Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 59

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ... дүүргийн .. дүгээр хороо, .. оршин суух, Б овогт Э-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 21 тоотод оршин суух, Б- овогт Т-ын Н-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.292.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г-, хариуцагч Т.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Багануур дүүрэгт байрлах 96 дугаар байрны 19 тоот 2 өрөө байрыг  бэлэн мөнгөөр зарах санаатай байсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүлжээ 3 телевизийн урсдаг зараар 1-2 байрыг бэлэн мөнгөөр худалдаж авна, гэсэн зарын дагуу ярихад хариуцагч манай байрыг ирж үзээд болох юм байна авъя гэсэн. Хэзээ байраа суллаж өгөх боломжтой байна вэ? гэхээр нь манайх даруй байраа суллаж 4 хүүхэдтэйгээ хашаанд гэр бариад амьдарсан. Тухайн үед байрыг минь аваад 25 сая төгрөг бэлэн өгье, үлдсэн төлбөрийг нь 2- 3 хуваагаад өгье гэсэн. Тэгээд Н- мөнгө төгрөг бэлэн байгаа, та байрныхаа түлхүүрийг өгчих цахилгаан бараа болон бусад тавилгуудаа оруулмаар байна гэж хэлсэн. 2, 3 хоногийн дараа мөнгөө өгөхгүй байхаар нь асуухад зээл аваад өгнө гэсэн. 7 хоногийн дараа зээл бүтэхээр болж байна, таны мөнгийг шилжүүлье гэсэн. Гэтэл зээл 25 сая төгрөгөөр биш 20 сая төгрөгөөр гарлаа таны данс руу шилжүүлье гэж хэлэхээр нь за за шилжүүлчих, нэгэнт танайх авахаар болж байгаа юм чинь гэж хэлсэн. Үлдэгдэл 5 сая төгрөгийг дараа нь тохиръё гэсэн чинь тэгье гэрээ байгуулъя гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэхээр нь авсан, энэ хүмүүс байрандаа орсон. Би хөдөө орон нутагт ажлаар явдаг тул Мөнгөнморьт сум руу ажилдаа яваад ажлаа дуусгаад ирж уулзахад үлдэгдэл төлбөрийг 1, 2 жилийн хугацаанд төлж дуусгана гэсэн. Тэгээд манай эхнэр дургүйцээд байхаар нь байраа буцааж авъя гээд 20 сая төгрөгийг 2018 оны  12 сарын 14-ний өдөр буцаан шилжүүлсэн. Тэгээд байраа суллаж өг гэхэд суллаж өгөхгүй нилээн удсан. Шилжүүлэх үед манайх 20 сая төгрөг өгөхөд 2 сая төгрөгийн хахууль өгсөн,  бас нүүхэд хөлс мөнгө орсон, амьдрах хугацаанд 00-ийн өрөөнд хийсэн засвар, 20 сая төгрөгийн 1 сарын хүү гээд нийт 24 сая төгрөгийн зардал чирэгдэл гарсан гэсэн.  Тэгээд 24 сая төгрөг миний данс руу шилжүүлэх юм бол манайх шууд нүүлээ гэж хэлсэн. Ер нь намайг өөр байр олж өг, нүүлгэж өг, эсвэл 24 сая төгрөгийг чинь барьцаалж байрыг чинь 47 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна гэх зэргээр дарамталж байсан. Тэгээд хохирлыг нь барагдуулаад 24 сая төгрөг нэхээд байхаар нь шилжүүлчихээд байхад нүүхгүй хэл амаар доромжилж маш их хугацаа алдсан. Энэ байрыг зарсан гэдгийг эгчдээ  хэлсэн, эгч бидэнтэй цуг амьдарч байсан, байраа суллаад гарсан болохоор мэдэж л таараа шүү. Байраа  Гантулга гэдэг хүнд зарсан боловч  Т.Намуунбайгалынх тавилга юмаа одоо хүртэл аваагүй байгаа. Энэ айл манай байранд байх хугацаанд нэг удаа бидний зээл  708.000 төгрөгийг өмнөөс  төлсөн байсан. Бид энэ хүнд илүү 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Ийм учраас зээл төлсөн 708.000 төгрөгийг хасаад Т.Намуунбайгалаас биднээс хууль бусаар авсан 3.292.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

Хариуцагч Т.Н- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Э.Г-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч маш их гомдолтой байна. Манай нөхөр сүлжээ 3 телевизийн зараар 1-2 өрөө байр бэлэн мөнгөөр авна гэж зар өгсөн нь үнэн. Гэхдээ манайх худалдаж авахгүй, нөхрийн эгч гадаадаас ирж амьдрах гээд байр худалдаж авах гэж байсан юм. Зараар холбоо бариад Г- ах манайх уян хатан нөхцлөөр байраа зарна, байр  5 хувийн ипотекийн зээлтэй байгаа, зээлийг нь төлөөд урьдчилгаа мөнгийг нь өгч болно гэж хэлсэн. Бид хоёр залуу хүмүүс, хадмынд байсан, тусдаа гарах хүсэлтэй   байсан учраас очиж уулзсан. Анх байраа  52 сая төгрөгөөр зарна, байрны ипотекийн зээл нь 27.800.000 төгрөг гэж байсан. Энэ мөнгийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн. Бид хоёрыг урьдчилгаа 25 сая төгрөг өгөх боломжтой юу? гэж асуусан нь үнэн. Тухайн үед бид хоёрт боломж байгаагүй. Нөхрийн зээл авах хэмжээ 20 сая төгрөг байсан. Бид хоёр 20 сая төгрөг өгөөд ипотекийн зээл 27 сая төгрөгийг төлж дуусгаж болно,  урьдчилгаа 25 сая төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Хэрвээ бидний саналыг зөвшөөрөхгүй бол өөр хүнд зарсан ч болно гэдгийг хэлсэн. Г- ах нэг хэсэг чимээгүй болж байснаа эргэж холбогдоод байр авах эсэх талаар дахин  асуухад бид хоёр та урьдчилгаа төлбөрт 25 сая төгрөг авах юм уу?,  20 сая төгрөг авах юм уу? гэхэд би эхнэр болон хамаатны нэг хүнтэйгээ Солонгосын визинд орох гэж байгаа болохоор дансанд мөнгө байршуулах зэргээр бэлэн мөнгө хэрэгтэй байгаа тул 20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд ав. 25 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд авах хүн олдохгүй байна гэж хэлсэн. Байр зөвхөн таны нэр дээр байгаа юу,  дараа нь бичиг баримтын зөрүү үүсэх вий гэхэд тийм асуудал байхгүй гэж хариулсан. Тэгээд нөхөр бид хоёр Г-той 47 сая төгрөгөөр тохироод зээл авах гэж хөөцөлдөөд яг авдаг дээр тулсан чинь зээл авахаа түр хүлээж байгаарай Солонгосоос нэг хүн бэлэн 25 сая төгрөгөөр авна гэж байна гэхээр нь дахиад л  бид хоёр зээл авахаа түр азнаад хүлээсэн. Орой нь дахин яриад Солонгост байгаа хүн авахаа больчихлоо, надад өнөө маргаашгүй мөнгө хэрэгтэй байна, та хоёр зээлээ бүтээж чадах уу гэхээр нь та эргэж буцаад ер нь их аюултай хүн байна шүү гэж би  хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр ажлаасаа чөлөө аваад хот явж зээл хөөцөлдсөн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хотын банкнаас зээлээ ав гэсэн . Тэгээд мөнгөө аваад Г- ахтай нотариат ороод гэрээ байгуулаад мөнгийг нь өгнө гэж бодсон боловч ажилтай бас утасны цаанаас өөрөө найдвартай гээд байхаар нь бид хоёр нотариат орохгүйгээр төрсөн ах дүүдээ өгч байгаа юм шиг итгээд 20 сая төгрөг шилжүүлсэн. Г- ах байн байн залгаад яг одоо мөнгө хэрэгтэй байна, мөнгө шилжүүл, би найдвартай гээд байсан. Тэгээд нэг дэх өдөр залгасан утас нь холбогдохгүй байсан. Хоёр дахь өдөр залгасан дахиад холбогдохгүй байсан. Дараа нь холбоо барьсан чинь ах нь Мөнгөнморьт суманд ажилтай байна, Багануур орохоороо нотариат ороод гэрээгээ байгуулчихна, та хоёрт мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа юм чинь гэж санаа зоволтгүй гэж хэлсэн. Бараг сар гаран ингэж явсан.  Гэтэл удалгүй эгч нь гэж хүн гарч ирээд танайх энэ байрыг түрээсэлж байгаа гэлүү, түрээсийн мөнгийг нь би өгье, байрнаас гар гэх зэргээр дарамталж эхэлсэн. Энэ талаар Г-од хэлэхэд  байр зарснаа “эгчдээ хэлээгүй” гэж надад хэлсэн. Ер нь бол байрны өмчлөл дээр  эгчийнх нь нэр байдаг юм билээ. Гэтэл дахиад ах нь гэж хүн бас гараад ирсэн. Энд тэндээс байрнаас гар гэж дарамтлаад би ч бүүр сүүлдээ учраа олохоо больсон. Дахиад л нөгөө Г- руугаа ярьсан. Хэрвээ түрээсэлж байгаа гэж хэлэхгүй бол манай эгч чамайг байрнаас гаргана гэж намайг дарамталсан. Аргаа бараад тиймээ манайх түрээслэж байгаа гэж хэлээд нэг удаа  явуулсан удаа ч байгаа.  Тэр хугацаанд Г- ах байхгүй байж байгаад гэнэт  2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гантулга гэдэг хүнд байраа зарсан гээд дагуулаад   ирсэн.  Гантулга би энэ байрыг худалдаж авсан  хүн байна, чамд мөнгийг чинь шилжүүлье гэсэн. Би уурлаж ямар их ажил удсан билээ, танаас хохирлоо нэхэмжилнэ, шүүхэд өгнө гэхэд намайг битгий шүүхэд өгөөч  гэж Г- гуйсан. Тэр үед нөхөр Таван толгойн Очир-Ундраа компанид ажилладаг байсан тул утас нь холбогдохгүй ярьж зөвлөлдөх хүн байхгүй, өвлийн хүйтэнд 2 нялх хүүхэдтэй би хаачих вэ дээ. Гантулгад би энэ байрыг авсан, гарахгүй гэдгээ хэлсэн. Байр авсан гээд баахан тавилга авсан байсан. Гантулга танайх нотариатаар орсон зүйл байхгүй, авсан гэх нотолгоо байхгүй,  бол нотариатаар орсон баталгаатай гэдгээ хэлж байсан. Г- “ах нь чиний бүх хохирлыг өгнө, шүүхээр битгий яваач” гэж гуйсан. Би анх зээл авах гэж хот руу хэд хэд явсан зардал, 20 сая төгрөгөөс нэг хувийн шимтгэл авдаг, нэг сарын ипотекийн зээлийг төлсөн гээд нийт надад 22 сая төгрөгний зардал гарсан. Г- ах ч гэсэн үүнийг мэдээд 20 сая төгрөг дээр 2 сая төгрөг нэмээд 2 сая төгрөгийг сарын хүүтэй зээлсэн гэж үзээд 24 сая төгрөг өгье, орох шинэ байр олоод өгье, шүүхээр битгий яваарай, эзнийх нь зөвшөөрөлгүй зарсан байр, та нар ч хэрэгт орно би ч хэрэгт орно гэж хэлж байсан.  Тэгээд энэ 24 сая төгрөгийг  шилжүүлсэн. Угаасаа утган дээрээ ч гэсэн зээл гэж бичсэн байгаа. Би 3.500.000 төгрөгний зээл аваад тавилга авсан, тэрийгээ тавих газар байхгүй, энд тэнд тавиад муухай болж байна. Манайх хадмынх маш олуулаа, тавилга байтугай бид нар багтахгүй байна. Надад ийм их чирэгдэл учруулчихаад яаж өөрөө гуйж өгсөн мөнгөө буцааж нэхэж болдог байнаа. Надаас гадна хэд хэдэн хүнийг ингэж залилсан гэсэн. Би зээл авахад хахууль 2 сая төгрөг өгсөн гэж хэлээгүй. 2 сая төгрөгний зардал гарсан л гэж хэлсэн.  Би ойлгохдоо яг тэр үед мөнгө хэрэгтэй байсан учраас надад 47 сая төгрөгөөр зарна гэж залилж 20 сая төгрөг авчихаад өөрийнхөө ажлыг амжуулсан юм байна, намайг шүүхээр явах гэхээр болиулчихаад дараа нь  өөрөө шүүхэд өгсөн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч Т.Намуунбайгалаас илүү авсан мөнгө буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн  3.292.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн зүгээс “Уг 4 сая төгрөгний 2 сая төгрөг нь Г-ын буруутай үйлдлийн улмаас надад учирсан хохирол, 2 сая төгрөг бол миний 20 сая төгрөгийг сар гаран хэрэглэчихээд сэтгэл санаа, эд материалын хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч шүүхэд намайг хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэж зээлийн хүү маягаар Г- сайн дураараа  төлсөн мөнгө” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

 

Хариуцагч  Т.Н-,  Э.Г- нарын хооронд  Багануур дүүргийн 1-р хороо 96 дугаар байрны 2 өрөө байрыг 47 сая  төгрөгөөр худалдан авахаар тохирч амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж  хариуцагч нь зээл авч урьдчилгаа 20 сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж уг байранд нүүж орсон, улмаар эрхийн доголдолтой буюу нэхэмжлэгчийн эгч уг байрны өмчлөх эрхийн талаар шаардлага тавьснаас үүдэн хариуцагч байрыг суллаж өгсөн  болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Э.Г-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  байр авахын тулд хариуцагчийн гэр бүлийн хүн  2018.11.07-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, байраа буцаагдсаны дараа зээл хаасан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт” Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “ улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 109 дүгээр зүйлийн 109.1  дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй”, 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ” гэж  тус тус заасан байна.  

Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл  хийгдээгүй гэж тайлбарлаж байгаа ч талууд байр худалдах, худалдан гэрээг амаар байгуулж худалдагч тал урьдчилгаа төлбөрийг авч  орон сууцны түлхүүрийг худалдан авагч тал буюу хариуцагчид өгснөөр орон сууцанд нүүж орсон байгаа нь   гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулсан байгаа нь Иргэний  хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109,2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1  дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт  “хуулиар тогтоосон  хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг”  хүчин төгөлдөр бус байхаар  заасан бөгөөд зохигчдын хооронд хийсэн үл хөдлөх эд хөдөргө худалдах худалдан авах хэлцэл нь дээрх хуулийн зохицуулалтаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр хэлцэл хийсэн  талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч урьдчилгаанд авсан 20 сая төгрөг дээх 4 сая төгрөг нэмж 24 сая төгрөгийг хариуцагчид өгч хариуцагч байрыг суллаж өгсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус  хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч эрхийн доголдолтой байраа надад худлаа хэлж зарсны улмаас 20 сая төгрөгний зээл авч, 2 удаагийн нүүдэл хийсэн зардал,  шинээр авахад төлдөг 1 хувийн шимтгэл,  Г-ын 2018 оны зээлийн эргэн төлөлтөнд төлсөн 708.000 төгрөг, Улаанбаатар хотоос тавилга авч 2 удаа ачуулсан зардал,  худалдан авсан байраа тохижуулахад гарсан зардал, Улаанбаатар хот удаа дараа явсан зардал нийлээд 2 сая төгрөг  болсон бөгөөд үүнийг Г- сайн дураар төлсөн гэж тайлбарлаж байна.

             Нэхэмжлэгч нь төрсөн эгч нь өмчлөх эрхийн талаар шаардлага гаргах эрхтэй буюу эрхийн доголдолтой байраа эгчдээ мэдэгдэлгүй хариуцагч Н-д зарж өвлийн хүйтэнд байрандаа оруулсан, эгчдээ мэдэгдэх гээд байсан учраас гэрээ хэлцлийг хуулийн дагуу байгуулж нотариатаар ороогүй, улмаар уг байрыг нэхэмжлэгчийн эгч Гантулга гэдэг хүнд зарсан,  хариуцагч нь дээрх эрхийн доголдлын улмаас аргагүй эрхэнд байрнаасаа гарч урьдчилгаа мөнгөө буцаан авсан, худалдан авсан байрандаа 3.500.000 төгрөгний цалингийн зээл авч тавилга авч тохижуулсан, өнөөдрийн байдлаар уг тавилгаа өөртөө эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа, хариуцагч нэхэмжлэгчийг шүүхэд битгий хандаач, хохирлыг нь барагдуулъя хэмээн  өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж 4 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, түүний тайлбарыг давхар нотолсон  гэрч Гантулгын “хариуцагч Н- би энэ байрыг авах гэж бөөн зардал чирэгдэл гаргасан. Би гарахгүй, шүүхээр явна гэж хэлж уйлахад тэгвэл хохирлыг нь барагдуулъя , шүүхээр яваад яах вэ гэж Г- гуйсан.  Би миний  дүү ямар  ч байсан шүүхээр явсан яваагүй энэ 24,000.0000 төгрөгөө авч бай гэж хэлсэн. Г- хохирлыг чинь барагдуулъя, мөнгө төгрөг өгье, байрнаасаа хурдан гарчихаа, шүүхээр яваад яах вэ  гэж удаа дараа гуйхад энэ охин уйлаад л зөндөө зардал гаргалаа гээд л байсан. Тэгээд 24 сая төгрөг  шилжүүлээд би чиний хохирлыг барагдуулчихлаа, чи шүүхээр явахгүй юм байгаа биз дээ гэж  Г- хэлсэн. Н- баахан тавилга авчихсан байсан, одоо ч гэсэн манай гэрт хэдэн тавилга байгаа” гэх мэдүүлэг,  нэхэмжлэгч  хариуцагч нарын 2018.11.30-ны өдрийн хоорондоо ярьсан ярианд нэхэмжлэгчийн хэлсэн “урьдчилгаа 25-30 сая төгрөг өгөөд авах хүн байхгүй  болохоор яалт ч үгүй 20 сая төгрөгийг чинь авсан, энэ талаар болон байраа зарсан гэж эгчид хэлээгүй, эгч ажилтай байхдаа хагас мөнгийг нь өгч байраа авсан юм, эгчтэйгээ нийлж авсан болохоор асуудал гараад байна, түүнээс биш дангаараа болохоор асуудалгүй. Эгчдээ та хоёрыг 10 сараар түрээсэлсэн, 2 сарын мөнгийг өгсөн гэж хэлсэн байгаа...ах нь мөнгө төгрөг зохицуулчихна, би Багануур орж байгаад  хамтдаа  нотариат орно“ гэж бичигдсэн үзлэгийн тэмдэглэлээр  нотлогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь зааснаар  өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол 2 сая төгрөгийг  сайн дураар нөхөн төлсөн / үүнээс хариуцагчийн зээлэнд төлөгдсөн 708.000 төгрөг хасагдсан/   байх тул нэхэмжлэгчийн хувьд буцаан шаардах эрхгүй байна.

           Хохирол шаардахад нотолгооны асуудал яригдах хэдий ч энэ тохиолдолд  нэхэмжлэгч шууд 2 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч тохиролцсон байна. Энэ нь түүний мөнгө шилжүүлсэн үйлдлээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь урьчилгаа 20 сая төгрөг авсан, буцааж өгөхдөө илүү 4 сая төгрөг буюу 24 сая төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн эргэн төлөлтөнд 708.000 төгрөг төлсөн талаар талууд маргаангүй, энэ талаар баримтууд мөн хэрэгт авагдсан байна.

            Хариуцагчийн  “надад энэ асуудлаас болж 2 сая  төгрөгний хохирол учирсан, шүүхээр явна гэхэд хохирлоос гадна илүү 2 сая төгрөгийг хүүтэй зээлсэн болгож нэмж өгсөн гэх” тайлбар нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн баримтанд “Г-оос зээлсэн мөнгө” гэж шилжүүлсэн байдал, мөн гэрч Гантулгын мэдүүлгээр нотлогдож  байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт “ дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй, 492.2.1 “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд нийцсэн бол” гэж заажээ.

 Нэхэмжлэгч Г-ын хохирлын 2 сая төгрөгөөс  гадна нэмж 2 сая төгрөгийг бусдад  учруулсан зардал, чирэгдлээ хүлээн зөвшөөрч сайн дураар  хариуцагчид шилжүүлсэн  үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа бөгөөд 492.2 дахь хэсэгт зааснаар уг мөнгөө  буцаан шарадах эрхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 3.292.000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрчийг асуух болон үзлэг хийх ажиллагаа  талуудыг байлцуулан хуулийн дагуу явагдсан байх тул  эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.            

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

      1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Э-ийн Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б- овогт Т-ын Н-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 3.292.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ТУЯА