| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/00310/И |
| Дугаар | 678 |
| Огноо | 2019-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 678
2019 оны 03 сарын 20 өдөр Дугаар 181/ШШ2019/00678 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,
Орон сууцны дутуу талбайн үнэ 2,178,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хариуцагч компанийн барьсан “Цоглог хотхон”-ны барилгын В блокийн 203 дугаар байрны 14 давхарт байрлах 146 тоот 49,95 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 89,910,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Тэр өдрөө урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд түлхүүрээ авч, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Брайт пойнт” ХХК-аар талбайг хэмжүүлэхэд 48,74 м.кв гэж гарсан. Хэмжилтийн хариу бичгээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан. М.кв-ын хэмжээ гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу байгаа талаар хариуцагч компанид мэдэгдэхэд энэ асуудлыг даруй шийдэж өгнө гэсэн. Би төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоор зөрүүг хасаж тооцох байх гэж бодсон.
Гэрээгээр тохирсон дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-нд 39,000,000 төгрөг төлсөн. Графикийн дагуу би 2018 оны 10 дугаар сарын 06, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус 4,955,000 төгрөг төлөх ёстой байсан. Байрандаа орсноос хойш 2018 оны 10 дугаар сард хариуцагч компаниас нягтлан нь над руу холбогдож төлбөрөө төлөхийг шаардсан. Тэр үед нь би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гэрээнийхээ 1 хувийг авмаар байна, бас м.кв-ын зөрүүний асуудал болон орон сууцны доторх засварын жижиг асуудлуудыг шийдвэрлүүлмээр байгаагаа дахин хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа захирал байхгүй гээд батлуулж чадахгүй байсан гэсээр гэрээний 1 хувийг надад өгсөн бөгөөд нэг засварчин эмэгтэй орж ирээд тарган цавуугаар шалны хүрээг наагаад явснаас өөр ямар нэг арга хэмжээ аваагүй. Тийм болохоор нь би 10 дугаар сарын 06-нд төлөх ёстой төлбөрийг нь төлөлгүй өдийг хүргэсэн. Гэтэл намайг байрнаас гар гээд хөөсөн, м.кв-ын зөрүүг шийдвэрлэхгүй гэсэн. Би худалдаж авсан байрандаа амьдрах хүсэлтэй тул хариуцагч компаниас м.кв-ын зөрүү 2,178,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хэрэв миний байрны засварыг хийгээд өгвөл би үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ цуцлах шаардлага гаргаагүй. Харин биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн тул дутуу м.кв-ын зөрүүг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар шаардаж байна гэв.
Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.У нь хариуцагч “Б” ХХК-аас орон сууцны дутуу талбайн үнэ 2,178,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болох талаар хариуцагчид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “... “Б” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Цоглог хотхон-2” орон сууцны хорооллын В блокийн 203 дугаар барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Б” ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Цоглог хотхон-2” орон сууцны хорооллын В блокийн 203 дугаар байрны 14 давхрын 146 тоот 49,95 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр барьж 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, М.У нь орон сууцны үнэ 89,910,000 төгрөгийг 4 хувааж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4,955,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 4,955,000 төгрөг тус тус төлөх замаар барагдуулах үүргийг харилцан хүлээсэн байна.
Гэрээний зүйл болох орон сууц нь гэрээ байгуулагдах үед бий болсон хөрөнгө байсан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнэд 79,000,000 төгрөг төлсөн, хариуцагч орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Голомт банкны мемориалын GB35997, GB34417 тоот баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь 5,955,000 төгрөгийн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байдалдаа маргаагүй болно.
Ийнхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээ нэхэмжлэгч “эд хөрөнгийн биет байдлын доголдол арилгах үүргээ гүйцэтгээгүй тул төлбөрийн хугацааг хойшлуулсан” гэж тайлбарласан.
Хариуцагч нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой ямар нэг шаардлага, тайлбар гаргаагүй тул шүүх үүрэг гүйцэтгэхээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй, харин эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгнө.
М.Уын захиалгын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 203 дугаар байрны 146 тоот орон сууцны талбайг хэмжсэн “Брайт Пойнт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “орон сууцны талбайн хэмжилт”-ийн тайлан, түүний тэмдэглэлээр тухайн орон сууцны талбайн хэмжээ 48,74 м.кв гэж гарсан нь гэрээнд заасан хэмжээнээс 1,21 м.кв хэмжээгээр бага байна.
Барилгын зураг төслийн үйл ажиллагаа эрхлэх ЗТ16-556/16 тоот тусгай зөвшөөрөл бүхий “Брайт Пойнт” ХХК-ийн хэмжилтийг үгүйсгэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ актыг баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан энэхүү баримтыг шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, бүхий эд хөрөнгийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хэрэв худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар эдэлдэг бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүргийг мөн зүйлийн 254.4-т зааснаар хүлээдэг.
Гэхдээ дээр дурдсан худалдан авагчийн шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор хэрэгжих боломжтой.
Шүүх “Брайт Пойнт” ХХК-ийн хэмжилтэд үндэслэн хариуцагчийг гэрээгээр тогтоосон 49,95 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй тул биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авав.
Нэхэмжлэгч нь орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан, хүлээн авсан орон сууц биет байдлын доголдолтой болохыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн, тэрээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах сонирхолгүй бөгөөд хариуцагчаас дутуу м.кв-ын үнийг төлүүлэх шаардлагыг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Талууд гэрээ /4.1/-ээр 1 жилийн баталгаат хугацаа тогтоож, орон сууцыг захиалагч албан ёсоор хүлээн авсан өдрөөс хойш энэ хугацааг тоолохоор тохирсон нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дуусах тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд хариуцагч “Б” ХХК-аас орон сууцны дутуу хэмжээ буюу 1,21 м.кв талбайн үнэд дүйцэх 2,178,000 төгрөг /1,21х1,800,000төг/-ийг гаргуулж М.Уд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-аас 2,178,000 гаргуулж М.Уд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА