| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2018/03083/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 515
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2019/00515 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “РХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н-т холбогдох,
Шилжүүлэн авсан үүргийн гүйцэтгэлд 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Майцэцэг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Т.Жарантав, Ц.Саран-Од нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж манай компаниас 98,000,000 төгрөгийн орон сууц авсан. Тэдгээр нь С.Наас авлагатай байсан учир энэ авлагадаа төлбөрийг тооцуулахыг хүссэн дагуу манайх С.Нтай гэрээ байгуулсан байдаг юм. Уг гэрээнд юуны учир гэрээ байгуулж байгааг тодорхой тусгасан. Т.Жарантав нь С.Наас авах авлагаа манайд шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж, бид зөвшөөрсөн учир төлбөр төлөх хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д нийцсэн.
С.Н нь 26,000,000 төгрөгт хүүхдийн тоглоом болон дасгалын төхөөрөмж өгөх үүргээ биелүүлээгүй учир бид шүүхэд төлбөрийг мөнгөөр авах гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Төлбөр төлөх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан учир энэ хугацаанаас хойших алдангийг 50 хувиар тооцож нэхэмжилж байгаа. Иймд 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч нь Т.Жарантав, Ц.Саран-Од нартай гэрээ байгуулсан эсэх талаар маргасан тайлбарыг гаргаж байгаа тул тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Өнөөдрийн хуралдаанд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар зөвшөөрөл аваагүй гэж байх тул энэ хүсэлтийг одоо гаргаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа. С.Н нь 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй нь бүрэн нотлогдохгүй байгаа гэж үзэж байна.
Т.Жарантав, Ц.Саран-Од нарын төлөх ёстой төлбөрийг С.Н шилжүүлж авсан гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй. Өр шилжүүлж авч байгаа тохиолдолд уг хэлцэл нь үндсэн гэрээний адил бичгээр байгуулагдах ёстой. Иймд өр шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй учир орон сууцны төлбөр барагдуулах үүрэг нь Т.Жарантав, Ц.Саран-Од нарт байгаа гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан төлбөр барагдуулах гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон боловч С.Н, Т.Жарантав, Ц.Саран-Од нарын хооронд бичгээр байгуулагдсан хэлцэл байхгүй учир төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Жарантав авлагаа шилжүүлсэн гэж үзэх хуульд заасан шаардлага хангасан баримт хэрэгт байхгүй, хуулийн дагуу шаардах эрх шилжүүлсэн хэлцэл нь хэлбэрийн шаардлага хангахгүй байгаа юм.
Иймд үүрэг шилжээгүй гэж үзэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “РХ” ХХК нь хариуцагч С.Наас шилжүүлэн авсан үүргийн гүйцэтгэлд 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч С.Нт 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой үндэслэлээр хариуцагчийн гаргасан хүсэлтээр, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээс хуралдаан хойшлуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтээр тус тус хойшлуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хуралдааныг өөрийн эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан явуулахыг хүссэн хүсэлт гаргаснаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Тус шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нь хуралдаанд амаар тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарт дурдагдсан асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.Жарантав, Ц.Саран-Од нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хуралдааны төгсгөлд гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ өр шилжих зөвшөөрөл олгосон эсэх асуудлыг тодруулах зорилготой гэж тайлбарласан.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулж болох боловч нэхэмжлэгч талын хүсэлт гаргах болсон зорилго нь мөн хуулийн үндэслэлд хамаарахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох агуулга бүхий тайлбар гаргуулах байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд шүүх энэ хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
Зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16/01 тоот “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр С.Н нь Ц.Саран-Од, Т.Жарантав нарын “РХ” ХХК-тай байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 871/Р дугаартай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 29,600,000 төгрөгөөс 26,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба энэ төлбөртөө тооцож, нэг бүр нь 12,100,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн тоглоом 2 ширхэг, нэг бүр нь 900,000 төгрөгийн үнэ бүхий дасгалын төхөөрөмж 2 ширхгийг тус тус 2018 оны 6 дугаар сарын 30-ны дотор “РХ” ХХК-д хүлээлгэн өгөхийг С.Н санал болгосныг “РХ” ХХК зөвшөөрсөн байна.
Хэрэв заасан хугацаанд хариуцагч нь тохирсон үнэ, хэмжээ, чанар байдал зөрчсөн бүтээгдэхүүн нийлүүлбэл түүнийг гэрээний үнийн дүнгээр бус зах зээлийн ханшаар тохиролцон тооцож авах, тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд бэлэн мөнгөөр төлбөр төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх /гэрээний 2.3/-аар талууд тохиролцжээ.
Ийнхүү талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд хүүхдийн тоглоом болон дасгалын төхөөрөмжийг нийлүүлээгүй үндэслэлээр төлбөрийг бэлэн мөнгөөр тооцож, хугацаа хэтрүүлснээс үүссэн үүрэг болох алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн өмгөөлөгч өр шилжих тухай Т.Жарантав, Ц.Саран-Од болон С.Н нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж маргасан.
“РХ” ХХК болон Т.Жарантав, Ц.Саран-Од нарын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 871/Р дугаартай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “PEACE TOWN” хотхоны 49/3 дугаар байрны 92 тоот 53,22 м.кв талбай бүхий 2 өрөө ашиглалтад орсон орон сууцыг тэдгээрийн өмчлөлд шилжүүлэх, Т.Жарантав, Ц.Саран-Од нар нь орон сууцны үнэ 98,000,000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Энэ гэрээний дагуу “РХ” ХХК-д төлөх үүрэг бүхий Т.Жарантав, Ц.Саран-Од нарын төлбөрийн үлдэгдэл 29,600,000 төгрөгөөс 26,000,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу тэдгээрийн өмнөөс төлөх үүргийг С.Н хүлээж, төлбөр барагдуулах 16/01 тоот гэрээг бичгээр байгуулсан байна.
Талууд энэ үйл баримтад маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй болно.
Харин өр шилжих хэлцэл хуулийн дагуу хийгдсэн эсэх нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шаардах эрх эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд өр шилжих хэлцэл нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд шаардах эрх үүсгэнэ.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан.
Манай тохиолдолд нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу Т.Жарантав, Ц.Саран-Од нарын нэхэмжлэгч компанид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг С.Н өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, Т.Жарантав, Ц.Саран-Од болон “РХ” ХХК-ийн хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд шинээр баригдаж байгаа орон сууцнаас худалдан авалт хийж байгаа тохиолдолд хуулиар уг хэлцэлд хэлбэрийн ямар нэг шаардлага тавигдаагүй, худалдах, худалдан авах гэрээ нь амаар хийж болох хэлцэл тул Т.Жарантав, Ц.Саран-Од болон С.Н нарын хооронд хийгдсэн өр шилжих хэлцэлд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй, амаар хийж болох хэлцэл гэж үзнэ.
Амаар хийх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан хэд хэдэн тохиолдолд хийгдсэн гэж үзэх бөгөөд С.Н нь Т.Жарантав, Ц.Саран-Од нарын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бичгийн хэлцлийг сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, уг хэлцэл хүчин төгөлдөр болсон үйл баримт нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.
Иймд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16/01 тоот “төлбөр барагдуулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч нь тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй.
Талууд төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон хүүхдийн тоглоом болон дасгалын төхөөрөмжийг өгч, авалцах боломжгүй тохиолдолд бэлэн мөнгөөр төлбөр төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байхаар харилцан тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд 189.1-д нийцсэн, хариуцагч хүүхдийн тоглоом болон дасгалын төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул шүүх нэхэмжлэгчийг төлбөр барагдуулах гэрээний дүн болох 26,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Талууд гэрээ /2.3/-гээр гэрээнд тохирсон зүйлийг нийлүүлэх хугацааг С.Н хэтрүүлсэн тохиолдолд төлбөл зохих байсан хугацаанаас тооцон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, “РХ” ХХК-д төлбөр төлөхөөр тохирсон байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцжээ.
Гэвч хоног тутамд тооцох алдангийн хувь хэмжээг 0,5 хувиар тооцох нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т нийцэхгүй байна.
Учир нь, хариуцагч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар Т.Жарантав, Ц.Саран-Од болон нэхэмжлэгч компанийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргах эрхтэй тул алдангийн хэмжээг “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.10-т заасан хувь хэмжээ болох хоног тутамд 0,3 хувиар тооцохыг шаардах эрхтэй.
Хэдийгээр хариуцагч энэ талаар хариу шаардлага гаргаагүй ч шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцсэн эсэхийг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй тул төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги төлөх Т.Жарантав, Ц.Саран-Од нарын хүлээсэн үүргийн хувь хэмжээгээр алданги төлөх үүргийг хариуцагчид ногдуулах үндэслэлтэй.
Энэ хувь хэмжээгээр 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 128 хоногийн алданги тооцвол 9,984,000 төгрөг /(26,000,000х0,3%)х128хоног/ гарч байх тул үүнийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Иймд хариуцагчаас 35,984,000 /26,000,000+9,984,000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,016,000 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан С.Наас 35,984,000 төгрөг гаргуулж “РХ” ХХК-д олгож, “РХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,016,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА