Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

  2022            11           22                                    2022/ШЦТ/381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Х

    Улсын яллагч Л.Э

    Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т 

    Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2225004970378 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын А-1001 дугаартай авто зам дээр **** УБИ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Х-ны эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э-ны хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э  мэдүүлэхдээ: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний гар утас урд байсан боловч хэзээ хажуу талдаа тавьсаныг мэдээгүй. Гэнэт хажуу талд утас дугарахаар нь салгаад харахад жолоочийн эсрэг талын дугуй цагаан зураас даваад эсрэг урсгал руу орчихсон байсан. Хойд талаас Б ахаа өөдөөс чинь машин гэхэд цагаан өнгийн приус 30 маркийн машин өөдөөс ирж байсан. Буцаад өөрийнхөө урсгал руу дараад ороход хар зам дээр машин маань унчих гээд байхаар нь замын налуу хэсэг байхаар нь тийшээ хүчээр дараад орсон” гэв.

Хохирогч Д.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гарах хохирлоо гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 12-18 дахь тал/,

2. Хохирогч Д.Х-ны “чулуу мөргөх шиг болоод би машины тааз хэсгийг мөргөөд та чинь яаж байна гэж хэлээд удалгүй миний бие 2 хуваагдчихсан юм шиг маш хүчтэй өвдөж эхэлсэн. Машин осол хийхдээ миний сууж байсан тал буюу зүүн урд хэсгээр мөргөсөн түүнээс үүдэлтэй гэмтэл үүссэн. Эмчилгээнд Ж.Э  2 000 000 төгрөг өгсөн байгаа. Би байнгын нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр болсон тул цаашид гарах зардлыг хэлж мэдэхгүй байх тул 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25, 28-29 дэх тал/

3. Гэрч Г.Б гийн “Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орж ирж байх үед жолоочийн утас дуугарсан тэр үед жолооч утсаа харах үед машин нь эсрэг урсгал руу орсон. Тэгэхээр нь би ахаа өөдөөс машин ирж байна гэсэн. Тэр үед жолооч жолооны хүрдээ буцаагаад баруун тал руу дарсан. Тэгээд замын хажуу руу гараад явсан. Би хоёр хүүгээ хоёр талдаа суулгасан байсан болохоор чанга тэврээд суусан тэгээд зогссон. Бид гурав хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Жолооч ахаас хамгаалах бүс байгаа юу гэхэд хойд талын бүснүүд хоёулаа эвдэрсэн гэж байсан. Жолооч шороон замаар явж байгаад засмал зам руу ороод хурдтай явж байсан. Тэгэхээр нь та жоохон тайван яваарай хүүхдүүд байгаа шүү гэсэн тэр үед ах нь яарч байна гээд хурдтай явж байсан. Ирж явах замд тогтмол 100 км цагийн хуртай явж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 85-86 дахь тал/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №10967 дугаартай “ Д.Х-ны биед сээрний 12 нугалмын хугарал гэмтэл, хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 104-105 дахь тал/

5. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, хавсаргасан баримтууд /хавтаст хэргийн 111-119 дэх тал/,

6. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Ж.Э  нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7д, 11.3, 11.7, 12.1, 12.3, 12.4, 12.6 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна“ гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 134-137-р тал/

7. Ж.Э-ны “Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 08 цагийн үед фейсбүүк цахим сүлжээнд Эрдэнэт хот руу явах унаа байна уу гээд ****** гэсэн дугаараа бичсэн байхаар нь тус дугаар луу залгаж Улаанбаатар хотын Яармагаас очиж авахад нэг гэр бүлийн 2 эмэгтэй, 2 хүүхэд байсан. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн Тоёота приус 30 маркийн **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тус 2 эмэгтэй, 2 хүүхдийн хамтаар Эрдэнэт хот руу гарч өдрийн 15 цаг 30 минутын үед Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрт орж ирэн тус сумын Цагдаагийн постны зүүн талд асфальтан зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 80-90 км цагийн хурдтай явж байхад тээврийн хэрэгслийн голын ундаа хийдэг хайрганд байсан миний гар утас дуугарахаар нь гар утсаа салгахад Г.Б  ахаа өөдөөс машин ирж байна гэж хэлэхэд зүүн талын дугуй цагаан зураас давж эсрэг урсгал руу орсон байсан бөгөөд би өөрийн явж байсан урсгал руу эргэж ороход тээврийн хэрэгсэл жолоодлого алдагдан дальбалзаад зогсохгүй байхаар нь уначихвий дээ гэж бодоод замын хажуу талыг харж байгаад гаагүй налуу хэсгээр нь бууж тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд би Цагдаагийн байгууллага болон Эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Осол болох үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг урд талын суудал дээр Д.Хишигсайхан, ард талын суудлын зүүн талд Д.Х-ны охин болох Г.Б , Г.Б гийн баруун талд охин нь, охиных нь хажууд хүү нь тус тус сууж байсан, охин, хүү хоёр нь Япон нэртэй байсан болохоор мэдэхгүй байна. Ослын дараа хүү охин, Г.Б  3 биед нь гэмтэл учирсан гэж ямар нэгэн зүйл яриагүй, харин Д.Х нуруу, нуруу гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143-р тал/

8. Ж.Э-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 154 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Э  нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр **** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Хишигсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Тиймээс шүүгдэгч Ж.Э-ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хавтаст хэрэгт 2 000 000 төгрөг төлөгдсөн талаар баримт авагдсан. Шүүгдэгч шүүх хуралдаан дээр 2 072 000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байна. Цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтыг хохирогч шүүхэд ирүүлээгүй тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч 2 072 000 төгрөгийг төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Ж.Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс Ж.Э-ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч Д.Х-ны чулуу мөргөх шиг болоод би машины тааз хэсгийг мөргөөд та чинь яаж байна гэж хэлээд удалгүй миний бие 2 хуваагдчихсан юм шиг маш хүчтэй өвдөж эхэлсэн. Машин осол хийхдээ миний сууж байсан тал буюу зүүн урд хэсгээр мөргөсөн түүнээс үүдэлтэй гэмтэл үүссэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Б гийн “...жолооч жолооны хүрдээ буцаагаад баруун тал руу дарсан тэгээд замын хажуу руу гараад явсан тэр үед би хоёр хүүгээ хоёр талдаа суулгасан байсан болохоор чанга тэврээд суусан тэгээд зогссон” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №10967 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, хавсаргасан баримтууд, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, Ж.Э-ны “зүүн талын дугуй цагаан зураас давж эсрэг урсгал руу орсон байсан бөгөөд би өөрийн явж байсан урсгал руу эргэж ороход тээврийн хэрэгсэл жолоодлого алдагдан дальбалзаад зогсохгүй байхаар нь уначихвий дээ гэж бодоод замын хажуу талыг харж байгаад гаагүй налуу хэсгээр нь бууж тээврийн хэрэгслийг зогсоосон. Д.Х нуруу, нуруу гээд байсан” гэх мэдүүлэг, Ж.Э-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э  нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын А-1001 дугаартай авто зам дээр **** УБИ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7д, 11.3, 11.7, 12.1, 12.3, 12.4, 12.6 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Х-ны эрүүл мэндэд нь сээрний 12 нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Э  нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э-ны яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Э-ны үйлдлийн улмаас Д.Х-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 2 072 000 төгрөг төлсөн байна. Хохирогч Д.Х нь цаашид гарах эмчилгээний зардал болох 10 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ны 6 /зургаа/ сарын хугацаагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А