Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         11             21                                     2022/ШЦТ/379

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч У.Б , А.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б , А.М нарт холбогдох эрүүгийн 2225006580423 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. У.Б

2. А.М

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.М, У.Б  нар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төвХХК-ийн хажууд иргэн М.О-г  бүлэглэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүдний уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Б , А.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.О “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч М.О-н “2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед миний утас руу найз М нь хаана байна уулзах уу гэж чат бичсэн. Би М , Б  нартай Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын хажууд уулзахаар болоод өөрийн эзэмшлийн **** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Үйлчилгээний төвийн урд талаас М , Б  нарыг машиндаа суулгасан. М нь надад хандаж Очир төвийн харалдаа очоод зогсчих гэж хэлсэний дагуу би очиж машинаа зогсооход М , Б  машинаас түрүүлж буугаад намайг дуудсан. Би машинаас буухад Б  нь чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй алгадсан. Тэр үед М миний хувцаснаас заамдаж аваад үгийн зөрөөгүй нүүрний баруун хэсэг буюу баруун хацар, нүд хэсэг рүү нэг удаа толгойгоороо хүчтэй мөргөсөн. Би М , Б  нарт цохиулаад нүүрээ дараад доошоогоо суухад надад хандаж уучлаарай гэж хэлчихээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах аюулгүй тойрогийн зүг алхаад явчихсан. Тухайн үед миний толгой эргээд байсан тул хэсэг сууж байгаад машинаа жолоодож гэртээ харьсан. Болсон зүйлийн талаар ээж М  хэлж хамт цагдаагийн газарт очиж өргөдөл өгсөн. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Миний толгой эргэх мэдрэмж төрөөд хааяа өвдөж байгаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10 дахь тал/

            2. Гэрч Б.Мөнгөнтуяагийн “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би хөдөө буюу Булган аймгийн Орхон сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхад хүү О  миний утас руу залгаж найз М , Б  нарт зодуулчихлаа гэж хэлэхээр нь би шууд гэрээс гарч Орхон аймагт ирээд хүү О-той уулзахад толгой эргээд машин жолоодож чадахгүй байна. М , Б  нар намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Ингээд би хүү О-н хамт цагдаагийн газарт очиж өргөдөл бичиж өгсөн юм. М , Б  нар нь миний хүү О-н багийн найзууд байгаа юм. Ямар шалтгааны улмаас яагаад миний хүүг зодсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 дахь тал /

            3. Шинжээч эмч Ж.Г-н “Магадлуулагч М.О-н биед учирсан тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүднийн уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтлийг гараараа цохих, духаараа мөргөх үед үүссэх боломжтой” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

            4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 807 дугаартай “М.О-н биед тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүдний уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 21- 22 дахь тал/

            5. Сэжигтэн У.Б ийн “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед найз М тэй Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Усан оргилуурын хажууд уулзаж байгаад найз О-той чатаар холбогдож уулзахаар болсон. М бид хоёр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн урд талд зогсож байхад О  машинтайгаа ирээд бид хоёр суусан. Бид нар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт машинтай явж байгаад “Очир” төвийн харалдаа зогсоод машинаас бид 3 хамт буусан. Би О-д  хандаж яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлээд зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Тэр үед М нь О-н хувцаснаас заандаад нүүрний баруун тал руу нь нэг удаа мөргөсөн. О  бид хоёрт цохиулсны улмаас нүүрээ дарж доошоогоо суусан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31 дэх тал/

            6. Сэжигтэн А.М “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед найз Б тэй Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Усан оргилуурын хажууд уулзахаар болсон. У.Б  бид хоёр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн урд талд зогсож байхад О  машинтайгаа ирээд бид хоёр суусан. Бид нар хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт машинтай явж байгаад “Очир” төвийн харалдаа зогсоод машинаас бид 3 хамт буусан. У.Б  нь О-д  хандаж яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлээд зүүн талын хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Би О-н хувцаснаас заандаад нүүрний баруун тал руу нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

            7. У.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/,

            8. А.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “У.Б , А.М нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн хажууд М.О-г  зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүдний уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.О-н “Б  чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй алгадсан. Тэр үед М миний хувцаснаас заамдаж аваад үгийн зөрөөгүй нүүрний баруун хэсэг буюу баруун хацар, нүд хэсэг рүү нэг удаа толгойгоороо хүчтэй мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнтуяагийн “хүү О  миний утас руу залгаж найз М , Б  нарт зодуулчихлаа гэж хэлэхээр нь би шууд гэрээс гарч Орхон аймагт ирээд хүү О-той уулзахад толгой эргээд машин жолоодож чадахгүй байна. М , Б  нар намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шинжээч эмч Ж.Г-н “Магадлуулагч М.О-н биед учирсан тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүднийн уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтлийг гараараа цохих, духаараа мөргөх үед үүссэх боломжтой” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 807 дугаартай дүгнэлт, У.Б , А.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.Б , А.М нар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв ХХК-ний байрны хажууд иргэн М.О-н нүүрэн туё газарт цохих, мөргөх зэргээр бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун нүдний уг, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.Б , А.М нар нь бүлэглэж, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Б , А.М нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар зөрүүтэй санал дүгнэлт гараагүй болно.

 

              2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгч У.Б , А.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас М.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овгийн У-ийн Б , Т б овгийн А-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийг 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахын хориглож зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч А.М-г 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахын хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б , А.М нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А