Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 120/2023/0026/З |
Дугаар | 221/МА2024/0672 |
Огноо | 2024-10-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0672
Ж.Э, Ж.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаартай захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах” Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3035737, 3035738 дугаартай 3.00 га газрыг тус бүр эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Э, Ж.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 120/2023/0026/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э, Ж.Б нараас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаартай захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах” Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3035737, 3035738 дугаартай 3.00 га газрыг тус бүр эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нар Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн #2023-12730 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ханбогд сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3035738 дугаартай 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2024/0008 тоот шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 17, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус гардан аваад уг шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дор дурдсан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Шүүгч шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 5-д “Шинжээчийн дүгнэлтэд “... Дуудлага худалдааны /auction_id/ 15939 буюу зарын код #2023-13729 дугаараар шалгаж үзэхэд deadlock гацалтууд үүссэн байна. Эдгээр үүссэн гацалтын хугацааг секундээр тооцоолон оролцогчдын үйлдэл хийсэн төлөвүүдтэй давхцаж байгаа эсэхийг шүүхэд Ж.Б гэх /participant_id 34348/ дугаартай оролцогчдын үйлдэл хийх явцад гацалт үүсээгүй байна. Харин Б.М /гуравдагч этгээд/ гэх /participant_id 34422/ дугаартай оролцогчийн үйлдэл хийх явцад 15:00:54 секундэд deadlock гацалт үүссэн бүртгэл бүртгэгдсэн байна ...” гэжээ.” гээд “Дээрх байдлаар гуравдагч этгээд Б.М-ын “...Дуудлага худалдааны системд гацалт үүсэж, үнийн санал өгөх боломжгүй болж, хугацаа дууссан...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв” гэсэн нь бодит байдалд огт нийцээгүй дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.
Учир нь гуравдагч этгээд Б.М-ыг дуудлага худалдааны системд гацалт үүсэж, үнийн санал өгөх боломжгүй болж, хугацаа дууссан...” гэх тайлбар нь дараах баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байгаад шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Өмнөговь аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2082 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн тавдугаар хавсралт болон шинжээчийн 775 тоот дүгнэлтийн хавсралт /ижилхэн баримтууд/ болох “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #2023-13729 дугаартай дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл”-ээс үзэхэд энэхүү хэргийн гуравдагч этгээд Б.М нь С.Б-тэй өрсөлдөн оролцсон #2023-13729 дугаартай дуудлага худалдаанд нийт 4 удаа үнийн санал өгсөн байдаг
Тухайлбал, Б.М нь эхний нийн саналаа 14:20:05 секундэд 34 000 000 төгрөгөөр илгээснийг систем хүлээн авч амжилттай төлөвт бүртгэсэн бол тэрээр 2 дахь удаагаа 15:00:40 секундэд 44 000 000 төгрөгийн үнийн санал илгээхэд нь системээс “Та үнийн саналаа өсгөнө үү. Илүү үнэ илгэгдсэн байна” гэсэн хариуг өгсөн байдаг. Учир нь Б.М-аас өмнө Ж.Б нь 15:00:36 секундэд 44 000 000 төгрөгийн үнийн саналаа илгээснийг систем хүлээн авч, амжилттай төлөвт бүртгэсэн тул ижилхэн 44 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн Б.М-т “үнийн саналаа өгсөн үү” гэж түүний өгсөн үнийг буцаах нь зүйн хэрэг. Үүний дараа Б.М нь 15:01:10 секундэд үнийн саналаа 5 сая төгрөгөөр өсгөж 49 000 000 төгрөгийн үнийн санал илгээснийг систем хүлээн авч амжилттай төлөвт бүртгэсэн байдаг бол тэрээр 4 дэх удаагаа 15:03:20 секундэд 50 000 000 төгрөгийн үнийн саналыг илгээхэд системээс мөн л “Та үнийн саналаа өсгөнө үү. Илүү үнэ илгээгдсэн байна” гэсэн хариуг өгсөн. Яагаад гэвэл Б.М-аас өмнө Ж.Б 15.01.51.958 секундэд энэ үнийг буюу 50 000 000 төгрөгийн үнийн санал саналыг илгээснийг систем хүлээн аваад, ажилттай төлөвт бүртгэж, улмаар түүнийг системээс хамгийн өндөр үнийн санал илгээсэн оролцогч гэж ялагчаар тодруулсан нь системийн өгөгдөл бүртгэлд хадгалагдан үлдсэн нь бүхий л баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогддог.
Мөн шинжээч 775 тоот дүгнэлтийнхээ зураг №4-өөрөө тухайн дуудлага худалдаанд нийт 4 оролцогч оролцож, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:08:01 секундэд анхны үнийг өсгөх замаар дуудлага худалдаа эхэлж, 15:0151.958 секундэд Ж.Б шалгарч ялагч болсон талаар харуулж, дүгнэлтдээ ч “Тус дуудлага худалдааны 15:01:51 секундэд Б гэх хүн шалгарсан байна” гэж тодорхой дүгнэсэн болно.
Гэтэл анхан шатны шүүхээс Б.М 15:00:54 секундээс хойш буюу гацалт үүсэж, үнийн санал өгөх боломжгүй болж, хугацаа дууссан гэж худал тайлбар гаргасныг үндэслэлтэй гэж дүгнэхдээ энэ хугацаанаас хойш Б.М нь нийт 4 удаагийн үнийн саналынхаа сүүлийн 2 удаагийн саналуудаа илгээж, 1 үнийн санал нь бусад оролцогчийн үнийн саналтай давхцаагүй тул амжилттай илгээгдэж, 1 үнийн санал нь амжилттай илгээгдсэн үнийн саналтай давхацсан тул систем хүлээж аваагүй байгааг огт анхаарч үзээгүй, түүнд нь ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2081 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн тавдугаар хавсралт болох “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #2023-13730 дугаартай дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл”, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2082 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн тавдугаар хавсралт болох “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #2023-13729 дугаартай дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл” гэх баримтуудад гуравдагч этгээд Б.М нь өөрийн оролцсон хоёр дуудлага худалдаандаа хоёуланд нь нэг ижил интернэт хаягаас, нэг ижил төхөөрөмж буюу компьютероос нэвтэрсэн нь бүртгэгдсэн байх ба Б.М өөрөө ч анхан шатны шүүх хуралдаан дээр нэг интернэт хаягаас, нэг төхөөрөмжөөс нэгэн зэрэг 2 дуудлага худалдаанд оролцсон гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрснийг шүүх огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан дээрх 2 баримтуудад газрын цахим системээс Б.М-ын илгээсэн үнийн саналуудыг 0.408 секунд, 0.012 секунд, 0.271 секунд, 0.015 секундэд буюу 1 секунд ч хүрэхгүй хугацаанд боловсруулалт хийж байгаа нь цахим системээс олгогдсон бүхэл бүтэн 60 секундэд хэчнээн ч удаа дуудлага худалдааны үнийг өгсөх боломжтойг харуулж байна. Энэхүү нөхцөл байдал болон нотлох баримтыг хариуцагчид болон гуравдагч этгээд нар ямар ч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.
Шинжээчийн 775 тоот дүгнэлтэд тусгагдсан “Б.М гэх /participant_id 34422/ дугаартай оролцогчийн үйлдэл хийх явцад 15:00:54 секундэд deadlock гацалт үүссэн бүртгэл бүртгэгдсэн байна” гэх энэ цаг, минут, секунд нь 2024 оны 4 сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе илэрхий болсон баримт юм.
Өөрөөр хэлбэл ажлын хэсгээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаа хийх үед тэдний үндэслэл болгосон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/1167 дугаартай албан бичиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2082 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн зургаадугаар хавсралтад “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болсон зохион байгуулагдсан дуудлага худалдааны явцад өгөгдөл хадгалах үеийн хэт ачаалал үүссэн байдал”-ыг буюу дуудлага худалдаа явагдах өдрийн deadlock гацалтын бүртгэлийг Газрын биржийн цахим системээс нь шүүж шүүхэд ирүүлсэн баримттай ижил баримт юм. Энэ баримтуудад нь хэт ачаалал үүсгэгдсэн дуудлага худалдаануудыг жагсаахдаа:
-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:05:45 цагт үүссэн Deadlock нь 15910 дугаартай дуудлага худалдааны 34367 дугаартай оролцогчоос 11 701 072 төгрөгийн үнийн санал өгөх үед үүссэн
-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:05:01 цагт үүссэн Deadlock нь 15910 дугаартай дуудлага худалдааны 34393 дугаартай оролцогчоос 11 311 072 төгрөгийн үнийн санал өгөх үед үүссэн
-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:03:31 цагт үүссэн Deadlock нь 15910 дугаартай дуудлага худалдааны 34367 дугаартай оролцогчоос 11 011 072 төгрөгийн үнийн санал өгөх үед үүссэн
-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:05:31 цагт үүссэн Deadlock нь 15922 дугаартай дуудлага худалдааны 34403 дугаартай оролцогчоос 1 174 048 төгрөгийн үнийн санал өгөх үед үүссэн
-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15:02:45 цагт үүссэн Deadlock нь 15920 дугаартай дуудлага худалдааны 34387 дугаартай оролцогчоос 13 100 000 төгрөгийн үнийн санал өгөх үед үүссэн гэж системд бүртгэгдсэн байдаг.
Тиймээс ч энэ баримтаар нэхэмжлэгч Ж.Б-ийн оролцсон #2023-13729 /Систем дээр бүртгэл нь 15939 дугаартай дуудлага худалдаа/-д хамааралгүй болох нь бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг шийдвэрээ гаргах үед Б.М-ын илгээсэн үнэнд гацалт үүссэн гэсэн ямар ч баримт тэдэнд огт байгаагүйг шүүх анхаарч үзээгүй.
3.2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтуудыг жагсаан бичсэн ч энэ нь нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа эсэх, хариуцагчаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгох, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход аль хууль тогтоомжийн зохицуулалт нь хамааралтай эсэхийг шүүх тодорхойлж чадаагүй буюу түүний гаргасан шийдвэр нь хууль дээдлэх зарчимд үндэслэгдээгүй болох нь дараах байдлаар нотлогддог.
Тухайлбал, шүүх үндэслэх хэсэгтээ “... Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.12-т “Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна” гэсэн зохицуулалтыг хууль зүйн үндэслэлээ болгодог.
Гэвч журмын энэхүү зохицуулалт нь уг хэрэг маргааны хувьд программ хангамж, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон байх урьдчилсан нөхцөлийг шаардах зохицуулалт юм.
Харин бодит байдал дээр #2023-13729 дугаартай дуудлага худалдаа хэвийн явагдаж дууссан учраас л дуудлага худалдааны программ хангамж болох mle.mn газрын цахим биржээс дуудлага худалдааны ялагчаар нэхэмжлэгч Ж.Б шалгарсныг баталгаажуулсан бүртгэл одоо ч хэвээр байна.
Тиймээс ч ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Н тус системд өөрийн эрхээрээ нэвтэрч, ялагчийн бүртгэл тэмдэглэлийн дагуу өөрийнхөө 80660332 дугаарын утаснаас ялагчтай байгуулах гэрээгээ хийхийг мэдэгдсэн мессеж илгээж, улмаар Ж.Б-тэй 15 тоот Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулж, дуудлага худалдааны ялагч нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу газрын дуудлага худалдааны үнэ болох нийт 50 000 000 төгрөгийг холбогдох дансанд тушаасан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах 15 тоот гэрээ, газрын үнэ төлсөн банкны баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогддог болно.
Өөрөөр хэлбэл, тухайн дуудлага худалдаанд программ хангаж, сүлжээ тасарч доголдсоноос дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон ямар ч нөхцөл байдал үүсээгүй буюу уг дуудлага хэвийн явагдаад дуусчихсан байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Нөгөө талаас дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулах ёстой. Хэрэв энэхүү үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүйд тооцох ёстой бол уг дуудлага худалдааг ажлын 5 хоногт давтан зохион байгуулсан уу, дуудлага худалдааг хүчингүйд тооцох эрхтэй этгээд нь хүчингүйд тооцсон уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага анан шатны шүүхэд үүсэх байсан.
Гэвч ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколдоо “программ хангамж, сүлжээнд доголдол гарч ... журмын дагуу дахин зарлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ” гэсэн байдаг ба дуудлага худалдааг ажлын 5 хоногт зохион байгуулах нь бүү хэл тэдний шийдвэр гэж нэрлээд байгаа хурлын протокол нь ажлын 6 хоногийн дараа гарч, оролцогчдод дахин 5 хоногийн дараа мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Дээрх журамд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 9.9.12 гэх зохицуулалтуудыг нэмэлтээр оруулахдаа уг журмын хэрэгжилтийн 4 жилийн хугацааны баримтуудад үндэслэсэн гэдэг бөгөөд хэрэв дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй л болбол богино хугацаанд зохион байгуулах ёстой гэсэн үндэслэлээр ажлын 5 хоногт багтаан давтан зохион байгуулахаар журамд нэмэлт оруулж байсан юм.
Мөн шүүх Үндэслэх хэсэгтээ “Журмын 11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно”, 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна”, 11.4-д “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана” гэж тус тус зохицуулжээ” хэмээн дурдсан байдаг.
Яг энэ л зохицуулалтаар нэхэмжлэгч Ж.Б нь хамгийн өндөр үнийн санал илгээж дуудлага худалдааны ялагч болж, Ханбогд сумын газрын даамал М.Н-тай ажлын 2 дахь хоногт буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дуудлага худалдааны ялагчтай байгуулах 15 тоот гэрээгээ байгуулж, дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь журмын 11.4-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа буюу Ж.Б-д газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Засаг даргын дээрх эс үйлдэхүйг хууль бус шүүхээс тогтоогоогүйг огт ойлгохгүй байна.
3.3. Нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй болох нь дараах байдлаар нотлогддог. Үүнд:
Ажлын хэсэг нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн журмын 9.3, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, Б.М-ын гаргасан гомдол нь дуудлага худалдаанууд бүрэн дуусч, ялагч тодорсноос хойш 2 хоногийн дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад хандан гаргасан гомдол буюу “дуудлага худалдааны явцад” болох 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09.00-17.00 цагийн үед ажлын хэсэгт хандан гаргасан гомдол биш байсан нь холбогдох баримтуудаар хангалттай нотлогддог.
Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах хугацаа, чиг үүрэг нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-5.2.4-д зааснаар буюу дуудлага худалдааг явуулаад дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, аливаа ажлын хэсгийн чиг үүрэг гэж тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагааны хамрах хүрээг хэлдэг бөгөөд энэ ажлын хэсэг нь газрын дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулахад үйл ажиллагааны зорилго нь чиглэгдэх учиртай байсан юм.
Гэтэл журмын 5.2.5, 11 дүгээр зүйлүүдэд зааснаар сумын газрын даамал эрх, үүргээ хэрэгжүүлж, “Дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулаад” нэгэнт дуусчихсан байхад ажлын хэсэг түүний араас дуудлага худалдааг дахин зарлах шийдвэр гаргах эрхийг тэдэнд аль ч хууль тогтоомжоор олгоогүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Мөн дуудлага худалдааг дахин явуулах үндэслэлийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын 10.1-д дараах байдлаар зохицуулсан байдаг. Үүнд:
10.1.1. дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөхгүй тохиолдолд
10.1.2. дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй
10.1.3. хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон
10.1.4. дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд
10.1.5. хуульд заасан бусад тохиолдолд
Гэвч дээрх нөхцөл байдлын аль нь ч энэхүү дуудлага худалдаанд үүсээгүй бөгөөд 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга ... гаргах” талаар зохицуулсан байхад ажлын хэсэг дахин зарлах шийдвэр гаргах нь хуульд нийцсэн эсэхэд анхан шатны шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн протокол нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эрхлэн дагаж мөрдөгдсөн “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлд заасан “Баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага” буюу 3.3 дахь хэсэгт заагдсан “Хурлын тэмдэглэл” хөтлөх журмыг бүхэлд нь зөрчсөн болно. Тухайлбал, “Хуралдааны тэмдэглэл нь эхлэл болон хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн дарааллаар, хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ, сонссон нь хэсэгт дарааллын дагуу хэлэлцсэн илтгэл, сонсгол, түүнд холбогдож гарсан асуулт, хариулт, санал, шүүмжлэлийг үг хэлсэн хүн тус бүрээр бичнэ гэснийг зөрчиж тухайн хуралд ажлын хэсгийн гишүүдийн хэн нь юу гэж хэлсэн зэрэг нь тодорхойгүй, ямар хууль тогтоомжийн заалтыг үндэслэн шийдвэрээ гаргаж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу “нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн” Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар шийдвэрийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ж.Э, Ж.Б нараас “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаартай захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах” Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3035737, 3035738 дугаартай 3.00 га газрыг тус бүр эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ханбогд сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/205 дугаар захирамжаар уг дуудлага зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Нэхэмжлэгч Ж.Э, Ж.Б нарын хувьд 2023-13729, 2023-13730 дугаартай газрын дуудлага худалдаанд оролцсон байх бөгөөд Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явагдсан дуудлага худалдааг программын ачаалал үүсэж, оролцогчдын үнийн санал илгээгдээгүй алдаа гарсан гэж үзэж зарим оролцогчдоос гомдол гаргасан үндэслэлээр нийт 16 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч нарын оролцсон 2023-13729, 2023-13730 дугаартай дуудлага худалдаа багтжээ.
2.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж.Э болон гуравдагч этгээд Б.М нарын оролцсон #2023-13730 дугаартай газрын дуудлага худалдааны үед оролцогчдын үйлдэл хийх явцад гацалт үүсээгүй, ... дуудлага худалдаа тус бүрийн бодит нөхцөлийг тодруулалгүй бүхэлд нь хүчингүй болгосон ... газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн #2023-13730 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсэг үндэслэлгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.4. Харин нэхэмжлэгч Ж.Б-ийн оролцсон #2023-13729 дугаартай газрын дуудлага худалдааны явцад deadlock гацалтууд үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд уг дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.12-т “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна” гэж заасанд нийцжээ. Зүй нь газрын дуудлага худалдаа нь техник, программ хангамжийн хувьд ямар нэгэн байдлаар саатал, гацалтгүйгээр явагдсан байх учиртай.
2.5. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ”, 15.1-д “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ”, 15.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч, шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/632 дугаар албан бичигт “дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй” гэж үзсэн талаар дурдсан байх төдийгүй Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанаар ийнхүү дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин зарлахаар шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд “дуудлага худалдааг дахин зарлах шийдвэр гаргах эрхийг тэдэнд аль ч хууль тогтоомжоор олгоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН