Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00894

 

                                     

                                                           П.Э, Б.Б нарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар магадлалтай,

П.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хийсэн тайлан, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Э-ийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр П.Э, Б.Б нараас 368,476,940 төгрөгийг гаргуулж, Сера интернэшнл ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт байрлах Б.Баясгалангийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тус шүүхэд гомдол гаргасны дагуу 2019.05.07-ны өдрийн шүүх хуралдаанаар П.Э-ийн нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад П.Э-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, мөн түүн дээр баригдсан 265 м.кв талбайтай хувийн сууцанд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсноор үнэлгээ хийсэн талаар бид мэдсэн. Ингээд энэ шүүх хуралдаанаас хойш 2019.05.09-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдлоо гаргаад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн гаргасан 2019.03.04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ тайланд зах зээлийн хандлагаар үнэлгээг хийхдээ 264 м.кв талбайтай хувийн сууцыг Өлзийт хороололд байрлах 240 м.кв талбайтай, Нисэх хороололд байрлах 144 м.кв талбайтай, Шинэ нисэх хороололд байрлах, 150 м.кв талбай бүхий хувийн сууцнуудтай харьцуулахад талбайн зөрүү гарч, 240 м.кв талбайтай хувийн сууцыг 290,000,000 төгрөгөөр зарагдсан гэх боловч түүнээс илүү хэмжээтэй газрыг 264,000,000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр хувийн сууцнуудыг П.Э-ийн 390,000,000 төгрөгийн материалаар барьж, дотор талын интерьер дизайныг бүтэн модон буюу сүүлийн үеийн загвараар доторлоод савхалж хийсэн 200,000,000 төгрөгийн зардал гаргасан сууцтай харьцуулан П.Э-ийн хувийн сууцыг маш бага үнэлгээгээр үнэлсэн. Мөн газрыг 9,232,000 төгрөгөөр үнэлсэн боловч нийт хөрөнгийн үнэ нь 329,478,200 төгрөг гэж гарсан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ үнэлгээ нь хувийн сууцны үнэлгээ ба газрын үнэлгээг оруулаагүй. Газрын үнэлгээг тусд нь 9,232,400 төгрөг гэж дүгнэсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн үнэлгээний тайланд оруулахгүйгээр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг үнэгүйдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн хувийн сууцны үнэлгээгээр буюу 329,478,200 төгрөгийн үнэлгээгээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд орох боломжтой үр дагавар үүсэх болно. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 заасны дагуу ажиллагааг хийгээгүй. Үүнд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчтэй харилцан тохиролцоно, хэрэв тохиролцохгүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн ханшаар тогтооно гэж заасан. Гэтэл өмчлөгч П.Э-ээс үнийн санал аваагүй нь хэргийн баримт болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалд байхгүй байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Э-ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Мөн төлбөр төлөгч Б.Б өөрөө өмчлөгч биш ч гэсэн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр төлбөр хариуцах этгээд юм. Шийдвэр гүйцэтгэх албанаас зөвхөн П.Э-т мэдэгдэх бус мөн төлбөр төлөгч Б.Баясгаланд үнэлгээний санал авахаар мэдэгдэх, шинжээчээр үнэлгээ тогтоолгосон талаар мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй. Иймд нэхэмжлэгч Б.Баясгалангийн эрх ашиг мөн хөндөгдсөн тул хамт нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, үнэлгээ нь эргэлзээтэй учраас хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Баясгалан, П.Э нараас нийт 368,476,940 төгрөг гаргуулж, Сера интернэшнл ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж зэргийг үндэслэн 2018.10.29-ний өдрийн 18292090 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбэ 8/8 дугаар байрны 45 тоот 104,75 м.кв талбай бүхий орон сууцыг авто зогсоолын хамт, мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус даалган шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч П.Э-ийн өмчлөлийн хувийн сууц, газрыг 2019.01.29-ний өдрийн 02/18292090, 03/18262090 дугаар тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч П.Э нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагчид танилцуулахад тэрээр дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Ингээд тухайн хөрөнгийг үнэлүүлэхээр 2019.01.31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлүүлэхэд хувийн сууцыг 329,478,200 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар 2019.03.06-ны өдрийн 4/6345 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч П.Э-т явуулж, түүний 89109611 дугаартай утсанд холбогдон мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч нь шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой бөгөөд үүний дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон.

Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч П.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул бид төлбөр төлөгч Б.Баясгаланд үнэлгээг мэдэгдэх шаардлагагүй. Энэ талаар баримт байхгүй. П.Э нь өөрөө шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрээр заасан төлбөрийг бүгдийг нь барагдуулна, үүнд Б.Б хамаарахгүй гэдэг хүсэлтээ өгсөн байдаг. Ийм учраас Б.Баясгаланд П.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхтэй холбоотой ажиллагааг мэдэгдэх шаардлагагүй, түүний эрх зөрчигдөөгүй. Шинжээчийн тогтоосон үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй. гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.21-ний өдрийн 43 тоот шинжээч томилох тухай тогтоол, нэхэмжлэгч П.Э-ийн өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010876 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э-ийн нэр дээр эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019.03.04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/06637 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр П.Э, Б.Б нараас 368,476,940 төгрөг гаргуулж “Сера интернэшнл ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох П.Э-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, мөн түүн дээр баригдсан 265 м.кв талбайтай хувийн сууцанд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас барьцааны зүйл болох П.Э-ийн өмчлөлийн хувийн сууцыг 329,478,200 төгрөгөөр, эзэмших эрх бүхий газрын үнэлгээг 9,232,400 төгрөгөөр, нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329,478,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно. Хэдийгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот Шинжээч томилох тухай тогтоол, П.Э миний өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газар зэргийг үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019.03.04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний тайланг хуулийн шаардлагыг хангаагүй, зах зээлийн үнэлгээг бодит байдалд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Б.Баясгалан, П.Э нараас үнийн санал аваагүй, хөрөнгийн үнэлгээний тайланг бусад төлбөр төлөгчид танилцуулаагүй зэрэг шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож, энэ тухай шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Э, Б.Б нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.21-ний өдрийн 43 тоот шинжээч томилох тухай тогтоол, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010876 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э-ийн нэр дээр эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019.03.04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээг хүчингүйг болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч П.Э-ийн гаргасан “...шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож, энэ тухай шүүхийн шийдвэрт тусгах...” гэсэн утгатай гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.21-ний өдрийн 43 тоот шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2019.03.04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчийн хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу түүнд эрх зүйн дүгнэлт хийх, түүнчлэн шийдвэрийг хөндөх шаардлагагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.  

Харин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй “...шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох...” гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд зохигчийн хэн алины Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг зөрчигдөхөөс гадна, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн “...нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсоныг дүгнэж шийдвэрлэсэн, нэхэмжлэлд дурьдаагүй хуульд заагаагүй асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 367 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.СОНИНБАЯР 

                              ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Б.УНДРАХ

                                                                             Д.ЦОЛМОН