Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/958

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч О.Нандинцэцэг ,

Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зах Уул овогт Батдэлгэрийн Ат холбогдох эрүүгийн 2211 00000 1861 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Б.А, 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “Юнитед Шипинг” ХХК-д талбайн менежер ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Центерийн.... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 18 дугаар байрны гадна талд Ө.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг толгой хэсэгт пивоны шилээр цохиж хуйханд өнгөц шарх, зүүн доод зовхи, хацар, хоёр шуунд цус хуралт, баруун хацар, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Ааас  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо центр 34-403 тоотод уулзаад бид 4 Сэнгүр гэх нэртэй 2.4 литрийн хэмжээтэй пивоноос 1 ширхэгийг уугаад бид 4 Шгийн гэрээс гарч байрных нь доор байх кароакед дуулахаар орж бид 4 кароаке дотор нэг хүний 4 шил Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пиво уучихаад караокеноос гараад дэлгүүр орж нэгтом пиво аваад хувааж уучихаад унтацгаая гэж ярилцаад гадагш гараад дэлгүүр явж байсан. Бид 4 дэлгүүр явж байгаад байрны булан эргэхэд өөдөөс нэг залуу гарч ирээд тухайн залуу Штэй мөрлөөд гарсан бөгөөд тухайн залуу буцаж ирээд бид нартай маргалдахад М тухайн залууг түлхээд одоо ингээд явчих бид нар уучихсан байна уучлаарай гэж хэлэхээр нь би гартаа барьж явсан Сэнгүр гэх нэртэй 05 литрийн хэмжээтэй пивоны шилээр тухайн үл таних залуугийн зулай хэсэгт нэг удаа цохиход миний барьж байсан пивоны шил хагарсан тэгээд тухайн залууг М газарт түлхэж унагаагаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгтэл миний толгойг нь шилээр цохисон залуу газарт хажуу талаараа хараад уначихсан толгойгоо гараараа бариад байсан бөгөөд тухайн залуу дээр би очоод нүүр, шанаа хэсэгрүү нь нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод дээрээс нь толгойгоо барьсан 2 гар, цээж, толгой хэсэгрүү нь хэд хэдэн удаа дэвссэн тухайн үед намайг Ш болиулах гээд байсан. Тэгээд тухайн залууг зодохоо болиод бид нар салахад нэг үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч ирээд Цагдаа дуудсан. Миний толгойг нь шилээр цохисон гэх залуу намайг нэг удаа нүүрлүү гарныхаа алга хэсгээр нэг удаа түлхсэн тэгээд надтай зууралдсан өөр зүйл болоогүй миний биед гэмтэл учраагүй. Би толгойг нь шилээр цохисон залуу бид нарыг халтарууд, та нар шиг юм нарт би дээрэлхүүлэхгүй, манай ахыг та нар мэдэх үү гэх зэргээр үгээр идэж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ө.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 30-10 тоот хаягт өөрийн үеэл ах Оийн гэрт байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны 23 цагийн үед ах Оийн хамт дэлгүүр орохоор гарсан юм. Тэгээд гэрээс гараад 18 дугаар байрны гадуур явж байхад О дэпгүүр рүү орсон, ба харин гадна нь үлдээд ганцаараа зогсож байхад үл таних 4 хүн хажуугаар зөрсөн. Тэр 4 хүн согтуу орилоод байсан ба нэг нь хажуугаар зөрөхдөө намайг мөрлөөд байсан ба тэгэхээр нь эргэж хараад 'та нар битгий орилоод байгаач, хүмүүс унтаж амарч байгаа шүү дээ" гэтэл нэг хар өнгийн цамцтай махлаг биетэй, намхан нуруутай эалуу нь дээр ирээд гараараа цээж рүү хойш түлхээд “за уучлаарай, ахын дүү чи зүгээр яв” гээд байсан. Ингээд надад хүрээд. хойш нь түлхээд байхаар нь “битгий надад хүрээд бай” гэж хэлээд зайгаа барьтал, хамт явж байсан сорочкин эрээн цамцтай туранхай биетэй, намхан нуруутай залуу нь бас ирээд намайг зуураад байхаар нь гарыг ньтавиулаад зайгаа барих гээд ухартал өндөр нуруутай, цайвар шар өнгийн куртиктэй, шардуу царайтай залуу нь ирээд намайг хараалын үгээр болон хэл амаар доромжилж байгаад бор өнгийн пивоны шилээр миний толгой хэсэг рүү шууд цохьсон. Тэр бор өнгийн пивоны шилээ тэрээр гартаа бариад явж байсан юм билээ. Намайг цохих үед тэр бор өнгийн пивоны шил хагарсан. Тэгээд цохиулчихаад зайгаа бариад зугтан хажуугийн 36 дугаар байрны тийшээ гүйтэл, хар өнгийн цамцтай. махлаг биетэй намхан нуруутай залуу нь араас гүйж ирээд намайг барьж аваад газар унагасан. Газар унасны дараа хар өнгийн цамцтай, махлаг биетэй, намхан нуруутай залуу болон шар өнгийн куртиктэй залуу нар миний дээрээс хөлөөрөө өшиглөөд байхаар нь би “авраарай, туслаарай” гэж чанга орилсон боловч хэн ч надад туслахгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа салсан бөгөөд манай О ах хэсэг хугацааны дараа гарч ирээд цагдаагийн байгууллагад намайг зодуулсан талаар дуудлага, мэдээлэл өгсөи юм. Ингээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүмүүсийг баривчлаад аваад явсан..Миний духны баруун дээд хэсэгт язарсан шарх үүссэн бөгөөд оёдол тавилгүй боолт хийж өгсөн. Толгойн зүүн шанаа болон эрүү хэсэгт хөндүүртэй байгаа. Тэр шар өнгийн куртиктэй залуу нь миний толгой хэсэг рүү пивоны шилээр цохьсон. Үүнээс нь болж толгой хэсэгт язарсан шарх үүссэн юм. Харин нөгөө эрээн цамцтай залуу нь намайг газар уначихсан байхад нүүрний зүүн шанаа хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс нь болоод зүүн шанаа хэсэг маань хөндүүртэй байна..” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд бид 4 дэлгүүр явж байгаад байрны булан эргэхэд өөдөөс тухайн залуу Штэй мөрлөөд гарсан бөгөөд тухайн залуу буцаж ирээд бид нартай маргалдахад би тухайн залууг түлхээд “одоо ингээд явчих бид нар уучихсан байна уучлаарай” гэж хэлтэл нь миний ард зогсож байсан А гартаа барьж явсан Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пивоны шилээр тухайн үл таних залуугийн зулай хэсэгт нэг удаа цохиход тухайн залууг арагшаа хараад гүйхээр нь би араас нь гүйж очоод нуруу руу нь түлхэж унагаагаад цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл А гүйж ирээд тухайн залуугийн нүүр лүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод толгойгоо бариад хэвтэж байсан залуугийн гарлуу хэд хэдэн удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд А болиод тухайн залуу босч ирээд үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг /хх-10/,

Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед манай гэр болох Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хороо Центр 34-403 тоотод манай нөхөр болох Шгиин найз А ирээд А Ш 2 хамтдаа 2 4 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво хувааж уугаад бид нар хоол хийж идчихээд байж байтал 16 цагийн үед М хичээлээ тараад манайд орж ирсэн.Тэгээд бид нар манай гэрт Есса гэх нэртэй пивоноос хүн бүрийн 1 шилийг уучихаад манай гэрээс 21 цаг өнгөрч байхад бид 4 кароаке орж дуулахаар гарцгаагаад манай гэрийн доод талд байрлах кароаке ороод кароакеноос 23 цаг өнгөрч байхад гараад бид нар дэлгүүрээс нэг том пиво аваад хувааж уучихаад унтацгаая гэж ярилцаад дэлгүүр орох зорилгоор явж байгаад байрны буланд Ш нэг үл таних залуутай хажуугаар нь гарахдаа хальт шүргэлцтэл тухайн залуу эргэж хараад бид нар луу дошон дээрээ хүнд дээрэлхүүлдэг болчихсон юм байна л даа гээд орилоод байхаар нь би уучлаарай гэж хэлээд тухайн залуугаас салаад явж байтал тухайн залуу эргэж гүйж ирээд та нар намайг мөрөлдөг хэн бэ гээд уурлаад байхаар нь М тухайн залуу дээр очоод уучлаарай чи ингээд явчих гэж хэлээд аргадтал огт явахгүй байсан ба А бас тухайн залуу дээр очоод одоо чи ингээд явчих уучлаарай гэж хэлтэл тухайн үл таних залуу Аийг мангасдаад авахаар нь А уурлаад гартаа барьж явсан Сэнгүр нэртэй пивоны шилээрээ тухайн үл таних залуугийн толгой хэсэгт нэг удаа цохитол пивоны шил нь хагарсан. Тэгээд тэр залууг М анхнаасаа чамайг яв гэж хэлээ биз дээ гэж хэлээд тухайн залууг түлхэхэд тэр залуу газарт унасан бөгөөд газарт унасан байхад нь А тухайн үл таних залуугийн дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Яг энэ үед би хажуугаас нь хараад зогсож байсан бөгөөд удалгүй байрнаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд бид нарыг хараад Цагдаа дуудсан. Тухайн үл таних залууг би анх согтуу байгаа юм байна даа гэж бодсон учир нь тэр залуу аймар чанга чанга орилоод яг л согтуу хүн шиг л байсан..” гэсэн мэдүүлэг /хх-12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Ө.Сын биед тархи доргилт, дух, зулайн хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хуйханд өнгөц шарх, зүүн доод зовхи, хацар, хоёр шуунд цус хуралт, баруун хацар, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-15-16/, шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ө.Ст учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ө.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг толгой хэсэгт пивоны шилээр цохиж түүний биед  тархи доргилт, дух, зулайн хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хуйханд өнгөц шарх, зүүн доод зовхи, хацар, хоёр шуунд цус хуралт, баруун хацар, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Аад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ө.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Аийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР