Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 189/2019/02989/И |
Дугаар | 001/ХТ2021/00890 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00890
М.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 894 дүгээр магадлалтай,
М.Б-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01405 дугаар захирамжаар М.Баярсайханаас 923,997,667 төгрөгийг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 4 тоотод байрлах 289.8 м.кв талбай бүхий орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 803,580,000 төгрөгөөр үнэлснийг 2020.01.13-ны өдрийн 4/1399 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэнийг мөн сарын 21-ний өдөр хүлээн авсан. Дээрх миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар буюу 803,580,000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг талууд анх гэрээг байгуулахдаа 900,000,000 төгрөгөөр үнэлж байгуулсан тул уг үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Баярсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны Зам 82 дугаар байрны 4 тоот орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018.12.25-ны өдрийн 144/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019.12.13-ны өдрийн 144/04 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул 2020.01.08-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад мөн сарын 13-ны өдрийн 4/1399 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2020.02.21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй бөгөөд гуравдагч этгээд М.Б шинжээчийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжпэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.21-ний өдрийн 03054 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймээс нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 894 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд М.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01405 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, М.Баярсайхан нар эвлэрэн хэлэлцэж 923,997,667 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох М.Баярсайханы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам гудамж, 82 байр, 4 тоотод байрлах 289.8 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.
Хариуцагч М.Баярсайхан, М.Б нарт 2020.01.03-ны өдрийн 4/555, 4/556 дугаартай албан бичгүүдээр хураагдсан орон сууцанд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон бөгөөд М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 тэрбум гэж санал өгсөн ч төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргаж, үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.01.08-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “Виннер вэй” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.01.13-ний өдрийн Ш-1/09 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 803,580,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч байгууллага 2020.01.08-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй юм.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэлийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд хамаарахгүй байна.
Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул нэхэмжлэгч М.Б-ийн гомдлыг хангахгүй орхив.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг оновчтой хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгалгүй, зарим шаардлагыг орхигдуулсан байх тул шийдвэр, магадлалд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 894 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Виннер вэй” ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН