Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 78

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, М- овогт Б-гийн Э-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... дүүргийн .. дүгээр хороо, ....  дүгээр гудамжны .. тоотод оршин суух, У- овогт Б-ын М-т холбогдох гэм хорын хохирол 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Б.М- иргэдийн төлөөлөгч Ж.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  өгсөн  тайлбартаа: 2018.11.29-нд М- вип өрөөгөөр Вен улс руу 2 гадаад гүйлгээ хийлгэхээр ирсэн. “Western union” буюу гадаад гүйлгээг программ дээр эхлээд хүлээж авах хүнийх нь овог нэр, улс, хураамж, мөнгөн дүнг нь шивдэг. Шивсэний дараагаар 10 оронтой код ирнэ. Тухайн ирсэн 10 оронтой кодыг Хаан банкны программ дээр бичиж байж гүйлгээ хийгддэг юм. Эхний 1651 доллар шилжүүлэх гүйлгээ амжилттай хийгдсэн.  2 дахь гүйлгээний 1650 долларыг программ дээр шивээд 10 оронтой код ирсэн. Эхний гүйлгээ нь 4 сая гаруй төгрөг байсан. 2 дахь гүйлгээ нь лимит 5 сая төгрөгөөс хэтэрсэн тул гүйлгээ хийх боломжгүй болсон. Төв руу би лимит нэмэх боломж байгааг асуухад байхгүй гэсэн тул Б.М-оор буцаах хүсэлтэд гарын үсэг зуруулсан. Энэ гүйлгээ хийгдээгүй шүү, чиний данснаас гараагүй шүү гэсэн чинь найзынхаа данснаас гүйлгээ хийчихье гэж хэлсэн. Тэгээд Э.Учралбаяр найзынхаа данс руу 1650 доллараа шилжүүлээд найз нь өөрийнхөө данснаас гурав дахь гүйлгээг хийсэн. Б.М- мөнгө нь данснаас татагдаагүй байхад 2 дахь гүйлгээний баримтыг аваад найздаа өгч, найз нь зургийг нь авч мөнгө хүлээн авагчид явуулсан байсан. Энэ үйл явдлыг хэрэг явдал болсны дараа бичлэгээс харсан. Тэгээд нөгөө 10 оронтой тоог гадаадын иргэн нь хүлээгээд авчихсан. Тэр үед Б.М-ыг зургийг нь аваад явуулчихсаныг би мэдээгүй.  Маргааш өдөр нь төлбөр тооцооны төвөөс над руу мөнгө нь буцаагдаагүй байхад мөнгө хүлээн авагч нь 10 оронтой кодоо аваад мөнгөө авчихсан байна гэсэн. Яг энэ үед Б.М- дахин гүйлгээ хийх гээд банкинд ирчихсэн байсан. Тэгээд би кодоо явуулж болохгүй шүү гэж байхад явуулчихсан юм уу? гэхэд явуулсан билүү? яалаа, явуулаагүй дээ гээд мэдэн будилсан. Энэ нь тухайн үеийн бичлэгт үлдсэн байсан. Мөн энэ үйл явдал болох үед байсан Оюунчимэг гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. Тэгсэн одоо болохоор би чамд кодыг явуулсан гэж тухайн үед хэлсэн гээд байгаа юм. Надад тэгж хэлээгүй. Би явуулсан гэдгийг нь мэдээгүй. Хэлсэн байтлаа маргааш нь намайг асуухаар явуулсан билүү?,  яалаа? явуулаагүй дээ гэж эргэлзэхгүй шүү дээ. Ингээд 1650 долларын авлага буюу улайлт үүсчихсэн. Орой нь би залгахад М- утсаа аваагүй, дараа дахиад залгаад ярихад маргааш би нөгөө хүндээ хэдэн доллар шилжүүлээд эргээд мөнгөө авахаараа төлье гэж хэлсэн. Тэгээд дахиж утсаа аваагүй. 12 дугаар сарын 31-ний өдөр буюу сарын сүүл болоод гадаад төлбөр тооцоонд улайлт үүсээд би өөрийнхөө мөнгөөр төлбөрийг төлсөн. Үүнээс  Б.М- зарим төлбөрийг төлж  одоо 1.900.000 төгрөг үлдсэн байгаа. Иймд уг мөнгийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд  өгсөн  тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим хамт ажилладаг Учралбаяр найзтайгаа гүйлгээ хийхээр Хаан банкинд очсон. Эхний гүйлгээг хийгээд би зургийг нь дараад явуулсан. 2 дахь гүйлгээний 10 оронтой кодыг цаасаар хэвлээд өгсөн. Би баримтыг аваад  хамт явсан найздаа өгсөн, найз маань утсыг минь аваад цаана сууж байгаад гадаадын иргэн рүү зургийг нь дараад  явуулчихсан. Тэгээд Э- зургийг нь явуулсан уу? гэж асуухаар нь явуулсан гэсэн чинь за байж байгаарай гээд бичгийн цаасан дээр юм бичээд надаар гарын үсэг зуруулсан. Өөрөө төвөөс буцаагдчихна гэхээр нь Учралбаярын данс руу  4 сая гаруй төгрөг шилжүүлээд явуулсан. 2 дахь өдөр нь 14 цаг өнгөрөөгөөд банкан дээр очиход Э- төв салбараас нь ярилаа, чи өчигдрийн кодыг явуулсан уу гэхээр нь явуулсан үгүйгээ мэдэхгүй байна гэхэд Учралбаяр явуулсан гэж хэлсэн. Би шүүхээр үнэн зөвөө тогтоолгоё гэж бодсон юм. Нөгөө хүн маань 3 удаа мөнгө хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн. Мөнгөний боломж муутай болохоор төлж чадахгүй байна. Ийм л үйл явдал болсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.М-т холбогдуулан гэм хорын хохирол 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь  шүүх хуралдаанд хэний  зөв бурууг мэдэхгүй байгаа учраас   шүүхээр үнэн зөвийг  тогтоолгох хүсэлтэй гэсэн тайлбарыг өгөв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч Б.М- 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны вип өрөөгөөр Вен улс руу “Western union” буюу гадаад гүйлгээгээр 2 дахь 1650 долларын гүйлгээг хийлгэж байх үед тухайн үеийн валютын лимитийн ханш 5.000.000 төгрөг болсон үндэслэлээр гүйлгээ буцаагдсан бөгөөд улмаар тухайн баримтны 10 оронтой кодыг  теллерт мэдэгдэлгүйгээр гадаад харилцагч руу илгээснээр ХААН банкинд 4.342.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гүйлгээний баримтууд, гүйлгээний буцаалт хийлгэх тухай хариуцагчийн хүсэлт, ХААН  банкны валют арилжааны “ дотоодын валютын захын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй нөхцөл байдлаас шалтгаалан валют арилжааны лимитийг 2018.11.29-ний өдрийн 12 цаг 15 минутаас 15 сая төгрөгнөөс 5 сая төгрөг болгон бууруулсан” тухай зааварчилгаа, гэрч Б.Оюунчимэгийн шүүхэд өгсөн “Энэ үйл явдал болсны маргааш хариуцагч М- нэг залуутай явж байсан.  Би хажууд нь гүйлгээ хийлгэх гээд дугаар хүлээгээд сууж  байсан. Та өчигдрийн гүйлгээний кодоо мөнгө нь шилжээгүй байхад явуулчихсан юм уу гэж теллер Э-ийг асуухад хариуд нь  “явуулсан билүү яалаа, үгүй дээ, за ямар ч байсан учрыг нь олчихоод ирье”  гэж хэлээд гараад явсан. Би тэгээд дараа нь очоод теллерийн өмнө суусан юм” гэх мэдүүлэг,  гэрч Ж.Анхтулгын шүүхэд өгсөн” Миний бие энэ асуултанд мэргэжлийн хувьд  хариуцлагатай тайлбарлая гэж бодож байна. Энэ гадаад гүйлгээ бол ХААН банкны санхүүгийн программаас тусдаа программ дээр хийгддэг гүйлгээ байгаа юм. Өөрөөр хэлбэл ХААН банкны программ ашиглагддаггүй гэсэн үг. Энэ программыг ашиглаж долларын гуйвуулгыг олон улсад хийдэг. Гуйвуулга хийсний дараа программаас 10 оронтой код өгөгддөг. Мөн кодтой баримт хэвлэгддэг. Ингээд харилцагч буюу гуйвуулагчаар гарын үсэг зуруулж авдаг. Дараа нь банкны ажилтан тамга дарж баталгаажуулаад тухайн долларын  монгол төгрөгийг тухайн гуйвуулга хийсэн хийсэн хүний ХААН банкны данснаас төгрөгөөр гаргаж авдаг. Ийм дараалалтай явагддаг. 2018 оны 11 дүгээр сард долларын ханшны хэлбэлзлээс болоод ХААН банк өдөрт 1 харилцагчид арилжих долларын хэмжээг 5 сая төгрөгөөр хязгаарласан байсан. Харилцагч М- нь тухайн өдөр 2 удаагийн гадаад гуйвуулга хийлгэх гэж банкин дээр ирсэн байсан. Эхний гүйлгээ 1651 долларыг гадаад гүйлгээгээр явуулсан. Дээрх тайлбарласан шиг гүйлгээ яг процессийн дагуу зөв явагдсан. 2 дахь удаагийн гүйлгээн дээр 1650 доллар дахиж гуйвуулах хүсэлт гаргасан. Энэ гүйлгээг гадаад гүйлгээний программ дээр хийгээд хэвлэгдэж гарсан 10 оронтой кодтой баримтыг харилцагчаар гарын үсэг зуруулах гээд банкны ажилтан өгтөл тухайн  баримтыг  харилцагч Б.М- нь  найздаа өгч гар утсаараа зургийг дарж өөр хүн рүү явуулж байсан.  Энэ гүйлгээг хийх үед би  дэргэд нь байгаагүй. Гэхдээ  санхүүгийн гүйлгээ хийж байгаа ажилтан болгоныг хянах зориулалттай камер банкинд  байдаг. Тэр камерийн бичлэг 60 хоног банкинд хадгалагддаг. Энэ бичлэгийг би үзсэн хүний хувьд ингэж мэдүүлж байгаа юмаа. Б.Э- нь гадаад гүйлгээний баримтыг  харилцагчид өгөөд гарын үсэг зуруулаад буцааж өгөх процессийг хянах ёстой байсан. Энүүгээрээ байгууллагын өмнө ажилтны алдаа болохоос биш хариуцагчийн өмнө буруугүй. Дотоод журмын дагуу энэ буруутай үйлдлийн улмаас өөрөө байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Одоо байгууллагад ямар нэг өргүй” гэх мэдүүлэг, гэрч Э.Учралбаярын шүүхэд өгсөн 2 дахь гүйлгээний баримтыг М- надад өгөхөд нь би М-ын утсаар зургийг нь дараад гадаад улс руу чатаар явуулсан юм. Зургийг нь явуул гэж гадаадаас  М-ыг  шаардаад М- намайг зургийг нь дараад явуул гэхээр нь би явуулсан.   Зургийг явуулсны дараа Э- ямар нэг юм хэлснийг сонсоогүй, харин  Б.М- надаас зургийг дарж явуулсан уу гэж асуухад би явуулсан  гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

            Хариуцагчийн “тухайн үед теллер Б.Э- зургийг нь явуулсан уу гэж надаас асуусан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан” гэсэн тайлбар гэрч Э.Учралбаярын мэдүүлэг болон маргааш өглөө нь Б.Э- хариуцагчаас энэ талаар асуухад эргэлзэж хариулж байгаа байдал, түүнийг нотолсон гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг болон камерийн бичлэгээр няцаагдаж байна.

            Тухайн буцаалт хийлгэсэн 1650 долларыг Вен улсын харилцагч хүлээж авсан талаар маргаагүй байна.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт” Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

            Хариуцагч Б.М- нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас мөнгөн шилжүүлгийн 10 оронтой кодыг гадаад улс руу явуулснаар буцаагдсан 1650 долларыг тухайн харилцагч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байх тул болгоомжгүй  үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Уг үйлдлийн улмаас ХААН банкинд  1650  долларын буюу тухайн үеийн ханшаар 4.342.800 төгрөгний хохиролд учир, үүнийг нэхэмжлэгч өөрөө 2018.11.30-ны өдөр  бүрэн төлж барагдуулсан,  хариуцагч нь энэ төлбөрөөс 2018.12.07-нд  1.025.000 төгрөг, 2018.12.11-нд 1.145.000 төгрөг, 2018.12.21-нд  105.000 төгрөг, 2018.12.21-нд 167.800 нийт 2.442.800 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгч Б.Э-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Багануур салбарын 2019.02.26-ны өдрийн 5750/02/29 тоот албан бичгээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн бөгөөд хариуцагч Б.М-ийн үйлдэлд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй  байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд  зааснаар  гэм хорын хохирол үлдэгдэл 1.900.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

           Нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь ХААН банкыг төлөөлж бус иргэн Б.Э-ийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгт авагдсан ХААН банкны хуулбар үнэн дардастай баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

          

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрчийг асуух болон үзлэг хийх ажиллагаа  талуудыг байлцуулан хуулийн дагуу явагдсан байх тул  эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь :

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510 дахь хэсгүүдэд тус тус зааснаар У- овогт Б-ын М-оос  гэм хорын хохиролд 1.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- овогт Б-гийн Э-т олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     П.ЦЭЦЭГДУЛАМ.

 ШҮҮГЧИД                                     П.ТУЯА

                                                       Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ