| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2018/00348/и |
| Дугаар | 452 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * тоотод оршин суудаг И овогт О.О /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 15,628,320 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01220 дугаар тогтоол зэрэг 3 шатны шүүхээр миний нэхэмжлэлийг хангаж, ажилд эргүүлэн тогтоосон. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн томилсон болно. Миний ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 21 сар, 19 өдөр буюу 395 хоногийн цалин, хөлс нийт 18,011,210 төгрөгөөс анхан шатны шүүхийн шийдвэрээр 2,382,890 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний дансанд хийсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,628,320 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01220 дугаартай тогтоолоор О.О Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,382,890 төгрөгийг гаргуулж олгох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар О.О ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,382,89 төгрөгийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “....эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Иймд О.О нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 15,628,320 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2017/00109 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж залдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаар магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.О Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин 2 382 890 төгрөгийг гаргуулж О.О олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3 440 624 төгрөг гаргуулах шаардлагаас 1 057 734 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-10-20 дугаар тал/
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ТХ2017/01220 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-21-23 дугаар тал/
Шүүх ажилтанг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.
Ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д журамласан бөгөөд шүүхэд хандах 3 сарын хугацааг шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилсон 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс тоолох тул хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-2 дугаар тал/
О.О өмнө нь ажиллаж байхдаа авсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж залдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202/МА2017/00016 дугаартай магадлалаар 729 833 төгрөг,1 хоногийн хөдөлмөрийн хөлс 33 945 төгрөг гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлохгүй болно. /хх-18 дугаар тал/
2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 356 хоног ажилгүй байсан хугацаагаар тооцоход /356х33 945/ 12 084 420 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 543 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дорноговь аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 12 084 420 төгрөгийг гаргуулан О.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 543 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.О нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 208 301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА