Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/812

 

     2022            12           01                                         2022/ШЦТ/812                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч Н.А, Д.Э, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга хариад овогт Бат-Эрдэнийн Болормаад холбогдох эрүүгийн 22100 0000 0934 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29А байрны 29 тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ... овогт Б.Б /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр төвийн гадна 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Н.А, Д.Э нартай маргалдаж, улмаар Н.А-ийн хүзүү, баруун дал хэсэгт хайчаар хэд хэдэн удаа, мөн Д.Э-ын дал хэсэгт хайчаар тус тус хатгаж, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би жил болгон Наадмын баяраар шивээс нааж зардаг. 3 дахь жилдээ сурснаараа ширээ бариад ганцаараа шивээс наах гэж Наадам центрийн гадаа зогссон. Би өндөр настай, ээждээ “мөнгө олж өгье, тус болъё” гэж гэр бүлийнхээ төлөө явсан.

Би 16 наснаасаа наймаа хийсэн ба урьд Оросын Холбооны Улсад амьдардаг байсан. Би худал хэлдэггүй, хулгай хийдэггүй. Шивээс нааж зарсан эхний өдөр орлого сайн хийсэн. Гадаад хүмүүс бичлэг хийгээд өндөр сэтгэгдэлтэй байсан. 2 дахь өдрөөс хохирогч нар миний зогсдог газрыг хашаад жимс тавьчихсан байсан. Би зүгээр мөрөөрөө байж байхад намайг шахсаар зогсох газаргүй болгож, зүлэг дээр зогсоосон.

Тэгж байтал тал талаас олуулаа ирж, хүргэн залуу нь “энэ охиныг алгадчихъя” гэж хэлсэн. Эхнэр нь “наадах чинь сэтгэцийн өвчтэй юм байна” гэж олон нийтийн газар доромжилсон. Би тэр бүхнийг сонсоод байж байсан ба яаж ч чадахгүй байсан. Ингээд бид нар маргалдаад байж байхад манай ээж ирсэн. Тэгээд “та нар яагаад хүнийг дээрэлхэж байж байгаа юм, ингэж болохгүй, эмэгтэй хүн рүү олуулаа дайраад” гэж маргалдсан.

Тухайн үед манай хүүхэд намайг өмөөрсөн. Манай хүүхэд жоохон хүүхэд, хүмүүс том хүүхэд гэж андуурдаг. Би ганц бие ээж. “Хүүхдээ ийм зүйлд оролцуулна” гэж бодож байгаагүй. Тэгж байтал хохирогч нар манай хүүхэд рүү “нүдийг чинь сохолно шүү” гэж дайрсан. Манай хүүхдийн бичлэгийг хийж фейсбүүк дээр тавина гэж хэлсэн. Энэ үед манай хүүхэд цэнхэр үстэй охинтой маргалдаж байгаад санамсаргүй утсыг нь газар савсан. Тэгэхэд араас шивээстэй залуу гарч ирээд манай хүүхдийг боож эхэлсэн. Гурвуулаа нийлээд манай хүүхдийг зодож байсан. Би харж чадаагүй. Манай хүүхэд “ээжээ” гэж орилж байсан. Би хүүхдээ тахир дутуу болгомооргүй байна. Гурван хүн манай хүүхэд рүү дайрч байсан. Тэгээд би хүүхдээ хамгаалсны төлөө ийм хэрэгт орсон.

Тухайн үед би шоконд ороод, гарт байсан хайчаар нэг нэг дүрсэн. Би хүүхдээ хамгаалах гэж тэгсэн. Манай хүүхэд тахир дутуу болбол хэн хариуцлага хүлээх вэ. Би муу хүн биш. Буруу газар буруу хүмүүстэй таарсан. Ийм хүн чанаргүй байж болохгүй. Намайг адгийн шаар, алуурчин гэж бодож байгаа. Би тийм хүн биш. Би нийгэмд аюултай хүн биш.

Гэхдээ би эдгээр хүмүүсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр гэр бүлээрээ наймаа хийгээд зогсож байсан. Бид нар шүүгдэгчтэй хэрэлдээгүй. Шүүгдэгч эхлээд хажууд зогсож байсан хүнтэй маргалдсан. Яана аа гээд зогсож байтал ээж нь хүүхэдтэй нь ирсэн. Ээж нь ирээд “яахаараа гуйлгачингууд зогсоодоггүй юм” гэж хэлсэн. 5-6 метрийн зайнаас “орилохоо болиоч” гэж хэлтэл хүүхэд нь “халзан толгойтой хөгшин минь чимээгүй байгаарай” гэж хэлсэн. Би “хүүхдээ хүмүүжүүлээч” гэж хэлтэл “бид нар хүмүүжүүлж чадахгүй байна” гэж хэлсэн. Би тэр хүүхдэд нь “чам шиг хүүхэд надад зөндөө байна” гэж хэлсэн. Манай охин үйл явдлыг гар утсаараа бичээд зогсож байтал хүүхэд нь гүйж ирээд охины утсыг авч яваад газар 2 удаа шидсэн. Хүүхдийг нь барьж авахын завдалгүй шүүгдэгч миний нуруу хэсэгт 4 удаа хатгасан. Хатгуулаад зогсож байтал ээж нь манай эхнэрийг тэврээд авсан. Энэ санамсаргүй үйлдэл биш санаатай үйлдэл. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд эмчилгээний болон бусад зардалд нийт нийт нэгтгээд 913.360 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгсөн. Үүнээс 463.360 төгрөг нь надад хамаатай хохирол төлбөрийн баримт юм. Энхтуул бид хоёр хохирлын баримтаа нийлүүлээд хэрэгт өгсөн. Гомдолтой байна. Шүүгдэгч уучлалт ч гуйхгүй, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Энэ хэрэг 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр болсон. Тухайн өдөр бид нар зэрэгцэж зогсож наймаа хийсэн. Түрүүлж ирсэн хүмүүс зайгаа эзэлж зогсоод, шүүгдэгчид лангуу тавих зай байгаагүй. Тэр үед шүүгдэгч ачааны лифтний тэнд хүн болгонтой хэрэлдээд, хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй хүүхэд нь, ээжтэй нь хамт ирж, тэр хавьд хэрүүл маргаан болсон.

Манайх 3 дахь лангуу байсан. Манай хажуугийн жимсний лангууны хүн бид нарт лангуугаа түр үлдээгээд явсан. Хүүхдийн тоглоом зараад зогсож байсан хүнтэй маргалдаад, “цэнхэр үстэй хүүхний зургийг авч фейсбүүкт тавина” гэж хэлсэн. Би өөрийн буруугүйг нотлох гэж гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа нар явж байсан юм. Зодолдож ч амжаагүй. Бид нар хүүхдэд нь гар хүрээгүй, тэр хүүхдийг 12 настай гэж мэдээгүй. Тухайн үед намайг сандал дээр сууж байхад хүүхэд нь миний нүүр рүү цохиж, гар утсыг минь аваад 2 удаа газарт савж шидээд эвдэлсэн.

Шүүгдэгч нь утсыг нь шидээгүй, санамсаргүй унагаасан гэж болсон асуудлын талаар худал хэлж байна. Энэ хүн цагдаа дуудах үед Сансар супермаркет дотор зугтаж явж байхад нь барьж авсан.

Хохирлын хувьд нийт 913.360 төгрөгийн нэхэмжлэл баримт гаргаж өгснөөс 450.000 төгрөгийг надад оногдох төлбөр, үүн дээр эвдэрсэн утасны үнийг нэмээд нийт 765.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирлоо буруутай этгээдээр барагдуулж авмаар байна. Хохирогч Н.Ад бид хоёрт учирсан гэмтэл шарх адил байсан учир бид адил эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэсэн учир хохирлын баримтаа нэгтгээд хэрэгт өгсөн байгаа. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү. “ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 0000 0934 дугаартай хэргээс:

 

1. Хүний /Н.А, Д.Э, С.Б нарын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-12, 13-16 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09 цагийн үед наймаа эрхлэх гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн талбай орох зам дагуу лангуугаа дэлгээд наймаагаа хийж байсан. 10 цаг 30 минутын үед нэг эмэгтэй миний хажууд худалдаа эрхлэх гэж ирээд манай хүргэнтэй муудалцаад байсан ба би “боль” гээд салгасан юм. Ингээд 13 цагийн үед түүний ээж нь гэх эмэгтэй эрэгтэй хүүхэд дагуулж ирээд, “та нар яагаад энд зогсоодоггүй юм, муу сайн гуйлгачингууд” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “болиоч” гээд бага зэрэг маргалдсан. Тэгэхэд нөгөө эрэгтэй хүүхэд “өө, муу хөгшин төгцөг минь, дуугай бай” гэхээр нь би “чам шиг нус надад зөндөө байгаа шүү” гэж хэлсэн.

Энэ үед манай охин хажууд бичлэг хийгээд зогсож байсан ба нөгөө эрэгтэй хүүхэд манай охины утсыг булааж аваад газар шидэх гэхээр нь би голоор нь орж, хүүхдийн гарыг бариад авахад утсыг газар савчихсан. Би “яаж байгаа юм бэ” гээд заамдаад авахад араас нэг эмэгтэй хүн миний нурууны гол хэсэг рүү 2 удаа, мөр хэсэг рүү 2 удаа хайчаар зоосон. Тэгээд нэлээн цус гарахаар нь манай охин намайг дагуулаад явсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрээс Наадмын талбай орох зам дагуу аав, ээжийн хамт лангуугаа аваад наймаа эрхлэх гээд ирсэн. 10 цагийн үед наадаг шивээс зарж байсан эмэгтэй хажуу талынхаа хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгээд би тэр эмэгтэйн хажуу талд байсан хүргэн ахынхаа лангууг харж үлдсэн ба намайг “гуйлгачин хүүхэн” гээд доромжлоод байсан. Манай аав “баяр наадмын үеэр хоорондоо зохицоод зогсоцгоо” гэж хэлсэн боловч нөгөө эмэгтэй доромжлоод байхаар нь би бага зэрэг маргалдсан.

Удалгүй 12 цагийн үед нэг эмэгтэй хүн хүүхэд дагуулж ирээд хоорондоо юм ярьж байснаа гэнэт хажуугаас “хөгшин халзан гичий минь, чи хөгшин төгцөг ш дээ, үнэн ш дээ” гэж хэлсэн. Цаана нь байсан хүмүүс “наад хүүхдээ болиулаач ээ” гэж байсан.

Тэгснээ нөгөө хүүхэд над руу салаавч өгөөд дайраад, гүйж ирээд миний нүүр лүү цохисон мөн гарт байсан утсыг маань аваад газар шийдсэн. Би утсаа аваад зогсож байхад нөгөө хүүхэд миний хувцаснаас зуураад зууралдаад байсан. Энэ үед цаанаас нь нэг хүн татаад авсан. Тэгэхэд улаан үстэй эмэгтэй гүйж ирээд миний баруун мөр дал хэсэгт 2 удаа хайчаар зоосон. Энэ үед манай хүргэн ах ирээд голоор орж салгасан ба ард байсан хүмүүс орилолдоод байхаар нь эргэж харахад манай аав доошоо хараад бөгтийгөөд зогсож байсан. Бид нар цагдаа ирэхийг хүлээж зогсоход нөгөө улаан үстэй эмэгтэй “дутуу хийчихлээ, гүйцээх байсан юм” гээд биедээ байсан улбар шар хайчийг гаргаад ирэхээр нь цагдаад “дахиад нэг хайч байна” гэж хэлээд хураалгасан.

Би 2022 оны 4 дүгээр сард 560.000 төгрөгөөр авсан Самсунг А50 маркийн гар утас байсан. Би гар утсаа засуулж, мөн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26, 110-111 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хүмүүсийн бие дээр шивээс нааж зарж байсан юм. Бид нарын хажуу талд үл таних хоёр эмэгтэй мөн шивээс нааж байсан. ...Нэг хүүхэн ирээд “та хэд наашаа шахсан байна” гэхээр нь “чи тэнд очоод суучихаа, өчигдөр энд зогссон юм чинь би өнөөдөр энд зогсоод наая” гэж хэлээд, дээшлээд зогссон.

13 цагийн орчимд шивээс хийж байсан эмэгтэйн ээж, хүү хоёр ирээд бид нартай хэрүүл маргаан хийгээд, тэнд байсан хүмүүс “больцгоо” гэхээр нь манайхан бүгдээрээ дуугай болсон. Гэтэл нөгөө 12 настай хүүхэд Н.Алтансүх ахыг “хөгшин төгцөг, наад хэдээс нь айхгүй, ална” гээд байхаар нь би “чи боль, чиний ээж, эгчтэй чинь ингэж харьцвал муухай биз дээ, хүнтэй эвтэйхэн харьц” гэж хэлэхэд “та нараас айхгүй” гээд хараалын үг хэлээд байсан.

Н.Алтансүх ах бас “чи ингэж болохгүй, чам шиг хүүхэд надад зөндөө байна, учраа мэдэхгүй байна” гэхэд нөгөө эрэгтэй хүүхэд манай дүү Д.Энхтуулын утсыг булааж авчихсан. Д.Энхтуул утсаа авах гэхэд өгөхгүй байсан ба эмээ нь цагдаа гээд орилсон. Тэр хооронд шивээс нааж байсан эмэгтэй хүрч ирээд Н.Алтансүх ахын нуруу руу хайчаар 3-4 удаа зоосон. Харин Д.Энхтуулын биед яаж халдсаныг харж амжаагүй.

Тэгээд цагдаа нар ирсний дараа нөгөө эмэгтэй цагдаа нараас салаад Сансар супермаркет рүү орохоор нь би араас нь ороод хайгаад явж байхад ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд “чи одоо хүн хутгалчхаад ингэж явахгүй, цагдаа дээрээ оч” гэж хэлэхэд “туслаарай” гэж орилсон. Энэ үед би гараас нь барихад намайг маажсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны С.Б-ын гэрчээр өгсөн:

“...Манай ээж Наадам центр худалдааны төвийн үүдэн хэсэгт зогсож наадаг шивээс зарж байсан. Тэгээд хэрэг болдог өдөр манай ээжийн зогсож байсан газар өөр хүмүүс зогсож байхаар нь ээж “би өчигдөр энд зогсож байсан юм аа” гэхэд “та нарын газар юм уу” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд манай эмээ ээжийг өмөөрөхөд цэнхэр үстэй эгч утсаараа бичлэг хийгээд, фейсбүүк дээр тавина гэхээр нь би гар утсыг нь булааж авахад тэр эгч намайг бариад, түүний аав гэх халзан ах миний толгойн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гар утсыг нь газар шидэхэд гар утас эвдэрчихсэн байсан. Удалгүй цагдаа нар ирэхэд халзан ах болон цэнхэр үстэй эгчийн нуруу хэсэг цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 115-117 дахь тал),

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9891 дугаартай:

1. Н.Аийн биед хүзүү, баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 43-44 дэх тал),

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9889 дугаартай:

1. Д.Эын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

 

8. Хохирогч Н.А, Д.Э нар нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 101-104 дэх тал),

 

9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 122-125 дахь тал),  

 

10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд(хэргийн 129, 139 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хүүхдээ хамгаалаад хоёр хүний биед гэмтэл учруулсан байсан. Өөрийнхөө бурууг хүлээж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 60 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 64 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 65 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 84-86, 87-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Болормаагийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр худалдааны төвийн гадна талбайд иргэн  Н.А, Д.Э нартай “худалдаа үйлчилгээ эрхлэх зогсоолын газрын асуудлаар маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар маргааны явцад өсвөр насны 12 настай хүү С.Билэгт-Очирын гэж эрх чөлөөнд нь халдаж зодлоо” гэсэн шалтгаанаар хохирогч Н.Ан хүзүү, баруун дал хэсэгт, мөн хохирогч Д.Эн дал хэсэгт нь гартаа барьсан хайчаар тус тус хатгаж гэмтээснээс Н.Ан биед “...хүзүү, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол, Д.Эн биед  “...баруун даланд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Хүний /Н.а, Д.Э, С.Билэгт-Очир нарын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-12, 13-16 дахь тал),

- хохирогч Н.Алтансүх (хэргийн 21-22 дахь тал), хохирогч Д.Энхтуул (хэргийн 25-26, 110-111 дэх тал), гэрч Д.Баттулга (хэргийн 29-30 дахь тал), насанд хүрээгүй гэрч С.Билэгт-Очир (хэргийн 115-117 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9891 дугаартай:

1. Н.Алтансүхийн биед хүзүү, баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 43-44 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9889 дугаартай:

1. Д.Энхтуулын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

- хохирогч Н.А, Д.Э нар нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 101-104 дэх тал)

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 122-125 дахь тал), 

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд (хэргийн 129, 139 дэх тал) болон шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн нөхцөлд тус хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь худалдаа арилжаа хийх газрын зогсоолоос болж маргалдах явцад хэрэгт гэрчээр асуугдсан өсвөр насны С.Билэгт-Очир нь хохирогч Д.Энхтуулын гар утсыг “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар булаан авч газарт савахад нь хохирогч Н.А нь өсвөр насны С.Билэгт-Очирын гараас нь татах, заамдах зэргээр биед нь халдсан, шүүгдэгч нь “хүүхэд зодлоо, хамгаална” гэх шалтгаанаар Д.Энхтуул, Н.Алтансүх нарыг хайчаар хатгаж гэмтээсэн үйл баримтын дараалал тогтоогдсон ба насанд хүрээгүй буюу 12 нас 3 сар 7 хоногтой С.Билэгт-Очир 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн гадна талбайд иргэн Д.Энхтуулын Самсунг А-50 загварын гар утсыг хууль бусаар устгасан гэмтээсэн үйлдэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай тогтоол, хохирогч Н.А-д “бусдын биед хохирол учруулахгүйгээр халдсан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны Шийтгэлийн хуудас баримт, мөн хохирогч Д.Э эвдэрсэн гэх гар утасны үнэлгээг 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт тус тус хэргийн 122-125, 129, 139 дүгээр талд авагдсан баримттай байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хайчаар хатгаж, хохирогч Н.А биед “...хүзүү, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол,  Д.Э биед “...баруун даланд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан болох нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч хоёр иргэний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор шинж болохоор хуульчлагдсан.

 

Шүүгдэгчийн дээрх энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байхаас гадна хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.А, Д.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь өөр хоорондоо маргалдаж, зан байдлаа хянах чадвар дутмаг байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Н.А, Д.Э нарын эрүүл мэндэд тус тус учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Энэ хэргийн хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нар нь үүссэн гэмтлийн улмаас адил эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хэмээн мэдүүлж, гэм хорын хохиролд нийт 913.360 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтуудыг нь хэрэгт хавсаргуулахаар өгснөөё хохирогч Н.Алтансүх нь дээрх үнийн дүн бүхий нэхэмжлэлээс өөрт оногдох хэсэг нь 463.360 төгрөг гэж, хохирогч Д.Энхтуул нь нэхэмжилсэн 913.360 төгрөгөөс өөрт оногдох шаардлагын дүн нь 450.000 төгрөг, үүн дээр эвдэрсэн гар утасны үнэ 315.000 төгрөгийг нэмж, бүгд 765.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээр нөхөн төлүүлнэ хэмээн гомдлын шаардлага, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан мэдүүлгийг тус тус гаргасан. (хэргийн 100-104 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

 

Шүүх, нэр бүхий хохирогч нараас бодитой гарсан гэх эмчилгээний зардал төлбөрт хамаарах баримтыг хэргийн 101-104 дүгээр хавсарган бэхжүүлснийг нэг бүрчлэн шинжлэн судлахад нийт 495.000 төгрөгийн баримт байх ба үүнээс 

- Мон Ургамал Эко эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 47.350 төгрөг (хэргийн 104 дэх тал),

- Наран Ундрах эмийн сангаас худалдан авсан эм тариа, бусад хэрэгслийн үнэ 69.450 төгрөг, 9000 төгрөг (хэргийн 101, 103 дахь тал),

- “Дулаан хайрхан трейд” ХХК-аас худалдан авалт хийсэн эмийн болон шархны лент зэрэг эд зүйлс худалдан авсан 78.000 төгрөг, 10.000 төгрөг (хэргийн 101 дэх тал), нийт 213.800 /хоёр зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийн шаардлагыг тус тус нотлогдсон гэж дүгнэн хангаж, шүүгдэгчээс гаргуулж хохирогч иргэдэд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин дээрх баримт бүхий нэхэмжлэлээс юу худалдаж авсан нь тодорхойгүй Хаан банкны 120.460 төгрөгийн, Капитрон банкны 51.500 төгрөгийн зарлагын баримт, мөн Төрийн банкны 24.000 төгрөгийн зарлагын баримт, бээлий худалдаж авсан 6.000 төгрөг, түүнчлэн Хөтөл дэх ШТС-3 худалдан авалт хийсэн 102.400 төгрөг, нийт 282.020 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нөгөөтээгүүр, хохирогч Д.Э гар утасны үнэ нэхэмжилсэн шаардлагын тухайд насанд хүрээгүй, хэрэгт гэрчээр асуугдсан С.Билэгт-Очир нь түүний гар утсыг газарт савж эвдэлсэн үйл баримт тогтоогдсон ба тэрээр 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 12 нас 3 сар 7 хоногтой, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй” байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон тэмдэглэл баримтаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай тогтоол баримттай байна.

 

Иймээс бага насны хүүхдийн бусдад учруулсан гэм хорыг хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан С.Билэгт-Очирын төрсний гэрчилгээ баримтаар түүний хууль ёсны төлөөлөгч Харчин овогт Ноосонхөхийн Сарантуяа болох нь тогтоогдсон тул хохирогч нь дээрх эд хөрөнгийн хохирлыг насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөс шаардан нэхэмжлэх эрхтэй тул гар утасны төлбөр хохирол нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Б.Б уг төлбөр хохирлыг хариуцах үндэслэлгүй юм.

 

Иймд гар утасны үнэ 315.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх хохирогч Д.Э нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, хохирогч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаархи” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Болормаа нь гэм хорын хохиролд тооцон 532.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт нөхөн төлж барагдуулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нар уг мөнгөн төлбөрийг хүлээн авсан болохоо илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Болормаагаас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 65 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол (хэргийн 84-86, 87-89, 144 дэх тал) баримтууд тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүсэн хор уршгийн төлбөрийг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, цэнхэр өнгийн бариултай хайч хоёр ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэв.

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б нь 532.000 /таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг хохирогч Н.Н, Д.Э нарт нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, цэнхэр өнгийн бариултай хайч хоёр ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           01                                         2022/ШЦТ/812                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул, тэдний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Б.Болормаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга хариад овогт Бат-Эрдэнийн Болормаад холбогдох эрүүгийн 22100 0000 0934 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29А байрны 29 тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Авга хариад овогт Бат-Эрдэнийн Болормаа /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Болормаа нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр төвийн гадна 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нартай маргалдаж, улмаар Н.Алтансүхийн хүзүү, баруун дал хэсэгт хайчаар хэд хэдэн удаа, мөн Д.Энхтуулын дал хэсэгт хайчаар тус тус хатгаж, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Болормаагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би жил болгон Наадмын баяраар шивээс нааж зардаг. 3 дахь жилдээ сурснаараа ширээ бариад ганцаараа шивээс наах гэж Наадам центрийн гадаа зогссон. Би өндөр настай, ээждээ “мөнгө олж өгье, тус болъё” гэж гэр бүлийнхээ төлөө явсан.

Би 16 наснаасаа наймаа хийсэн ба урьд Оросын Холбооны Улсад амьдардаг байсан. Би худал хэлдэггүй, хулгай хийдэггүй. Шивээс нааж зарсан эхний өдөр орлого сайн хийсэн. Гадаад хүмүүс бичлэг хийгээд өндөр сэтгэгдэлтэй байсан. 2 дахь өдрөөс хохирогч нар миний зогсдог газрыг хашаад жимс тавьчихсан байсан. Би зүгээр мөрөөрөө байж байхад намайг шахсаар зогсох газаргүй болгож, зүлэг дээр зогсоосон.

Тэгж байтал тал талаас олуулаа ирж, хүргэн залуу нь “энэ охиныг алгадчихъя” гэж хэлсэн. Эхнэр нь “наадах чинь сэтгэцийн өвчтэй юм байна” гэж олон нийтийн газар доромжилсон. Би тэр бүхнийг сонсоод байж байсан ба яаж ч чадахгүй байсан. Ингээд бид нар маргалдаад байж байхад манай ээж ирсэн. Тэгээд “та нар яагаад хүнийг дээрэлхэж байж байгаа юм, ингэж болохгүй, эмэгтэй хүн рүү олуулаа дайраад” гэж маргалдсан.

Тухайн үед манай хүүхэд намайг өмөөрсөн. Манай хүүхэд жоохон хүүхэд, хүмүүс том хүүхэд гэж андуурдаг. Би ганц бие ээж. “Хүүхдээ ийм зүйлд оролцуулна” гэж бодож байгаагүй. Тэгж байтал хохирогч нар манай хүүхэд рүү “нүдийг чинь сохолно шүү” гэж дайрсан. Манай хүүхдийн бичлэгийг хийж фейсбүүк дээр тавина гэж хэлсэн. Энэ үед манай хүүхэд цэнхэр үстэй охинтой маргалдаж байгаад санамсаргүй утсыг нь газар савсан. Тэгэхэд араас шивээстэй залуу гарч ирээд манай хүүхдийг боож эхэлсэн. Гурвуулаа нийлээд манай хүүхдийг зодож байсан. Би харж чадаагүй. Манай хүүхэд “ээжээ” гэж орилж байсан. Би хүүхдээ тахир дутуу болгомооргүй байна. Гурван хүн манай хүүхэд рүү дайрч байсан. Тэгээд би хүүхдээ хамгаалсны төлөө ийм хэрэгт орсон.

Тухайн үед би шоконд ороод, гарт байсан хайчаар нэг нэг дүрсэн. Би хүүхдээ хамгаалах гэж тэгсэн. Манай хүүхэд тахир дутуу болбол хэн хариуцлага хүлээх вэ. Би муу хүн биш. Буруу газар буруу хүмүүстэй таарсан. Ийм хүн чанаргүй байж болохгүй. Намайг адгийн шаар, алуурчин гэж бодож байгаа. Би тийм хүн биш. Би нийгэмд аюултай хүн биш.

Гэхдээ би эдгээр хүмүүсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.Алтансүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр гэр бүлээрээ наймаа хийгээд зогсож байсан. Бид нар шүүгдэгчтэй хэрэлдээгүй. Шүүгдэгч эхлээд хажууд зогсож байсан хүнтэй маргалдсан. Яана аа гээд зогсож байтал ээж нь хүүхэдтэй нь ирсэн. Ээж нь ирээд “яахаараа гуйлгачингууд зогсоодоггүй юм” гэж хэлсэн. 5-6 метрийн зайнаас “орилохоо болиоч” гэж хэлтэл хүүхэд нь “халзан толгойтой хөгшин минь чимээгүй байгаарай” гэж хэлсэн. Би “хүүхдээ хүмүүжүүлээч” гэж хэлтэл “бид нар хүмүүжүүлж чадахгүй байна” гэж хэлсэн. Би тэр хүүхдэд нь “чам шиг хүүхэд надад зөндөө байна” гэж хэлсэн. Манай охин үйл явдлыг гар утсаараа бичээд зогсож байтал хүүхэд нь гүйж ирээд охины утсыг авч яваад газар 2 удаа шидсэн. Хүүхдийг нь барьж авахын завдалгүй шүүгдэгч миний нуруу хэсэгт 4 удаа хатгасан. Хатгуулаад зогсож байтал ээж нь манай эхнэрийг тэврээд авсан. Энэ санамсаргүй үйлдэл биш санаатай үйлдэл. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд эмчилгээний болон бусад зардалд нийт нийт нэгтгээд 913.360 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгсөн. Үүнээс 463.360 төгрөг нь надад хамаатай хохирол төлбөрийн баримт юм. Энхтуул бид хоёр хохирлын баримтаа нийлүүлээд хэрэгт өгсөн. Гомдолтой байна. Шүүгдэгч уучлалт ч гуйхгүй, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Энхтуулаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Энэ хэрэг 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр болсон. Тухайн өдөр бид нар зэрэгцэж зогсож наймаа хийсэн. Түрүүлж ирсэн хүмүүс зайгаа эзэлж зогсоод, шүүгдэгчид лангуу тавих зай байгаагүй. Тэр үед шүүгдэгч ачааны лифтний тэнд хүн болгонтой хэрэлдээд, хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй хүүхэд нь, ээжтэй нь хамт ирж, тэр хавьд хэрүүл маргаан болсон.

Манайх 3 дахь лангуу байсан. Манай хажуугийн жимсний лангууны хүн бид нарт лангуугаа түр үлдээгээд явсан. Хүүхдийн тоглоом зараад зогсож байсан хүнтэй маргалдаад, “цэнхэр үстэй хүүхний зургийг авч фейсбүүкт тавина” гэж хэлсэн. Би өөрийн буруугүйг нотлох гэж гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа нар явж байсан юм. Зодолдож ч амжаагүй. Бид нар хүүхдэд нь гар хүрээгүй, тэр хүүхдийг 12 настай гэж мэдээгүй. Тухайн үед намайг сандал дээр сууж байхад хүүхэд нь миний нүүр рүү цохиж, гар утсыг минь аваад 2 удаа газарт савж шидээд эвдэлсэн.

Шүүгдэгч нь утсыг нь шидээгүй, санамсаргүй унагаасан гэж болсон асуудлын талаар худал хэлж байна. Энэ хүн цагдаа дуудах үед Сансар супермаркет дотор зугтаж явж байхад нь барьж авсан.

Хохирлын хувьд нийт 913.360 төгрөгийн нэхэмжлэл баримт гаргаж өгснөөс 450.000 төгрөгийг надад оногдох төлбөр, үүн дээр эвдэрсэн утасны үнийг нэмээд нийт 765.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирлоо буруутай этгээдээр барагдуулж авмаар байна. Хохирогч Н.Алтансүхэд бид хоёрт учирсан гэмтэл шарх адил байсан учир бид адил эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэсэн учир хохирлын баримтаа нэгтгээд хэрэгт өгсөн байгаа. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү. “ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 0000 0934 дугаартай хэргээс:

 

1. Хүний /Н.Алтансүх, Д.Энхтуул, С.Билэгт-Очир нарын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-12, 13-16 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Алтансүхийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09 цагийн үед наймаа эрхлэх гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн талбай орох зам дагуу лангуугаа дэлгээд наймаагаа хийж байсан. 10 цаг 30 минутын үед нэг эмэгтэй миний хажууд худалдаа эрхлэх гэж ирээд манай хүргэнтэй муудалцаад байсан ба би “боль” гээд салгасан юм. Ингээд 13 цагийн үед түүний ээж нь гэх эмэгтэй эрэгтэй хүүхэд дагуулж ирээд, “та нар яагаад энд зогсоодоггүй юм, муу сайн гуйлгачингууд” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “болиоч” гээд бага зэрэг маргалдсан. Тэгэхэд нөгөө эрэгтэй хүүхэд “өө, муу хөгшин төгцөг минь, дуугай бай” гэхээр нь би “чам шиг нус надад зөндөө байгаа шүү” гэж хэлсэн.

Энэ үед манай охин хажууд бичлэг хийгээд зогсож байсан ба нөгөө эрэгтэй хүүхэд манай охины утсыг булааж аваад газар шидэх гэхээр нь би голоор нь орж, хүүхдийн гарыг бариад авахад утсыг газар савчихсан. Би “яаж байгаа юм бэ” гээд заамдаад авахад араас нэг эмэгтэй хүн миний нурууны гол хэсэг рүү 2 удаа, мөр хэсэг рүү 2 удаа хайчаар зоосон. Тэгээд нэлээн цус гарахаар нь манай охин намайг дагуулаад явсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Энхтуулын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрээс Наадмын талбай орох зам дагуу аав, ээжийн хамт лангуугаа аваад наймаа эрхлэх гээд ирсэн. 10 цагийн үед наадаг шивээс зарж байсан эмэгтэй хажуу талынхаа хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгээд би тэр эмэгтэйн хажуу талд байсан хүргэн ахынхаа лангууг харж үлдсэн ба намайг “гуйлгачин хүүхэн” гээд доромжлоод байсан. Манай аав “баяр наадмын үеэр хоорондоо зохицоод зогсоцгоо” гэж хэлсэн боловч нөгөө эмэгтэй доромжлоод байхаар нь би бага зэрэг маргалдсан.

Удалгүй 12 цагийн үед нэг эмэгтэй хүн хүүхэд дагуулж ирээд хоорондоо юм ярьж байснаа гэнэт хажуугаас “хөгшин халзан гичий минь, чи хөгшин төгцөг ш дээ, үнэн ш дээ” гэж хэлсэн. Цаана нь байсан хүмүүс “наад хүүхдээ болиулаач ээ” гэж байсан.

Тэгснээ нөгөө хүүхэд над руу салаавч өгөөд дайраад, гүйж ирээд миний нүүр лүү цохисон мөн гарт байсан утсыг маань аваад газар шийдсэн. Би утсаа аваад зогсож байхад нөгөө хүүхэд миний хувцаснаас зуураад зууралдаад байсан. Энэ үед цаанаас нь нэг хүн татаад авсан. Тэгэхэд улаан үстэй эмэгтэй гүйж ирээд миний баруун мөр дал хэсэгт 2 удаа хайчаар зоосон. Энэ үед манай хүргэн ах ирээд голоор орж салгасан ба ард байсан хүмүүс орилолдоод байхаар нь эргэж харахад манай аав доошоо хараад бөгтийгөөд зогсож байсан. Бид нар цагдаа ирэхийг хүлээж зогсоход нөгөө улаан үстэй эмэгтэй “дутуу хийчихлээ, гүйцээх байсан юм” гээд биедээ байсан улбар шар хайчийг гаргаад ирэхээр нь цагдаад “дахиад нэг хайч байна” гэж хэлээд хураалгасан.

Би 2022 оны 4 дүгээр сард 560.000 төгрөгөөр авсан Самсунг А50 маркийн гар утас байсан. Би гар утсаа засуулж, мөн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26, 110-111 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баттулгын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хүмүүсийн бие дээр шивээс нааж зарж байсан юм. Бид нарын хажуу талд үл таних хоёр эмэгтэй мөн шивээс нааж байсан. ...Нэг хүүхэн ирээд “та хэд наашаа шахсан байна” гэхээр нь “чи тэнд очоод суучихаа, өчигдөр энд зогссон юм чинь би өнөөдөр энд зогсоод наая” гэж хэлээд, дээшлээд зогссон.

13 цагийн орчимд шивээс хийж байсан эмэгтэйн ээж, хүү хоёр ирээд бид нартай хэрүүл маргаан хийгээд, тэнд байсан хүмүүс “больцгоо” гэхээр нь манайхан бүгдээрээ дуугай болсон. Гэтэл нөгөө 12 настай хүүхэд Н.Алтансүх ахыг “хөгшин төгцөг, наад хэдээс нь айхгүй, ална” гээд байхаар нь би “чи боль, чиний ээж, эгчтэй чинь ингэж харьцвал муухай биз дээ, хүнтэй эвтэйхэн харьц” гэж хэлэхэд “та нараас айхгүй” гээд хараалын үг хэлээд байсан.

Н.Алтансүх ах бас “чи ингэж болохгүй, чам шиг хүүхэд надад зөндөө байна, учраа мэдэхгүй байна” гэхэд нөгөө эрэгтэй хүүхэд манай дүү Д.Энхтуулын утсыг булааж авчихсан. Д.Энхтуул утсаа авах гэхэд өгөхгүй байсан ба эмээ нь цагдаа гээд орилсон. Тэр хооронд шивээс нааж байсан эмэгтэй хүрч ирээд Н.Алтансүх ахын нуруу руу хайчаар 3-4 удаа зоосон. Харин Д.Энхтуулын биед яаж халдсаныг харж амжаагүй.

Тэгээд цагдаа нар ирсний дараа нөгөө эмэгтэй цагдаа нараас салаад Сансар супермаркет рүү орохоор нь би араас нь ороод хайгаад явж байхад ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд “чи одоо хүн хутгалчхаад ингэж явахгүй, цагдаа дээрээ оч” гэж хэлэхэд “туслаарай” гэж орилсон. Энэ үед би гараас нь барихад намайг маажсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны С.Билэгт-Очирын гэрчээр өгсөн:

“...Манай ээж Наадам центр худалдааны төвийн үүдэн хэсэгт зогсож наадаг шивээс зарж байсан. Тэгээд хэрэг болдог өдөр манай ээжийн зогсож байсан газар өөр хүмүүс зогсож байхаар нь ээж “би өчигдөр энд зогсож байсан юм аа” гэхэд “та нарын газар юм уу” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд манай эмээ ээжийг өмөөрөхөд цэнхэр үстэй эгч утсаараа бичлэг хийгээд, фейсбүүк дээр тавина гэхээр нь би гар утсыг нь булааж авахад тэр эгч намайг бариад, түүний аав гэх халзан ах миний толгойн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гар утсыг нь газар шидэхэд гар утас эвдэрчихсэн байсан. Удалгүй цагдаа нар ирэхэд халзан ах болон цэнхэр үстэй эгчийн нуруу хэсэг цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 115-117 дахь тал),

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9891 дугаартай:

1. Н.Алтансүхийн биед хүзүү, баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 43-44 дэх тал),

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9889 дугаартай:

1. Д.Энхтуулын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

 

8. Хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нар нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 101-104 дэх тал),

 

9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 122-125 дахь тал),  

 

10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд(хэргийн 129, 139 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Болормаагийн яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хүүхдээ хамгаалаад хоёр хүний биед гэмтэл учруулсан байсан. Өөрийнхөө бурууг хүлээж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 60 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 64 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 65 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 84-86, 87-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Болормаагийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Болормаа нь 2022 оны 07 сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центр худалдааны төвийн гадна талбайд иргэн  Н.Алтансүх, Д.Энхтуул нартай “худалдаа үйлчилгээ эрхлэх зогсоолын газрын асуудлаар маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар маргааны явцад өсвөр насны 12 настай хүү С.Билэгт-Очирын гэж эрх чөлөөнд нь халдаж зодлоо” гэсэн шалтгаанаар хохирогч Н.Алтансүхийн хүзүү, баруун дал хэсэгт, мөн хохирогч Д.Энхтуулын дал хэсэгт нь гартаа барьсан хайчаар тус тус хатгаж гэмтээснээс Н.Алтансүхийн биед “...хүзүү, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол, Д.Энхтуулын биед  “...баруун даланд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Хүний /Н.Алтансүх, Д.Энхтуул, С.Билэгт-Очир нарын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 10-12, 13-16 дахь тал),

- хохирогч Н.Алтансүх (хэргийн 21-22 дахь тал), хохирогч Д.Энхтуул (хэргийн 25-26, 110-111 дэх тал), гэрч Д.Баттулга (хэргийн 29-30 дахь тал), насанд хүрээгүй гэрч С.Билэгт-Очир (хэргийн 115-117 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9891 дугаартай:

1. Н.Алтансүхийн биед хүзүү, баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 43-44 дэх тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9889 дугаартай:

1. Д.Энхтуулын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 45-46 дахь тал),

- хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нар нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 101-104 дэх тал)

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 122-125 дахь тал), 

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд (хэргийн 129, 139 дэх тал) болон шүүгдэгч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн нөхцөлд тус хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь худалдаа арилжаа хийх газрын зогсоолоос болж маргалдах явцад хэрэгт гэрчээр асуугдсан өсвөр насны С.Билэгт-Очир нь хохирогч Д.Энхтуулын гар утсыг “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар булаан авч газарт савахад нь хохирогч Н.Алтансүх нь өсвөр насны С.Билэгт-Очирын гараас нь татах, заамдах зэргээр биед нь халдсан, шүүгдэгч нь “хүүхэд зодлоо, хамгаална” гэх шалтгаанаар Д.Энхтуул, Н.Алтансүх нарыг хайчаар хатгаж гэмтээсэн үйл баримтын дараалал тогтоогдсон ба насанд хүрээгүй буюу 12 нас 3 сар 7 хоногтой С.Билэгт-Очир 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн гадна талбайд иргэн Д.Энхтуулын Самсунг А-50 загварын гар утсыг хууль бусаар устгасан гэмтээсэн үйлдэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай тогтоол, хохирогч Н.Алтансүхэд “бусдын биед хохирол учруулахгүйгээр халдсан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны Шийтгэлийн хуудас баримт, мөн хохирогч Д.Энхтуулын эвдэрсэн гэх гар утасны үнэлгээг 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт тус тус хэргийн 122-125, 129, 139 дүгээр талд авагдсан баримттай байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Болормаа нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хайчаар хатгаж, хохирогч Н.Алтансүхийн биед “...хүзүү, баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол,  Д.Энхтуулын биед “...баруун даланд шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан болох нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч хоёр иргэний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор шинж болохоор хуульчлагдсан.

 

Шүүгдэгчийн дээрх энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байхаас гадна хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Болормаагийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Хэргийн шүүгдэгч Б.Болормаа нь хохирогч Н.Алтансүх, Д.Энхтуул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтын талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг болон гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар нь өөр хоорондоо маргалдаж, зан байдлаа хянах чадвар дутмаг байсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Н.А, Д.Э нарын эрүүл мэндэд тус тус учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Энэ хэргийн хохирогч Н.А, Д.Э нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А, Д.Э нар нь үүссэн гэмтлийн улмаас адил эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хэмээн мэдүүлж, гэм хорын хохиролд нийт 913.360 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтуудыг нь хэрэгт хавсаргуулахаар өгснөөё хохирогч Н.А нь дээрх үнийн дүн бүхий нэхэмжлэлээс өөрт оногдох хэсэг нь 463.360 төгрөг гэж, хохирогч Д.Энхтуул нь нэхэмжилсэн 913.360 төгрөгөөс өөрт оногдох шаардлагын дүн нь 450.000 төгрөг, үүн дээр эвдэрсэн гар утасны үнэ 315.000 төгрөгийг нэмж, бүгд 765.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээр нөхөн төлүүлнэ хэмээн гомдлын шаардлага, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан мэдүүлгийг тус тус гаргасан. (хэргийн 100-104 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

 

Шүүх, нэр бүхий хохирогч нараас бодитой гарсан гэх эмчилгээний зардал төлбөрт хамаарах баримтыг хэргийн 101-104 дүгээр хавсарган бэхжүүлснийг нэг бүрчлэн шинжлэн судлахад нийт 495.000 төгрөгийн баримт байх ба үүнээс 

- Мон Ургамал Эко эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 47.350 төгрөг (хэргийн 104 дэх тал),

- Наран Ундрах эмийн сангаас худалдан авсан эм тариа, бусад хэрэгслийн үнэ 69.450 төгрөг, 9000 төгрөг (хэргийн 101, 103 дахь тал),

- “Дулаан хайрхан трейд” ХХК-аас худалдан авалт хийсэн эмийн болон шархны лент зэрэг эд зүйлс худалдан авсан 78.000 төгрөг, 10.000 төгрөг (хэргийн 101 дэх тал), нийт 213.800 /хоёр зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийн шаардлагыг тус тус нотлогдсон гэж дүгнэн хангаж, шүүгдэгчээс гаргуулж хохирогч иргэдэд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин дээрх баримт бүхий нэхэмжлэлээс юу худалдаж авсан нь тодорхойгүй Хаан банкны 120.460 төгрөгийн, Капитрон банкны 51.500 төгрөгийн зарлагын баримт, мөн Төрийн банкны 24.000 төгрөгийн зарлагын баримт, бээлий худалдаж авсан 6.000 төгрөг, түүнчлэн Хөтөл дэх ШТС-3 худалдан авалт хийсэн 102.400 төгрөг, нийт 282.020 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Нөгөөтээгүүр, хохирогч Д.Эын гар утасны үнэ нэхэмжилсэн шаардлагын тухайд насанд хүрээгүй, хэрэгт гэрчээр асуугдсан С.Билэгт-Очир нь түүний гар утсыг газарт савж эвдэлсэн үйл баримт тогтоогдсон ба тэрээр 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, хэрэг учрал болсон 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 12 нас 3 сар 7 хоногтой, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй” байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон тэмдэглэл баримтаар тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай тогтоол баримттай байна.

 

Иймээс бага насны хүүхдийн бусдад учруулсан гэм хорыг хуульд зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсанБ.С төрсний гэрчилгээ баримтаар түүний хууль ёсны төлөөлөгч Харчин овогт Ноосонхөхийн Сарантуяа болох нь тогтоогдсон тул хохирогч нь дээрх эд хөрөнгийн хохирлыг насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөс шаардан нэхэмжлэх эрхтэй тул гар утасны төлбөр хохирол нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Болормаагийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Б.Б уг төлбөр хохирлыг хариуцах үндэслэлгүй юм.

 

Иймд гар утасны үнэ 315.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх хохирогч Д.Эын нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, хохирогч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаархи” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Б нь гэм хорын хохиролд тооцон 532.000 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт нөхөн төлж барагдуулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч Н.А, Д.Э нар уг мөнгөн төлбөрийг хүлээн авсан болохоо илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Баас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 65 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 944 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол (хэргийн 84-86, 87-89, 144 дэх тал) баримтууд тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүсэн хор уршгийн төлбөрийг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, цэнхэр өнгийн бариултай хайч хоёр ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэв.

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б нь 532.000 /таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг хохирогч Н.А, Д.Э нарт нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, цэнхэр өнгийн бариултай хайч хоёр ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.БАЗАРХАНД