Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2019/00062

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2019/00062

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Багануур-Ус ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1970 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, одоо Багануурын Дулааны станцад хөдөлмөр хамгаалалын инженер ажилтай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 10 тоотод оршин суух, Хиад овогт Цэнд-Аюушийн Оюунбүрэнд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.731.115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцацрал, Г.Ганцэцэг, хариуцагч Ц.Оюунбүрэн, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 10 тоотын хэрэглэгч Ц.Оюунбүрэн нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.814.670.41 төгрөгийн төлбөрөөс бодогдсон алданги 916.444.83 төгрөг, нийт 2.731.115.24 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү, хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа үндсэн төлбөр 1.814.670.41 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэсэн байсан. Нэгэнт алданги төлөх төлөхгүй гэдэгт маргаантай байгаа учраас эвлэрэх боломжгүй, шүүхээр алдангиа шийдвэрлүүлнэ. Хариуцагч 2 хүүхэд оюутан учраас ам бүлээс хасагдах ёстой гээд байгаа боловч манай байгууллагын даргын гаргасан Ам бүл хасах журам-аар дотоодод сурдаг оюутан ам бүлийн тооноос хасагдахгүй журамтай, гэрээгээ шинэчлэе гэхээр үгүй гээд гэрээ байгуулахгүй байгаа гэв.

Хариуцагч Ц.Оюунбүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын гудамжинд байрлах Багануур дүүргийн Багануур-Ус ОНӨААТҮГ-аас Багануур дүүргийн 3 дугаар хорооны 47 дугаар байрны 10 тоотод оршин суугч Ц.Оюунбүрэн надаас цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.814.670.41 төгрөгийн төлбөрөөс бодогдсон алданги 916.444.83 төгрөг нийт 2.731.115.24 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болохыг тайлбар гаргаж байна. Үүнд: Багануур Ус ОНӨААТҮГ нь тухайн орон сууцны 47 дугаар байрны 10 тоотын хууль ёсны өмчлөгч болох Цэнд-Аюуш овогтой Оюунбүрэн миний биетэй айл өрхийг цэвэр усаар хангах, бохир ус, татан зайлуулах гэрээ байгуулаагүй байна. Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээг 47-3 тоот гэж андуурч бичсэн хаягтай/ хавсралтаар хүргүүлж байна. Мөн энэхүү гэрээнд 2018 оны 02 сард сунгалт хийгээгүй, 2018 оны 7 сараас хойш шинээр гэрээ байгуулаагүй болно. Багануур дүүргийн 3 дугаар хорооны 47 дугаар байрны 10 тоотод оршин суугчийн дэлгэрэнгүй бүртгэл, Оюунбүрэн нь 47-10 тоотод байнга оршин суусан, Д.Пүрэвсүрэн нь Багануур дүүргийн 5 дугаар хорооны Нарийны 26 дугаар гудамжны 05 тоотоос 2017 оны 02 сард шилжин ирсэн, О.Уранчимэг нь 2012 оны 09 сараас 2017 оны 01 сарын 05 хүртэл МУИС-ын ХШУИС-ийг менежмент мэдээллийн системийн мэргэжлээр суралцаж төгсөөд 2017 оны 09 сараас МУИС-ийн ХШУИС-ийн магистрын оюутан /оюутан солилцооны хөтөлбөрөөр одоо Япон улсад суралцаж байгаа/ суралцаж байна. О.Уранбилэг нь 2016 оны 09 сараас одоог хүртэл МУИС-ийн ШУС-ийн нийгмийн ухааны салбарт сэтгүүл зүй мэргэжлээр суралцаж байгаа болно. Багануур Ус ОНӨААТҮГ нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс тооцохдоо Улаанбаатар хотод суралцахаар явсан оюутныг хасаж тооцолгүй шууд тооцоо бодсон. Багануур Ус ОНӨААТҮГ-ын цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.814.670.41 төгрөг түүнээс бодогдсон алданги 916.444.83 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Багануур дүүргийн 3 дугаар хорооны 47 дугаар байрны 10 тоотод оршин суугч Ц.Оюунбүрэнгийн 2016 оноос хойш хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөр 1.814.670.41 төгрөгөөс 2019 оны 1 сард 900.000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн төлбөр болох үлдэгдэл 914.670.41 төгрөгийг графикаар төлөх болно. Төлбөл зохих үндсэн төлбөрөөс бодогдсон алданги 916.444.83 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Оюунбүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Анх 2016 онд гэрээгээ байгуулахдаа надтай байгуулаагүй, гэрээнд дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг биш, хэний гарын үсэг гэдгийг мэдэхгүй. Гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 01-ний өдөр дууссан, шинээр гэрээ байгуулаагүй, эдний байгууллагад оюутан хүүхдүүдийг ам бүлээс хасаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч хасаж өгөөгүй, маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж бодож байна. Нэхэмжилсэн үндсэн төлбөрөөс 900.000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргадаг өдөр төлсөн, үлдэгдэл төлбөр дээр эдний байгууллагатай ярилцах гэсэн бодолтой байгаа, төлбөр төлөх гээд очихоор урд талынхаа төлбөрүүдийг аваад одоогийн төлбөрүүдийг авдаггүй, үүнээс болоод давхар давхар алдангид ороод байна. Гэрээ өөрөө зөрчилтэй учраас үлдсэн үлдэгдэл төлбөр 914.670.41 төгрөг, алданги 916.444.83 төгрөгийг төлөхгүй. Манайх одоо ам бүл хоёулаа байгаа, гэтэл төлбөрийг 4 ам бүлээр тооцсон. Усны мөнгийг тогтмол төлнө гэдэг нь суурь үнэ юм байна гэж би ойлгосон. Нэг хүүхэд гадаадад сурдаг гэж хэлсэн боловч баримт бүрдүүлж өгөөгүй болохооор тэр зүйл дээр би алдсан байсан. Манайх тоолуургүй болохоор ам бүлийнхээ тоогоор усны мөнгөө төлдөг, ам бүлээс хүн хасагдсаныг сайн тэмдэглүүлэх ёстой байсан байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ нь хариуцагч Хиад овогт Цэнд-Аюушийн Оюунбүрэнд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.731.115 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Оюунбүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 2.731.115.24 төгрөгөөс 900.000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр төлж, үлдэх 1.831.115.24 төгрөгийг айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй, ам бүл 2 байхад төлбөрийг 4 ам бүлээр тооцсон учраас төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

-хариуцагч Ц.Оюунбүрэн нь 2016 оны 01 сараас 2018 оныг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.814.670.41 төгрөг, алданги 916.444.83 төгрөг, нийт 2.731.115.24 төгрөгийн төлбөрөөс 900.000 төгрөгийг төлж 1.831.115.24 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа, 900.000 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч Ц.Оюунбүрэнтэй 2016 оны 02 сарын 01-ний өдөр Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан гэж нотлох баримтаар гэрээг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээнд хангагч байгууллагыг төлөөлж борлуулалтын ажилтан Г.Эрдэнэтуяа гэсэн нэр бичсэн байгаа боловч хэрэглэгч гэсэн хэсэгт Ц.Оюунбүрэн гэж бичээд гарын үсгийг өөр хүнээр зуруулсан, хэрэглэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд хангагч байгууллагыг төлөөлж борлуулалтын ажилтан Г.Эрдэнэтуяа гэсэн нэр бичсэн, хэрэглэгч гэсэн хэсэгт ямар нэгэн нэр бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй, талуудаас гаргаж өгсөн 2 гэрээ зөрүүтэй байна.

-Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн иэлрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хэлцэл хийж болно, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ, 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөнхэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус хуульчилсан.

-Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан гэж бичгийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн гэрээнүүд хуульд заасан бичгээр байгуулах гэрээний шаардлагыг хангаагүй, 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар бичгээр хийх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас гэрээний дагуу хуульд заасан алданги нэхэмжлэх эрхээ алджээ.

-Харин хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

-Хариуцагч Ц.Оюунбүрэн нь нэхэмжлэгч байгууллагыг усны төлбөрийг 2 ам бүлээр тооцож авах ёстой байтал 4 ам бүлээр тооцож авсан гэж маргасан. Багануур-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2013 оны А/70 дугаар тушаалаар Ам бүл хасах журам-ыг баталсан байна.

Ам бүл хасах журмын 2 дугаар зүйлийн 2.3-д Үйлчлүүлэгч нь ам бүл хасуулах материалыг бүрдүүлэх үүрэг хүлээнэ, 2.4-т Үйлчлүүлэгч нь ам бүл хасуулах материалыг бүрдүүлж, өргөдлийн хамт нарийн бичигт хүлээлгэн өгнө гэж заасан байх бөгөөд хэрэглэгч Ц.Оюунбүрэн нь ам бүлээ хасуулах талаар хангагч байгууллагад хандсан, өргөдөл гаргасан гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.

-Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч Ц.Оюунбүрэнгээс цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг 4 ам бүлээр тооцон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 1 сарын 19-ний 13 дугаартай Тариф батлах тухай тогтоолын дагуу цэвэр бохир усны үйлчилгээний тарифыг төг/ м3-ийг сард 715 төгрөгөөр тооцож үндсэн төлбөр болох 1.814.670.41 төгрөгөөс урьдчилан төлсөн 900.000 төгрөгийг хасаж, үлдэх 914.670.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас алданги 916.444.83 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр төлсөн 900.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг тал хувиар бууруулан 13.075 төгрөг, 914.670.41 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 26.502 төгрөг бүгд 39.577 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хиад овогт Цэнд-Аюушийн Оюунбүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 900.000 төгрөгийн шаардлагыг биелүүлснийг баталж, гэрээний үүрэгт 914.670.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 916.444.83 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ОНӨААТҮГ нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунбүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 39.577 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ