Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 201610010244 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1-р баг 64-59 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Од /РД: ЕО94080915/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Ц.Гэрэлт-Од нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 01 цаг 40 минут цагийн үед Замын-Үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах Долоон бурхан баарны гадаа иргэн А.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэгээд би очиж салгах гээд байж байтал баарны үүдэнд зогсож байсан залуу “Больцгоо” гэхээр нь би Батнасантай маргалдаж байгаа залуучуудын нэг байна гэж бодоод түүн дээр очиж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойход нь нэг удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Хохирогч А.Билгүүн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “... Тэгээд гадаа гартал замын наад талд хэсэг залуучууд маргалдаад бие бие рүүгээ чанга чанга дуугараад хараагаад байхаар нь би “Больцгоо гэж хашгиртал тэндээс нэг залуу гүйж ирээд намайг чи юу юм бэ? гэхээр нь би түүнтэй маргалдсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд маргалдаж байгаад тэр залуу миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, мөн өшиглөсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Билгүүний биед дээд зовхины язарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтлийн дээд зовхины язарсан шарх “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 12/,

- Ц.Гэрэлт-Одын иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын Сүлд багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 25-26/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудыг  судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Ц.Гэрэлт-Одын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Ц.Гэрэлт-Одын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Иргэн А.Билгүүний биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Ц.Гэрэлт-Одын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Ц.Гэрэлт-Одыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 01 цаг 40 минутын цагийн үед Замын-Үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах Долоон бурхан баарны гадаа иргэн А.Билгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Билгүүний “...Больцгоо гэж хашгиртал тэндээс нэг залуу гүйж ирээд намайг чи юу юм бэ? гэхээр нь би түүнтэй маргалдсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд маргалдаж байгаад тэр залуу миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, мөн өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 464 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн гэж байгаа боловч шүүгдэгч Ц.Гэрэлт-Од нь тус шүүхээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Гэрэлт-Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Одод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Одыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэвээндоржийн Гэрэлт-Одыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ц.Гэрэлт-Одод оногдуулсан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Гэрэлт-Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгx Ц.Гэрэлт-Одод урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй батлагаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ