Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00598

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХП” ХХК,

Хариуцагч: “ТЦ” ХХК-уудад холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 34,608,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “ТЦ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдах “Төгс Амгалант” хотхоны 8 давхарт 2д загварын 2 өрөө 36,43 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 950,000 төгрөгөөр тооцон нийт орон сууцны үнэ 34,608,500 төгрөгийг 100% төлж тухайн компанитай гурвалсан гэрээг байгуулан орон сууц захиалсан.

Гэвч тус гэрээнд заасны дагуу 2019 оны 1 дүгээр улирлын эхэнд орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан хотхоны барилгын ажил 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш огт явагдаагүй учир миний бие 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанид 34,608,500 төгрөгөө буцаан авах өргөдөл бичиж өгсөн. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “ТЦ” ХХК-ийн ажилтан Ганбилэгтэй утсаар холбогдож төлбөр тооцоогоо эцсийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болгон тохиролцсон боловч мөнгө өгөөгүй.

Тиймээс урьдчилгаа болох 34,608,500 төгрөгийг “ТЦ” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. “ХП” ХХК-аас нэхэмжлэх шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагч “ХП” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт:

“ТЦ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Төгс Амгалан төслийн борлуулалтыг хийхээр Зуучлалын гэрээг тухайн компанитай байгуулсан билээ. Тус компани төслийг эхэлж, газар шорооны ажил хийгдсэн байсан ба яаралтай 5 байр хямдралтай үнээр борлуулах хүсэлтийн дагуу Д.Ад 8 дугаар давхар 2 өрөө 36,43 м.кв орон сууцыг мкв-ийг 950,000 төгрөгөөр, нийт үнийн дүн 34,608,500 төгрөгөөр манай компани зуучлан борлуулсан.

Тухайн төсөл анх хэлж байсан хугацаандаа эхлэхгүй байгаа тухай захиалсан захиалагчаас гомдол ирсний дагуу барилгын компанитай холбогдож тодруулахад арматур ирж байгаа, арматур ирсэн дариуд ажил эхлэх тул санаа зовох зүйлгүй гэж мэдэгдсэн. Тухайн нөхцөл байдлын талаар захиалагчид мэдэгдсэн болно.

Захиалагч гэрээгээ цуцлах хүсэлтийг манай компани руу хэлсэн ба барилгын компанитай тухайн үед ярихад бид Төгс Амгалан төсөл энэ жил эхлэхгүй бол тус төсөл дээр захиалсан айлын гэрээг Цагдаагийн Академийн хажууд барьж байгаа төсөл рүү гэрээг шилжүүлэх тул, захиалагчийг “ТЦ” ХХК-тай холбогдохыг санал болгоно уу гэсний дагуу, захиалагчийг барилгын компанитай холбож мэдээллээр хангаж байсан билээ.

Барилгын ажил хугацаандаа эхлээгүй тул манай компанийн зүгээс холбогдон цаашид борлуулалт хийх боломж бүрдэхгүй байгаа тул, барилгын ажил эхлэнгүүт бид борлуулалт, сурталчилгааг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байгаа.

Манай компанийн хувьд барилгын компанийн өгсөн мэдээллийг захиалагч, байр сонирхогч нарт дамжуулдаг билээ. Байрны төлбөр тооцоо барилгын компанийн данс руу төлөгддөг ба манай компани нь захиалагчаас төлбөр авдаггүй болно гэжээ.

 

Хариуцагч “ТЦ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт:

Талууд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож 18/04 дугаартай “Орон сууц хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ” байгуулан хамтран ажиллаж байна.

Гэвч гэрээний нэг тал болох иргэн Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг буцаан олгохыг шаардсан байна. “Төгс цэлмүүн констрашн” ХХК-ийн зүгээс иргэн Д.Агийн энэхүү үйлдлийг гэрээнээс өөрийн сайн дураар татгалзаж гэрээг цуцлах санал гаргаж байна гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний долдугаар зүйлд гэрээг цуцлах тухай заасан бөгөөд гэрээний 7.3-д “Б тал нь өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзах хүсэлт гаргасан ... тохиолдолд Б талд төлөх нийт үнийн дүнгээс 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль суутган авч гэрээг цуцалж өөр этгээдээс захиалга авах эрхтэй...” гэж, 7.4-д “... тухайн орон сууцыг шинэ захиалагчид борлуулсны дараа суутгасан төлбөрийг Б талд буцаан олгоно” гэж тус тус тохиролцсон.

Иймд хариуцагч “ТЦ” ХХК нь талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 18/04 дугаартай “Орон сууц хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ”-ний дагуу асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “ХП” ХХК, “ТЦ” ХХК-уудад холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас шилжүүлсэн 34,608,500 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч “ХП” ХХК нь зуучлагч гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч түүнд холбогдох шаардлагаас татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан байдаг.

 

Харин хариуцагч “ТЦ” ХХК-ийн хувьд гэрээнд заасны дагуу 20 хувийн торгууль суутгах агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр “ХП” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “ТЦ” ХХК-аас 34,608,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 18/04 тоот “Орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “Төгс цэлмүүн конмстракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Төгс Амгалант” хотхоны 8 давхар, 2Д загварын 36,43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.А нь орон сууцны үнэ 34,608,500 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

“ТЦ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих “Төгс Амгалант” хотхоны 8 давхар, 2Д загварын 36,43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар талууд тохиролцсон байгаагаас үзвэл шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

 Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болдог тул шүүх 18/04 тоот гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн болно.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны үнэ 34,608,500 төгрөгийг гэрээнд заасан дансаар буюу “ТЦ” ХХК-ийн ня-бо Б.Цэндсүрэнгийн Хаан банк дахь 5087075413 тоот дансаар шилжүүлэн төлсөн болох нь мөн өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.

 

Харин “ТЦ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болох нь талуудын тайлыар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдсон байна.

 

Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй, түүний татгалзал хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үр дагавар үүсгэх тул хариуцагч “ТЦ” ХХК-аас 34,608,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгож шийдвэрлэлээ.

 

Гэрээнээс татгалзах үндэслэлийг бүрдүүлсэн хариуцагч “ТЦ” ХХК нь төлөгдсөн төлбөрийн 20 хувьтай тэнцэх торгууль суутгах агуулга бүхий тайлбар гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ тухай гэрээний 7.3 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.15-д зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “ТЦ” ХХК-аас 34,608,500 төгрөгийг гаргуулж Д.Ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “ХП” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТЦ” ХХК-аас 330,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                     Ө.УЯНГА