Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 61

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар  хороо, өөрийн байранд байрлах ................ ОНӨААТҮГ-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: 19.. онд .. аймгийн .. суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй , одоо .... ХХК-ийн захирал ажилтай, Багануур дүүргийн ... дүгээр  хороо, .. дугаар байрны . тоотод оршин суух, Ц овогтой Ч-ын Н-од  холбогдох  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.635.937.75 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр  сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-, Г.Г-, хариуцагч Ч.Н-, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ................ ОНӨААТҮГ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: .. дугаар  хороо, .. дүгээр байрны .. тоотын хэрэглэгч Ч.Н-  нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.126.087.75 төгрөгийн төлбөрөөс бодогдсон алданги 509.850 төгрөг, нийт 1.635.937.75 төгрөгийн төлбөрийг  төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байна. Гэрээг урд ажиллаж байсан гэрээний ажилтан хийсэн, гэрээн дээр Ч.Н-ын гарын үсэг зурагдаагүй, Батболд гэсэн хүний гарын үсэг зурагдсан байсныг хүлээн зөвшөөрч байгаа,  2018 оны 02 сарын 01-ний өдрөөс гэрээнд сунгалт хийгээд сунгалт хийсэн хэсэг дээр Н- гуайгаар өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Сар бүр график гаргаад 100.000 төгрөг төлөхөөр нэг сая төгрөгийг нэг жилийн дараа төлж дуусгана, энэ хооронд дараагийн төлбөрүүд хуримтлагдахаар байгаа учраас энэ хүсэлтийг нь манай байгууллага зөвшөөрөөгүй, алдангийг чөлөөлдөг нөхцөл бол хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ганц бие эмэгтэй хүмүүсийг үндсэн төлбөрийг нь төлүүлээд алдангийг чөлөөлдөг. Н- гуай  үндсэн төлбөр 1.126.087.75 төгрөгийг төлөхгүй байгаа учраас алдангиас чөлөөлөх эсэх асуудлыг манай байгууллага хурлаар авч хэлэлцэх боломжгүй байгаа.  Иймд 1.635.937.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Ч.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Ч.Н- миний бие нь “.............” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 2013 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн, “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогвторжуулах төсөл”-д хамрагдаж 1.500.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж төсөл сонгон шалгаруулалтаар зээлийг олгохоор шийдвэрлэсэн боловч төслийн зээлийн санхүүжилт хүлээгдэж улмаар Засгийн газар санхүүжилт хийх мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар уг зээл олгогдохгүй болсон. Үүний улмаас компаний санхүүгийн байдал хүндэрч 2016 оны 6 сараас үйл ажиллагаа бүрэн зогссон. Одоо компани, миний бие банкны зээл, зээлийн хүү, татварын өр, нийгмийн даатгалын шимтгэл, албан байгууллага хувь хүнээс  зээлсэн мөнгө зэрэг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд 2.217.000.000 төгрөгийн өр төлбөр үүсээд төлж барагдуулж чадахгүй хэмжээнд байна.  ................ ОНӨААТҮГ-аас нэхэмжилсэн 1.635.938 төгрөгийн алданги 509.850 төгрөгийг чөлөөлж үндсэн төлбөр 1.126.068 төгрөгийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байна. 2010 онд энэ байрыг манай том охин худалдаж аваад 2010-2016 он хүртэл байрны төлбөрийг би төлж барагдуулж байсан. 2016 оноос санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод төлбөрөө төлж чадахгүй болсон. 2018.08.17-ны өдөр Багануур ус компани дээр очоод алдангийг чөлөөлж өгөөч, үлдсэн төлбөрийг  график гаргаж төлүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, боломжоороо хэдэн төгрөг төлөхөөр алдангидаа суутгаад авчихдаг болохоор үнэхээр төлбөрийг төлж чадахгүй байна. Энэ байр манай охины нэр дээр байдаг байр, миний нэр дээр байдаггүй, гэхдээ би үндсэн төлбөр 1.126.087 төгрөгийг  өөрөө хариуцаж төлнө, зөвшөөрч байгаа,  харин алдангийг төлөхгүй, алданги төлөх талаар надтай гэрээ хийгээгүй, санхүүгийн боломж байхгүй, энэ байгууллага дүрэм журмаараа алдангиас чөлөөлдөг, намайг үндсэн төлбөрөө бэлнээр аваад ир тэгвэл чөлөөлнө гэсэн хариу өгсөн, би үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй, харин сар болгон 100.000 төгрөгөөр төлөх боломжтой. Багануур ус миний өрийг барагдуулах асуудлаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр  очвол 10 хүний дараа төлбөрөө авах байх, 1 жил нь 3 жилийн дараа ч төлөгдөж магадгүй, гэрээ сунгасан хэсэг дээр би гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ надаар 2018.08.17-ны өдөр зуруулсан, энэ талаар өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэсэн боловч шүүхэд авчраагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “................” ОНӨААТҮГ нь хариуцагч Ч-ын Н-од  холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.635.937.75 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Н- нь  нэхэмжлэлийн шаардлага 1.635.937.75 төгрөгөөс 1.126.087.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 509.850 төгрөгийн алдангийг   “айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй, санхүүгийн хувьд боломжгүй, бусдад их хэмжээний өртэй учраас төлөхгүй” гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж  үзлээ.

-хариуцагч Ч.Н- нь 2016 оны 04 сараас 2018 оныг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.126.087.75 төгрөг, алданги 509.850 төгрөг, нийт 1.635.937.75 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч Ч.Н-той 2016 оны 02 сарын 01 ний өдөр “Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ” байгуулсан гэж нотлох баримтаар гэрээг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээнд хангагч байгууллагыг төлөөлж борлуулалтын ажилтан гэсэн хэсэгт уйгаржин Монгол бичгээр нэрээ таталж бичсэн байгаа боловч хэрэглэгч гэсэн хэсэгт Ч.Н- гэж бичээд гарын үсгийг Батболд гэж хүнээр зуруулсан, гэрээний сунгалт хэсэгт 2018 оны 02 сарын 01 нээс 2020 оны 02 сарын 01 хүртэл сунгав гээд борлуулалтын ажилтан Г-, хэрэглэгч Ч.Н- харилцах утас 86865588 гэж бичин гарын үсгээ зурсан байна.

-Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.8-д “Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хэлцэл хийж болно”, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ”, 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн…хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус хуульчилсан.

-Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан гэж бичгийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах гэрээний шаардлагыг хангаагүй, хэрэглэгч тал гэрээнд гарын үсгээ зураагүй, үндсэн гэрээ нь 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэснийг зөрчсөн, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар бичгээр хийх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас үндсэн гэрээний дагуу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх  алданги нэхэмжлэх эрхээ алджээ.

-Харин хангагч байгууллага нь Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “ Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх…үүрэгтэй ” гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “ хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж зааснаар 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг, хэрэглэгч Ч.Н- нь гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар  гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан алдангийг 2018 оны 02 сарын 01 нээс 2018 оныг дуусталх хугацааны гүйцэтгээгүй үүрэгт  тус тус төлөх  үүрэгтэй байна.

-Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч Ч.Н-оос цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн  2018 оны 1 сарын 19-ний 13 дугаартай “Тариф батлах” тухай тогтоолын дагуу цэвэр бохир усны үйлчилгээний тарифыг  төг/ м3-ийг сард 715 төгрөгөөр тооцож 2016 оны 02 сарын 01 ний өдрөөс 2018 он дуусталх  үндсэн төлбөрт 1.126.087.75 төгрөг, 2018 оны 02 сарын 01 нээс 2018 он дуусталх гүйцэтгээгүй үүрэгт 32.958 төгрөгийн алданги тооцон нийт 1.159.045.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас алданги 476.892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх  хэсэгт  зааснаар  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 32.367 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2,   116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон

                                                          ТОГТООХ нь:

      1.Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц овогт Ч-ын Н-оос худалдах худалдан авах гэрээний  үүрэгт 1.159.045.75 /нэг сая, нэг зуун тавин есөн мянга, дөчин таван төгрөг, далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ................ ОНӨААТҮГ-т  олгож, шаардлагаас үлдэх 476.892 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ................ ОНӨААТҮГ нь тэмдэгтийн хураамж  урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1.159.045.75 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамжид 32.367  төгрөгийг  гаргуулж  улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ