Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

хэлмэрч М.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баттулгын Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 2207001820145 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Цогт-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 23А гудамж, 619 тоотод оршин суух,

   урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 194 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 cap 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан,

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 1 cap 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 cap 16 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 1 жил 5 cap 1 хоногийн хугацаагаар тогтоосон, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 cap 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан,

  Боржигон овогт Баттулгын Тэмүүлэн /РД: КМ00232618/.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Тэрэлж” гэх амралтын газрын 8 дугаартай гэрийн зүүн талд байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай хаалга, үүдээр тусгайлан хамгаалсан монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Сүх-Эрдэнийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн, мөн 6 дугаартай монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч М.Оюунтүлхүүрийн “Ми 8 Лайт” загварын гар утас, кейс, повер банк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 429.880 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Тэмүүлэнг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч М.Оюунтүлхүүрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
  2. Хохирогч С.Сүх-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
  3. Гэрч Н.Баттулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)
  4. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №НД-22-82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-33 дахь тал),
  5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),
  6. Дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 14, 18 дахь тал) зэрэг болно.

           

Харин шүүгдэгч Б.Тэмүүлэн, түүний өмгөөлөгч нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Тэрэлж” гэх амралтын газрын 8 дугаартай гэрийн зүүн талд байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай хаалга, үүдээр тусгайлан хамгаалсан монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Сүх-Эрдэнийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн,

мөн 2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Тэрэлж” гэх амралтын газрын 6 дугаартай монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч М.Оюунтүлхүүрийн “Ми 8 Лайт” загварын гар утас, кейс, повер банк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 429.880 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

 

            - Хохирогч М.Оюунтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос найз нарын хамт 16 цагийн үед гараад Налайх дүүргийн Тэрэлжийн амралт болох “Мөнх Тэрэлж” гэх амралтын газар очиж гэр аваад найз нарын хамт амарсан. Тэгээд амралтын газар байж байгаад би шөнө 03 цагийн үед орондоо орсон. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд өөрийн гар утсаа хайхад алга байхаар нь найз нараасаа асуусан. Тэгэхэд бүгд мэдэхгүй гэсэн. Ингээд амралтын газрын эзэнтэй уулзаж өөрийн гар утсаа хулгайд алдсан талаараа  хэлээд тухайн амралтын газрын камерыг шүүхэд үүрийн 05 цаг 48 минутад манай гэрт хар хувцас өмссөн, урдуураа цагаан, ардуураа хар өнгийн малгайтай эрэгтэй бичигдсэн байсан. Миний гар утас Ми 8 Лайт гэх загварын гар утас бөгөөд 2021 онд 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан, гар утас цэнэглэдэг повер банкийг 65.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн унтаж байсан орны дэрэн доороо хийгээд дэрээ дэрлэж унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

            - Хохирогч С.Сүх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид айлын зуслангийн хашаа барих ажлаар, надтай нийлээд 8 хүн ирсэн. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажлаа дуусаад орой гэгээ тасарч байхад модон дунд байдаг амралтын гэрт очиж 22 цагийн үед утасны дуугаа тавиад унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд гар утсаа хайгаад хамт хоносон хүнээс асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь амралтын газрын хүнд хэлчихээд ажилдаа явсан юм. Ажил дээрээ байж байхад 6 дугаар хорооны цагдаа ирээд гар утсыг чинь хулгайлсан хүнийг олсон гэж хэлсэн. Би гэрийн хоймрын оронд унтаж байхдаа дэрнийхээ хажууд тавиад унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Гэрч Н.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Б.Тэмүүлэн ... 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хамт ажил хийсэн хүмүүстэйгээ цуг амрахаар Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байрлах “Мөнх Тэрэлж” гэх амралтын газар очихдоо тэнд амарч байсан хүмүүсийн гар утсыг нь хулгайлчихсан юм байна лээ. Би энэ талаар тэр өдрийн орой нь Цагдаагаас залгахад мэдсэн. ...Манай хүү Б.Тэмүүлэн нь 3 настай байхдаа мененгит гэдэг өвчин тусаад эмчлүүлж чадахгүй явсаар, хүндрүүлсний улмаас одоо сонсгол муутай, ээрч түгдэрч ярьдаг болчихсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь  тал),

  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №НД-22-82 дугаартай “Ми 8 Лайт загварын гар утас 400.000 төгрөг, гар утасны кейс 6.000 төгрөг, повер банк 23.880 төгрөг, Самсунг А51 загварын гар утас 400.000 төгрөг буюу нийт 829.880 /найман зуун хорин есөн мянга найман зуун ная/ төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
  • 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),
  • 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 14, 18 дахь тал),
  • Шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хөдөө ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирж ажлынхаа газрын хүмүүстэйгээ цуг амрах зорилгоор Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Мөнх Тэрэлж” амралтын газар ирсэн юм. Миний хувьд тэнд очоод хоол ундаа идчихээд амралтын байдалтай байсан. Тэгээд яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, хоолны дараа пиво уучихаад согтчихсон юм. Тэгээд амралтынхаа гэр лүү орох баахан гэрүүд дунд гэрээ олохгүй төөрчихсөн юм. Тэгээд өөр хүмүүсийн амарч байсан гэрлүү андуурч ороод ширээн дээр нэг гар утас байхаар нь найзруугаа ярих гээд тэр утсыг нь авчихсан юм. Дараа нь бас нэг гэрлүү андуурч ороод нэг цэнэглэгч, гар утас хоёрыг аваад гарсан. Ингээд нэг мэдсэн чинь миний халаасанд 2 ширхэг гар утас байхаар нь бусдыг гар утсыг хулгайлаад буруу зүйл хийчихлээ гэж айсандаа амралтын газраас холгүйхэн модны доор хийгээд нуучихсан. Тэгээд маргааш нь цагдаа нар ирээд хүмүүс гар утсаа хулгайд алдсан байна, харсан үзсэн зүйл бий юу гээд хайгаад яваад байхаар нь би тэр цагдаа нарт “би өчигдөр согтуудаа амралтын гэрүүд рүү ороод хүмүүсийн гар утсыг нь авчихсан юм” гэж хэлээд тэр авсан гар утаснуудаа нуусан газраа зааж өгч, цагдаа нар гар утаснуудыг гаргаж өгсөн юмгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай  хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Тэмүүлэн нь “Мөнх Тэрэлж” гэх амралтын газрын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай хаалга, үүдээр тусгайлан хамгаалсан монгол гэрлүү шөнийн цагаар, амрагчдыг унтаж амарч байхад нь хаалгыг нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, тус гэрүүдэд амарч байсан амрагчдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

            Шүүгдэгч нь 2 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.

 

            Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                                                                                                                                           

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч С.Сүх-Эрдэнийн хулгайд алдсан “Самсунг А51” загварын гар утсыг 400.000 төгрөгөөр, хохирогч М.Оюунтүлхүүрийн хулгайд алдсан “Ми 8 Лайт” загварын гар утас, гар утасны кейс, повер банк зэргийг нийт 429.880 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тус тус тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Тэмүүлэнгээс “хар өнгийн “Самсунг А51” загварын гар утас, хөх өнгийн “Ми 8 Лайт” загварын гар утас, цэнхэр өнгийн цэцэгтэй кейс, повер банк”-ыг хураан авч, хохирогч С.Сүх-Эрдэнэ, М.Оюунтүлхүүр нарт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 10-11 дэх тал/ тогтоогдож байх ба хохирогч нар нь “хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн, бүтэн хүлээж авсан учир гомдолгүй” гэх тайлбарыг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгчтэй ял тохиролцсон саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биед байдлаар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь прокурорын хяналтын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тэмүүлэнг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Б.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Баттулгын Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэнг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэнд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Тэмүүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг бичлэг бүхий 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ