Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр илүүлсэн Ители овогт Жувайханы Ергенбек, Молкы овогт Амантайгийн Серегжан нарт холбогдох эрүүгийн 2207000000222 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Өлгийн 8 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

Молкы овогт Амантайгийн Серегжан /РД: УД92102034/,

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эм Эн Ий” ХХК”-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 13 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

            Ители овогт Жувайханы Ергенбек /РД: УР71091514/.

           

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Серегжан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 02 тоот хашааны гадна талд Ж.Ергенбектэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нүүр хэсэгт гараараа цохиж биед нь духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Ергенбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 02 тоот хашааны гадна талд А.Серегжантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нүүр нь хэсэгт гараараа цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Серегжан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Ж.Ергенбек шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч А.Серегжаны мэдүүлэг, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 10 дахь тал),
  2. Хохирогч Ж.Ергенбекийн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
  3. Гэрч Ж.Аскарбек,  Х.Мария, Д.Тилеухан нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 18, 20 дахь тал),
  4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №08/шэ/434, №08/шэ/435 дугаар дүгнэлтүүд (хавтаст хэргийн 22-23, 28-29 дэх тал),
  5. Шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
  6. Шүүгдэгч Ж.Ергенбекийн ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 52-53 дэх тал),
  7. Шүүгдэгч А.Серегжаны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал),
  8. Шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарын Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

  1. Шүүгдэгч А.Серегжан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 02 тоот хашааны гадна талд Ж.Ергенбектэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нүүр  хэсэгт гараараа цохиж биед нь духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Ж.Ергенбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ найз Д.Тилеуханы хамт 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 8 ширхгийг хувааж ууж дуусгаад 15 цаг өнгөрөөд найз Д.Тилеуханыг гэр лүү нь хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд бид хоёр Д.Тилеуханы гэрийн өнцөгт зогсож байх үед Д.Тилеуханы эгч нь гарч ирээд нялх хүүхдээ Д.Тилеуханд өгөөд гадаа салхилуулж бай гэж хэлээд буцаад гэр лүүгээ орсон. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байх үед дээрээс үл таних нэг залуу нэлээн согтолттой гуйваад бид хоёр дээр хүрч ирсэн. Тэгээд шууд бид хоёр луу та хоёр яагаад инээгээд хүн доромжлоод байгаа юм гэж хэлээд шууд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь хувцас тавь гээд маргалдаад бид хоёр ноцолдоод газар унаад нэлээд ноцолдсон. Тэгээд тухайн үед нөгөө залуу миний толгой руу цохиод авахаар нь би буцаагаад цохисон. Тэгээд би шууд зугтаад гэр лүүгээ явж байх үед нөгөө залуу араас гүйгээд ирсэн. ...Манай эхнэр гаднаас орж ирээд...асуухаар нь болсон явдлын талаар хэлсэн. Манай эхнэр тухайн залуутай уулзах гээд гарсан ... манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь тэсгэл алдаад 1-ээс 2 удаа цохисон. Гэхдээ би хаашаа нь яаж цохисон талаар бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
  • Гэрч Х.Мариягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрөөд ажлаа тараад Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 13-08 тоотод гэртээ ирэх үед гэрийн гадаа үл таних залуу хаалга балбаад өшиглөөд орилоод зогсоод байсан. Тэгэхээр нь би гайхаад гэр лүү яваад ортол манай нөхрийн толгой хэсэг нь хагарчихсан, цус гоожчихсон хувцас нь урагдаад шороотой хутгалдчихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар нөхөр Ж.Ергенбекээс асуухад энэ залуу зүгээр хүрч ирээд хэрүүл маргаан хийгээд би зүгээр зүс таних залуу байгаа юм, энэ залуу намайг цохиод авахаар нь би буцаагаад цохисон юм тэгсэн одоо гэрийн гадаа ирээд орилоод байна гэж хэлсэн. ...Ж.Ергенбекийн хувцас нь шороотой холилдсон толгой нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
  • Гэрч Д.Тилеуханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ж.Ергенбек ахын гэрт хамт ууж байгаад Ж.Ергенбек ах намайг хүргэж өгөөд бид хоёр манай гэр болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо, 03-02 тоотын гадаа Ж.Ергенбек ах бид хоёр зогсож байх үед манай эгч гарч ирээд өөрийн хүүхдээ надад өгсөн, тэгээд би хүүхэд тэврээд зогсож байх үед дээрээс зүс таних залуу нэлээн согтолттой хүрч ирээд Ж.Ергенбек ахтай муудалцаад муу хөгшин банди гээд маргалдаад тэр хоёр ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд айчих байх гэж бодоод шууд буцаад орчихсон юм. Тэгээд нэлээн байж байгаад Ж.Ергенбек ахтай уулзаж юу болсон талаар асуух гээд гэрт нь яваад очтол тухайн залуу Ж.Ергенбек  ахын гэрт орилчихсон амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би очиж уулзалгүй яваад өгсөн юм. ...би зүгээр зууралдаад ноцолдоод эхлэхээр нь гэр рүүгээ орчихсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
  • Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/шэ/435 дугаар “Ж.Ергенбекийн биед духанд шарх, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгч Ж.Ергенбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 02 тоот хашааны гадна талд А.Серегжантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нүүр нь хэсэгт гараараа цохиж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч А.Серегжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ж.Аскарбек болон хорооны хэдэн найзуудын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хорооны голд байрладаг худаг дээр 0.5 литрийн хэмжээтэй Эдэн гэх нэртэй архи 2 шил, 2.5 литрийн хэмжээтэй пиво 4 ширхгийг ууж сууж байгаад 15 цагийн үед дуусгаад би гэр лүүгээ харих гээд явж байх үед Ж.Ергенбек ах орилоод дуудсан. Тэгэхээр би явж очоод яасан талаар асуугаад бага зэрэг маргалдаад бид хоёр зууралдаад авсан. Тэгсэн Ж.Ергенбек ах бид хоёр ноцолдож байгаад бид хоёр газар унасан. Тэгсэн миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгэх үед би манараад хэвтэж байгаад босоод хартал Ж.Ергенбек ах намайг үлдээгээд дээшээ зугтаж байсан. Тэгэхээр нь би ардаас нь гүйж очоод барьж аваад гэр лүү нь хамт явсан. Тэгсэн Ж.Ергенбек ах намайг үлдээгээд гэр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь би хашааны гадаа нь орилоод байсан чинь Ж.Ергенбек гарч ирээд намайг цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр хэсэг зууралдаж байгаад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
  • Гэрч Ж.Аскарбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төмрийн үйлдвэр дээр очиж хүнээс юм авах гээд ажил дээрээ очоод найзууд болон А.Серегжантай уулзаад Налайх дүүргийн 4 дүгээр хороо 7 дугаар гудамжны худаг дээр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 3 ширхгийг уугаад 15 цагийн үед манай хоёр найз намайг хүргэж өгөх гээд, харин А.Серегжан болохоор гэртээ харих гээд ганцаараа салаад явсан. Тэгээд би гэртээ хариад амраад маргааш нь манай эгч надад Ж.Ергенбек ах чинь А.Серегжантай зодолдсон гэж хэлсэн, тэгэхээр нь би шууд А.Серегжан руу залгаад юу болсон талаар асуухад үүдэн шүдээ цохиулаад унагаачихлаа гэж надтай ярьсан. Тэрнээс хойш А.Серегжантай холбоо бариагүй. ...А.Серегжан бол ямар ч байсан тухайн үед надаас салахдаа бол шүдтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
  • Гэрч Х.Мариягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрөөд ажлаа тараад Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 13-08 тоотод гэртээ ирэх үед гэрийн гадаа үл таних залуу хаалга балбаад өшиглөөд орилоод зогсоод байсан. ...Тэгэхээр нь би гараад тухайн хүүхэдтэй уулзсан чинь над руу үгийн зөрүүгүй над руу хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод дайраад байсан. Тэгсэн манай нөхөр гарч ирээд би хэлж үзээгүй үгийг чи хэлдэг нь хэн юм гээд тухайн хүүхдийг 1-ээс 2 удаа цохиод авсан. ...Ж.Ергенбекийн хувцас нь шороотой холилдсон толгой нь хагарчихсан байсан. Харин А.Серегжаны биед бол ямар нэг гэмтэл харагдахгүй байсан. Хамар юм уу, ам хэсгээс нь бага хэмжээний цус гарчихсан байх шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
  • Гэрч Д.Тилеуханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... манай гэр болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо, 03-02 тоотын гадаа Ж.Ергенбек ах бид хоёр зогсож байх үед манай эгч гарч ирээд өөрийн хүүхдээ надад өгсөн. Тэгээд би хүүхэд тэврээд зогсож байх үед дээрээс зүс таних залуу нэлээн согтолттой хүрч ирээд Ж.Ергенбек ахтай муудалцаад муу хөгшин банди гээд маргалдаад тэр хоёр ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд айчих байх гэж бодоод шууд буцаад орчихсон юм. Тэгээд нэлээн байж байгаад Ж.Ергенбек ахтай уулзаж юу болсон талаар асуух гээд гэрт нь яваад очтол тухайн залуу Ж.Ергенбек  ахын гэрт орилчихсон амнаас нь цус гарчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
  • Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/шэ/434 дүгээр “А.Серегжаны биед зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч А.Серегжан нь бага боловсролтой, шүүгдэгч Ж.Ергенбек нь бүрэн дунд боловсролтой, шүүгдэгч нар нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарын үйлдлийн улмаас харилцан нэгнийхээ биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах болон хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ергенбекийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.Серегжаныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Мөн гэмт хэргийн улмаас хохирогч А.Серегжаны биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Ж.Ергенбек ах намайг дагуулж яваад хиймэл шүд хийлгэж өгсөн, нөгөө шүд маань хөдлөхгүй зүгээр болсон, одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Ергенбекийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч Ж.Ергенбект эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч А.Серегжанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцсон ба шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгч нарт тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял тус тус оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Молкы овогт Амантайгийн Серегжан, Ители овогт Жувайханы Ергенбек нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сергежан, Ж.Ергенбек нарт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Серегжан, Ж.Ергенбек нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ