Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0549

 

  

 

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0549

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: НЗДТГ

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу 35.543.650 төгрөгийг хариуцагч НЗДТГ-с гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч НЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь 2020 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /түлхүүр гардуулах нөхцөлтэй ЧДХАА УТХ А20/33 тоот/ тендерт оролцсон юм.

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 219 тоот албан бичгээр “Тендерт зарласан ажлыг 1,988,401,278 төгрөгөөр гүйцэтгэх М ХХК-ийн тендерийг Үнэлгээний хороо “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсныг уламжилж гэрээнд гарын үсэг зурж, НЗДТГ-т ирүүлэхийг мэдэгдсэн билээ.

Тус мэдэгдлийн дагуу манай компани ЧДХАА УТХ А20/33 тоот тендерийг хэрэгжүүлэх гэрээний эхийг боловсруулж Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаар хянуулж 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НЗДТГ-т хүргүүлсэн.

Гэрээг хүргүүлснээс хойш 5 сарын хугацаанд НЗДТГ-с манай байгууллагад огт хариу өгөхгүй байсаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 05/82 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт “Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2-р шатны тохижилт /Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, дээд Салхит/ түлхүүр гардуулах нөхцөлтэй ЧДХАА УТХ А20/33” ажил нь Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хасагдсан тул гэрээг байгуулах боломжгүй” гэж мэдэгдсэн.

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 - д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; гэж заажээ. Гэтэл НЗДТГ-ын 05/82 тоот албан бичигт хуулийн ямар үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан талаар огт дурдаагүй. Тодруулбал, гэрээ байгуулахаас татгалзах эрх олгож байгаа материаллаг болон процессын хуулийн заалт баримтлаагүй. Ийнхүү хуулийн үндэслэлээ дурдаагүй захиргааны акт нь хууль бус юм.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “ Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа , тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заажээ . Өөрөөр хэлбэл, талууд хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах үүрэгтэй юм. Манай компани үүргээ биелүүлж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээн авч заасан хугацаанд гэрээ болон холбогдох баримтыг хүргүүлсэн.

3. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.23-д “Үнэ хаялцуулах ажиллагааг гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгөөр явуулсан бол уг ажиллагааг явуулж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш хорь хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд талууд гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй байна. Компанийн хувьд ажлаа эхлэхэд бэлэн байгаа бөгөөд гэрээ байхгүй тохиолдолд эрх бүхий байгууллагаас ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа учир ажлаа эхэлж чадаагүй.

4. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заажээ. Үнэлгээний хороо 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/243-01 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт манай компанитай гэрээ байгуулж мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. -д заасан “гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж” ажиллахыг зөвлөжээ. Гэтэл хариуцагч мөн л хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж Үнэлгээний хорооны дүгнэлтэд заасан гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргээ зөрчсөн.

Гол нь тус тендерээр зарлагдсан Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд Салхитад баригдсан Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2-р шатны тохижилтын ажил нь тус цогцолборын бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой ба уг ажлыг хийлгүй хэсэг хугацаанд орхигдуулсан тохиолдолд маш их хөрөнгө зарцуулж хийгдсэн спорт цогцолбор үер ус, хөрсний нуранга зэрэг шалтгаанаар богино хугацаанд эвдрэхэд хүрч байна. Хэдий тохижилтын ажил гэж байгаа боловч угтаа өмнө хийгдсэн ажлаа хамгаалах зорилготой зайлшгүй хийх шаардлагатай ажил юм. Мөн манай компанийн хийх ажил нь гүйцэтгэлээрээ санхүүжилт авах учраас төсөвт дарамт үүсгэхгүй.

Нөгөөтээгүүр, бид ажлаа хийх нь компанийн хариуцлага, нэр хүндтэй холбоотой юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгэнт тендер зарлагдаад, шалгаруулалт явагдсаны дараа аль нэг тал нь гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл байхгүй. Гэрээ заавал байгуулагдах ёстой. Төсвийн тодотгол хийх санал анх хаанаас гарсан бэ. Бид НЗДТГ төсөвт санал өгөхдөө үүнийг хасаад санал өгсөн гэж ойлгож байгаа. Тендер зарлагдаж, шалгаруулалт явагдаад дууссан. Үүний цаана нэхэмжлэгч компани тендерт оролцохын тулд их хэмжээний зээл аваад бэлтгэл ажлаа гүйцэтгээд явсан. Эрх зүйн үр дагавар, хор уршиг нь үүнд байгаа. Өнөөдөр хариуцагч тал төсөл хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх нь зөв гэдэг дээр санал нэгдэж байна. Хариуцагч нар төсвийн тодотголд уг төслийг хэрэгжүүлэхээр төсөвт саналаа өгсөн байна. Тендерт тухайн компани өөрийн хөрөнгөөр ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Ажлын гүйцэтгэлээр санхүүжилтээ аваад явах бололцоотой. Бид гэрээгээ байгуулчихвал ажлаа эхэлнэ. Энэ хугацаанд тендер шалгарсан учраас ажлаа эхлээд явъя, гэрээ байгуулаач гэж байгаа. Гэрээнээс аль нэг тал татгалзах боломж байхгүй. Төсвийн тодотголоор төслийг хасчхаад байна. Бусад тендерт оролцсон зам, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын компаниуд үйл ажиллагаагаа явуулаад ажлаа хийгээд явж байна. Үүний нэг хэсэг нь төсвөөс санхүүжилтээ аваад явж байгаа байх. Зарим хэсэг нь өөрийн санхүүжилтээр ажлаа гүйцэтгээд дараа нь төсөвт суухаар нь санхүүжилтээ авна гэж бодож байна. Шүүх бодит байдлыг харгалзан үзээд шийдвэрлэвэл бид гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хохирол нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахад буруу зүйл байхгүй” гэв.

Хариуцагч НЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/48 дугаар тушаалаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад батлагдсан Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилтын ажлын төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Уг албан бичгээр эрх шилүүлэх төсөл, арга хэмжээг хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулж ажиллахыг хүссэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 А/477 дугаар захирамжаар уг төслийн худалдан авах ажиллагааны эрхийг ЧДЗД-д шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүргийг өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тендерт М ХХК шалгарч, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах зөвлөмжийг тус компанид хүргүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас НЗДТГ-т гэрээг ирүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ хуулийн хэлтэст ирж хянагдаж байх үед 8 дугаар сарын 28-ны өдөр Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус төсөл хөтөлбөр маань хасагдсан. Тиймээс эх үүсвэргүй болсон төсөл, арга хэмжээг гэрээ байгуулах эрх ЗДТГ-т байхгүй учраас гэрээг байгуулаагүй. НЗДТГ-аас хасагдсан арга хэмжээнүүдийн жагсаалыг гаргаж, гэрээ байгуулахгүй талаарх албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг нэхэмжлэгч М ХХК-д хүргүүлсэн. Энэ албан бичгээр гэрээ байгуулахгүй болсон талаар мэдэгдсэн. Үүний дараа М ХХК-иас дахин хүсэлт ирүүлсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. Уг албан бичгийг илт хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус албан бичгийг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Улсын төсвөөс хасагдсан, ямар ч эх үүсвэргүй болсон, 0 төгрөгтэй байхад бид гэрээ байгуулах эрх байхгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар тендертэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Энэ нь тендертэй холбоотойгоо нэхэмжлэгч компаниас гарч байгаа зардал учраас үүнийг НЗДТГ хүлээн авах боломжгүй” гэв.

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилтын ажлыг гүйцэтгэх хөрөнгө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад багтсан байсан. Тухайн ажлыг 1,988,401,278 төгрөгөөр гүйцэтгэх М ХХК нь тендерт шалгарсан. Гэсэн хэдий ч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд төсвийг суулгасан байсан боловч тодотгол хийснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвөөс тухайн ажлын зардал хасагдсан. Энэ нь https://www.legalinfo.mn/ цахим хаягаас тодорхой харагдана. НЗДТГ-аас тухайн хасагдсан төсвийг 2022 оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн. Тус маргаанд БОАЖЯ-ны сайд хамтран хариуцагчаар оролцож байгаагийн хувьд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-д “төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж зааснаар Сангийн сайд Б.Ж-д хандан 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 01/3571 дүгээр албан бичгээр 2022 оны төсвийн төсөл, 2023 оноос 2024 оны төсвийн төсөөлөл, төсөв бэлтгэх удирдамж, холбогдох материалыг боловсруулан хүргүүлсэн. Хүргүүлсэн материалд Соёл, спорт аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилтын ажлын зардлыг тусгаж өгөх санал орсон байгаа. Тухайн ажлын зардлыг цахим бүртгэлд зааж оруулдаг. Үүний дагуу оруулсан нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байгаа. БОАЖЯ-ны зүгээс Сангийн сайдад тухайн арга хэмжээг төсөвт тусгуулах саналыг хүргүүлсэн. Сангийн яам илтгээд Улсын Их Хурал 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлах эрхтэй. Тэгэхээр тухайн төсөв хөрөнгө батлагдах нь Улсын Их Хурлын бүрэн эрх юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК анх тус шүүхэд хандан “НЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДТГ-т холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу 35.543.650 төгрөгийг хариуцагч НЗДТГ-аас гаргуулах” хэмээн нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

            1. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зарласан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ЧДХАА УТХ А20/33 тоот, “Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхит”/-ын ажил” тендерт сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч М ХХК шалгарсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-нд “гэрээ байгуулах эрх олгох” тухай 219 тоот албан бичгийг, НЗДТГ-т А/243-01 дугаар гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлсэн.

Улмаар, М ХХК-иас Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны мэдэгдлийн дагуу тендерийг гэрээний төслийг боловсруулж 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НЗДТГ-т хүргүүлснийг хариуцагч НЗДТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 тоот албан бичгээр “...Түлхүүр гардуулах нөхцөлтэй спорт аялал жуулчлалын цогцолборын 2-р шатны тохижилт /Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, дээд Салхит/  ЧДХАА УТХ А20/33” ажил нь Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хасагдсан тул гэрээг байгуулах боломжгүй”  хэмээн татгалзаж шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсгийг тус тус зөрчиж хууль бусаар гэрээг байгуулахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт бөгөөд үүнээс болж компанид ихээхэн хэмжээний хохирол учирч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НЗДТГ-т гэрээг ирүүлснийг Тамгын газрын Гэрээ, хуулийн хэлтсээс хянаж байх үед буюу 2020 оны  8 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурал 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, тус төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хассан. Эх үүсвэргүй болсон төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах эрх НЗДТГ-т байхгүй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” хэмээн,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ: 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “энэ хуулийн 7.6-д зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг  санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” хэмээн тус тус хуульчилсан.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ийн БОАЖЯ-ны сайдын багцад  “Ү.1.17. “Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд Салхит/ 2020-2021 он, 2.100  /сая төгрөг/” -ын ажлын төслийн санхүүжилт батлагдсаныг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт /Монгол Улсын төсвийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт/-аар нийслэлд эрхийг нь шилжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  А/48 дугаар тушаалаар уг төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн батлагдсан хэмжээнд хуульд заасан журмын дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих эрхийг  НЗД-д шилжүүлсэн.

НЗД-ын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/477 дугаар захирамжаар “Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг ЧДЗД /Н.Б/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг” болгосон.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тендер, сонгон шалгаруулалтыг зарлан, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 219 дүгээр албан бичгээр тендерт шалгарсан М ХХК-нд гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдэн,  2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар албан бичгээр НЗДТГ-т Үнэлгээний хорооны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/243-01 зөвлөмж, дүгнэлтийг, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн.

Улмаар, нэхэмжлэгч М ХХК-иас ЧДХАА УТХ А20/33 дугаар тендерийг хэрэгжүүлэх гэрээний эхийг боловсруулан, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр НЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багцаас тухайн тендерийн ажлын зардал хасагдсан.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборын 2 дугаар шатны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд Салхит/ “-ын ажлын тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1-д тендерийн “хүчинтэй байх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг дуустал” хэмээн заасан бөгөөд тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа сунгах зөвшөөрлийг Сангийн яамнаас  олгоогүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү үйл баримттай талууд маргаагүй.

5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” зарчмыг баримтлах бөгөөд хариуцагч НЗДТГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасанчлан гэрээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж байгуулах, ингэхдээ мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т заасанчлан “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д заасанчлан “бараа, ажил, үйлчилгээг  санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” бүрэн эрхтэй.

Тухайн тохиолдолд, Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар албан бичгээр НЗДТГ-т Үнэлгээний хорооны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/243-01 зөвлөмж, дүгнэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн. Нэхэмжлэгч М ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид ЧДХАА УТХ А20/33 дугаар тендерийн гэрээний эхийг хүргүүлснийг хариуцагч НЗДТГ-aaс хянах явцад Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, БОАЖ-ын сайдын төсвийн багцаас тухайн төсөл, арга хэмжээний зардал хасагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулбал зохих хугацаанд тухайн бараа, ажил, үйлчилгээг  санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр улсын төсвөөс хасагдсан. Энэхүү үйл баримт нь хэргийн оролцогчдоос үл хамаарсан шинжтэй хууль зүйн факт байх ба хариуцагчаас М ХХК-тай ЧДХАА УТХ А20/33 дугаар тендерийн гэрээг байгуулсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалт зөрчигдөх нөхцөл байдал үүсэх байсантай холбоотойгоор тухайн гэрээг байгуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг шүүх тухайн нөхцөлд тохирсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулахгүй байна. Мөн тухайн бараа, ажил, үйлчилгээг  санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр улсын төсвөөс хасагдсан хийгээд, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон. Сангийн яамнаас тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа сунгах зөвшөөрлийг хариуцагчид олгоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

6. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 35.543.650 төгрөг / зээлийн хүүд 16.543.654 төгрөг, тендерт бэлтгэх болон ажилчдын цалин хөлсөнд 2.000.000 төгрөг, тендерийн зураг, эскиз боловсруулсан зардал 1.000.000 төгрөг, төсөв гаргуулсан 1.000.000 төгрөг, хууль, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн зардал 15.000.000 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулах” шаардлагын тухайд нэхэмжлэгч нь шүүхэд тухайн хохирол нэхэмжлэгчид бодитоор учирсан болохыг нотолсон баримтыг бүрэн гүйцэт гаргаж ирүүлээгүй. Хариуцагчийн зүгээс тухайн хэмжээний хохирлыг эс зөвшөөрч маргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэдгийг дурдаж байна.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 106.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М ХХК-иас НЗДТГ, БОАЖЯ-нд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “НЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05/82 тоот гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М ХХК-иас НЗДТГ-т холбогдуулан гаргасан “Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу 35.543.650 төгрөгийг хариуцагч НЗДТГ-аас гаргуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 476.100 /Дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөгөөс 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 405,900 /Дөрвөн зуун таван мянга, есөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М