Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 77

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: .... дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, Х овогт М-гийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. дугаар хороо, .. гудамжны .. тоотод оршин суух, А-овогт Э-ы А-ид холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан барааны үнэ 7.000.000 сая төгрөг, учирсан хохирол 1.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ү-, хариуцагч Э.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.М-а нь 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Э.А-оос 3001 УНУ улсын дугаартай, “Chevrolet Trail Blazer” маркийн, 2002 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй суудлын зориулалттай автомашиныг тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Э.А- нь тухайн автомашины доод явах эд анги нь муудсан, солих сэлбэг нь бүгд бэлэн байгаа. Хоёр гурван хоногийн дараа би Багануур руу сэлбэгийг тань явуулчих болно, санаа битгий зов гэх тайлбар өгч худалдсан бөгөөд уг автомашинтай Багануурт очсон өдрөө би эмнэлэгт хэвтэж хэд хоногийн дараа худалдаж авсан тээврийн хэрэгслээ жолоодож явахад доголдож эхэлсэн учир хот руу засуулахаар явуулсан. Автомашины засварчинд үзүүлэхэд “доод эд анги болон сэвчээ зэрэг зүйлс нь нилээн эвдрэл гарсан байна. Америк машинд муу сэлбэг хийсэн байна гэх тайлбар өгсөн. Дээрх асуудлаар Э.А-той уулзаж худалдах худалдан авах гэрээгээ цуцлахаар болж, авсан автомашиныг хүлээлгэн өгсөн. Э.А- нь энэ автомашиныг худалдаж борлуулсны дараагаар таны мөнгийг өгье гэж тайлбарлан, миний төлсөн автомашины үнэ 7.000.0000 төгрөгийг одоог хүртэл буцааж өгөөгүй байна. Би Э.А-той уулзаж мөнгөө авах гэж хот руу хүний машин түр авч 4-5 удаа явсан, машин засварт 400.000 төгрөг  нийт 1.000.000 гаруй төгрөгний зарлага гаргаж нийт 8.000.000 төгрөгөөр хохирч байна. Иймд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ 7.000.000 төгрөг, автомашины засвар болон гэрээ цуцалсантай холбоотой гарсан зардал 1.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг Э.А-оос гаргуулан өгч миний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч А- нь биет байдлын доголдолтой  тээврийн хэрэгсэл зарсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг А-ид буцааж өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг анх худалдаж авахдаа 7 сая төгрөг өгсөн. Мөн дээр нь нэмээд 400.000 төгрөгийн сэлбэг худалдаж авсан, А-той уулзах гэж хот руу 4, 5 удаа ажлаасаа чөлөө авч явсан.  Уурхайн 4-5 хоногийн цалин  болон  замын зардал нийлээд 600.000 төгрөг болсон. Иймд хохирол  нийт  1.000.000 төгрөг, машин худалдаж авсан 7.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч Э.А- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Машиныг 2018 оны 10 дугаар сард  худалдах худалдан авах гэрээ байгуулж М-ад зарсан. 2018 оны 11 дүгээр сарын      29-ний өдөр худалдаж авснаас 1 сарын дараа машинаа эвдэлчихлээ гээд надад авчирч өгсөн. Машины гадаад эд анги эвдэрчихлээ янзлаад өгөөч гэхээр нь би хотод хүрээд ир гэсэн. Ирэхээр нь машиныг үзтэл 400.000 төгрөгийн сэлбэг хэрэг болсон. Ингээд сэлбэгийг нь Хятад улсруу 400.000 төгрөгөөр захиж авчруулаад машиныг нь янзалж өгсөн. Тэгтэл дараа нь миний машиныг  зараад өгчих гэсэн. Гурван удаа над дээр ирэхэд нь би дандаа хүлээж авдаг байсан. Хэдий тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч авсныхаа маргааш нь биш унаж хэрэглэж явсаар байгаад 1 сарын дараа эвдэлчихээд авчирч өгсөн. Өвөл гадаа машиныг олон хоног байлгасанаас эвдрэл үүссэн байсан. М-а машинаа авчирч өгөхдөө буцаая гэж хэлээгүй, миний машин эвдэрчихлээ янзлаад өгөөч гэж хэлсэн.  Би машиныг чинь зараад өгье, өөрөө хүрээд ирээч гэж 2, 3 удаа ярьсан боловч ажилтай байна гээд ирэхгүй байсан. Би мөнгийг нь гаргаад өгөх боломж байна. Өөр хүнээс машин худалдаж авсан болохоор нэрийг нь шилжүүлэхэд нөгөө хүнийг олох гээд нэг, хоёр хоногийн наана цаана байгааг нэхэмжлэгч тал ойлгохгүй байна. Машин одоо миний гражид байгаа 7.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг дансаар, 3.000.000  төгрөгийг бэлнээр авсан.  Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.М-а нь хариуцагч Э.А-ид холбогдуулан эд хөрөнгийн доголдлын улмаас худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж барааны үнэ 7.000.0000 төгрөг учирсан хохирол 1.000.000 төгрөг  нийт 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Хариуцагч Э.А- нь “би доголдолтой машин зараагүй, нэхэмжлэгч Э.А- өөрөө худалдаж авсан машинаа 1 сарын дараа эвдлээд буцаагаад авчирч өгөхдөө өөр хүнд зараад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Би тухайн машиныг зарж өгөх гэж удаа дараа оролдсон боловч өөрөө ирээгүй. Иймд шүүх үнэн зөвийг олж өгнө үү” гэсэн тайлбарыг өгч байна. 

    Шүүх  хариуцагчаас 7.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.       

   Зохигчдын хооронд “Chevrolet Trail Blazer” маркийн УНУ 3001 улсын дугаартай машиныг 7.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ  2018 оны 10 дугаар сарын 27-ны байгуулагдсан болох нь  зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд  нийцсэн, талуудын хүсэл зориг тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч тал 4.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 3.000.000 төгрөгийг бэлнээр өгчээ. Талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж  худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1  дэх хэсэгт “ гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд  хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй” гэнэ,  251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “ худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй”,  256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт”  эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь худалдан авсан машиныг биет байдлын доголдлын улмаас хариуцагчид буцаан өгсөн бөгөөд  хариуцагч түүнийг хүлээж авч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байгаа  талууд тайлбараа өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор хариуцагч  тал  өөрийн татгалзлаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагчийн эд хөрөнгийн доголдолтой машин зараагүй, тухайн машиныг зараад өгөөч гэж надад  үлдээсэн гэх тайлбар нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хариуцагч нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч нь машиныг хүлээж авч өөрийн эзэмшилд байлгаж байгаа болон шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш удаа дараа шүүгчийн туслах холбогдоход мөнгийг нь буцаан шилжүүлж эвлэрэх талаар ярилцсан байдал, хариуцагчийн татгалзал  нотлогдохгүй байгаа байдал зэргийг харгалзан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй ч энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй, 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.    

Нэхэмжлэлийн шаардлагыг 7.000.000 төгрөгний хэмжээнд хангах үндэслэл нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбарыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан шийдвэрлэсэн болно.

   Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 143.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 7.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт тусгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар А-овогт Э-ы А-оос 7.000.000 төгрөг гаргуулж Х овогт М-гийн М-ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 143.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 126.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ТУЯА