Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 119/2024/0020/З |
Дугаар | 221/МА2024/0671 |
Огноо | 2024-10-16 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0671
“Ю м м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т М” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.Ц, Ц.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Э.Б, Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 119/2024/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю м м” ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т М” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ю м м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... Шүүx шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийнхээ 3.16-д “Ю м м” ХХК нь “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон тул тендер шалгаруулалтын бусад шат дараалсан ажиллагааны талаар гаргасан шийдвэртэй маргаж, улмаар тухайн шийдвэрүүдийг хүчингүй болгосноор эрх сэргэхгүй “Т М” ХХК-ийн тендерт дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэлүүдийг буюу маргааны зүйлийг огт дүгнэлт цэгнэлгүй хэргийг шийдвэрлэснээр Үнэлгээний хороо болон Захиалагчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр хууль ёсны болгож хамгаалсан гэж үзэж байна.
3.1. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ Хүнд даацын өөрөө буулгагч автомашин худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийг 2023 оны 08 дугаар сард зарласан бөгөөд уг тендерийн баримт бичгийг боловсруулахдаа зөвхөн “Komatsu”-ийн машин техникийг авах зорилготойгоор үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг тухайлан зааж боловсруулсан учир нэхэмжлэгч компаниас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хуулийн дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Гэвч уг тендерт “Ю м м” ХХК-ийг анхнаасаа оролцуулахгүй байх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тендерт оролцохоо илэрхийлэн бүртгүүлсэн манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т заасан “...гэрээний үүрrээ ноцтой зөрчсөн...” зөрчил гаргасан болгож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар уг бүртгэлд оруулсан байдаг.
Улсын байцаагчийн дүгнэлт болон тушаал хууль зөрчсөн, манай компанийг хууль ёсны эрх ашгийг хөндсөн учраас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн Сайд Б.Ж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба одоогоор тус хэрэг Улсын дээд шүүхэд шийдвэрлэгдэж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад “Ю м м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж хэт үгүйсгэж буруу дүгнэсэн.
3.2. “Т М” ХХК-ийн санал болгосон НD 1500-8 загварын хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь Тендерийн техникийн тодорхойлолтын гол нөхцөл буюу 40 +40С хэмийн нөхцөлд ажиллах нөхцөлийг хангаагүй. Санал болгосон хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь үйлдвэрээсээ халуун орны цаг агаарын нөхцөлд тохиромжтой бүтээгдсэн ба Монгол Улсын эрс тэрс цаг уурын уур амьсгал тохирон ажиллах нөхцөлийг хангаж чадахгүй байгаа нь Захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтын ерөнхий нөхцөл буюу гол үзүүлэлтийг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй, тендерийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу татгалзах бүрэн үндэслэл байхад шүүх дүгнэлт өгөхгүй гэж шийдвэртээ бичиж, Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрүүд маргаан бүхий актууд хууль зөрчсөн байлаа ч үүнийг тогтоох нь аливаа ач холбогдолгүй буюу үүний үp дүнд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээх үндэслэлгүй гэж илэрхий хууль бус дүгнэлт хийсэн юм.
Аливаа хууль, энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алинд адил хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан манай компанийн тендерээс татгалзсаныг зөв гэж үзсэн атлаа тендерийн баримт бичигт нийцэхгүй тендер ирүүлсэн “Т М” ХХК-ийн тендерээс татгалзалгүй хүлээн авч, улмаар шалгаруулсан үйл ажиллагааг “дүгнэхгүй” гэж захиргааны хууль бус ажиллагааг шүүхээр “хууль ёсны” болгож хамгаалсан гэж үзэхээс аргагүйд хүргэж байна.
Шүүx маргаан бүхий захиргааны актуудыг дүгнэхээс зайлсхийснээр тэгш боломжоор хангагдаж, шударга өрсөлдөөн уг тендерт оролцох манай хууль ёсны ашиг хэтэрхий үгүйсгэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.
Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд болон маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй тул Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ю м м” ХХК-иас ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т М” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/2023061099 дугаар бүхий “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт зарласан бөгөөд уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Ю м м” ХХК болон гуравдагч этгээд “Т М” ХХК-иуд оролцсон бөгөөд тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч “Ю м м” ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлтээр гэрээний үүргээ биелүүлээгүй учир “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр гишүүдийн 100 хувийн саналаар тус компаниас ирүүлсэн тендерээс татгалзаж, улмаар “Т М” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, улмаар захиалагчаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1214 дугаар албан бичгээр “Т М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлжээ.
2.3. Анхан шатны шүүхээс “... “Ю м м” ХХК нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байсан нь тендерт оролцогч ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж тендерийн Үнэлгээний хороо “Ю м м” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
2.4. Учир нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчаас хяналт шалгалт явуулж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлтээр “Ю м м” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч “Ю м м” ХХК нь тендер сонгон шалгаруулалт явагдаж байх цаг хугацаанд нэгэнт тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, энэ талаарх шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд тус компаниас ирүүлсэн тендерийг тендер хянан үзэх шатнаас хассан Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
2.5. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт нэхэмжлэгч “Ю м м” ХХК-иас ирүүлсэн тендер нь дээр дурдсан ерөнхий нөхцөлийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна.
2.6. Өөрөөр хэлбэл, тендерт оролцох ерөнхий нөхцөл хангаагүй этгээдээс ирүүлсэн тендерийг тендер хянан үзэх шатнаас ийнхүү хасч шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд бусад оролцогчоос ирүүлсэн тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчаас “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн зэрэг нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй бөгөөд анхан шатны шүүхийг маргаан бүхий захиргааны актуудыг дүгнэхээс зайлсхийсэн гэж буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН