Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/959

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч О.Нандинцэцэг ,

Шүүгдэгч Ц.Ч /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Чид холбогдох эрүүгийн 2211 00000 1843 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, Ц.Ч, 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, “Эко мүн” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 09 дүгээр 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын урд талын талбай дээрээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Теди төвийн ойролцоо тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа жолоо барьж байсан Д.Пгийн эрх, эрх чөлөөнд нь халдан зодож улмаар түүний биед зүүн дух, чамархай, шанаа, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ц.Чоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Чоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Драгон орж 100кг жимс аваад явж байсан ажил дээрээ аваачиж өгөх гэтэл авах хүн нь байхгүй байсан тэгээд багажиндаа хийсэн байсан тул тэрнийгээ хартал гоожсон байсан тэр нь аньс байх шиг байсан тэгээд би түүнд та наадахаа гэрт нь хүргээд өгөхгүй яасан юм бэ гэж хэлээд бид хоёр хүргэж өгөх гээд явж байсан тэр үедээ машин дотороо хоёулаа хэрүүл хийж байсан ажлаас болоод хэрүүл хийж байсан манай төрсөн эгч бид хоёрын захирал нь байсан бид хоёр зүгээр л ажлаасаа болоод хэрүүл хийж байгаад би түүнийг зодож байсан юм. Тэгээд үдээс хойш гэртээ ирээд нэг хашаандаа очиж байсан тэгээд бас л хэрүүл маргаан болоод ээж нь гомдол гаргаж өг гэж хэлээд байсан тэгж байгаад тэд нар энд ирээд гомдлоо гаргаж өгсөн байсан юм. Би тэр өдөр Д.П эгчийг хэрүүл хийгээд байхаар нь гараараа түүнийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж авсан тэр үедээ би өөрөө баруун гарынхаа ядам хуруундаа бөгжтэй байсан тэгээд бөгжтэй гараараа түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж авсан юм, бид хоёр машин дотороо сууж явж байнгаа адилхан зууралдаж зодолдож цохилцож явж байсан юм тэгэхдээ бас ганц нэг удаа бас цохилцож байсан байхаа ямар ч байсан хоёр биенийхээ үс гэзэгнээс зулгаалцаж байсан. Машинд нь суугаад Барилгачдын талбайн хажуугаас хөдөлж яваад Сансарын тунел ороод буцаад эргэж ирсэ. Тэр хооронд муудалцаж байсан. Ингээд би өөрийнхөө хамаатны эгч болох үеэл Д.Пг зодож гэмтээсэн байгаа энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаг ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,

Хохирогч Д.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 13:00 цагт Барилгачдын талбай дээрээс өөрийнхөө машинаараа зүүн тийшээ офицеруудын ордон орох гэж байсан тэгээд хажууд манай хамаатны үеэл дүү болох эмэгтэй Ц овогтой Ч гэгч нь суугаад явж байсан тэр үеэс хойш намайг зодоод байсан бүүр зүүн офицерын арын автобусны буудлаар эргэн ортол намайг зодож явсан тэгээд тэр газарт би хүний бараа бүтээгдэхүүн хүргэж өгөх гэж байсан түүнийгээ ажлаа хүртэл болиод буцаж явсан тэгээд Теди төвийн өөдөөс харсан Хишиг төв хүртэл ирэн иртлээ зодож байсан замдаа миний унаж байсан машиныг хэд хэдэн удаа буюу 3-4 удаа унтрааж байсан. Намайг аваар хийлгэнэ гэж хэлээд байсан ба жолооны хүрднээс татаж чангаагаад Барилгачдын талбайн урдах зам дээр урсгал сөрүүлсэн. Тэгээд болохгүй болохоор нь би түүнээс гуйж байсан гэртээ харимаар байна гээд гэртээ өдрийн 14:00 цаг өнгөрч байхад ирсэн тэгээд бид нар Баянхошуунд нэг хашаанд цугтаа амьдардаг болохоор манай гэрт ирээд манай хоёр охинд ээжийг чинь зодчихоод ирлээ гэж хэлээд томроод байсан. Тэгээд манай том охин 14 настай болохоороо учир ойлгоод цагдаад өгөөч гэж хэлсэн тэгээд би айгаад өгч чадахгүй байсан намайг ална гээд айлгаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Д.Пгийн биед зүүн дух, чамархай, шанаа, зөөлөн эдийн няфрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвари тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-16-17/, шүүгдэгч Ц.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Пд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Д.Птэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож, зүүн дух, чамархай, шанаа, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Чоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Чид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Чид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.П нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц. Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР