одоо архи уухгүй байгаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст  шуурхай албаны жолоочоор ажиллаж байгаа. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Нямгэрэлийн бууг  өгсөн. Т.Баянмөнхөд 500000 төгрөгийг Банзайгийн Батмөнхийн 5022424452 дугаарын дансаар ,100000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг зэрэг болно.      

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч  Б.Нямсүрэн нь  2021 оны 07  дугаар сард хохирогч Д.Нямгэрэлийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...буугаа өгч байгаач, хоёр хоног хэрэглээд өгье...гэж  хуурч, Д.Нямгэрэлийн  эзэмшлийн 11542 гол төмрийн дугаартай, 11542 замагын дугаартай, 038860 дугаарын галт зэвсгийн эзэмшигчийн  гэрчилгээтэй, 1971 онд үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркын галт зэвсгийг 500000 төгрөгний хохирол учруулж, бууг Т.Баянмөнхөд 600000 төгрөгөөр зарсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нямсүрэн нь урьдын харилцаанд бий болсон итгэлийг ашиглан   хохирогч Д.Нямгэрэлийн бууг 2 хоногийн хугацаатай авсан боловч бусдад зарж мөнгийг өөртөө завшиж болохгүйг мэдсээр байж завшсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Нямсүрэнг урьдын харилцаанд бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг хуурч  шилжүүлэн авсан гэж үзэх  үндэслэлтэй байна.

          Прокуророос  шүүгдэгч Б.Нямсүрэнгийн дээрхи үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний   нэг сая   төгрөгөөр торгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Нямгэрэл болон иргэний нэхэмжлэгч Т.Баянмөнх нар нь  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт  заасан  “ урьдын харилцаанд бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг хуурч  шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                          2.Хохирол хор уршигийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нямгэрэл нь...буугаа буцаан авсан  тул хохиролгүй болсон...,мөн иргэний нэхэмжлэгч Т.Баянмөнх нь...600000 төгрөгөө авсан...талаар хүсэлт гаргаж өгсөн байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ. 

                                    3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Нямсүрэн нь  Сонгинохайрхан дүүргийн 2019 оны 01 лүгээр сарын 30- ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгүүлж байсан  нь  хэргийн 61 дүгээр хуудсан дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Нямсүрэнгийн хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхтуяагийн өгсөн...Б.Нямсүрэн нь манай нөхөр, тогтуун томоотой, тайван дөлгөөн, хүнд тусархуу зантай. Ховд аймгийн Буянт суманд 10 жилийн сургууль төгссөн. 2007-2018 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаар ажиллаж байсан. Одоо Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны  жолоочоор ажиллаж байгаа. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан  талаар  сайн мэдэхгүй байна. Сарын 800000 төгрөгний цалин авдаг...гэх мэдүүлэг / хэргийн 48-49 дүгээр хуудас/  иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Нямсүрэн нь  хохирогчид  төлөх  төлбөргүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа  анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч Б.Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч  Б.Нямсүрэнгийн  үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн  өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Нямсүрэнд мянган   нэгжтэй тэнцэх хэмжээний  нэг сая  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн  шүүгдэгч Б.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямсүрэнд оногдуулсан   нэг сая  төгрөгний торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт,  улсын яллагчтай ял тохиролцсон  байдал  зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан...  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,шүүгдэгчийн торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэл дэх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236000000290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар  төлөгдсөн,   цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Балдоржийн Нямсүрэнг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “урьдын харилцаанд бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг хуурч  шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Балдоржийн Нямсүрэнг  мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний  нэг сая  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Б.Нямсүрэнд  оногдуулсан 1000 000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2236000000290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар  төлөгдсөн,   цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямсүрэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600000 төгрөгийг хурааж  улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Боржигон овогт Балдоржийн Нямсүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг  Нийслэл дэх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Боржигон овогт Балдоржийн Нямсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

           ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА